Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баян буриад овогт Ч.Гд холбогдох эрүүгийн 2107000000207 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Дорнод  аймаг, ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 90А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгэж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сар хорих ялаар тогтоож, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 88 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,

******* овогт Ч.Г /РД: ...................../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ч.Г нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд .................................... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Нтай маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт ир үзүүртэй төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...Эийн гэрийн гадаа ирсэн. 22 цагийн үед араас Г, Ц бас нэг танихгүй залуугийн хамт ирэхээр нь Э 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаад барьж байгаа байшинд хувааж уусан. Удалгүй араас миний төрсөн ах Н ирээд хоорондоо ойр зуурын юм яриад зогсож байсан. Гэнэт Н ах Этэй хоорондоо маргалдаад ...байшингаас гараад барьцалдаад авсан. Салгах санаатай гартал Г Н ахын хоолойноос хойшоо татсан. Би очоод Гг хойноос нь барьж аваад татсан чинь эргэж хараад намайг заамдаад авсан. Тэгээд хоёулаа хоорондоо зууралдаж байгаад газар унасан. Г түрүүлж босоод цаашаа гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би босоод хувцасныхаа шороог гөвөөд зогсож байтал Г буцаж ирээд миний нуруу руу юмаар цохих шиг болсон. ...Нуруугаа үзтэл нойтон оргиод явчихаар нь гайхаад гараа хартал цус болсон байсан. Ямар ч байсан хутга гэх зүйл байгаагүй. Эийн барьж байгаа байшин дотор ч гэсэн айл ороогүй болохоор хутга гэхээр зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би байшингийнхаа татаж байгаа замаскийг хараад зогсож байтал гаднаас хүмүүс шуугилдаад явчихаар нь би байшингаас гараад иртэл манай зогсоол дээр Н явган суусан “хутгалчихлаа” гээд хажууд нь Г, М нар зогсож байхаар нь яасан юм гэхэд нуруундаа хутгалуулаад гэхээр нь би сандраад Ж ахыг дуудаад машинаа асаалгаад Ныг өргөж суулгаад шууд Налайх дүүргийн эрүүл мэндийн төв дээр ирсэн. Хүн хутгалахыг нь би хараагүй. Өөрөө хэлэхдээ бол Г намайг хутгаллаа гэж хэлж байсан. ...Н Г нар юунаас болж маргалдсаныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн байшингийн гадаа Н “юун сүртэй юм чи байшингаасаа хөөлөө” гээд Э рүү уурлаад барьцалдаад авахаар нь би голоор нь ороод салгаад Эийг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Буцаад ирсэн чинь байшингийн үүдэн дээр Г газар унасан, дээр нь Н мордоод суучихсан нүүр лүү нь цохисон. Н бас хажуугаас нь зодолдох гэж байгаа бололтой харагдахаар нь болио гээд очоод түлхээд холдуулсан. Тэгээд байж байтал ард, байшингийн цаад талд Н газар хэвтэж байхаар нь шууд Эийн машиныг асаагаад эмнэлэг рүү явсан ... би бол хараагүй, дээврийн тастсан төмрөөр л цохисон гэсэн. Тэнд байшингийн дээвэр төмөрлөөд тастагчаар тасалсан зөндөө төмөр байсан. Яг энэ төмрөөр гэж хэлэхэд бол хэцүү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н манай эхнэрийн дүү Этэй маргалдаад зогсож байхаар нь би салгах гээд очсон. Ныг холдуулахад Н араас гарч ирээд миний зүүн нүд рүү 2 удаа цохиод би газар унасан. Тэгээд миний уур хүрээд газар байсан төмрийг аваад нуруу руу нь цохисон. ...дараа нь төмрийг шууд хог руу чулуудсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 112 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 481 дугаар:

“1. А.Нын биед нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 дугаар хуудас/,

 

Ч.Г хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

            2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй 5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Нтай маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт ир үзүүртэй төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ч.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би босоод хувцасныхаа шороог гөвөөд зогсож байтал Г буцаж ирээд миний нуруу руу юмаар цохих шиг болсон. ...Нуруугаа үзтэл нойтон оргиод явчихаар нь гайхаад гараа хартал цус болсон байсан. Ямар ч байсан хутга гэх зүйл байгаагүй. Эийн барьж байгаа байшин дотор ч гэсэн айл ороогүй болохоор хутга гэхээр зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүн хутгалахыг нь би хараагүй. Өөрөө хэлэхдээ бол Г намайг хутгаллаа гэж хэлж байсан. ...Н, Г нар юунаас болж маргалдсаныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал ард, байшингийн цаад талд Н газар хэвтэж байхаар нь шууд Эийн машиныг асаагаад эмнэлэг рүү явсан. ...би бол хараагүй, дээврийн тастсан төмрөөр л цохисон гэсэн. Тэнд байшингийн дээвэр төмөрлөөд тастагчаар тасалсан зөндөө төмөр байсан. Яг энэ төмрөөр гэж хэлэхэд бол хэцүү...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н манай эхнэрийн дүү Этэй маргалдаад зогсож байхаар нь би салгах гээд очсон. Ныг холдуулахад Н араас гарч ирээд миний зүүн нүд рүү 2 удаа цохиод би газар унасан. Тэгээд миний уур хүрээд газар байсан төмрийг аваад нуруу руу нь цохисон. ...дараа нь төмрийг шууд хог руу чулуудсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 481 дугаар дүгнэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.

 

Хохирогч А.Нын эрүүл мэндэд учирсан “нурууны баруун талд босоо байрлалтай 2 см урттай, 3 мэс заслын оёдлын ором бүхий ягаан өнгийн арьснаас доор бага зэрэг хонхойсон сорви буюу нуруунд сорви” гэмтэл нь шүүгдэгч нуруун тус газарт ир үзүүртэй төмрөөр цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд  гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Г нь хохирогч А.Нын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Гг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Г нь намайг эмнэлэгт үзүүлээд хийлгэсэн эмчилгээ, оношилгоо зэргийн мөнгийг бүгдийг нь төлсөн. Нийт 700.000 төгрөгийн зардал гарсан байх.  Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Над эмчилгээний зардал төлж барагдуулсан, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно. 

 

Шүүгдэгч Ч.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, эдгээр ял биелэгдэж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Ч.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ