Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0063

 

О.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч О.Э-, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагч Б.Д нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, О.Э-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.Э- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан боловч дээрх дутагдлаа засаагүй гэсэн үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 тоот захирамжаар ажлаас нь халсан болно. Уг захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлийг баримталсан бөгөөд зөрчил дутагдлыг шалган тогтоосон болно.

Ажлаас халах тухай захирамжид заасан зөрчил дутагдлууд нь бүгд хурлын тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, захирамжаар нотлогдсон бөгөөд Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зүйлд заасан Засаг даргаас хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрт нийцсэн Засаг даргын үүрэг даалгаврыг гүйцэтгэж, тайлагнах гэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тамгын газрын дарга О.Э-ийг ажлаас халсан асуудал нь Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамаарсан, баримталсан хууль зүйн үндэслэл нь тохирсон, бодит зөрчилтэй нь нийцсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас халах тухай А/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, О.Э-ийг Булган аймгийн Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Э-т 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 5 сар, 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4223244 /дөрвөн сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, О.Э-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч О.Э-ийн ээлжийн амралтын олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч О.Э-ийг ажлаас халах тухай Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны А/54 тоот захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэсэн үндэслэлийг баримталсан. Учир нь О.Э- нь Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны Б/28 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу цалинг 20 хувиар бууруулах, 2015 оны 02 дугаар сарын 26-ны А/16 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасны дагуу сануулах сахилгын шийтгэлүүдийг тус тус авагдаж байсан байна. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулах захирамжууд нь хүчин төгөлдөр болсон, эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан болон шүүхээс хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийг 1 жилийн дотор 2 сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх дээрх 2 захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна гэж дүгнэсэн атлаа уг захирамжуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, шүүх хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч шаардлагадаа тусгаагүй зүйлийг шүүх дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулах, хянуулахаар гомдол гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан 1 сарын хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдлоо гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Засаг даргын Тамгын газрын ажлын бүтэц рүү орж Тамгын газрын даргад хариуцлага ногдуулах санал оруулах эрх бүхий албан тушаалтан биш гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хурлын даргын нийтлэг бүрэн эрх гэсэн 22 дугаар зүйлийн 22.1.9-д "нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 33.1.4. хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох; 36 дугаар зүйл, Хурал, Тэргүүлэгчидтэй харилцах 36.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана: 36.1.1 Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах; 39 дүгээр зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шийдвэрийг биелүүлэх 39.1 Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална: 4.2.1. захирах, захирагдах ёс гэсэн хуулийн заалтуудыг шүүх харгалзан үзээгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.5 шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь сумын удирдлагаас шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сумын хурлын даргаас Засаг даргад ирүүлсэн албан бичигт дурдсан зөрчлүүд нь бодитой байгаа нь нотлогдсон байна.

Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн талаар: Сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны А/31 тоот захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавих, гал командын мотопомф 2015 оны 03 дугаар сарын 30-ны шөнө гарсан гал түймрийн үед ажлын шаардлага хангахгүй байсан зөрчлийн эзэн шалтгааныг тогтоож, хариуцлага тооцож хариу мэдэгдэх үүргийг сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгснийг хэрэгжүүлээгүй, гал командын бэлэн байдал, гамшгаас хамгаалах ажил зохион байгуулах үүргийг Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтонд тусгах үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байна. Гэтэл шүүх дээрх ажил үүргийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Засаг даргад өөрийн хуулиар удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй хамааралтай гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

А. Галын аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Маргаан бүхий үйл баримт нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирамж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн удирдах ажилтны зөвлөгөөнөөс өгсөн үүрэгтэй холбоотой юм. Тэгэхээр хууль болон болсон үйл явдлын хооронд уялдаа холбоо байхгүй болно.

Б. Хуульд Засаг даргын гүйцэтгэх чиг үүрэг болгон заасан боловч Засаг дарга ажлын албаараа дамжуулан удирдан зохион байгуулах, холбогдох ажилтан албан тушаалтанд үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг тооцох эрхтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-д Ажлын алба буюу Тамгын газар нь хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох гэсэн заалтыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.

Галын аюулгүй байдлыг хангах хяналт тавих үүргийг үе үеийн Тамгын газрын дарга нар, Ардын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод байсан, тэр үүргээ гүйцэтгэсээр ирснийг би өөрөө ажиллаж байсны хувьд мэдэж байна. Засаг дарга хуульд нийцсэн үүрэг өгч өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын алба буюу Тамгын газрын даргадаа өгсөн үүргийг төрийн албаны захирах захирагдах зарчмын дагуу нэхэмжлэгч О.Э- өөрийн ажлын байрны тодорхойлолтдоо нэмж оруулах нь зүйн хэрэг байсан. Хэрэв тухайн үед энэ ажил надад хамаарахгүй гэсэн гомдлоо гаргах эрх нь хууль тогтоомжийн дагуу нээлттэй байсан боловч ийнхүү гомдол гаргаагүй атлаа өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байх нь буруу гэж үзэж байна.

Аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний А/43 тоот захирамжаар байгуулсан, үүнд Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Тамгын газрын дарга О.Э-ийг томилсон. Нийт ажлын хэсгийн ахлагч нарт 2015 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулахыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга үүрэг өгсөн байна. Гэтэл шүүх бусад албан тушаалтан үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна сахилгын зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь нэг талыг баримталсан дүгнэлт гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч О.Э- нь 2015 оны 02 дугаар сарын 05-нд өгсөн үүргийн дагуу Архигүй Булган дэд хөтөлбөрийн 2015 оны ажлын төлөвлөгөөг 2015 оны 05 дугаар сарын 15-нд батлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Тэгэхээр уг зөрчлийг 2015 оны 05 дугаар сарын 15-нд илрүүлсэн, тэр болтол зөрчил үргэлжилж байсан гэж үзэх үндэслэл байна.

Нөгөө талаар Засаг даргын А/54 тоот захирамжинд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл буюу сахилгын шийтгэлийн тухай дурдаагүй байтал шүүх сахилгын шийтгэлийн талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд "төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн дагуу нөхөх арга хэмжээг тухай бүр авч ажиллах" гэсэн заалт байгаа боловч сумын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад "нягтлан бодогч эдийн засагч" гэсэн мэргэжлийг хасаж захиалга өгсөн, захиалга өгөхдөө ямар баримтыг үндэслэснээ тайлбарлаагүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болно. Хариуцагчийн хувьд дээрх ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны 190 тоот албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөрийн сайдын баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн захиалах ёстой гэж үзэж байгаа тул Тамгын газрын дарга захиалга өгөхдөө мэргэжил орхигдуулж өгсөн нь хайнга хандсан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж буруутгаж байна.

Үр дүнгийн гэрээ дүгнэсний хувьд нэхэмжлэгч О.Э- нь өөрийн илтгэх хуудсандаа өөртөө 89,5 хувийн дүн тавьж ирснийг Засаг дарга зөвшөөрөхгүй учир бууруулж дүгнэсэн билээ. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5-д зааснаар сумын Тамгын газрын дарга бол тухайн сумын Тамгын газрын төсвийн шууд захирагч байхаар тогтоосон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу үнэлсэн. Гэтэл шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг баримтлан дүгнэлт гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй болно.

Мөн шүүх зохигчдыг 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна хэмээн шүүхэд ирээгүй нотлох баримтыг дүгнэсэн байгааг зөвшөөрөхгүй бөгөөд Могод сумын Засаг дарга Тамгын газрын дарга нар нь 2015 оны 01 дүгээр сарын 23-нд үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Энэ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад гэрээ байгуулаагүй гэж дүгнэж байгаа нь нэг талыг баримталсныг харуулж байна.

Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар сумын Засаг даргаас Тамгын газрын даргад хэзээ өгсөн үүрэг, хэзээ биелэгдэх талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх тайлбарласан нь Тамхины хяналтын тухай хуулийн 5.1.6 д "төрийн байгууллагын хүлээх үүрэг" гэж заасныг биелүүлж ажиллаагүйг "албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүхийн шийдвэрт гомдол гаргах үндэслэлийн хувьд: А. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн үүргээ шүүх бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас дээр дурдсан нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэрэгт дутуу дулимаг дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

Б. Шүүх нэхэмжлэгч талын нөлөөлөлд автагдсан байх үндэслэл бүхий эргэлзээ байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д нь Булган аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар олон жил ажилласан, захиргааны хэргийн анхан шатны бүх шүүгч нар дамжуулан хянасан, нэхэмжлэгч нь Булганы нэр бүхий прокурор, шүүгчтэй найз нөхрийн холбоотой байдаг зэргээс үзэхэд шууд болон шууд бусаар шүүгчид нөлөөлсөн байх магадлалыг шүүх хуралдааны явцад шүүгчийн байдлаас олж харсан болно. Хэрэгт хамааралгүй нотлох баримтын ач холбогдолгүй хуулийн зүйл заалтыг асуух, хэргийн оролцогчдоос хуулийн тайлбар гаргуулахаар шаардах, Засаг даргын зөвлөл гэж байх ёсгүй, сумын хурлын дарга Тамгын газрын даргад арга хэмжээ тооцуулах хүн биш гэх мэтээр урьдчилан дүгнэлт гаргах зэрэг нь хэргийн оролцогч надад эргэлзээ төрөх үндэслэл болж байсан.

В. Нэхэмжлэгч О.Э- нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 30 хоногийн дотор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан эсэх нь нотлогдоогүй. Хариуцагчийн төлөөлөгч миний гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн өргөдлийн бүртгэлийн хуулбарт нэхэмжлэгчийн өргөдлөө бичсэн огноог 2015.06.23 гэж тэмдэглэсэн боловч бүртгэлд хэзээ хүлээн авсан нь гаргагдахгүй байгааг шүүх хурал дээр хэлсэн боловч шүүгч анхааран авч үзээгүйгээр үл барам эсрэг дүгнэлт хийсэн байна. Энэхүү хугацаа нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг тогтоох, шүүх нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой чухал нотлох баримт юм.

Гомдол гаргагчийн хүсэлт: Дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон Могод сумын Засаг даргад холбогдох, Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч О.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Могод сумын Засаг даргаас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар О.Э-ийг "сумын Засаг даргын захирамжаар болон сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс протоколоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэсэн үндэслэлээр Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халжээ.

Нэхэмжлэгч О.Э- дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "...шүүхийн шийдвэрээр ажилдаа орсноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар янз бүрийн үүрэг чиглэл өгч, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан ажлын байрны дарамт шахалт үзүүлж эхэлсэн ба биелүүлээгүй гэж үзсэн үүрэг даалгавар дотор нь миний ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн чиг үүрэг хамааралгүй олон зүйл байна" гэж тодорхойлон маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамж нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д уульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Хариуцагчаас нэхэмжлэгч О.Э-ийг ажлаас халсан нэг үндэслэлээ Сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Бүлгэм байгуулах тухай А/31 дүгээр захирамжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлээгүй гэж тайлбарлажээ. Дээрх захирамжаар 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа айл өрх, албан байгууллагуудын галын аюулгүй байдалд шалгалт хийж, зөрчлийг арилгуулах ажил зохион байгуулахыг бүлгэмийн ахлагч Г.Хишигбатад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад тус тус үүрэг болгосон байх ба биелэлт хангалтгүй байгаа нь бүлгэмийн ахлагч болон гишүүдийн ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан байх тул дан ганц нэхэмжлэгчийг хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Мөн Могод сумын удирдах ажилтны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр ажлын хэсгийн ахлагч нарыг 2015 оны ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулахыг даалгахдаа хугацаа тогтоогоогүй байх ба нэхэмжлэгч О.Э- нь Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2015 оны үйл ажиллгааны төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин үл ойшоосон байдал гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хариуцагч сумын Засаг даргаас Тамгын газрын даргад өгсөн үүрэг болон биелэгдэх хугацаа зэрэг нь тодорхойгүй байх тул албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэж заажээ. Нэхэмжлэгч О.Э- нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх арга хэмжээг тухай бүр авч ажиллах үүргийнхээ хүрээнд сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны захиалга өгөхдөө тухайн албан тушаалд тавигдах эдийн засагч мэргэжлийг хасч захиалга өгсөн байх боловч энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдал болохгүй юм.

Могод сумын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр улирлын шуурхай зөвлөгөөнөөр сумын Засаг даргаас нэхэмжлэгчид Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод сумын гал командын бэлэн байдалд байнга хяналт тавьж ажиллах чиг үүргийг тусган, ажил үүргийн хувиараа шинэчлэх, сумын гал командын мотофомпын галын аюул гарсан үед ашиглахад шаардлага хангаагүйн эзэн шалтгааныг тогтоож, хариуцлага тооцож, хариу мэдэгдэх үүргийг өгчээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батлах үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтоо шинэчлэн баталгаажуулж ажиллах үүргийг биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Харин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т зааснаар Тамгын газар нь Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч О.Э- нь сумын Засаг даргын өгсөн сумын гал командын мотофомпын галын аюул гарсан үед ашиглахад шаардлага хангаагүйн эзэн шалтгааныг тогтоож, хариуцлага тооцож, хариу мэдэгдэх үүргийг биелүүлээгүй байх боловч үүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч хуулийн хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан болох нь Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагчийн 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан эсэх нь нотлогдоогүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгож, О.Э-ийг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА