Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1456 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямбатын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ж.Мд холбогдох 1808013520515 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ж-н М, 1986 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 3-89 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан буюу нохойгоо сул тавьсны улмаас 13 цагийн үед хашааны гадаа явж байсан Ц.Б руу дайрч урд хөлөөрөө түлхэж жалга руу унаган Ц.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ж.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 466 дугаар яллах дүгнэлтэд “... Ж.Мг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан буюу нохойгоо сул тавьсны улмаас Ц.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн байх ба захиргааны ямар актаар зохицуулсан хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл гэрийн тэжээвэр амьтан эзэмшигчийн эрх, үүргийг зохицуулсан журам, дүрмийн талаар тусгаагүй, улмаар орчиндоо аюул учруулж болох амьтан гэж, мөн зохих хамгаалалтгүй байлгасан гэж юу гэж хэлж байгаа эсэх зэрэг нь тусгагдаагүй, ерөнхийлөн бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг тус тус хангаагүй гэж үзнэ.

Эрх бүхий байгууллагаас болон Нийслэлд мөрдөгдөж байгаа гэрийн тэжээвэр амьтан эзэмшигчийн талаарх дүрэм, журмыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах ажиллагаа хийгээгүй байх ба тус ажиллагааг хийж, улмаар хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актанд үндэслэн яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангаж үйлдэх шаардлагатай байна.

Тиймээс дээр дурьдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэх үндэслэлээр Ж.Мд холбогдох эрүүгийн 1808013520515 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь захиргааны актаар зохицуулсан хэм хэмжээ буюу гэрийн тэжээвэр амьтан эзэмшигчийн эрх үүргийг зохицуулсан журам, дүрмийг зөрчсөн байхыг шаардахгүй байна. Өөрөөр хэлбэл “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан...” байхыг шаардсан байх ба хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдсон байхад энэ талаар ажиллагаа хийлгэхээр заасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болсон. Иймд Ж.Мд холбогдох эрүүгийн 1808013520515 дугаартай хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1456
дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1456 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нохойг тэжээх арчлах талаар захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2002 онд гаргаж байснаас өөр ямар нэгэн журам тогтоогоогүй бөгөөд уг “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам” нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй ажээ.

2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулиар захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүргэсний дараа хүчин төгөлдөр мөрдүүлэх талаар болон ийнхүү бүртгүүлээгүй акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд уг журмаар үүрэг хариуцлага хүлээлгэхгүй талаар тодорхой тусгасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид захиргааны хэм хэмжээний актыг заавал тусгахыг шаардсан зүйлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасны дагуу эрх зүйн зохицуулалттай холбоотой нэр томъёо, ухагдахууныг тайлбарлан, хэрэглэх боломжтой.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Ж.Мд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1456 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                Ц.ОЧ