Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0043

 

"Б к" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч "Б к" ХХК-ийн захирал Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, Ё.Энхээ, гуравдагч этгээд "Б" ХХК-ийн захирал Ш.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, "Б к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Б к" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...тус компани нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84мх24м хэмжээтэй, 2016 м.кв үйлдвэрийн байр, 628 тууш метр салаа төмөр зам хамаарах 5602 м.кв газар буюу нийт 6107 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамж, нэгж талбарын 8021/0156 тоот газар эзэмшүүлэх гэрээ, 0172669 дугаар гэрчилгээний дагуу эзэмшдэг. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны улмаас нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 0003055733 тоот газар эзэмших гэрчилгээ авч, 168021/0156 тоот гэрээ байгуулсан боловч эзэмшил газрынхаа кадастрын зургийг авах гэтэл 2008 оноос дангаар эзэмшиж ирсэн эзэмшил газрын талбайн хэмжээнд үл ойлгогдох шалтгаанаар өөрчлөлт орж хэмжээ багассан байсан.

Учрыг нь олохоор Нийслэлийн архивын газраас 2014 оны 08 дугаар сарын 28-ны 2/5358 тоот лавлагаа авахад "Б к" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.О- олгосон болохыг мэдсэн. Үүнд залруулга хийхийг хүсч Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан боловч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/8902 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн.

Анх 1992 оноос өмнө Барилгын модон эдлэлийн үйлдвэр байсан бөгөөд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Болор ХК, Хаалга ХК, "Ц" ХК болон хувьчлагдсан. Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах тухай тушаалын дагуу эд хөрөнгө тухайн компаниудад шилжсэн. Болор ХК нь 1996 онд "М" ХК болж нэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байсан ба 2008 оны 05 дугаар сард үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж "М" ХХК, "Б к" ХХК болж эд хөрөнгөө хуваарилан авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа...

Гэтэл "Б к" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.О- үйлдвэрийн хашаа, төмөр зам руу ордог автомашины орц, гарцын хэсэг болон төмөр зам дайруулан 500 м.кв талбайг шилжүүлсэн байна.

Иргэн П.О- нь 2013 оны 01 дүгээр сард "Б" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүлээн авсан байна.

...Тус орц, гарцын хэсэг дээр манай компани болон "М" ХХК, "А т" ХХК, "П т" ХХК, "Х м" ХХК, "Т" ХХК зэрэг 7 компанийн дундын шугам сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг дундын шугам сүлжээ явсан газар бөгөөд эдгээрийн ашиглалтын хэвийн горимыг хангах, засвар үйлчилгээ хийлгэдэг хариуцагч нь "Б к" ХХК юм.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө болох Улаанбаатар өртөөний Б паркаас салбарласан 628 м урт өөрийн өмчлөлийн салаа төмөр замтай. Гэтэл манай кадастрын зурагт дур мэдэн өөрчлөлт оруулахдаа төмөр замын трасс дайруулан хийсэн байгаа нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам алдагдуулсан, төмөр замын зурвас газраас гадна төмөр замын аюулгүй байдал, бүсийн газар зохион байгуулалт алдагдуулсан, тээврийн хэрэгсэлд орж гарах хэсэг буюу галт тэрэгнээс ачаа буулгах, зөөх нөхцөлгүй болгосон явдал боллоо.

Тухайн үеийн газар зохион байгуулагч нь газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар "Б" ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд ...кадастрын зурагт өөрчлөлт оруулан иргэн П.О- олгосон гэж дурджээ. "Ц" ХК нь компрессорын байр гэх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1992 онд Номин ББХ хоршоонд худалдаж, энэ тухай 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 5 тоот албан бичиг ирүүлсэн байдаг.

Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн Эдэлбэр газрын экспликаци гэх баримт бичгийг үйлдэж, Номин хоршооны эдэлбэр газрыг 1204 м.кв болохыг тогтоож, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Номин хоршооны 1204 м.кв газарт жилд төлөх газрын төлбөрийг 172 дугаартай газар ашигласны төлбөр тогтоосон актаар тогтоосон байдаг.

1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Номин хоршоо нь аж ахуй нэгжийн шинэчилсэн бүртгэлд Моям ХХК нэрээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 1204 м.кв газрыг Моям ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр гарсан 01 тоот албан бичгийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо Хаалга "Ц" ХК-ийн хашаанд байрлах 1204 м.кв газрыг Моям ХХК-д 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 475 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ олгосон байна.

Тухайн үед гараар үйлдсэн зураг 28х43м хэмжээтэй гэж тогтоосон 1204 м.кв газарт нэхэмжлэгчийн маргаж байгаа 500 м.кв газар хамаарч байна. Иргэн Н.Ц-, Моям ХХК-ийн захирал Д.Батцоож нарын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, Н.Ц-гийн нэр дээр байдаг 0079920 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн дээрх газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар Н.Ц-д шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан байна.

2003 оноос эдэлбэр газрын байршлын зургийг AutoCad программын дэвсгэр зураг дээр хийж газрын хэмжээг тогтоох болсон бөгөөд Моям ХХК-ийн газрын хэмжээ нь энэ программын дэвсгэр зургаар 28х40 м буюу 1120 м.кв болох нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийг Н.Ц-д шилжүүлэхдээ газрын хэмжээг 1120 м.кв болгон өөрчилсөн.

Иргэн Н.Ц-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2 талын хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.О-, П.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар "Б" ХХК-д тус тус шилжүүлж 1120 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд кадастрын зургийг бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй болно.

Дээрх газрын хил хязгаарт эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон газар дээр 1996 онд Моям ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Нэхэмжлэгч "Б к" ХХК-ийн газар эзэмших эрхийн хувьд "М" ХХК-д нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйлдвэрийн зориулалтаар 8.2 га газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2001 оны 476 дугаар захирамжаар эзэмшил газрыг дахин хэмжиж 7186 м.кв, 5056 м.кв, 1920 м.кв, талбай бүхий 3 нэгж талбарт хуваагдах 14162 м.кв газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж эзэмшүүлсэн байна.

Хугацаа сунгах тухай шийдвэр гаргахдаа AutoCad программын дэвсгэр зураг дээр маргаж буй нэгж талбарын хэмжээг 5221 м.кв гэж тогтоосон байдаг. Өмнө нь "Ц" ХК-ийн эзэмшилд байсан газар дээр байрлах 1 давхар үйлдвэрийн барилгын хойд хэсэг нь Моям ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 1120 м.кв, барилгын урд хэсэг нь "М" ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 5221 м.кв байсан бөгөөд дээрх компаниудын эзэмшил газар нэхэмжлэгч компани газар эзэмших хүртэл Засаг даргын шийдвэрээр болон газар дээр ямар нэг хэмжээгээр давхцаагүй, газрын маргаангүй байсан.

"М" компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 115 тоот тогтоолоор хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар зарим үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигч нарт шилжүүлсэн байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгч "Б к" ХХК-д "М" ХХК-ийн эзэмшлийн 3 хэсэг нийт 14162 м.кв газраас 5221 м.кв газрыг, 857 м.кв газрын баруун талын зарим хэсгийг тус тус шилжүүлэн өгсөн байна.

2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар "М" ХХК-ийн эзэмшлийн газрын зарим хэсгийг шилжүүлэхдээ "Б к" ХХК-ийн хүсэлт болгосны дагуу газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчин тухайн үед иргэн Н.Ц-гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан 2 нэгж талбарын нийт 6107 м.кв газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг мөн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгажээ.

Бусдын эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгч компанид талбайн хэмжээг нэмэгдүүлэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 565, 2014 оны А/206 дугаар захирамжуудаар 6107 м.кв газрыг эзэмшүүлсэн үйлдэл нь төрийн албан хаагч тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан олгосон шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан нь Газрын тухай хууль тогтоомж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд "Б" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа...маргаан бүхий газрыг анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар иргэн Н.Ц- эзэмшиж байгаад нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.О- эрх шилжүүлэн эзэмших эрх олгосон ба манай компани иргэн П.О-ээс тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан.

Харин "Б к" ХХК нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Ц-гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна. Энэ нь тухайн үед "Б к" ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, харин Н.Ц-гийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Манайх иргэн П.О-ээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эзэмшил газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ газрын хэмжээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл иргэн Н.Ц-гийн 2005 оны 555 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1120 м.кв газрыг иргэн П.О-, улмаар "Б" ХХК-д шилжүүлэн эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.

Харин нийслэлийн Засаг дарга "Б к" ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг нь шийдвэрлэхдээ өмнө гаргасан шийдвэрийнхээ иргэн Н.Ц-гийн эзэмшил газартай давхцуулж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн алдаагаа засч давхцлыг арилгасан нь "Б к" ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

Иймд манай компанийн эзэмшил газраас хасах, нийслэлийн Засаг даргын 596 дугаар захирамжийн "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул "Б к" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

"Б к" ХХК манай компанид иргэн П.О-ээс эрх шилжүүлэн авсан газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа 2013 онд орц, гарц хааж газар олгосон гэж маргаан үүсгэж нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж хариу авсан боловч жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээд "Б" ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ..."Б к" ХХК нь анх маргаан бүхий байрлалд нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар 6107 м.кв газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Ц-гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхардуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна.

"Б к" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны 206 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэхдээ газрын давхцалыг нь арилгаж талбайн хэмжээг багасгасан гэж ойлгож хариу тайлбар өгсөн.

Гэтэл хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, хуучин хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг мэдлээ. Энэ нь нийслэлийн Засаг дарга алдаатай шийдвэрийнхээ алдааг залруулаагүй, "Б" ХХК-д нийслэлийн Засаг даргын 2013 оны 596 дугаар захирамжаар иргэн П.О-ээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан газартай давхцуулсан нь манай компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн "Б к" ХХК-д холбогдох хэсгийн газрын давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

"Б к" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ...Тус компани Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84мх24м=2016 м.кв үйлдвэрийн байр, Улаанбаатар өртөөний Б паркаас салбарласан 628 метр салаа төмөр зам, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгын өмчлөгч бөгөөд эдгээрийн эдэлбэр газар болох нийт 6107 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болно.

Анх 1984 онд байгуулагдсан барилгын Модон Эдлэлийн үйлдвэрийг 1992 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Болор ХК, Хаалга ХК, "Ц" ХК болгон хувьчилсан үеэс уг эдэлбэр газрыг "М" ХК-иас салбарлаж бий болсон компанийхаа хувьд эзэмшиж ирсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан.

"Б" ХХК Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрх шилжүүлж авсанд хүндэтгэлтэй хандаж буй хэдий ч нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн манай компанид хамаарах хэсгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж буйг эс зөвшөөрч манай эрх ашгийг хөндсөн хууль бус шаардлага гэж үзэж байна.

-"Б" ХХК тус газрыг 2013 оноос эрх шилжүүлж эзэмшиж эхэлсэн, харин манай компаний хувьд 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байдаг. (Цаг хугацааны хувьд ч тус газрыг эзэмшигч нь "Б" ХХК-иас өмнө "Б к" ХХК байсныг нотлоно.) Газрын алба нь газар эзэмшигчид Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд Моям ХХК болон иргэн Н.Ц-, П.О-, "Б" ХХК-иудад тус газрыг актаар хүлээлгэж өгөөгүй байдаг. Харин "Б к" ХХК-д газрын харилцааны мэргэжилтэн Я.Мөнхбаатарын гарын үсэг бүхий газрыг хүлээлгэн өгсөн акт байна.

-Өмчийн харилцааны газар төмөр зам, түүнд хамаарах газрыг зохих ёсны тусгаагүйгээс үүдэн төмөр замын зурвас газар болон төмөр замыг хамааруулан хууль зөрчин хувь хүн, аж ахуйн нэгжид газрын кадастрын зургыг баталгаажуулан өгч байсан байна.

Хэрвээ бие даасан шаардлага гаргагч "Б" ХХК-ийн шаардлагыг хангана гэж үзвэл:

-Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т ...нийтийн эзэмшлийн
газрыг чөлөөтэй ашиглах нөхцлөөр хангасан байх, Галын аюулгүй байдлын
тухай хуулын 16 дугаар зүйл 16.1.3-т галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм зэмжээ, стандартыг хангаж ажиллах, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм /БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад туссан заалтууд зөрчигдөхөөр байна.

-Анх ашиглагдаж байсан орц, гарц одоо байгаагаас 2 дахин том байсан
бөгөөд нийт өргөний хэмжээ 12 метр байсан. Гэтэл тухайн үеийн эзэмшигч
нь орц, гарцын хэсэгт 6 метрийн өргөнтэй өргөтгөл шинээр нэмж барьсан байдаг.

Энэхүү өргөтгөл нь хууль зүйд яаж нийцэж баригдсан эсэх, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх гэсэнтэй харшилж байна.

Өмчийн харилцааны газар нь тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагч руугаа бурууг тохож тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хариуцлагаас мултрах гэсэн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хүрээнд Нийслэлийн өмчийн газар нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах ёстой байтал нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн, маргааныг дэвэргэсэн тайлбар хийж буй нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүднээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжаар Моям ХХК-д маргаж буй газрыг эзэмшүүлэхэд бусдын эзэмшил газартай давхцаагүй, "М" ХХК эзэмшлийн газрын урдаас орц, гарцтай, ямар нэг маргаангүй байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Ц-д, Н.Ц-гээс П.О-, П.О-ээс "Б" ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хил хязгаар болон хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэрээр болон газар дээр 1996 онд Моям ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Харин нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар "М" ХХК-д эзэмшүүлсэн газрын зарим хэсгийг нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар "Б к" ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед Н.Ц-гийн эзэмшилд байсан газартай зарим хэмжээгээр давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж, маргаан гарах үндэслэл болсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн "Б к" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд харин газрын давхардлыг арилган "Б к" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Б к" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар "Б" ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Б" ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн "Б к" ХХК-д холбогдох хэсгийн "Б" ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар "Б" ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах" шаардлага бүхий Бату констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэгдэж, шүүхийн 420 дугаар шийдвэр гарлаа. Шүүгч Э.Лхагвасүрэн нь уг хэрэгт авагдсан нотлох баримт, сэлтийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гарсан байх боловч одоогийн нөхцөл байдал, орц гарцаар ашиглагдаж буй талбайн маргаан амьдрал дээр ахин давтагдах боломжтой, нөхцөл байдал өнөөдрийнх шиг өрнөх магадлалтай дутуу шийдвэр гаргалаа гэж үзэж тус шүүхийн шийдвэрт нэмэлт тодруулга, өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. ҮүндТОГТООХ хэсгийн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Бату констракшн" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар ""Б"" ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлсүгэй гэсэн хэсэгт "...""Б"" ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах 435 м.кв талбай бүхий давхцасан хэсгийг нийтийн эзэмшилд шилжүүлж, давхацсан хэсэгт хамаарах талбайг хүчингүй болгосугай" гэсэн агуулгаар өөрчлөлт оруулахыг хүсэж байна.

Учир нь: Хариуцагч тал /нийслэлийн Засаг дарга/-аас дахин шинээр захиргааны акт гаргах боломжтой байх бөгөөд орц, гарцын хэсгийг оруулан өмнөх ""Б"" ХХК-д олгосон талбайн хэмжээгээр олгохгүй гэх баталгаагүй байна. Мөн давхацсан хэсгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд ""Б к"" ХХК-ийн 2009 оны 18637309460034 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагт 5602 кв.метр гэсэн байгааг 2013 оны 18637309460034 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагт 5167 кв.метр гэснээс хасаж давхцаж буй талбайг 435 кв.метр гэж тодорхойлж өгөх.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тус байршилд буй манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг дундуураа гарцтай гэж тайлбарлахыг оролддог төдийгүй, орц, гарцаа өөрөө хаасан мэтээр тайлбар өгдөг. Бодит байдал дээр тус объект нь хуучнаар байшин үйлдвэрлэх комбинатын агуулах байсан бөгөөд үргэлжилсэн урт барилга нь нийтдээ 3 байгууллагын өмчлөлд хуваагддаг /"Б к" ХХК, "Т" ХХК, "Б" ХХК/.

Манай компани нь Улаанбаатар өртөөнөөс салбарласан 628 метр урт өөрийн өмчлөлийн төмөр замтай, ачиж буулгах зориулалтын пирон бүхий өндөрлөсөн тавцантай /1998 оноос хойш ашиглаж ирсэн/ үл хөдлөх хөрөнгөтэй болно. Нэг талаас нь галт тэрэг орж зогсон ачаа бараа буулгадаг, нөгөө талаас нь автомашин орж ачаа бараа буулгадаг зориулалттай үйлдвэрийн байр. Үүнийг тойрсон төмөр бетонон 3 тал хашаатай бөгөөд галт тэрэгнээс ачаа буулгах болон тухайн үйлдвэрийн хашаанд орох ганцхан гарц, орцтой. Өнөөдрийг хүртэл манай компани тухайн орц, гарцын хэсэг талбайн газрын гадаргууг нь нөхөн сэргээж, дайргажуулж элдэж, дагтаршуулж автомашины орж гарах орц гарцаар ашиглаж ирсэн.

Он дарааллаар хөөж үзсэн ч тус газар нь нэг эхтэй бөгөөд анх Барилгын модон эдлэлийн үйлдвэр байснаа "Болор" ХК, "Хаалга" ХК, ""Ц"" ХК болон хувьчлагдаж, улмаар 1996 онд "Болор" ХК нь ""М"" ХК болон нэрээ өөрчилж, 2008 онд үйл ажиллагааныхаа хэлбэрээ өөрчлөн ""М"" ХХК, "Бату констракшн" ХХК болон өөрчлөн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй ууган компани болно. Харин одоогийн ""Б"" ХХК-ийн өмчлөл нь үүсмэл бөгөөд анх ""Ц"" ХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг "Номин" ББХХ худалдан авч "Моям" ХХК-д шилжүүлж, 2005 онд "Моям" ХХК-гаас иргэн Н.Ц-д, 2009 онд Н.Ц-гээс П.О-, 2013 онд П.О-ээс ""Б"" ХХК-д шилжиж ирсэн байдаг бөгөөд энэ хугацаанд буюу 2012 онд ""Б к"" ХХК-ийн кадастрын зурагт орц, гарцын талбайг хасаж, П.О-ийн бүртгэснээр /газрын албаны мэргэжилтэн Н.Нямдаваа гарын үсэг зурж, өөрчлөлт оруулсан байдаг/ газрын маргаан эхлүүлэх үндсийг тавьсан байдаг.

Энэхүү өөрчлөлтөөс харвал Төмөр замын тээврийн тухай хууль зөрчсөн бөгөөд "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам" алдагдуулсан, "төмөр замын зурвас газар, аюултай болоод аюулгүйн бүс"-ийн газар зохион байгуулалтыг алдагдуулсан үйлдэл болсон. Үүний талаар шүүхийн шийдвэрт ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй байна.

Кадастрын зургийн өөрчлөлтийг "Бату констракшн" ХХК гэрээ, гэрчилгээг сунгуулах үед буюу сүүлд мэдсэн бөгөөд орц, гарцгүй болсны улмаас Нийслэлийн өмчийн харилцааны газар, Онцгой байдлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Замын цагдаагийн газар гэх мэт газруудад хандаж багагүй цаг хугацаа алдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож, ихээхэн хэмжээний хохирол учирч байсан болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар ""Б"" ХХК-нд олгосон 1120 м.кв талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах шаардлага бүхий ""Б к"" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хэлэлцэгдэж, маш удаан хүлээсний эцэст 420 дугаар шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан болно.

Тус хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож, улмаар бие даасан шаардлага гаргасан бөгөөд 420 дугаар шийдвэрээр ""Б"" ХХК-д газар эзэмших эрх олгосон болон өмнөх шийдвэрүүд холбогдох хууль тогтоомж болон ""Б к"" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин "Б к"" ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31.3 болон гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэж бие даасан шаардлагыг хангаж, "Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн ""Б к"" ХХК-д холбогдох хэсгийн "Б" ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн боловч ""Б"" ХХК-нд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг түдгэлзүүлснийг нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг үл зөвшөөрч хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал захиргааны актын талаар биш орц, гарцын асуудлаар шүүх хуралдааны турш авч хэлэлцсэн бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг орц гарцын асуудалтай холбогдуулан захиргааны актыг түдгэлзүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын талаар удаа дараа тодруулж орц, гарцын талаар маргаж байна уу газар давхацсан талаар маргаж байна уу гэж асуухад нэхэмжлэгч орц, гарцын талаар биш эзэмшил газартай нь давхцуулсан захирамжийн талаар маргаж байгаагаа тайлбарлаж байсан. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан гэж найдаж байна. Хэрвээ орц, гарцын маргаан байсан бол ердийн харьяаллын шүүхэд хандах ёстой байсан. Гэтэл захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газартай давхцуулсан гэж үзэж нийслэлийн Засаг даргын 2014 оны А/206 дугаар захирамжийн "Б к"" ХХК-нд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн боловч гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй, нөгөө талаар гуравдагч этгээдийн хууль ёсны газар эзэмших эрх, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг маань зөрчиж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу дүгнэж, нөхцөл байдлыг хэт нэг талын буюу нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн тайлбарласан. Учир нь нэхэмжлэгчийг гуравдагч этгээдийн эзэмшил газар дээгүүр дайран өнгөрөхөөс өөр орц, гарц байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ""Б к"" ХХК урд талаасаа орц, гарц нь чөлөөтэй байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн дунд хэсэгт урдаасаа хойшоо эзэмшил газар луугаа нэвт гарах явган хүн болон том машин чөлөөтэй нэвт гарах хаалгатай байгааг шүүх орц, гарц байхгүй гэж дүгнэж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна. Ийм орц, гарц байгаа талаар хариуцагч тайлбарлаж байсан бөгөөд кадастрын зураг болон агаарын зургаас харахад тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл "Б к" ХХК анхнаасаа орц, гарцаа нэг мөр шийдэж, орц гарц бүхий газар 2008 онд шилжүүлж авсан байх ёстой байтал нийслэлийн Засаг даргын 1996 оны 140 дүгээр захирамжаар "Моям" ХХК, 2005 оны 555 дугаар захирамжаар иргэн Н.Ц-, 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.О-, 2013 оны 596 дугаар захирамжаар "Б" ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр ""Б к"" ХХК-ийн орц, гарц байна гэж дүгнэж байгаа нь хэт нэг талын ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хамгаалж байна гэж үзэж байна. 1996 оноос эзэмшиж байгаа маргаан бүхий газар дээр өмч хөрөнгөө бий болгон үйл ажиллагаа явуулж ирэх хугацаанд газрын хэмжээ, орц, гарцад ямар нэг өөрчлөлт ороогүй, ямар нэг маргаан гарч байгаагүй бөгөөд 2008 онд ""Б к"" ХХК-нд ""М"" ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлж авснаас хойш маргаан үүссэнийг шүүх дүгнэсэн атлаа өмнөх газар эзэмшигчдийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргаж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр нь иргэд, хуулийн этгээдийн хооронд гарсан захиргааны шийдвэртэй холбоотой маргааныг үнэлж дүгнэн эцэслэн шийдвэрлэж өгдөг гэж ойлгож байна. Гэтэл ""Б к"" ХХК, ""Б"" ХХК-д газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэнгүй. Учир нь нийслэлийн Засаг дарга ямар нэгэн байдлаар дахин шинэ эрхийн акт гаргах нь манай 2 компанийн аль нэг нь дахин захиргааны шүүхэд гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм учраас шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж байна.

Ийм учраас захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан ""Б к"" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар ""Б"" ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлсүгэй гэснийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч "Б к" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар "Б" ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Тус компани нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжийн дагуу нийт 6107 м.кв газар эзэмшдэг ба газрын төлбөрийг төлж, ямар нэг зөрчилгүй, зохих журмын дагуу эзэмшиж ашиглаж байхад кадастрын зурагт өөрчлөлт оруулан иргэн П.О- үйлдвэрийн хашаа, төмөр зам руу ордог автомашины орц, гарцын хэсгийг болон төмөр зам дайруулан 500 м.кв талбайг шилжүүлж, улмаар "Б" ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль бус байна гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд "Б" ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн "Б к" ХХК-д холбогдох хэсгийн газрын давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар иргэн Н.Ц-гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж "Б к" ХХК-д газар эзэмших эрх олгосон байх ба 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар уг алдааг залруулалгүй газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь иргэн П.О-ээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан "Б" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Шүүх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар "М" ХХК-иас "Б к" ХХК-д 6107 м.кв газрыг шилжүүлэн олгохдоо, мөн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахдаа нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар Моям ХХК-д эзэмшүүлсэн 0.12 га газрын зарим хэсгийг давхцуулан эзэмшүүлснээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлага зөрчигдсөн байна гэж дүгнэн, гуравдагч этгээдийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн "Б к" ХХК-д холбогдох хэсгийн "Б" ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, маргаан бүхий захиргааны актаар "Б к" ХХК-ийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад уг захиргааны актад дүгнэлт өгч, хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, анх нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар "М" ХХК-иас "Б к" ХХК-д 6107 м.кв газрыг шилжүүлэн олгосон байх ба хариуцагч дээрх маргаан бүхий акт болох 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид ямар хэмжээтэй газар эзэмшүүлсэн болох, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг зөрчсөн эсэх талаар баримтгүй байхад шүүх дээрх дүгнэлтийг хийжээ.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газар нь ямар хэмжээгээр хэрхэн давхцаж буйг нягталж үзэлгүй, тухайн нөхцөл байдлыг тодруулж, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж үнэлэлгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч "Б к" ХХК болон гуравдагч этгээд "Б" ХХК-ийн эзэмшил газрууд нь ямар хэмжээгээр, хэрхэн давхцаж байгааорц, гарцын хэсэгт ямар хэмжээтэй газар хамаарах зэргийг тодруулан тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Дээр дурдсанаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА