Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 431

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал  тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1967 онд төрсөн, бүрэн   дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы гудамж, 71 тоотод  оршин суух, эрхэлсэн ажилгүй  

                                      Тайж  овгийн Дорлигийн Нарантуяа    

                                      регистрийн  дугаар:МД- 67062069

 

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.                                        

                                                            

                                                          Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч: Д.Нарантуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ...Миний бие анх 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны “Мод дамжуулах бааз”-д 1 дүгээр замын гуалин түлээний нярав- тоо бүртгэгчээр ажилд орсон. 1984 оноос 1990 он хүртэл тасралтгүй 7 жил  “Мод дамжуулах бааз”-д нярав-тоо бүртгэгчээр  ажилласан. 1991 онд “Мод дамжуулах бааз”-ын нэр өөрчлөгдөн “Дулаанхаан” хувьцаат компани болсон тул урд ажиллаж байсан ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал баримтыг “Дулаанхаан” хувьцаат компани шатаж үрэгдүүлсэн тул 1984 оны 07 дугаар сарын 16-наас 1990 оны 07 дугаар сарын 16-ныг хүртэл “Мод дамжуулах бааз”-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү!...гэжээ.

 

           Нэхэмжлэгч: Д.Нарантуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    ... Би 1984 онд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д нярав-тоо бүртгэгчээр ажилд орсон. Ингээд тасралтгүй 1990 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөр ажилд шилжин ажилласан юм. “Мод дамжуулах бааз” нь хувьчлагдаж, “Дулаанхаан”  ХК болон өөрчлөгдсөн ба манай баазад ажиллаж байсан ажилчдын тушаал шийдвэр нь аймгийн архивт ирээгүй байх тул гаргаж өгөх боломжгүй гэж байна. Иймд 1984-1990 онд ажиллаж байсан жилийг тогтоолгох шаардлагатай боллоо. Миний хувьд 1990-2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулах хуулийн дагуу тооцуулсан 1990 он хүртэл ажиллсан жилийг тогтоолох гэсэн юм. Намайг ажиллаж байх үед манайд бригадын даргаар ажиллаж байсан Д.Дамдин, тоо бүртгэгч Д.Цэцэгээ, Ө.Цолмонбаяр нар хамт ажиллаж байсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд миний 1984-1990 онд  ажилласан жилийг тогтоож өгнө үү!...гэв.

 

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

 

             Нэхэмжлэгч Д.Нарантуяа  нь  шүүхэд 1984 оноос  1990  онд  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д нярав-тоо бүртгэгчээр  ажиллаж байсан боловч ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд нь олдохгүй болсон  тул   ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл  гаргажээ.    

            Д.Нарантуяа нь 1984 онд Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгсч  илгээлтээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д илгээлтээр гуалин, түлээний нярав- тоо бүртгэгчээр ажилд орж, 1990 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Нарантуяад Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-ын захиргаанаас олгосон №116245 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-ын даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот тушаалаар “1984 оны 07 дугаар сарын 16-наас Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д 1 дүгээр замын гуалин, түлээний нярав-тоо бүртгэгчээр “авч ажиллуулсан, мөн “Мод дамжуулах бааз” хувьчлагдан бүтэцийн зохион байгуулалтанд орж өөр ажилд шилжин ажиллаж байсан болох нь Дулаанхан ХК-ний захирлын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны  өдрийн 05 тоот тушаалаар “нэгдсэн 3 дугаар зам бригадад нярав-тоо бүртгэгчээр ажиллуулав”  гэсэн бичилтүүд болон  “Улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1984 оны 7 дугаар сарын 16”  гэж тэмдэглэгдсэн, “Дорлигийн Нарантуяа” гэсэн № 585928 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх бригадын даргаар ажиллаж байсан Д.Дамдин, тоо бүртгэгч Д.Цэцэгээ, Ө.Цолмонбаяр нарын шүүхэд гаргасан “...Д.Нарантуяатай  Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д 1984 оноос 1990 онд хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан авсан “...Би Д.Нарантуяатай Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д 1984 оны 7 дугаар сараас 1990 он хүртэл ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгч нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулинд хамрагдаж 1990-2000 онд ажиллаж  байснаар тооцуулсан байх тул 7 сарын ажилласан байдлыг давхардуулан тогтоох шаардлагагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д гуалин, түлээний нярав- тоо бүртгэгчээр 1984 оны 07 дугаар сарын 16-наас  1990 оныг хүртэл  ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн   115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж  овгийн Дорлигийн Нарантуяаг  1984 оны 07 дугаар сарын 16-наас 1990 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны “Мод дамжуулах бааз”-д гуалин, түлээний нярав- тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, 7 сарын ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн  дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ