Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Т.Мижиддорж,

шүүгдэгч: *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******-т холбогдох эрүүгийн ************* тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** аймгийн ******** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “М” ХХК-нд ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Үйлдвэрчний эвлэл 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

У Э овогт Ж-ын Э /РД:**00000000/,

                                                   

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 нас 9 сар 23 хоногтой насанд хүрээгүй хохирогч М.Э-ийг “чулуу шидэж Д.А-ын толгойг хагаллаа” гэх шалтгаанаар ар дал хэсэг болон нуруу хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

- Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн мэдүүлэг хх-27,

- насанд хүрээгүй гэрч Ч.П-гийн мэдүүлэг /хх-29/,

- гэрч Д.А-ын мэдүүлэг хх-31/,

- гэрч Н.Г-ын мэдүүлэг хх-35/,

- гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх-40/,

- шинжээч Ч.Э-ын мэдүүлэг хх-47-48/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-81/

- Монгол базальт ХХК-ийн тодорхойлолт /хх-107/,

- дансны хуулга /хх-108-116/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-117/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-118/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-119/,

 - эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-120/,

- хохирогчийн өмгөөлөгч Н.Н-ийн хүсэлт /хх-157/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

         Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 нас 9 сар 23 хоногтой насанд хүрээгүй хохирогч М.Э-ийг “чулуу шидэж Д.А-ын толгойг хагаллаа” гэх шалтгаанаар ар дал хэсэг болон нуруу хэсэгт нь чулуугаар цохиж,  биед нь зүүн дал ясны титэм сэртэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл, хүзүүний зүүн урд доод хэсэгт цус хуралттай, шилэн хүзүү шууны гадна дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч М.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байрны хойно өөрийн найз П, А, Т, Ч нарын хамт явж байхад 8 дугаар байрны зүүн талын шороон замын ойролцоо явж байхад бид нарыг үл таних 3 хүн дуудахаар нь бид нар тоохгүй явсан чинь араас гүйгээд ирэхээр нь бид нар айгаад цаашаа гүйсэн чинь 2 дугаар байрны 8 дугаар орцны хойно байрлах авто зогсоол дээр намайг бүдүүн ах барьж аваад миний нүүрэн тус газар цохихоор нь би нүүрээ дараад доошоо суусан чинь намайг цохиод байхаар нь би дөнгөж 13 настай намайг яагаад цохиод байгаан гэсэн чинь тэр бүдүүн ах намайг чи сая бид нар луу чулуу шидсэн биз дээ гээд цохиод байсан. Тэгтэл нэг  adidas-н цамцтай ах нь чулуу аваад миний нуруун тус газар 2 удаа цохисон. Тэгээд удалгүй манай найзууд хүрч ирээд намайг салгаж аваад бид нар цаашаа гүйгээд 1 дүгээр байрны урд байрлах саравчинд байж байгаад гэр лүүгээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/,

- Насанд хүрээгүй гэрч Ч.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7  дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байгаад өдөр 19 цагийн үед гараад 1 дүгээр байрны голд сагсан бөмбөгийн талбай дээр очоод тэндээ тоглож байгаад Э, А бид гурав 2 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай руу очиж тоглосон. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар байрны 2 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад ундаа авахаар явж байтал ардаас үл таних нэг хүн наашир гэхээр нь айгаад Э, А бид гурав тараад зугтаасан. Тэгээд би гүйж байгаад арагшаа харсан чинь ард хүн байхгүй, А, Э хоёр байхгүй болохоор нь буцаж очоод машины цаанаас харсан чинь Adidas-н цамцтай Э-ийг чирээд машин голд оруулаад нуруу хэсэгт гараараа 3, 4 удаа цохиж байгаад дахин чулуу газраас аваад далны хэсэгт цохиод явсны дараа дахин ардаас  хоёр ах зодоод байхаар нь би найзуудаа дуудаад Э дээр ирсэн. Би Э дээр ирсэн чинь мяраалаг ах Э-ний цамцнаас бариад тавихгүй байхаар нь А бид хоёр татаад салгаж аваад бид нар тэр гурван ахтай хэрэлдэж байхад цагдаа нар ирээд тэр гурвыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

- Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа буугаад Г Э хоёрын хамт биллиард тоглохоор Саппоро дээр очсон. Саппоро дээр биллиард 2 цаг тоглоод бид гурав хоорондоо ярьж байгаад архи уухаар болоод 2 дугаар байрны голд байдаг цэцэрлэгийн хашаанд очсон. Цэцэрлэгийн хашаанд архи ууж байхад цагдаа ирээд бид нарыг яв гэхээр нь хашаа даваад гарч явж байтал урдаас хэдэн залуучууд хэл амаар доромжлоод хар бие тамирын өмд малгайтай цамцтай залуу над руу чулуу шидээд толгой хагалаад зугтаахад нь намайг толгой хагалчихлаа гэж хэлэхэд Э гүйгээд чулуу шидсэн залууг барьж авсан. Тэгээд би Эын ардаас очоод нөгөө залуугаас чи яагаад миний толгойг чулуу шидэж хагалж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу үл тоосон шинжтэй байсан. Би тэр залууг бариад зогсож байхад Г ардаас ирээд миний толгойг чулуу шидэж хагалсан залууг барьж үлдсэн. Удалгүй олон залуучууд ирээд Гэрэлт-Одыг нийлээд зодсон мөн Э бид хоёрыг ч бас нийлээд зодсон дараа нь цагдаа ирэхэд тэнд байсан хүмүүс бүгд зугтаасан харин цагдаа намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийх гэсэн боловч даралт өндөр байсан учир манай эхнэр М-д намайг хүлээлгэж өгөөд маргааш цагдаагийн хэлтэс дээр ирээгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

- Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа Э, А  нарын хамт биллиард тоглох гэж явсан. Саппоро дээр очоод биллиард тоглож байгаад бид гурав ярилцаж байгаад архи уухаар болоод байрны голд архи хуваагаад ууж байхад цагдаа нар ирээд бид гурвыг гэр лүүгээ явж амар гэж хэлсэн. Тэгээд Э, А  бид гурав гэр лүүгээ явж байхад хэдэн залуучууд бид гурвыг архичингууд гээд хэл амаар доромжлоод чулуу шидээд байсан. Тэгтэл би доошоо тонгойгоод гутлынхаа үдээсийг янзлаад байж байхад гэнэт миний толгой руу нэг юм оноод нүд харанхуйлаад манараад газар унасан. Тэгээд би босоод А  Э хоёрын ардаас очиход А  бид нар луу чулуу шидсэн залуучуудын нэгийг бариад зогсож байсан. Би тэр залууг цамцнаас нь барьж байсан тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй тэр залуу өөрөө зугтаах гээд хөдлөөд байсан. Тэгтэл намайг олон залуучууд гарч ирээд намайг зодсон мөн тэр залуу ч гэсэн миний толгой тархи руу нэлээн хэдэн удаа хүчтэй гараараа цохиод байсан. Духны хэсэг хавдаад хөндүүр болсон байсан мөн бүх бие хөндүүр болоод миний зүүн талын гарны тохойн хэсэг хөхөрч хавдсан баруун талын хавирганууд болон хоёр чих хөхөрч хавдсан байсан. Маргааш нь цагдаа дээр очиход ******* хүүхдийн нуруу луу чулуугаар цохиод хүүхэд гэмтсэн гэдгийг сонссон бөгөөд А  ах шүүх эмнэлэгт үзүүлж яах юм бэ хүүхдүүд байсан юм байна гэж хэлэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй одоо миний гэмтэж бэртсэн асуудал зүгээр болсон шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

- Насанд хүрээгүй гэрч У.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Э болон П нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8,9 дүгээр байрны голд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад гэр лүү явж байсан. Тэгтэл 2 дугаар байрны үзүүр дээр Э, П, бид гурав алхаж байтал ардаас гурван үл таних эрэгтэй согтуу хүмүүс дуудаад хөөе нааш ир гэж хэлээд чулуу шидээд байсан. Э , П, бид гурав тэр хүмүүс дуудаад байхаар нь зугтааж байгаад би эргээд харсан чинь Э П хоёр байхгүй болохоор нь зогсож байсан чинь П над дээр ирээд Э хүнд баригдаад зодуулаад байна гэхэд сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан үл таних ах нарыг дагуулаад 2 дугаар байрны машины зогсоол дээр очиход Э-ийг хоёр том биетэй ах хажууд нь зогсож байсан. Тухайн үед Э-ийг салгах гээд татсан чинь тэр ах салахгүй болохоор нь нуруу луу нь хоёр удаа цохисон харин П цагаан малгайтай ахыг өшиглөж байгаа харагдсан яг хаашаа нь өшиглөснийг хараагүй. Харин Э яг яасныг мэдэхгүй нэг мэдсэн чинь цагаан малгайтай ах Э-ийг тавихаар нь бид нар зугтаасан өөр хүмүүс зодолдсон талаар мэдэхгүй. Тухайн үед байсан хүмүүсийг Э болон П бид гурав танихгүй. Э тэр ахаас холдохоор нь П бид гурав зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6660 дугаартай:

“1. М.Э-ий биед зүүн дал ясны титэм сэртэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл, хүзүүний зүүн урд доод хэсэгт цус хуралттай, шилэн хүзүү шууны гадна дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн дал ясны сэртэнгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/,

-Шүүгдэгч *******-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хийж байхад А ах Г ах хоёр надад хандаж хоёр цаг биллиард тоглох уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид гурав ажлаасаа гараад такси бариад Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Саппоро дээр ирээд биллиард тоглосон. А  ах Г ах бид гурав биллиард тоглож байгаад гараад хойшоо 1 дүгээр байрны голд байдаг цэцэрлэгийн хашаанд ороод архи хувааж уугаад байж байхад эргүүлийн цагдаа ирээд бид нарт хандаж та нар явж гэр лүүгээ харьж амар гэж хэлсэн. Тэр үед нь бид гурав цагдаагийн шаардлагыг биелүүлээд цэцэрлэгийн хашаанаас гараад явж байхад үл таних хэдэн залуучууд хэл амаар доромжлоод чулуу шидсэн. Тэгтэл А  ах надад хандаж намайг чулуугаар оночихлоо гэхээр нь би А  ахыг чулуугаар оносон залуугийн араас хөөж барьж аваад чи яагаад хүнийг чулуугаар цохиж байгаа юм гэсэн чинь миний өөдөөс шууд нүүр лүү нэг удаа цохиод хавирга руу өшиглөхөөр нь би гэнэт уур хүрээд түүний зүүн далны хэсэгт болон зүүн хавиргануудын хэсэгт тус тус нэг нэг удаа чулуутай гараараа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Удалгүй А  ах ардаас ирээд тэр залууд хандаж чи яагаад чулуу шидэж толгой хагалж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу үл тоосон шинжтэй байсан. Удалгүй бөөн хүмүүс ирээд бид гурвыг зодсон. Мөн хохирогч гэх залуу Г ахын толгойг нэлээн хэдэн удаа цохиж байгаад цагдаа ирэх сургаар зугтаагаад явсан. Удалгүй цагдаа нар ирээд А  ахыг машины толь хугалсан гэж авч явсан Г ах бид хоёрыг цагдаа гэртээ харьж амар гэж явуулсан. Маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр цагдаагаас А  ах, Г ах бид гурвыг дуудаад мэдүүлэг авсан. Тэр үед би цагдаад мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр болсон асуудлыг хэлж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, бага насны буюу 13 нас 9 сар 23 хоногтой хүүхэд болох хохирогч М.Э-ий эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд гэж мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч М.Э-ний биеийг чулуугаар цохиж зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч *******-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 10 000 000 /арван сая/ төгрөгийг төлж, хохирогч гомдол саналгүй гэсэн байх ба хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгийг торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У Э овогт Ж-ын -ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У Э овогт Ж-ын Э-т 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА