Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 506

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК

Хариуцагч: АМГТГ КХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2015 онд уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, нэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Г аймгийн Б сумын Т нэртэй газарт 2603.88 гектар талбайг хамарсан ХV-018749 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн аймгийн Тайшир сумын Сайр хэмээх газарт 4255.47 гектар талбайг хамарсан ХV-018980 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 он, 2017 онд тус тус эзэмшиж байсан.

Ц ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, захирал Ч.Р миний бие 2018 оны 4 дүгээр сараас эхлэн хүндээр өвчилж, тархины хавдар авахуулах мэс заслын эмчилгээ хийлгэн удаан хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, шийдвэр гаргах албан тушаалтан байхгүй байсантай холбоотойгоор дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлүүдийг хугацаанд нь болон Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаж өгч чадаагүй болно. Тодруулбал Ч.Р миний бие 2018 оны 04 дүгээр сард Менингиома оноштойгоор тархины хүнд хагалгаанд орж хагалгааны дараах дэглэм нарийн сахих ёстой байсан. Хагалгааны дараа миний биеийн байдал сайжраагүй ба байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ асаргаа тогтмол хийлгэж, ажлаа хийх ямар ч боломжгүй байсан учраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаа нь дууссан XV-018749 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй.

Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр XV-018980 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг шалтгаанаар өргөдлийг хүлээж аваагүй. Миний биеийн байдал сайжрахгүй, байнгын эмчийн хяналтад байсан учраас энэхүү тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг өргөдөл гаргахаасаа өмнө батлуулж чадаагүй. Энэхүү байдлыг харгалзан үзэлгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр XV-018980 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага захиргааны акт гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа явуулахаар заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т Захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл гэж заасан. Гэтэл хариуцагч дээрх 694 дүгээр шийдвэртээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй гэсэн атлаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7/6420 тоот мэдэгдлээ тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд зөвшөөрөл цуцална гэсэн шийдвэрээсээ зөрүүтэй мэдэгдэл өгсөн байдаг. Үүнийг хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийсэн гэж үзэхгүй байна.

2018 оны 12 дугаар сараас эхлэн биеийн байдал сайжирч эхэлсэн тул ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа тайлбарлан Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг сунгаж өгөх боломж олгохыг хүссэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/8437 тоотоор Тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, сунгах өргөдлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн хариу өгсөн. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсний дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Дээр дурдсанчлан тархины хүнд хагалгаанд орсон, хагалгааны дараах хүнд өвчтэй байсан зэрэг шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, б-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, эрхийг сэргээх боломжтой, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан баримтуудыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд АМГТГ КХт огт гаргаж егөөгүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д ... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан... гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгож Кадастрын бүртгэлийн Уул уурхай, Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Г-аймгийн Тайшир сумын нутагт орших Сайр нэртэй газар 4255.47 ге!стар талбайд Х\/-018980 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 718 дугаар шийдвэрээр анх “Ц” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 ‘байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-018980 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 -д заасан “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага ханган ирүүлээгүй байсан тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 649 дүгээр шийдвэрээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын Х\/-018749, Х\/-018980 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах үндэслэлгүй юм.

Энэхүү шийдвэрийг Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7/6719 тоот албан бичгээр “Ц” ХХК -д мэдэгдсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэхээр заасан байдаг.

Ийнхүү мэдэгдэл хүргүүлэхдээ Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд тус компанийн бүртгүүлсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд “Б*******” ХХК-аас компанийн хаяг өөрчлөгдсөн талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул холбогдох мэдэгдлийг хүлээн аваагүй нь танай компанийн өөрсдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой болно.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.3-т “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан.

“Ц” ХХК нь 649 дүгээр шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгг заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд “Ц" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг төлөөлж захирал Ч.Р шүүхэд хандаж “...Ц” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах, 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“...Ц” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Цш” ХХК-иас Г-аймгийн Б сумын нутагт орших Т нэртэй газарт орших 2608,88 гектар талбайд 018749 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр “Ц” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн, 3 дахь жилийн төлбөрийг төлснөөр хугацааг 2017 оны 6 дугаар сарын 15-наас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, анхдагч огноог 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон үйл баримтууд тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;” 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”” гэж, мөн хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж, мөн хуулийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтууд болон хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан холбогдох баримтуудын хамт хариуцагч захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Ц” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ч.Р болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байх ба Ч.Р нь тус компанийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохоос өмнөх хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тархины зүүн дух, зулай хэсгийн хавдар авах мэс засалд орсон нь 3 дугаар эмнэлгийн мэс заслын эмч Б.Т, Ц.А нарын тодорхойлолтоор тогтоогдсон, хариуцагч үүнийг үгүйсгэхгүй байна.

Түүнчлэн дээр дурдсан нэр бүхий эмч нараас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас”-т Ч.Р нь...цаашид 1 жил, 6 сарын туршид хөдөлмөр эрхлэх чадваргүй, эмийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнүүд хийгдэж байх шаардлагатай, давтан үзүүлж мэс заслын эмчийн хяналтанд байх”-ыг зөвлөжээ.

“Ц” ХХК-ийн захирал Ч.Р нь 2018 оны /2019 он гэхийг алдаатай бичсэн гэж залруулсан болно/ 01 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хандаж “...хагалгаанд орсон, биеийн байдлын хувьд өргөдлөө хугацаанд нь гаргаж чадаагүй гэж дурдаад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүссэн, уг хүсэлтийн хариуд “...хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй...тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Улмаар хариуцагч захиргааны байгууллагаас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Ц” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг АМГТГ КХт даалгах шаардлагын тухайд:

Г-аймгийн Тайшир сумын нутагт орших С нэртэй газарт 4255,47 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр олгосон, нэхэмжлэгч уг тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг төлж хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргах, ийнхүү гаргахдаа хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгөх үүрэгтэй байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "Ц" ХХК-ийг төлөөлж Б.О гэгч нь Кадастрын хэлтэст хандаж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, түүнд хуульд заасан баримтуудыг хавсаргасан боловч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт бичгийг хавсаргаж өгөөгүй нь тогтоогдож байна.

Ийнхүү хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” шийдвэр гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.

Гэхдээ “Ц” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ч.Рнь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тархины зүүн дух, зулай хэсгийн хавдар авах мэс засалд орсны улмаас цаашид 1 жил, 6 сарын туршид хөдөлмөр эрхлэх чадваргүй, эмийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнүүд хийгдэж байх шаардлагатай талаарх эмнэлгийн байгууллагын болон эмчлэгч эмчийн тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд байсан нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Р нь өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдээгүй нь түүний буруутай үйл ажиллагаа байх боловч одоо түүний биеийн байдал сайжирсан гэх үндэслэлээр хариуцагч байгууллагад хүсэлтээ гаргах, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хүсч байгаа нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэл болж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараахь тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно”, 50.1.1-д “захиргааны актын үндэслэж байгаа бодит, эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн” 50.1.2-т “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага тухайн нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин явуулах боломжтой гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг тус тус баримтлан “...Ц” ХХК-ийн эзэмшлийн 018749 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэл болон 018980 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН