Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1263

   2021        11           19                                  2021/ШЦТ/1263

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

     Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

           Улсын яллагч Б.Мөнгөншагай,

           Гэрч Д.Мандал,

          Шүүгдэгч  Б.Б, түүний өмгөөлөгч О.Аззаяа

 Шүүгдэгч Ш.С түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00360 0103 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү төлбөрийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Ухаалаг гар утасны аппликейшн”-ийг хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.4-т заасан “Тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэсэн үүргийг биелүүлэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байхад тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, тус тендерт оролцсон урьд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хамт ажиллаж байсан найз Ш.Сийн үүсгэн байгуулсан “Маргадвояж” ХХК-ийн тендерт оролцон шалгарах ашиг сонирхлын үүднээс тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч оролцогч нарын шударга өрсөлдөх нөхцөлийг алдагдуулсан, тендерт шалгарч гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх талаар Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн зэргээр хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд “Маргадвояж” ХХК-ийн захирал Ш.Соос 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Ш.С нь “Маргадвояж” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас зарласан “Ухаалаг гар утасны аппликейшн”-ийг хөгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарах, тендерт оролцож гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас шилжүүлэн авах ашиг сонирхлын үүднээс Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан найз Б.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн, тендерт шалгарч гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх талаар Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн зэргээр хийх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: “...: Хэрэг явдалд тусгагдаагүй орхигдсон зүйлс байгаа юм. 2017 онд хадам ааваасаа 20.000.000 төгрөг компанийнхаа үйл ажиллагаанд ашиглахаар нотариатаар баталгаажуулж зээлж авсан байдаг. 2018 оны сүүлээр надаас 2019 он гараад нөгөө мөнгө хэрэг болно шүү, дулаараад ажил эхлэхээр бүүр их хэрэг болох учраас нөгөө мөнгөө өгөх боломж байна уу гэж асууж байсан. Тухайн үед надад боломж байгаагүй учраас боломжгүй талаараа хэлсэн. Хадам аав эхнэр бид хоёрт өөртөө байдаг байраа банкны зээлээр авах боломж байна уу гэж санал болгосон. Тухайн үед давхар давхар зээлтэй байсан учраас нэмж өр тавихыг хүсээгүй. Тухайн байрыг “Эб Соб”-т гэдэг компанид хамт ажилдаг байсан нутгийн найз Батдаваа гэх залууд санал болгосон. Байрыг нь үзэж хараад Батдаваа тэр хоёр болохоор юм байна гэсэн. Би зууч хийж байсан учраас тэр хоёрт итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор чи манай хадам аавд урьдчилгаагаа өгөөд байранд нь нүүгээд орчих гэж ятгасан. Аль аль нь зөвшөөрөөд 2019 оны эхээр 30.000.000 төгрөг манай хадам аавд өгөөд байранд нь нүүж орсон байдаг. Батдаваа нь байрны зээлээ хөөцөлдөж байгаад бүтэх юм шиг байна гээд 06 дугаар сард байр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Гэтэл нөгөө банк нь зээлээ хөөцөлдөхийн тулд урьдчилгаа 30 хувиа дансандаа байршуулах шаардлагатай гэх шаардлага тавьсан байдаг. Ингээд хадам аав надад нөгөө мөнгөө өгөх боломж байна уу? би авсан мөнгийг нь хэрэглэсэн байхад банк мөнгөө нэхээд байна гэсэн. Тухайн үед нь шууд өгөх боломжгүй байсан учраас боломжгүй гэдгээ хэлээд 7 сар хүртэл явсан. Батдаваа над руу хадам аавд чинь өгсөн мөнгөө асуухаар хэрэглэсэн байна. Чамд 20.000.000 төгрөг өгсөн тэрийг өгчихвөл дансанд байршуулаад өгье гээд утсаар яриад чат бичээд байсан. Би удахгүй мөнгө орж ирнэ гээд тайвшруулаад байж байсан. Ийм тулгамдсан хэрэгцээ шаардлага байсан учраас 07 дугаар сарын 02-ны өдөр Бгээс тэр мөнгө хурдан орж ирэх боломж байна уу гэж тодруулж асуусан. Б надад тодруулж асууж өгсөн. Мөнгө нь угаасаа орж ирэх ёстой мөнгө байсан. Орж ирсэн даруйд нь картаас 4.000.000 төгрөгийг гүйцээж аваад Бд шорлогийн төмөр аваачиж өгөхөөр очиж уулзсан байдаг. Тэр үед миний машинд мөнгө байсан. Бгээс салаад хадам аав дээр очиж мөнгийг хүлээлгэж өгсөн. Миний талаас ийм үйл явдал болсон. Миний зүгээс мөрдөгч Мөнхсонор авлига өгсөн гэх итгэл үнэмшил дотроо бий болгоод түүнийгээ нотлох гэж мөрдөн байцаах, мэдүүлэг авах үйл ажиллагааг явуулсан гэж харж байна. 08 дугаар сарын сүүлээр надаас гэрчийн мэдүүлэг авах гэж дуудсан. Ямар учраас мэдүүлэг авах гэж байна вэ гэхэд эрүүл мэндийн даатгалын газрын дарга Алтанхуяг гэдэг хүнтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Би за гээд тайван сууж байтал дарамт шахалт болж хувирсан. Надаас хоёроос гурван удаа мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах завсраар хэргээ хүлээ үгүй бол хорино гэж дандаа дарамталсан үйл ажиллагаа явуулж байсан. Дараа нь гар утасны асуудал байдаг. Мэдүүлэг авч дуусаад гар утсыг булааж аваад утсаа нээхийг тулган шаардсан. Надад нуух зүйл байхгүй учраас асуудалгүй нээж өгсөн. Түүнээс хэрэгтэй зүйлээ авсан. Би мэдүүлэг өгнө гэхээсээ илүү пайнагт орсон байсан. Би юу гэж хариулж байгаагаа мэдээгүй. Яагаад гэвэл мэдүүлэг болгоны завсраар хэргээ хүлээ үгүй бол хорино гэж байсан. Гарч ирээд гомдол гаргах гэсэн боловч цаг зав байгаагүй. Гэм буруутай зүйл байгаа биш гээд учир нь олдох байх гээд хаясан нь буруудсан байна. Дараа нь яллагдагчаар татах тогтоол танилцуулахад асуудал ямар хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэж авсан. 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөлөгчтэйгөө хамтарч ажиллаж эхлээд 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгсөн үйл явдал болсон. Нэг талаас мэдээлэл өгсөн нөгөө талаас авлига өгсөн гэх асуудал яригдаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай манай компани 05 дугаар сарын 20-ны өдөр ухаалаг гар утасны аппелкайшн хөгжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний заалтын 14.4 дүгээр зүйлд 6 үед шаттай ажил хийх байсан. Эхний нэгдүгээр үе шатын ажлаа хийж дуусгаад урьдчилгаа төлбөр авах ёстой байсан. 06 дугаар сарын 10-ны өдөр эхний шатны үйл ажиллагаагаа дуусгаад мөнгөө нэхэмжлэхэд ажил дүгнэсэн акт үйлдэх ёстой гэсэн. Мэдээлэл технологийн хэлтэс дээрээ акт үйлдэж өгөөгүй. Бид нар хоёрдугаар шатны үйл ажиллагаа дуусгаж акт үйлдсэн. Энэ актыг үйлдсэнээр урьдчилгаа төлбөр хүссэн хүсээгүй манай компанид орж ирэх нөхцөл бүрдсэн байсан. Би авах ёстой зүйлээ асуусан.  Авах ёстой зүйлээ хурдан орох болж байна  уу гэж асуусныхаа төлөө яагаад авлига өгөх ёстой гэж. Мэдээллийн тухайд тодруулж асуусан зүйлс байдаг. Нээлттэй мэдээлэл дотроос хоёр гурван эргэлзээтэй зүйл тодруулж асуусан. Түүнээс биш би ийм ийм нөхцөл байдлыг хангахгүй болчихлоо ийм ийм зүйлийг нийцүүлээч, ажлын хэсэгт нөлөөлөөд өгөөч гэдэг байдал огт хийгээгүй. Мэйл ирүүлсэн байна гэдэг. Тэр мэйлийг тендерийн сонгон шалгаруулалтын үед аваагүй. Манай компани шалгарлаа гэсний дараа гэрээ байгуулах шаардлагатай болсон. Энэ үед тендертэй холбоотой асуудал эрхэлсэн хүнтэй уулзаж байгуулах гэрээний талаар тодруулга авъя гэхэд 04 дүгээр сарын 29-ний өдөр над руу явуулсан мэйл. 04 дүгээр сарын 19-ний өдөр танай компани шалгарсан гэх мэдээлэл надад ирсэн байсан. 04 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ярьж асуусан юм. Би тэр гэрээн дээр ажиллаж гэрээ 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Авлига өгсөн авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үеэр мэдүүлэг авахад нь өөртөө их итгэл үнэмшилтэй байсан. Явсаар байгаад шүүх дээр ирсэн байна. Тухайн үед юу болсон яагаад ингэсэн талаар тайлбарлаж хэлж байсан. Хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж байгаа юм. Үнэлгээний хооронд байсан гишүүд дунд надаас гадна хоёр хүн Стой хамт ажиллаж байсан. Бид нар бүгд хамт ажиллаж байсан, мэнд устай явдаг хүмүүс. Үүнийг өлгөж аваад хийх ёсгүй үйлдлийг хийсэн, татгалзах ёстой байсан гэж зөвхөн манайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Үнэлгээний хорооны дарга, гишүүнийг яагаад татаагүй вэ гэдгийг ойлгохгүй байна. Мөн мэдээлэл өгсөн гэж буруутгаж байгаа юм. Тэр мэдээлэл нь тендер зарлагдсанаас хойш тендер.мн болон урилга нь өдөр тутмын сонин дээр нийтлэгдэж нийтэд зарлагдсан. Энэ үед С энэ нь зөв үү тэр нь зөв үү гэдэг байдлаар мэдээллээ тодруулах байдлаар асуухад нь тийм үгүй гэдэг байдлаар хариулсан. Үүнийг давуу байдлаа ашигласан гэж байна. Ингэж мэдээлэл өгснөөр бусад оролцогчдын ямар боломжийг хаасан талаар шүүх үнэн зөвөөр үнэлэх байх гэж бодож байна. Манай эхнэрийн дансны хуулгыг харсан. Тухайн үед мөрдөгч над руу залгаад эхнэрээс чинь мэдүүлэг авах шаардлагатай байна гэхээр нь манай эхнэр жирэмсэн болсон хордлоготой тааруу байна гэж хэлж байхад зүгээр ганцхан юм асууна гээд биеийн байдал нь тааруу байхад тэдэн сарын тэдний өдөр тийм мөнгө орсон байна. Энэ мөнгө чинь ямар учиртай вэ гэж асуухад нь 2 жилийн өмнөх дансны мэдээллээ хүн болгон санахгүй шиг би яг энэ мөнгийг санахгүй байна гэтэл эх үүсвэр нь нотлогдохгүй байна гэж буруутгаж байгаад бухимдалтай байна...” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26/, Төрийн банк дахь “Маргадвояж” ХХК-ийн 102900198798 тоот дансны хуулга /1хх-28/, Төрийн банк дахь Ш.Сийн 102900181199 тоот дансны хуулга /1хх-29/, ХААН банк дахь Ш.Сийн 5027594485 тоот дансны хуулга /1хх36 тал/, Худалдаа хөгжлийн банк дахь О.Дарханжаргалын 470000050 тоот дансны хуулга /2хх-95/, Худалдаа хөгжлийн банк дахь О.Дарханжаргалын 417012222 тоот дансны хуулга /3хх-151/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-131-132/, гар утсанд үлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-41-62/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/38 дугаартай “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /2хх-173/, Б.Б нь Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /2хх-175/, “Ухаалаг гар утасны аппликэйшн хөгжүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /3хх-5-6/, “Ухаалаг гар утасны аппликэйшн хөгжүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт, зөвлөмж /3хх-7/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /4хх-35-36/, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-1/1073 тоот албан бичиг /4хх-38-40/, гэрч О.Дарханжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-129-130/, шүүгдэгч Б.Бд ажилд томилсон тушаал /1хх-77/, шүүгдэгч Б.Бг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон тушаал /1хх-78/, ХААН банкны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 50/7962 тоот албан бичиг /1хх-104/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү төлбөрийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Ухаалаг гар утасны аппликейшн”-ийг хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж хийх ёстой үйлдлээ хийсний хариуд тус тендерт оролцож шалгарсан “Маргадвояж” ХХК-ийн захирал Ш.Соос 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Ш.С нь “Маргадвояж” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас зарласан “Ухаалаг гар утасны аппликейшн”-ийг хөгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарсны дараа Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Б.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хийх ёстой үйлдлээ хийснийх нь хариуд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “Маргадвояж” ХХК-ийн Төрийн банкны 102900198798 дугаарын дансны 2018.01.31-ний өдрөөс 2020.06.30-ны өдрийн хуулга байв. Уг дансанд 2019.07.05-ны өдөр 46,500,000 төгрөгийн орлого “ухаалаг гар утасны аппликеэйшн урьдчилгаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэсэн утгатайгаар орсон байна. Уг мөнгийг 2019.07.05-ны өдөр 1029-7229 дугаартай теллерээс бэлнээр “касс-д зарлага “Маргадвояж” ХХК” гэсэн утгаар зарлагадсан байв. 2. Ш.Сийн Төрийн банкны 102900181199 дугаарын дансны 2018.01.01-ний өдрөөс 2020.07.16-ны өдрийг хүртэлх дансны хуулга байх ба 2019.07.05-ны өдөр 1029-7229 дугаартай теллерээр 25,000,000 төгрөгийг “орлого У-88102369” гэсэн утгатайгаар орлого хийсэн байна. 3. Ш.Сийн Хаан банкны 5027594485 дугаарын дансны 2018.12.31-ний өдрөөс 2020.07.19-ний өдрийн хүртэлх дансны хуулга байх ба 2019.07.05-ны өдөр 19,500,000 төгрөгийг “Орлого С У-88102369” гэсэн утгатайгаар бэлнээр хийсэн байна. 2019.07.05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1304 дугаартай АТМ-ээс бэлнээр зарлагадсан байна. 2019.07.06-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр зарлагадсан байна” /1хх-26/,

Төрийн банк дахь “Маргадвояж” ХХК-ийн 102900198798 тоот дансны хуулга /1хх-28/,

Төрийн банк дахь Ш.Сийн 102900181199 тоот дансны хуулга /1хх- 29/

ХААН банк дахь Ш.Сийн 5027594485 тоот дансны хуулга /1хх- 36/,

Худалдаа хөгжлийн банк дахь О.Дарханжаргалын 470000050 тоот дансны хуулга /2хх-95/,

Худалдаа хөгжлийн банк дахь О.Дарханжаргалын 417012222 тоот дансны хуулга /3хх-151/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл: “Худалдаа хөгжлийн банкны 2021.04.02-ны өдрийн 5/2692 дугаартай лавлагаагаар Б.Бгийн эхнэр О.Дарханжаргал нь орон сууцны зээлийн 417012222 дугаарт данстай байх бөгөөд 2019.01.01-ний өдөр 99,670,847 төгрөгийн зээл авсан, сар бүр үндсэн хүү 650,000 орчим төгрөг, зээл 250,000 орчим төгрөг нийт 900,000 орчим төгрөгийн зээл төлдөг нь зээлийн дансны хуулгаас харагдаж байна. 2019.05 сар, 2019.06 сар, 2019.07 саруудын үндсэн хүү, зээл төлөлтийг хийгээгүй байх бөгөөд 2019.07.06-ны өдөр О.Дарханжаргалын Худалдаа хөгжлийн банкны 470000050 дугаарт данснаас үндсэн хүү 1,767,994 төгрөг, зээл 755,718 төгрөгийг нийт 2,523,712 төгрөгийг төлсөн байв. Худалдаа хөгжлийн банкны 2020.07.29-ний өдрийн 5/4633 дугаарт лавлагаагаар Б.Бгийн эхнэр О.Дарханжаргалын 470000050 дугаарт дансны хуулгад үзлэгийг явуулахад 2019.07.06-ны өдөр “ДАРХАНЖАРГАЛ -С ЗЭЭЛ ТӨЛӨЛТ” гэсэн утгаар 2,525,000 төгрөгийн орлого орж, тус өдөр “Зээл бэлэн бусаар төлөв. /Автомат ажилбар/” гэсэн  утгаар 2,524,364 төгрөгийг автоматаар зээлийн төлөлтөөр зарлага гаргасан байв” /2хх-131-132/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд: “2019.04.11-ний өдөр С: Сайн уу хөгшөөн ажил тавлаг уу. Б: Сайн юу байна даа. С: Нам нам. Б: тавлаг тавлаг. С: 2017 оны тайлан алдагдалтай юм байна зүгээр үү. Б: зүгээр дараа оных нь хүрч байгаа биз дээ тэ. С: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ дээр Банкны тодорхойлолт байхад болдог тэ. Б: тийм хө, банк тийм тодорхойлолт гаргаж өгдөг. С: 2018 оных ашигтай гарсан борлуулалт 500 гаруй сая юм байна. Б: лайк. С: Ок. Банк судлах боломжтой гэсэн бичиг өгдөг гэнэ. Б: лайк. С: Ок. Энэ хагас бүтнээр нэг эцэслээд 2 лаа нэг таарах уу. Б: лайк -2019.07.02-ны өдөр С: hi. Б: hi давгүй юу хөө. С: dajgui ee ene 7 honogt ojr amjih nuu hogshoon. Б: Amjihaar l yum yarisandaa Surag taviadgay hoo. С: tegeerei ho. -2019.07.04-ний өдөр С: hi shine hun emnelgeer yzvna geed onoodor naiz ni jaahan gjiltai bolchloo dans yvuulah uu, uulzah uu. Б: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Маргадвояж ХХК-ийн Төрийн банкны102900198798 дугаарын данс руу урьдчилгаа 46,500,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийг зурган хэлбэрээр явуулсан байв. С 16 tsagaas hoish bol margaash ordog bhaa. Б: Tiim byum bailguidee ho. Okok. С: Margaash 11 tsagiin uyd orood ireh bh herev tiim bol. Б: залгаж 1 минут 23 секунд ярьсан байв. – 2019.07.05-ны өдөр Б: Bnuu hugshuun. С: Bn2 Ajil deeree bn u. Б: Aan nileen udur bichsen bhaa hoo. С: aan zaza. Б: залгаж 1 минут 12 секунд ярьсан байв. С: deed tal ni 5 gardag um bn. Odort. Margaash ogloo mgni guitseegeed baij baiya. 2019.07.06 өдөр С: 09 цаг 10 минутад Б рүү залгаж 47 секунд ярьсан байв” /1хх-41-62/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/38 дугаартай “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /2хх-173/,

Б.Б нь Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /2хх-175/,

 “Ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /3хх-5-6/,  

“Ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт, зөвлөмж /3хх-7/,

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-1/1073 тоот албан бичигт: “Тус агентлагийн Санхүү, төлбөрийн хэлтсийн Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Батбэхийн Бгийн ээлжийн амралт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын 19 хоног амарсан болно” /4хх-38-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Дарханжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл: “Асуулт: Таны орон сууцны зээлийн төлөлт хийдэг Худалдаа хөгжлийн банкны 470000050 дугаарт дансанд 2019.07.06-ны өдөр “ДАРХАНЖАРГАЛ –С ЗЭЭЛ ТӨЛӨЛТ” гэсэн утгаар 2,525,000 төгрөгийн орлого орж, тус өдөр “Зээл бэлэн бусаар төлөв. /Автомат ажилбар/ гэсэн утгаар 2,524,364 төгрөгийг автоматаар зээлийн төлөлтөөр зарлага гарсан байна. Энэ ямар эх үүсвэрээс хаанаас олсон мөнгө вэ? Хариулт: Би яг энэ мөнгийг санахгүй байна” /4хх-129-130/ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б улсын яллагчийн: “эхнэр О.Дарханжаргалын чинь Худалдаа хөгжлийн банкны 470000050 дугаарт дансанд 2019.07.06-ны өдөр 2,525,000 төгрөгийн орлого орж, тус өдөр “Зээл бэлэн бусаар төлөв” гэсэн утгаар 2,524,364 төгрөгийг автоматаар зээлийн төлөлтөөр зарлага гарсан. Энэ ямар эх үүсвэрээс хаанаас олсон мөнгө гэдгийг мэдэх үү” гэсэн асуултанд хариулахдаа “мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Харин шүүгдэгч Б.Б нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.4-т заасан “Тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэсэн үүргийг биелүүлэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байхад тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, тус тендерт оролцсон урьд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хамт ажиллаж байсан найз Ш.Сийн үүсгэн байгуулсан “Маргадвояж” ХХК-ийн тендерт оролцон шалгарах ашиг сонирхлын үүднээс тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч оролцогч нарын шударга өрсөлдөх нөхцөлийг алдагдуулсан, тендерт шалгарч гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх талаар Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн зэргээр хийх ёсгүй үйлдэл хийсэн гэх байдал,

Шүүгдэгч Ш.С нь Б.Б түүнд тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн, тендерт шалгарч гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх талаар Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн зэргээр хийх ёсгүй үйлдэл хийлгүүлсэн гэх байдал тус тус хангалттай тогтоогдохгүй байна.

Учир нь Б.Б, Ш.С нар нь урьд хамт нэг байгууллагад ажиллаж байхдаа танилцсан, найз нөхдийн харилцаатай гэх боловч ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын худалдан авах ажиллагааны 2019 оны төлөвлөгөө болон тайланд тусгаснаар “Ухаалаг гар утасны апликейшн-ийг" хөгжүүлэх тендерийн үнэлгээний хороог 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Б.Б томилогдсон. Тендерийн урилгыг нээлттэйгээр, тендер шалгаруулалтад тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийн хамт 2019.03.18-ны өдөр нийтэд ил тод мэдээлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтын хүрээнд дүгнэхэд Б.Б рүү Ш.С нь 2019.03.28-ны өдөр холбогдож тендерийн шалгуур нь ямар болохыг асуусан. Б.Б тендерт тавигдах шаардлага шалгуурыг нийтэд мэдээлсэн талаар хэлж, тэндээс мэдээлэл авах талаар хэлсэн. Ш.С нь нийтэд ил тод мэдээлсэн зүйл асуусанд Б.Б нь нийтэд мэдээлсэн мэдээллийн хүрээнд хариулсан. Үүнийг “Маргадвояж” ХХК-ийн тендерт оролцон шалгарах ашиг сонирхлын үүднээс тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч оролцогч нарын шударга өрсөлдөх нөхцөлийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. “Маргадвояж” ХХК нь хууль тогтоомжийн дагуу тендерт оролцож шалгарсан болох нь Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3523 тоот албан бичгээр ирүүлсэн “Маргадвояж” ХХК-н ирүүлсэн тендерийг “хамгийн сайн" гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар ч улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгээгүй, маргаагүй.

Мөн яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд заасан шиг "тендерт шалгарч гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46,500,000 төгрөгийг захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх талаар Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяраас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн.” үйл баримт тогтоогдохгүй байна Учир нь “Маргадвояж” ХХК нь хууль тогтоомжийн дагуу тендерт шалгарч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “Маргадвояж” ХХК нарын хооронд “Ухаалаг гар утасны апликейшн хөгжүүлэх” гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний 14.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төлбөрийг нийлүүлэгч, бараа ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх нэгдүгээр шатны ажил хийгдсэн тохиолдолд 50 хувийг нийлүүлэгч талаас нэхэмжлэх өгсний дагуу ажлын 5 хоногийн дотор захиалагч тал нийлүүлэгч талд төлнө” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “Маргадвояж” ХХК нар нь 2019.05.20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын цахим системийн ухаалаг гар утасны апликейшн хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү төлөвлөгөөгөөр “Маргадвояж “ХХК нь нэгдүгээр шатны ажлыг 2019.6.11-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр баталсан. /3-19/, Энэхүү төлөвлөгөөний дагуу нэгдүгээр үе шатны ажлыг хийж гүйцэтгэн, эхний санхүүжилтийг нэхэмжилсэн болох нь “Маргадвояж” ХХК-н 2019.06.24-ний өдрийн 19/14 тоот албан бичиг /3-20/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлбөрийн хүсэлт тус төлбөрийн хүсэлтэд “Маргадвояаж” ХХК-н нэхэмжлэхийг огноо 2019.06.11 гэж бичигдсэн байгаа/ нотлогддог. /1-24/, Энэ нь “Маргадвояж” ХХК нь гэрээнд заасан нөхцөл, төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө нэхэмжилсэн, нэхэмжлэх бүрэн эрх бүхий гэрээний харилцаа болохоос Б.Б нь бусдаас дэмжлэг хүсэж шийдвэрлүүлсэн асуудал биш гэж дүгнэлээ.

2020 оны 08 сар 25-ний өдөр мөрдөгч, коммисар И.Мөнхсонор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсгийг удирдлага болгон Ш.Сийн гар утсанд үзлэг хийсэн нь хууль зөрчөөгүй, нотлох баримтаар тооцож үнэлж болохоор байна. Уг үзлэгийг шүүгдэгч Ш.Сийн хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж хийсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаас хасах, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ш.С нь Б.Бд хахуулийн мөнгө өгөөгүй, шорлогны төмөр аваачиж өгөх гэж уулзсан. Мөн тэр өдөр хадам аав Д.Мандахаас 2 жилийн өмнө зээлсэн байсан мөнгөө гүйцээж өгсөн гэдэг. Шүүх хуралд гэрчээр оролцсон Д.Мандах нь : “Ш.С бол миний ганц хүргэн. 2004 онд миний охинтой суусан. 2017 онд надаас 20 сая төгрөг зээлсэн. Өөрөө л гэрээ хийе, нотриатаар батлуулая гээд байсан.” гэж мэдүүлсэн. Охинтой нь сууж хүргэн нь болсноос хойш 13 жил болсон ч мөнгө зээлэхдээ хадам аавтайгаа гэрээ байгуулж нотриатаар батлуулсан байж болох боловч энэ хэрэгтэй хамааралгүй байна гэж үзлээ. 

Ш.С нь Б.Бгийн ажилладаг байгууллагаас зарласан тендерт оролцсон, Б.Б нь уг тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан. Ш.Сийн материал тендерт шалгарч гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөнгө хэзээ орох талаар шүүгдэгч нар харилцан мэдээлэл солилцож байсан. Мөнгө байгууллагынх нь дансанд шилжиж орсон. Энэхүү шилжүүлгийн баримтын зургийг Б.Б нь Ш.Сид чатаар явуулсан. Улмаар данснаас мөнгө гаргах, нэг удаагийн мөнгө гаргах хэмжээ, маргааш гүйцээгээд уулзах талаар чат бичилцсэн. Мөн маргааш нь хаана уулзах, юм нь бэлэн эсэх, хүлээж байх талаар харилцан мессеж бичсэн. Б.Бгийн гэр бүлийн хүн буюу эхнэр О.Дарханжаргалын банкны зээл сүүлийн 3 сар буюу 1 улирлын турш ямар ч төлөлт хийгдээгүй байснаа тухайн цаг хугацаанд бөөндөө нөхөн төлөгдсөн байдал. Энэ мөнгөний эх үүсвэр, яагаад төлөлт хийгдэхгүй зээлийн хугацаа хэтрэлттэй байснаа тухайн үед төлөгдсөн талаар Б.Б болон түүний эхнэр О.Дарханжаргал нар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар хэлж чадаагүй зэрэг нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Эдгээр байдал нь хоорондоо харилцан нөхцөлдсөн логик уялдаатай, гэмт хэрэг үйлдэгдсэнтэй бүрэн шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Б, Ш.С нар нь бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б, Ш.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б, Ш.С нарт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгч Ш.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, Ш.Сийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус тус 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .”..Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт...” багтаж байгаа тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдахгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэж орсон орлого болох 9.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Ш.С нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах ажиллагааны нууц магадалгаа байгаа болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Гүн өндөр овгийн Батбэхийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд хахууль авах гэмт хэрэг,

-Шүүгдэгч Боржгон өндөр овгийн Шийрэвжамцын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох,

            -Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Сид нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Б, Ш.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9.000.000 /есөн сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан мөрдөн шалгах ажиллагааны нууц магадлагааг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.

            9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Ш.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б, Ш.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА