Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1801

 

Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдох         

Увс аймгийн Ачитнуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ҮХАА яамны, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ачит нуур отрын бэлчээр нутаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Миний бие ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Ховд сум болон Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын дундах нийт 28,9 га газрын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын ажлыг зохицуулах, хяналт тавих, худаг, уст цэгийг ашиглуулах, отрын бүс нутгийн бэлчээрийн даац, багтаамжийг тогтоох, шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, отрын бүс ашиглалт, түүнтэй холбоотой дүрэм журмыг сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулж, гүйцэтгэдэг. Анх ажилд орсноос хойш миний зохион байгуулсан уст цэгийн хайгуулын судалгааны дүнд нийт 150 орчим сая төгрөгийн үнэ бүхий 5 худаг, 2 склад тус отрын бүсэд тендерээр баригдаад байна. Миний бие 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байтал Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б-30 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Миний бие  хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн бөгөөд ямар нэг зөрчил дутагдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Байгууллагын бүтэц шинэчлэгдэн, орон тоo цөөрүүлсний дараа надтай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, үргэлжлүүлэн ажиллуулсан нь миний бие үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж байсны нотолгоо юм. Гэвч яамны сайд, дэд сайд болон захиргааны дарга нарыг ажлын байр гарга гэж УИХ-ын нэр бүхий гишүүн шахаж, өөрийн тойргийн иргэнийг ажилд ав гэж дарамт шахалт үзүүлсний улмаас миний ажлын байрыг булааж, ажлаас үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна. Иймд Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бямбадорж тус Захиргааны даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 тоот тушаалаар Увс аймгийн Ачит нуур отрын бүсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Тус захиргаанаас орон нутаг хариуцсан мэргэжилтнүүдийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн томилдог бөгөөд Б.Бямбадорж Увс аймгийн Ховд сумын Засаг дарга нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаа гэдгийг амаар илэрхийлсэн бөгөөд дэмжсэн саналыг албан ёсоор бичгээр авч өгнө гэсэн болно. Улмаар энэхүү хүсэлтийг үндэслэн тус захиргаанаас Б.Бямбадоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунган, тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэвч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга нь Б.Бямбадоржийг тухайн сумын харьяат иргэн биш бөгөөд өөр сум буюу Увс аймгийн Өмнөговь сумаас Ховд суманд байрлах Ачит нуурын отрын бүс хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийх боломжгүй тул Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас чөлөөлж, тус сумын харьяат иргэн болох Т.Ишбалыг отрын бүс хариуцсан мэргэжилтнээр томилуулах саналыг амаар болон албан бичгээр ирүүлсэн. Үүний дагуу тус захиргаанаас Б.Бямбадоржийг Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулах талаар Ховд сумын Засаг даргатай харилцан тохиролцож, албан ёсоор санал авч ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Орон нутгийн отрын бүс хариуцсан мэргэжилтнүүд өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ тухайн отрын бүс нутаг байрлах сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн болон газрын даамалтай зайлшгүй үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байдаг ба энэхүү нөхцөл шаардлагыг харгалзан Б.Бямбадоржийг тус захиргааны даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбадоржийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 541 729 төгрөгийг хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгож, нэхэмжлэлээс цалинд илүү нэхэмжилсэн 560 899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 39618 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь шүүхэд яамны сайд, дэд сайд болон захиргааны дарга нарыг ажлын байр гарга гэж УИХ-ын нэр бүхий гишүүн шахаж, өөрийн тойргийн иргэнийг ажилд ав гэж дарамт шахалт үзүүлсний улмаас миний ажлын байрыг булааж, ажлаас үндэслэлгүй халж тухайн тойргийн хүнийг ажилд авсан мэтээр худал ярьж түүнийгээ нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа ч нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүнийг нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд нэг сарын өмнө мэдэгдэж, уг хугацаа өнгөрсний дараа ажлаас чөлөөлөх тушаалыг хуулийн дагуу гаргасан байдаг. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг баримтлахыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс татгалзах тухайгаа Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг баримтлах нь зүйтэй баина. Иймд хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоо нэхэмжлэгчид мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасантай бүрэн нийцсэн. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдуулан Увс аймгийн Ачитнуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдрийн Б-30 дугаар тушаалаар Ачитнуурын отрын бүс нутгийн мэргэжилтэн Б.Бямбадоржийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-7/

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 6 сарын хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар гэрээг цуцлахдаа ажил олгогч тушаалдаа ажлаас халсан үндэслэлээд заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отрын бүс хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тухайн бүс нутгийн иргэн байх шаардлага тавигдаагүй тул тухайн албан тушаалд орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн томилдог гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.Бямбадоржийг Ачитнуурын отрын бүс нутгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 541 729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчаас Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлд заасан гэрээнээс татгалзах  үндэслэлийг баримтлаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД                       

                                                                                                                Д.БАЙГАЛМАА