Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/02481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Билгүүн овогт Б*******ийн Д******* /регистрийн дугаар *******/-гийн хүсэлттэй,

Улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчинаар орж, 1982 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж, 1987 оны 7 дугаар сарын 21-нд цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд барилга бригадад ажилчинаар орж, 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа гарсан. 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэнбаян нэгдэлд конторын манаачаар орж, 1990 оны 5 дугаар сарын 08-нд биеийн байдал муудаж тахир дутуугийн группэд орсон. Гэтэл би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж Төв аймгийн архиваас баримт шүүлгэхэд 1974 онд ажилд орсон тушаал олдоогүй, 1981 оны тушаал олдсон. 1987, 1990 онд группэд орж, ажлаас гарсан тушаал олдоогүй, харин хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн.

Иймд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчинаар, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барилга бригадад ажилчинаар, 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл конторт манаачаар тус тус Б.Д*******г ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Д******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Б.Д*******д Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлээс 1974 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хөдөлмөрийн дэвтрүүдийн эх баримттай тулгаж үзэв.

Б.Д******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчинаар, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барилга бригадад ажилчинаар, 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл конторт манаачаар тус тус улсад ажиллаж байсан болох нь түүнд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлээс 1974 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд хийсэн бичилтүүд, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай Малчнаар ажиллуулах тухай тушаал /хавсралт/, гэрч Б.Оюунцэцэг, Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, Б.Оюунцэцэгийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд саальчин, хоньчноор ажиллаж байсныг тогтоосон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай шийдвэр, Б.Эрдэнэчимэгийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд зоо техникч, малчнаар ажиллаж байсныг тогтоосон Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай шийдвэр, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 583 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин Б.Д*******гийн 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Билгүүн овогт Б*******ийн Д******* /регистрийн дугаар *******/ нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчин-аар, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барилга бригадад ажилчин-аар, 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл конторт манаач-аар тус тус улсад ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ