Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/982

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бод холбогдох эрүүгийн 2108 01670 1270 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, .................-д барилгын туслах ажилтай, ам бүл 5, хүргэн ах, эгч, дүү нарын хамт ............ дүүргийн ....... дугаар хороо, ............. дугаар гудамж ............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ө овогт Дийн Б /РД:................./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ......................... тоот хашааны үүдэн дээр иргэн Б.Отэй “...гэрийн түлхүүр өгсөнгүй...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь түлхүүртэй гараараа цохиж, зодон хүний эрүүл мэндэд “...баруун хөмсөг, духанд шарх гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 886 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Д.Боос гаргаж өгсөн түлхүүрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх38-39/,

2. Хохирогч Б.Оийн “...Би 2021 оны 7 дугаар 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ......................... тоотод амьдардаг найз Бын гэрт би найз Цээгий бид хоёр очиж Бтой хамт 6 ширхэг том 2.5 литрийн пиво хувааж ууж дуусаад оройн 22 цаг өнгөрч байхад дэлгүүр орж пиво авах гээд гарахад дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд Б найз руугаа залгаад “пиво байна у, очиж авъя. Би хоёр хүүхэнтэй хамт явж байна” гэж хэлэхээр нь би уурлаад “гэрээс чинь очиж цүнх, гар утсаа авъя” гэж хэлээд Бын гэрийн түлхүүрийг аваад алхаад явж байхад араас Б Цээгий хоёр такси барьчихсан ирээд “намайг  суу” гэхээр нь би “суухгүй” гээд алхсаар байгаад Бын гэрийн үүдэнд ирээд гэрийнх нь түлхүүрийг гаргаад зогсож байхад Б, Цээгий хоёр такситайгаа ирээд Бтой маргалдахад би тэр хоёрын дундуур ороод Б руу уурлаад “чи яахаараа манай найзтай маргалдаад байгаа юм” гэхэд Б “чи гэрийн түлхүүр аваад ир” гээд миний толгой руу 2 удаа цохиход баруун талын хөмсөг шалбарсан мөн дух шалбарсан. Б түлхүүр барьсан гараараа цохих шиг болсон. Тэгээд миний хөмсөг дух шалбарсан...” гэсэн мэдүүлэг /хх10-12/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6763 дугаар “...Б.Оийн биед баруун хөмсөг, духанд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх20-21/,

7. Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн “...О гэрийн түлхүүрийг гартаа барьчхаад өгөхгүй байхаар нь би гараас нь булааж аваад хаалга онгойлгох гэж байхад О намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхүүртэй гараараа Оийн нүүр рүү нэг удаа цохичихсон юм. Тэгтэл Оийн духнаас нь цус гарсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Оийн биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх30-31/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Б.

Шүүгдэгч Д.Б, хохирогч Б.О нар нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ......................... тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар Д.Б нь үл ялих зүйлээр шалтаглан Б.Оийн нүүр хэсэг рүү нь түлхүүртэй гараараа цохиж зодсон болох нь дээр дурдсан хохирогч Б.Оийн мэдүүлэг, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн биед “баруун хөмсөг, духанд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6763 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан /хх75/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  Шүүгдэгч Д.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дашпэлжээгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР