| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03330/И |
| Дугаар | 101/ШШ2017/02468 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/02468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Бэсүд овогт Ч*******ны О******* /регистрийн дугаар *******/-гийн хүсэлттэй,
Улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, гэрч Б.Эрдэнэчимэг, Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.О******* нь 1979 оны 9 дүгээр сарын 05-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Байдлаг бригадад саальчинаар орж, 1991 оны 4 дүгээр сарын 18-нд ажлаас гарсан. Гэтэл би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж Төв аймгийн архиваас баримт шүүлгэхэд орсон, гарсан тушаал олдохгүй, харин хөдөлмөрийн дэвтэрт бичилтүүд бүрэн бичээстэй байгаа болно. Мөн 1982, 1984, 1987, 1990 онд Ч.О******* нь шагнуулсан баярын бичиг байгаа болно.
Иймд эдгээр баримтуудыг үндэслэн 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Байдлаг бригадад саальчинаар Ч.О******* нь ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Ч.О*******д Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлээс 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хөдөлмөрийн дэвтрийн эх баримттай тулгаж үзэв.
Ч.О******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Байдлаг бригадад саальчинаар 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан болох нь түүнд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлээс 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилтүүд, Баяндэлгэр сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч.О*******д олгосон баярын бичиг, Баяндэлгэр сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооноос 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ч.О*******д олгосон диплом, гэрч Б.Оюунцэцэг, Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, Б.Оюунцэцэгийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд саальчин, хоньчноор ажиллаж байсныг тогтоосон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай шийдвэр, Б.Эрдэнэчимэгийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд зоо техникч, малчнаар ажиллаж байсныг тогтоосон Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай шийдвэр, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 583 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Ч*******ны О******* /регистрийн дугаар *******/ нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Байдлаг бригадад саальчин-аар 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ