| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00715/И |
| Дугаар | 00759 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00759
2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар 142/ШШ2017/00759 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 41 настай эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 7а дугаар гудамжны 23 тоотод оршин суух Боржигин овогтой Сүхбаатарын Цилхаасүрэнгийн /регистрийн дугаар ФБ76010117/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-34-05 тоотод оршин суух Дайхь овгийн Чинбатын Цэрэннадмидад /регистрийн дугаар ГЗ80072809/ холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Цилхаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цилхаасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэрэннадмидтай 1999 оноос хамт амьдарч 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охинтой болсон. Ингээд таарч тохирохгүйн улмаас 2010 онд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан. Охин маань 2017 оны 04 сард аав дээрээ ирсэн. Хойд аавтайгаа таарч тохирохгүй байгаа. Иймд охиноо өөрийн асрамжинд авч, Цэрэннадмидад төлж байгаа хүүхдийн тэтгэлэгийг зогсоолгох хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Ч.Цэрэннадмид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Цэрэннадмид нь Ц.Хонгорзул охиныг аавынх нь асрамжинд өгөхийг зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгч С.Цилхаасүрэнд 4-5 сарын хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг өгч чадахгүй. Харин 6 сарын мөнгийг буцааж өгөхийг зөвшөөрч байгаа. Удаан хугацаагаар хөдөө явах болсон тул намайг байлуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С.Цилхаасүрэн нь хариуцагч Ч.Цэрэннадмидад холбогдуулж хүүхдийн асрамж өөрчлүүлэх, өөрийн төлж буй хүүхдийн тэтгэлэгийг зогсоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч С.Цилхаасүрэн шүүх хуралдаанд “...Миний бие Цэрэннадмидтай 1999 оноос хамт амьдарч 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охинтой болсон. Ингээд таарч тохирохгүйн улмаас 2010 онд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан. Охин маань 2017 оны 04 сард миний асрамжинд ирсэн. Иймд охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Цэрэннадмидад төлж байгаа хүүхдийн тэтгэлэгийг зогсоолгох хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Зохигчид 2010 онд гэрлэлтээ цуцлуулж, 2000 оны 05 дугаар сарын 22-нд төрсөн охин Ц.Хонгорзулыг эх Ч.Цэрэннадмид нь асрамжиндаа авч, эцэг С.Цилхаасүрэнгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгож шийдвэрлэсэн нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 466 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Охин Ц.Хонгорзул нь 2017 оны 04 дүгээр сараас эцэг С.Цилхаасүрэнтэй хамт амьдарч байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэж маргаагүй, түүнчлэн Ц.Хонгорзулыг эцгийнх нь асрамжинд үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул 2000 оны 05 дугаар сарын 22-нд төрсөн охин Ц.Хонгорзулыг эцэг С.Цилхаасүрэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг С.Цилхаасүрэнгээс тэтгэлэг гаргуулан охин Ц.Хонгорзулыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа боловч охин Ц.Хонгорзул нь эцэг С.Цилхаасүрэнгийн асрамжинд очсонтой холбоотойгоор С.Цилхаасүрэнгийн төлөх хүүхдийн тэтгэлэгийг зогсоож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.Цэрэннадмид өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 05 дугаар сарын 22-ны төрсөн охин Ц.Хонгорзулыг эцэг С.Цилхаасүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц.Хонгорзулыг тэжээн тэтгүүлэхээр С.Цилхаасүрэнгээс гаргуулах тэтгэмжийг зогсоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагч Ч.Цэрэннадмидаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА