| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00107/И |
| Дугаар | 429 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 429
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, М.Мөнхөөд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1984 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг,155 /б/- тоотод оршин суух, “Цэцэг” зоогийн газарт зөөгч ажилтай
Боржигон овгийн Доржгүрийн Отгончимэг
регистрийн дугаар:МЮ- 84011563
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам оролцов
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Отгончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Отгончимэг миний бие М.Мөнхөөтэй 2010 онд гэр бүл болж, бидний дундаас 2013 онд охин М.Мөнхсаран, 2015 онд М.Мөнхнаран гэдэг 2 охин төрүүлсэн Бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй учир нь М.Мөнхөө нь улсаас өгч байсан 500.000 төгрөг авах зорилготойгоор хуурамч гэр бүл батлуулсан гээд гэр бүлээ батлуулаагүй. М.Мөнхөө нь жолооч мэргэжилтэй 2015 оны сүүлээс ажилтай нэрээр гэртээ тогтохоо больж ааш зан нь өөрчлөгдөж Улаанбаатар хотод Чимгээ гэх хүүхэнтэй 2016 оны 01 дүгээр сард бүр мөсөн явж амьдрах болсон учир 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Бид 2010 онд гэр бүл болж, 2013 онд охин М.Мөнхсаран, 2015 онд охин М.Мөнхнаран төрсөн. Бид гэр бүлийн баталгаа байгаагүй. Манай нөхөр хөдөө явж ажил хийж байгаад сүүлдээ гэр орондоо ирэхээ больж, өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсноор 2016 оноос нөгөө хүнтэйгээ бүр хамт Улаанбаатар хотод амьдрах болсон. Ийм учир би хоёр охиныхоо эцгийг М.Мөнхөө мөн болохыг тогтоолгож, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Охид маань надтай хамт миний асрамжинд байдаг тул өөрөө хүүхдүүдээ авна. Ийм учраас хүүхдүүдийг минь миний асрамжинд үлээж шийдвэрлэж өгнө үү!. Бидний хооронд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй... гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг,155 /б/- тоотод оршин суух хаягтай, Баяуд овгийн Мягмарын Мөнхөө /регистрийн дугаар МЭ-80070817/ 2017 оны 06 дугаар сарын 21-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Отгончимэгийн нэхэмжлэлтэй М.Мөнхөө надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охин Мөнхнаран,
Мөнхсаран нарыг насанд хүртэл нь ээжийнх нь асаргаанд үлдээж, хуулийн дагуу хоёр охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. 2017 оны 06 дугаар сарын 23-ны 16 цагийн шүүх хуралд М.Мөнхөө миний бие хувийн шалтгаанаас очих боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хурал хийхэд татгалзах зүйлгүй. Д.Отгончимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь М.Мөнхөөд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2010 онд танилцан улмаар гэр бүл болохоор хамтран амьдарч, гэр бүлийн харьцаатай байсны улмаас 2013 оны 05 дугаар сарын 29-нд охин М.Мөнхсаран, 2015 оны 05 дугаар сарын 14-нд охин М.Мөнхнаран нар төрсөн болохыг гэрчилсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 46/000147, 46/000148 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, М.Мөнхсаран, М.Мөнхнаран нар нь одоо эх Д.Отгончимэгийн асрамжинд өсч торниж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч М.Мөнхөө нь “...охин Мөнхнаран миний хүүхэд мөн эсэхэд эргэлзээтэй байх тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх” хүсэлт гаргаснаар шүүх шинжээч томилон, 2017 оны 05 дугаар сарын 16-нд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шинжээчийн 3765 дугаартай дүгнэлт гарч “...М.Мөнхөө нь М.Мөнхнарангийн биологийн эцэг байх магадладлыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэсэн дүгнэлт гаргасан байх ба хариуцагч уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч “... Отгончимэгийн нэхэмжлэлтэй М.Мөнхөө надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охин Мөнхнаран, Мөнхсаран нарыг насанд хүртэл нь ээжийнх нь асаргаанд үлдээж, хуулийн дагуу хоёр охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Иймд Д.Отгончимэгийн М.Мөнхөөд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, 2013 оны 05 дугаар сарын 29-нд охин М.Мөнхсаран, 2015 оны 05 дугаар сарын 14-нд охин М.Мөнхнаран нарын төрсөн эцэг М.Мөнхөө мөн болохыг тогтоож, эцэг М.Мөнхөөгөөс тэтгэлэг гаргуулан охин М.Мөнхсаран, М.Мөнхнаран нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасанаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хариуцагч М.Мөнхөөд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч “...2017 оны 06 дугаар сарын 23-ны 16 цагийн шүүх хуралд М.Мөнхөө миний бие хувийн шалтгаанаас очих боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хурал хийхэд татгалзах зүйлгүй...” гэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд, зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах,
сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг авах эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай туулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай туулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Баяуд овгийн Мягмарын Мөнхөөг 2013 оны 05 дугаар сарын 29-нд охин М.Мөнхсаран, 2015 оны 05 дугаар сарын 14-нд охин М.Мөнхнаран нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Бага насны охин М.Мөнхсаран, М.Мөнхнаран нарыг насанд хүртэл эх Д.Отгончимэгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 29-нд охин М.Мөнхсаран, 2015 оны 05 дугаар сарын 14-нд охин М.Мөнхнаран нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт эцэг Мягмарын Мөнхөөгөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэг нь нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Мөнхөөгөөс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.483 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ