Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2017/00056/И/ |
Дугаар | 0147 |
Огноо | 2017-08-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 0147
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг, ус сувгийн дэнжид оршин суух иргэн Хиргис овогт ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 754 мк2 талбай бүхий сургуулийн барилга, 2480.3 мк2 бүхий сургуулийн зориулалттай газрыг ХХБ-ны зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл төлөлтийн маргаанаас үүдэн 88.293.000 төгрөгөнд дуудлага худалдаанд оруулахыг шаардсан. Иргэн би 550.000.000 саяаас буулган үнэлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ ******* албанд мэдэгдсэн. үүний дагуу *******-ч ******* нь Дархан-Уул аймгийн “*******” ХХК-д хүсэлт гарган тухайн байгууллагын үнэлгээчин Я.Батбаяр нь манай сургуулийн үл хөдлөх хөрөнгийг 286.532.400 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тухайн объект нь 756 м.кв талбай бүхий байр дотроо 54 өрөөтэй, нэг заалтай, гаднах талбай 3000 гаруй м.кв талбай бүхий газартай, эргэн тойрон хашаа хийгдсэн. Би 2000 оноос хойш энэ байрыг эзэмшиж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. 2007 онд наад талын 306 м.кв талбай бүхий барилгыг барьсан. 2000 оноос хойш 2016 он хүртэл тухайн байрыг засварласан мөнгө гэхэд 280 000 000-д сая төгрөг болж байгаа. Энэ байрыг мэргэжлийн хүмүүсээс зах зээлийн үнэлгээг нь асуусан. Уул модон биш төв газар барьсан байр байгаа. Ашигтай байрлалтай ямар ч зориулалтаар ашиглах боломжтой барилга байдаг. Би тэр 286 000 000 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дор хаяж 450 000 000 төгрөгөөр үнэлүүлж байж дуудлага худалдаанд оруулна. Хоёрдугаарт нь би хүний өмнөөс байраа тавьсан. Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд намайг таны хүүхэд чинь энүүнтээ холбоотой байна. Та үүнийг дараад зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би Солонгост очоод эмчлүүлээд ирсэн хүнд байсан. Мөнгө төгрөгний болж муу байсан. Ийм үндэслэлтэй хэцүү байна гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 19 хүний цалингийн зээлэнд энэ байраа тавьсан. Тэгж тавихад Б.Болдбаатар юу гэж хэлсэн гэхээр бусад хүмүүсээс авалцах мөнгийг нь би бас дуудалцаж авалцана гэж амлалт өгсөн. Хэрвээ энэ асуудал өөрөөр шийдэгдвэл бид нар Авилгатай тэмцэх газарт хандана. Эхний ээлжинд өөрийнхөө саналыг хэлье. Би 286 000 000 төгрөгний үл хөдлөх хөрөнгөний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүний өмнөөс тавьсан. Би өөрөө Хас банкинд зээлтэй байсан. Миний Хас банкны зээлийг нааш нь татаж оруулаад 19 хүн байна уу?, хэд байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн цалингийн өмнөөс би байраа тавьсан. Тийм учраас ямар ч үндэслэлгүй болж байгаа. Гуравдугаарт 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өдөр болгон ийм байна, тийм байна, одоо болохоо байлаа яах уу, та энийг дараадхаач гээд байхаар нь би аргагүй эрхэнд өвчин зовлон үзсэн. Хүүхдээ эцгийгээ алдчихсан болохоор сэтгэл санааны хямралд оруулаад яахав гэж бодоод байраа тавиад өгсөн. Яг үндэслэл би өөрөө зээл аваагүй гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136 тоот шийдвэрээр Зундуй овогтой Хишигжаргал, Дагвадорж овогтой Оюунцэцэг нар нь Худалдаа хөгжлийн банкинд 88 292 789 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Төлбөр авагч тал Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар нь манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 82 тоот зардал, урамшуулалын гэрээ байгуулж манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөх талаар сануулга өгөхөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тухайн үед нь 09 сараас 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Болдбаатар нь Худалдаа хөгжлийн банкинд байгаа барьцаа хөрөнгийг үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулж өр төлбөрийг барагдуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Энэ хүсэлтийн дагуу барьцаанд байсан 2 үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнийн санал өгөхийг Зундуй овогтой Хишигжаргал болон Худалдаа хөгжлийн банкны захирал ББолдбаатарт хүсэлт тавьсан. Хүсэлтэнд ******* эгч 550 000 000 сая төгрөгөөр объектоо үнэлнэ гэж хэлсэн. Худалдаа хөгжлийн банк анх 125 000 000 төгрөгөөр үнэлж авсан обьектоо тэр 125 000 000 төгрөгөөр нь үнэлнэ гэж хэлсэн. Үнэлгээн дээр тохироогүй учраас “*******” ХХК хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Хөндлөнгийн шинжээч “*******” ХХК нь 286 532 400 төгрөгөөр үнэлсэн. Ингэж үнэлэхдээ Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьсан 2 объектийг үнэлсэн. *******ын яриад байгаа 3000 хэдэн м.кв хойд талын газар гэж хэлээд байгаа зүйл ороогүй. Зөвхөн 2 обьект нь Худалдаа хөгжлийн банкинд тавьсан газартайгаа үнэлэгдсэн. Хажууд нь амбаар шиг юм хойно нь сул талбай нь өөр гэрчилгээтэй өөр зүйл байгаа. Манайх яг барьцаанд тавьсан объектыг нь “*******” ХХК –иар үнэлгээ хийлгэсэн гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөлөөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Худалдаа хөгжлийн банк анх 2016 оны 02 сард шүүхэд *******, Д.Оюунцэцэг нарт холбогдуулан 88.2 сая төгрөгний зээлийн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргаж 2016 оны 04 сард шүүхийн шийдвэр гарсан. Энээс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байгаа. Манай банкны зүгээс шүүхийн шийдвэрийг хурдан хугацаанд биелүүлүүлэх хүсэлттэй байгаа. Сургуулийн зориулалтай газар нь 2100 м.кв-н гэрчилгээ, биеийн тамирын заалны талбайн зориулалтай 380.3 м.кв талбай бүхий хоёр объектын гэрчилгээ барьцаанд байгаа. 1050 м.кв гэсэн газрын гэрчилгээ барьцаанд байхгүй гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн: *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний нотратиатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн шийдвэр гүйцэтгэгч *******ийн 2017 оны 07 сарын 23-ний өдөр *******д гардуулан өгсөн мэдэгдэл, “*******” ХХК-ний 2017 оны 01 сарын 17-ний өдрийн Үнэлгааний тайлан, “*******” ХХК-ний 2017 оны 01 сарын 17-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний товч тайлан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р багийн нутагт байрлах иргэн *******ын эзэмшлийн Сургуулийн зориулалттай барилга, сургуулийн өргөтгөлийн барилгын үнэлгээг нөхөн сэргээлтийн суурь өртгөөр гаргасан тооцооны акт, *******ын эзэмшлийн эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 сарын 06-ний өдрийн 136 дугаар шүүхийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга М.Энхболдын итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хариу тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт “Худалдаа хөгжлийн банкны”, “Худалдаа хөгжлийн” банкны” итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ний албадан дуудлага худалдаан оруулахаар санал болгосон 286.532.400 төгрөгийн үнэлгээ тогтооосон актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* нь үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 сарын 06-ний өдрийн 136 дугаар шүүхийн шийдвэрээр *******, Д.Оюунцэцэг, “Эрдмийн ундраа” лицей сургууль, Сайхан бужир ХХК-аас 88. 292.789 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зээлийн төлбөрт хураагдсан Сэлэнгэ аймгийг сайхан сумын 1-р багт байрлах *******ын сургуулийн зориулалттай 306 мкв үл хөдлөх хөрөнгө, сургуулийн зориулалттай 448мкв үл хөдлөх хөрөнгийг 380.3 мкв талбайтай газар, 2100 мкв талбайтай газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээний талаар талуудын саналыг авахад тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар хараат бус мэргэжлийн үнэлгээчийн буюу “*******” ХХК-аар үнэлгээ тогтоолгожээ.
Хөрөнгө үнэлгээний “*******” ХХК нь *******ын дээрх үл хөдлөх хөрөнгийг 286.532.400 төгрөгөөр үнэлсэн байна. /х.х-ийн 11-рт\
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “ Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Үнэлгээний талаархи мэдэгдлийг төлбөр төлөгч ******* 2017 оны 01 сарын 23-ны өдөр гарын үсгээ зурж шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авсан байна./ х.х-ийн 4-рт/
******* шүүхэд үнэлгээний талаархи гомдлоо 2017 оны 01-р сарын 31-ны өдрийн 10 цаг 50 минутад гаргаж шүүгч мөн өдрөө хүлээн авсан нь шүүхийн баталгаажуулсан дардасаар нотлогдож байна. Иймд *******ыг үнэлгээний талаар мэдэгдэл хүлээн авснаас хойш шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байна гэж үзэж түүний “*******” ХХК-ний албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгосон 286.532.400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэн *******ын “*******” ХХК-ний албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгосон 286.532.400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА