| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2018/0833/Э |
| Дугаар | 897 |
| Огноо | 2018-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Баянзүрх дүүргийн Прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 897
Ч.Д, Ц.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ч.Д, Ц.Г, тэдний өмгөөлөгч Б.Батжаргал,
хохирогч Д.Агийн өмгөөлөгч Н.Болормаа,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Д, Ц.Г нарт холбогдох 1806023970799 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Ч-н Д, 1985 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Жигүүр гранд” группид сантехникийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,
2. Хиргис овгийн Ц-н Г, 1970 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жигүүр гранд” группид барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баязүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,
Ч.Д, Ц.Г нар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр гранд” группын баригдаж байгаа барилгын хашаан дотор хохирогч Д.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ч.Д, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хиргис овогт Ц-н Год прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
Боржигон овогт Ч-н Дт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
Боржигон овогт Ч-н Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Дыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Д нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
Ч.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол
эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар
солихыг дурдаж,
Ч.Д, Ц.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон
хоноггүй болохыг дурдаж,
Ц.Г, Ч.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Даас 648.763 төгрөгийг гаргуулж Д.Ад олгох, Д.А бусад зардлыг ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Агийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Адьяасүрэнгийн шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгсөн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн асаргаатай холбоотой 5.514.000 төгрөгийн баримтуудаас үндэслэлгүйгээр 4.865.237 төгрөг хасч тооцсонд гомдолтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасны дагуу эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалсны дараа шууд хохиролтой холбоотой тооцоог гарган, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаас 648.763 төгрөгийг гаргах үндэслэтэй байна хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасны дагуу улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулахаас өмнө шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлд заасан тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 1.5.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох гэснийг зөрчсөн. Ингэж зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө урьдчилан шийдвэрээ гарган шууд танилцуулснаар хохирогч талыг хохиролтой холбоотой дүгнэлт хэлэх, мэтгэлцэх шаардлагагүй болгосон. /шүүх хуралдааны явцад хийгдсэн камерын бичлэг болон хурлын тэмдэглэл/
Мөн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3418 дугаартай дүгнэлтийг гаргасан эмч Г.Нандинцэцэгийн мэдүүлэгт Д.Адьяасүрэнгийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн тархины суурийн болон дагз хэсгийн аалзан халмсан доорхи цус харвалт баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Тархины суурийн болон дагз хэсгийн аалзан доорхи цус харвалт баруун зулайн хуйхны зөөлөн няцрал ба зулайн гэмтэл нь хүний гараар цохиход эсвэл барилгын хамгаалалттай малгай каск-н алинаар нь цохиход илүү үүсэх боломжтой вэ гэсэн асуултанд “Гараар цохиход үүсэх боломж багатай. Харин харин барилгын хамгаалалтын малгай каскаар цохиход үүсэх боломж илүү. Учир нь хатуу зүйлээр цохиход үүсэх боломж ихтэй.” хэмээн гаргасан дүгнэлтээ тайлбарласныг шүүх шийдвэр гаргахдаа анхаарсангүй.
Болсон хэргийн талаар болон хохиролтой холбоотой мэдүүлгийг хохирогч илтэд худал мэдүүлж байна хэмээн шүүх дүгнэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа хэмээн Д.Адьяасүрэн нь их гомдолтой байгаа болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчиж гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судлах явцад хавтас хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудыг шүүгч нэг бүрчлэн асууж тодруулж, үнэлгээ тооцооллыг гаргаж байсан учраас хууль зүйн хувьд хууль зөрчсөн үйлдэл гараагүй тул хохиролтой холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хохирогч талаас шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдлыг хохирогч талаас гаргаагүй. Энэ шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр хууль ёсны нотлох баримт байгаа. Тийм учраас хамтран гаргасан гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
хохирогч Д.А “...Ч.Д чи ямар хэгжүүн п... вэ гээд цамцны захаар боосон, ...Ч.Д толгой, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Ц.Г ирээд миний цамцны араас татаж толгойн арын дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ч.Д өвдгөөрөө цээж рүү хөлөөрөө өвдөглөж, дээрээс нуруу, бөөр хэсэг рүү 1 удаа тийрсэн, ...дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг Ч.Д, Ц.Г гар учруулсан. Ц.Г толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, каскаар 1 удаа хүчтэй цохиж толгой хагалсан.” гэж /хх-14-17/,
гэрч А.Нацагдорж “...Ч.Д Д.Аг боочихсон, Д.А түлхчихсэн, Ц.Г хажуугаар нь ороод Д.Агийн толгойны ар хэсэгт гараараа цохиж байсан. ...Ц.Г инженер Д.Аг миний ард байхад гүйж очоод барьж байсан каскаараа толгойн баруун талд нь хүчтэй цохисон. ...Ц.Г Д.Аг харуулын байрны хажуу талын 2 давхар руу гардаг шат руу шахаж нүүр рүү нь гараараа цохиж байсан.” гэж /хх-25-26/ тус тус мэдүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа “...гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, ... Д.Агийн араас татаж салгасан, ...хохирогч Д.А өөрөө урагшаа хараад Ч.Дтай зодолдож байсан болохоор араас нь хэн юугаар цохисныг харах боломжгүй...” гэсэн хэт ерөнхийлсөн дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Гын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ялласан байхад анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа” мэт өөрчлөн, буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
Иймд Ч.Д, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын хамтран гаргасан “...хохирол төлбөрийг буруу тооцсон” гэх давж заалдах гомдлыг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Ч.Д, Ц.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Ц.ОЧ