Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч ********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********************холбогдох эрүүгийн 2115002820309 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **********************нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 76-39 БУЛ улсын дугаартай Санни загварын тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч **********************нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын Намнангийн ар гэх газар замын хажуу руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч **********************нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, **********************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг

үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********************нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 76-39 БУЛ улсын дугаартай Санни загварын тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч **********************нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын Намнангийн ар гэх газар замын хажуу руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч **********************нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, **********************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2115002820309 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед **********************нарын хамт буцаад Хутаг-Өндөр сум руу өөрийн тээврийн хэрэгсэлтэй гарахаар болсон...Тухайн зогссон газраас хөдлөөд 3-4 орчим км явж байтал тээврийн хэрэгслийг зүүн урд дугуйны накпадны ойролцоогоос төмөрийн хавирах сонсогдсон. Тэгээд би зогсох гээд тоормос гишгэсэн чинь машин тэнцвэрээ алдаад эсрэг урсгал руу орчихсон. Тэгэхээр нь эргэж баруун тал руугаа рулийг мушгиад тоормосыг ахиж гишгэхэд машины замаас гарч байгаа харагдсан. Тэгээд юу болсныг санахгүй байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-25-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Машиндаа буцаж суугаад Лхагвадулам бид хоёр Боргио нэртэй 2,4 литрийн савтай пиво ууж байгаад би унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь замын хажуу талд машины 4 дугуй дээш харсан. Би замын хажуу талд газар хэвтэж байсан. Би босоод Отгонбат ахтай хамт Лхагвадуламыг татаж машин дотроос гаргаад цаашаа замын унаа тосох гээд явсан...Амар-Очир, Отгонбат 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Амар-Очир өөрөө жолоодож, жолооч талын эсрэг суудал дээр Отгонбат, ар талын суудлын баруун талд Ганбат, зүүн талд би суугаад явсан. Тариалан сумын Тээлийн дөрөлж гэх газар бид нар машинаас бууж бие зассан. Тэр үед Ганбат машинаас том савтай Боргио нэртэй пиво гаргаж ирэхээр нь Ганбаттай хамт тал хэсгийг нь уусан. Амар-Очир, Отгонбат нар явъя зул болохоо байлаа гээд машиндаа суугаад хөдөлсөн. Машин хөдлөөд 5-6 км явж байгаад гэнэт л машин эргээд би машин дотор ганцаараа доошоо харсан байдалтай гадаа нэг хүн хайраа гээд дуудаад байх шиг байсан...Машины 4 дугуй дээш харсан, машины зүүн талд Ганбат, Отгонбат 2 хэвтэж байсан. Машины баруун талын урд хаалганы гадна талд Амар-Очир хэвтэж байсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 31-33-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Тариалан сумаас гараад Намнангийн ар гэх газраас 2-3 км зайд зогсож бид 4 бие засаад машинд суусан чинь Лхагвадулам, Ганбат 2 том савтай Боргио пиво задлаад уусан. Амар-Очир бид хоёрыг уух уу гэхээр нь бид хоёр үгүй гээд уугаагүй. Тэгээд хар зам дээр гараад 2-3 км явж байгаад Амар-Очир гэнэт зүүн дараад, баруун дараад нэг мэдсэн чинь машин маань 4 дугуй дээш харсан байдалтай би машинаас гарсан газарт хэвтэж байсан. Миний толгой хэсгээс цус гараад ухаан орж гараад байсан. Лхагвадулам машин дотор байх шиг байхаар нь Ганбат бид хоёр татаж гаргаж ирсэн. Энэ үед Амар-Очир машины нөгөө талд газарт хэвтэж байсан... миний биед өвдөж байгаа зүйл байхгүй. Зүүн талын чих, чихний ар хэсэгт 11 оёдол тавьсан. Биеийн байдал одоо гайгүй байна...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Дуудлагаар очиход хар өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл замын баруун урд талд 4 дугуй нь дээш харсан байдалтай, жолооч Амар-Очир гэх хүн нь машины баруун талд дээшээ харсан хөдөлгөөнгүй байсан... Тариалан сумын эмнэлэг рүү залгаж ярих үед осолд орсон 2 хүн ирсэн гэж хэлсэн. Эрэгтэй хүнийг Отгонбат гэж байсан ба бие маш хүнд байдалтай буюу зүүн талын чихний дээд талд 13 см хэмжээтэй гүн зүсэгдсэн шархтай, чих, хүзүү бас зүсэгдсэн шархтай, нуруу хэсгээр зулгарсан, ухаан санаа саруул байсан...осол болох үед хамт явсан гэх эмэгтэй Лхагвадуламын биеийн байдал хүндэвтэр, баруун талын мөр нь хөдөлгөөнгүй, гэмтэлтэй байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Би Nissan sanny маркийн 76-39 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 жилийн өмнө Даваасүрэн гэдэг хүнээс машинаар сольж аваад өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байж байгаад 2021 оны 03 дугаар сард нэг сая төгрөгөөр зарсан...Одоо надад санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 56-57-р хуудас),

   Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. **********************биед зүүн чамархай, зүүн чихний омог, хүзүү, баруун эрхий хуруунд шарх, дух, бугалага, баруун чих, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.  

3. **********************биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 75-р хуудас),

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. **********************биед зүүн нүдний гадна булан, баруун чих, хүзүүнд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 

 3. **********************биед үүссэн цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 85-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. **********************биед нугалмын их биеийн хугарал, зүүн зулай, дух, зүүн нүд, баруун хацар, зүүн чих, баруун тохой, баруун бугалага, нурууны зүүн хэсэгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 

3. **********************биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 94-р хуудас),

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд:

 Жолооч **********************/ГН98012950/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна...Уг зам тээврийн осол жолооч **********************нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас осол гарсан байна гэх магадлагаа (хх-ийн 100-101-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар, өвчний түүхийн хуулбар (хх-ийн 102, 117-124, 127-148-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2115002820309 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **********************нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 76-39 БУЛ улсын дугаартай Санни загварын тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч **********************нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын Намнангийн ар гэх газар замын хажуу руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч **********************нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, **********************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-25-р хуудас),

Хохирогч **********************(хх-ийн 49-50-р хуудас), иргэний нэхэмжлэгч **********************(хх-ийн 31-33-р хуудас), иргэний нэхэмжлэгч **********************(хх-ийн 40-41-р хуудас), гэрч **********************(хх-ийн 53-54-р хуудас), гэрч **********************(хх-ийн 56-57-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 75-р хуудас),

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 85-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 94-р хуудас),

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 100-101-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч **********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **********************нь хохирогч **********************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч **********************нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч, иргэний  нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **********************нь  2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 118-123-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **********************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2115002820309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Боргио нэртэй пивоны хоосон хоёр сав, Боргио нэртэй бүтэн пиво 3 ширхэг, Ерөөл нэртэй 0.75 литрийн архи 1 шил, Ерөөл нэртэй 0.75 литрийн архины шил 5 хэсэг хагарсан шилнүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********************500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2115002820309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Боргио нэртэй пивоны хоосон хоёр сав, Боргио нэртэй бүтэн пиво 3 ширхэг, Ерөөл нэртэй 0.75 литрийн архи 1 шил, Ерөөл нэртэй 0.75 литрийн архины шил 5 хэсэг хагарсан шилнүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР