Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/986

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0929 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. дүүргийн .............. дугаар хороо, ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ч овогт Лын Б /РД:.........................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ..............................  ............ тоотод 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01 цагаас 07 цаг хүртэлх хугацаанд өөрийн охин насанд хүрээгүй Б.Аыг найз залуутай болсон гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж “зүүн дунд хуруунд шарх, баруун чихний дэлбэн, зүүн чамархай, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 865 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хохирогч Б.Аын мэдүүлэг /хх29/, шүүгдэгч Л.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх73/, шүүгдэгч Л.Бы оршин суугаа газрын тодорхойлолт /хх74/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Л.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,

 2. Насанд хүрээгүй хохирогч Б.Аын “...Намайг 7 настай байхад ээж Мөнхзул нь Б гэдэг хүнтэй суугаад дундаасаа 1 охинтой болсон. Манай дүүг Сайнзаяа гэдэг одоо 4 настай. Бага байхаасаа л хойд аав Бы гэрт амьдрах болсон юм. Намайг бага байхад аав надад гарч хүрч байсан удаа огт байхгүй. 2019 оноос ааш зан нь эвдэрч эхэлсэн юм. 2021 онд намайг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч байсан юм. Одоо би хойд эцэг Баар овоглодог юм. Надад бэлгийн шинжтэй үйлдэл хэрэглэж байсан удаа байхгүй. Өнгөрсөн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байхдаа гэрийнхээ гадаа найз банди Гантулгатай утсаар ярьж байхыг аав харчхаад хэнтэй яриад байгаа юм бэ гээд миний утсыг аваад мессеж хараад юун хүнтэй яриад байгаа юм бэ? гэж хэлсэн. ... Аав Гантулгатай уулзаад хэн билээ гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа мөргөсөн, мөн дахиад 1 удаа цохисон. Гантулга тэр үед ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Бид хоёрыг машинд ороод сууж бай гэж хэлээд гэрт ороод буцаж гарч ирэхдээ 1 том савтай пиво гаргаж ирээд энийг уу гэж Гантулгад хэлтэл нөгөөдөх нь би уудаггүй гэж хэлтэл өдий том болчхоод чи яахаараа уудаггүй юм гээд аягалж өгтөл Ганаа ах дургүйцсэн чинь өөрөө тэр пивоо ууж эхэлсэн. Тэр үед Ганаа ахын амьдралын талаар асуугаад ярилцаж эхэлсэн. Удалгүй та хоёр цуг бэлтгэлээ хийгээд байж байхгүй юу 5 жилийн дараанаас амьдралаа бод гэж хэлээд гэртээ орчихсон. Ганаа ахтай жоохон юм ярьж байгаад би гэртээ орсон. Тэр үед ээжийн дүү Янжин ирчихсэн байсан. Янжин аниа надад хандаж чи өдий багаасаа том хүнтэй найзалж нөхөрлөж болохгүй ээ гэж хэлсэн. Бид нар унтахаар болоод хэвтэж байтал аав гадаа унтана гээд шөнийн 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны шилжих шөнө 01 цагийн орчим гарсан. Шөнө намайг унтаж байтал 03 цагийн орчим орж ирээд утас чинь хаана байна гэж надаас асуухаар нь би хаана тавьснаа мэдэхгүй байсан болохоор өөр утсаар залгаж хайтал чи тэрэнтэйгээ утсаар ярих болохоор болоод намайг утсаа өг гэж хэлэхээр яахаараа өгдөггүй юм гэж хэлээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгтэл ээж Янжин эгч 2 сэрсэн. Аав надад хандаж чи яасан итгэл даадаггүй юм чи миний итгэлийг алдсан гээд орон доороос гар иштэй алх гаргаж ирээд далайгаад цохихоор нь би зүүн гараараа хамгаалтал миний тохойн дээр цохисон. Би утсаа хайж байгаад өөрт нь өгсөн. Дахиж босож ирээд чамайг алчихмаар санагдаад байна гээд хүрч ирээд дахиж нүүр лүү цохиж унагаагаад унасны дараа алхаараа толгойны ар хэсэгт 2-3 удаа цохисон би тэр үед нь нэлээн манарсан. Тэр үед ээж дундуур орж ирэхэд ээжийн гэдэс хэсэг рүү нь алхаараа цохитол ээж эвхрээд уначихсан. Би босох гээд толгой эргээд босоод иртэл дахиад миний нүүр лүү гараараа цохиж унагаагаад газар хэвтэж байхад хэд хэдэн удаа нүүр лүү гараараа цохисон. Ээж дахиад хүрээд иртэл ээжийн ташаа руу нь алхаар цохиод намайг яасан их босож ирдэг юм хөлийг чинь хугална гээд миний баруун хөлийн шилбэ рүү алхаараа 1 удаа цохисон. Тэр үед 05 цаг өнгөрөөд үүр цайж байсан. Бид нарыг унт гээд хэвтүүлээд орондоо хэвтэж байтал өглөө 07 цагт намайг босож цай чана гэж хэлсэн. Хажуу айлын залуу ороод иртэл аниа зөрж гараад цагдаад дуудлага өгсөн байсан. Бид нарыг шөнө аав гэрээс огт гаргахгүй байсан. Удалгүй Цагдаа нар орж ирсэн. Аав шөнө бараг уугаагүй 01 цаг өнгөрөөд унтах гэж байхад бага зэрэг халамцуу шөнө орж ирэхдээ бараг эрүүл болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,

3. Гэрч Ц. “...Би Лэгцэгбалжирын Б гэх хүнтэй танилцаж хамтран амьдраад 7 орчим жил болж байгаа юм. Би түүнтэй анх амьдрахдаа 7 настай охин Аын хамт гэрт нь очиж байсан юм. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй охин Сайнзаяа юм. Тэрээр яг тогтсон ажилд байхгүй барилгын ажил олдвол хийдэг. Гэрт цуг байхдаа их дарамттай хувцас хунар авъя гэхээр уурладаг гэхдээ гар хүрч байгаагүй, байнга хэл амаар доромжилдог. Охин Аыг гэрээс огт гаргадаггүй хичээл тарлаа л бол шууд гэртээ ирдэг гарч орохоор бол заавал зөвшөөрөл авдаг юм Б нь гэхдээ Аыг оролдож байсан удаа байхгүй. Өнгөрсөн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охиныг найз залуутай болсныг сонсоод маш их уурласан. Тэр үед нь Б пиво их уучихсан, насанд хүрээгүй байж хүнтэй үерхлээ гэх мэтээр уурлаад байсан. Би ч найз залуутай болсныг нь огт мэдээгүй тэр үед л анх удаа сонссон. 2021 оны 08 дугаар сарын 05-ны шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад гэнэт орон доогуур тонгойхоор нь би гайхаад чи юу хийж байгаа юм бэ гэж асуутал утас нь хаана байна гэж хэлээд орны доод талаас алх гаргаад ирсэн, нөгөөх нь тэвдээд утсаа хайгаад гүйгээд байсан. Тэгтэл манай охиныг эхлээд гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаагаад дараа нь дээрээс нь алхаар цохиод байсан. Би дундуур нь ороод нуруун тус газар алхаараа 2 удаа цохиулсан, гараараа мөн толгойн орой хэсэг рүү цохисон. Би Быг болиулах гэж ороод огт дийлэхгүй байсан. Манай нөхөр тэр үед айхтар согтуу байгаагүй бага зэргийн халамцуу л байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, Б маш хэрцгий хүн, айдастай байна...” гэсэн мэдүүлэг /хх31-32/,

4. Гэрч Ц. “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн эгч Ц.Мөнхзулын гэрт очсон юм. Намайг очих үед Мөнхзулын нөхөр Б машиндаа А, түүний найз залууг суулгачихсан пиво ууж байсан. Тэгээд орой Б ах унтаад өгсөн. Шөнө 03 цагийн орчим Б ах пизда ална гэж хэлээд миний унтаж байсан орон доогуур юм хайгаад байснаа гэнэт хүн ёоё гэж орилохоор нь би босоод яасан юм бол харсан чинь Б ах эгч Ц.Мөнхзулыг нь алхаар нь нуруу хэсэг рүү 2 удаа цохиж байгаа харагдаад гялс босоод Б ахаас алхыг авах гэж ноцолдсон. Тэгээд ноцолдож байхад Б ах охин Аыг хөлөөрөө өшиглөж газар унагаагаад гартаа барьсан алхаараа толгойн зүүн тал руу олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Намайг алхыг нь авах гэтэл нөгөө гараараа хүүхэд Аыг нь олон удаа цохиод хүч хүрэхгүй байсан. Тэгээд ах Б 2 цаг шахуу Аыг нь цохиж зодсон. Тэгээд би ах Быг арай хийж тайвшруулаад гэрээс гарч хоргоогоод гуйж гуйж байгаад алхыг нь аваад хашаа давуулж  шидчихээд байж байхад Б ах гэртээ эргэж ороод Аыг дахиад толгой биегүй зодож байсан. Тэгээд арай хийж аргадаж байж байгаад унтах шиг болоод өглөө 07 цагийн үед пизда минь бос цай чана гэж хэлэхээр нь би хэнийг хэлж байгаа юм бол гэсэн Б ах охин Аыг пизда минь босож цай чана гэж хэлж байсан. Тэгээд би чимээгүй байж байгаад тэсэхээ болиод цагдаад дуудлага өгсөн. Аыг найз залуутай болсон гэж хэрүүл маргаан хийх болсон. Миний биед халдаж цохисон асуудал байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Б ах Аыг гар, хөл, алхаар олон удаа ихэвчлэн толгой хэсэг рүү олон удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх33-34/,

5. Гэрч Б. “...Би Бы А гэх охинтой өнгөрсөн 2020 оны 8 дугаар сард анх Баянхошууны боксын зааланд анх танилцаж байсан юм. Тэрнээс хойш бид хоёр харилцаж байгаад үерхэх болсон юм. Өнгөрсөн 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим А над руу залгаад аав бид хоёрыг харилцааг мэдчихсэн, мөн би 15 настай гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очих уу гэж асуутал чи ирээд хэрэггүй аав их ууртай байна гэж хэлэхээр нь арай ч намайг аав чинь алчихгүй байлгүй дээ яваад очъё гэж хэлээд гэрт нь очсон. Хашаан дотор нь яваад ортол А болон түүний аав нь цуг байсан. Тэгтэл аав нь миний нүүрэн тус газар 1 удаа мөргөөд, мөн гараараа 1 удаа шанаадсан. Тэгээд миний машинд суу гэж хэлэхээр нь би түүний машинд суусан. Та 2 нас бага байна одоохондоо хамт байж болохгүй, А миний итгэлийг алдлаа намайг хуурлаа гэж хэлсэн. Та хоёр 5-6 жилийн дараа хамтдаа байж болно гэж хэлсэн. Мөн чи намайг мэдэхгүй байх, би чамайг буудсан ч чадна шүү гэж хэлсэн. Чи миний хамгийн нандин юманд хүрлээ би чамайг алах ч багадна гэж хэлсэн. Түүний маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө А над руу залгаад аавд зодуулчихлаа чи болгоомжтой байгаарай чамайг яаж ч магадгүй шүү тэгж байгаад холбогдоно гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй тэр өдөр нь Б ах над руу залгаад чи Аын хаана байгааг мэдэж байна уу, энэ хэрэгт чи өөрөө буруутан болно шүү гэж хэлсэн. Тэгээд Б “Аын мэдүүлгийг буцаалгана эгчдээ загнуулаад айсандаа ийм мэдүүлэг өгүүлнэ” гэсэн утгатай зүйл надад ярьсан. Намайг зодсон боловч ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх44/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7120 дугаар “...Б.Аын биед зүүн дунд хуруунд шарх, баруун чихний дэлбэн, зүүн чамархай, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх48-49/,

7. Шүүгдэгч Л.Бы яллагдагчаар өгсөн “...17 цагийн орчим дагавар охин Аыг усанд яваад ир гэж хэлчхээд гар утсыг нь булааж аваад үзтэл чи юу хийж байна хайраа гэсэн мессеж ирсэн байхаар нь Ааас юун хайраа гэсэн мессеж ирсэн байгаа юм гэж асуутал би найз бандитай болсон гэж хэлэхээр нь хоёулаа дараа тухтай ярилцана гэж хэлчхээд гэртээ орсон юм. Тэгээд орой гадаа бүрэнхий болохоор нь охин Аыг дуудаж машинд сууж ярилцахад манай найз банди 20 настай гэж надад хэлэхээр нь миний уур хүрээд охиноо хэсэг загнасан юм. Гэртээ ортол шөнийн 00 цаг өнгөрч байсан. миний уур хүрээд дотор давчдаад байхаар нь охин Аын гар утсыг эвдчихье гэж бодоод орон доороос алх аваад Аыг гар утсаа гаргаад ир гэж хэлтэл надад гар утсаа олохгүй байна гэж хэлэхээр нь улам уур хүрээд гартаа барьж байсан алхаа хөл рүү нь савж цохиод яагаад худлаа яриад байгаа юм гэж хэлтэл юм дугарахгүй байхаар нь баруун гараараа Аын нүүр рүү нь нэг удаа алгадаж, зүүн гараараа баруун хацар руу нь бас нэг удаа алгадаж хөлөөрөө нэг удаа цээжинд нь өшиглөсөн чинь хажуугаас Янжин намайг тайвшруулаад байж байтал манай охин А гар утсаа бариад ирэхээр нь уур хүрээд гар утсыг нь авч байгаад газар тавиад дээрээс нь алхаар цохиж эвдээд ингээд чи гар утсаар ярьж мессежлээрэй гэж хэлчхээд орон дээр сууж байтал манай охин А над дээр хүрч ирээд урд суухаар нь алхны бариулаар толгой руу нь нэг удаа цохичхоод эхнэр Мөнхзул руу уурлаж чамаас болж байгаа юм. Чи охиноо харж хандсангүй өөрөөсөө ах хүнтэй харьцаж байна гэж хэлээд Мөнхзулын цээж рүү нэг удаа өшиглөж толгой болон хацарт нэг нэг удаа цохиод байж байтал гаднаас удалгүй цагдаа орж ирээд намайг барьж явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх96-97/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Л.Б:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо ..............................  ........... тоот гэртээ өөрийн охин Б.Аыг найз залуутай болсон, утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, тохой хэсэг рүү нь төмөр иштэй алхны ишээр цохисон, мөн нүүр рүү нь гараараа цохиж унагаан толгойн ар хэсэг, шилбэ хэсэг рүү нь алхаараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 Энэ нь насанд хүрээгүй хохирогчийн “...Шөнө намайг унтаж байтал 03 цагийн орчим орж ирээд утас чинь хаана байна гэж надаас асуухаар нь би хаана тавьснаа мэдэхгүй байсан болохоор өөр утсаар залгаж хайтал чи тэрэнтэйгээ утсаар ярих болохоор болоод намайг утсаа өг гэж хэлэхээр яахаараа өгдөггүй юм гэж хэлээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгтэл ээж Янжин эгч 2 сэрсэн. Аав надад хандаж чи яасан итгэл даадаггүй юм чи миний итгэлийг алдсан гээд орон доороос гар иштэй алх гаргаж ирээд далайгаад цохихоор нь би зүүн гараараа хамгаалтал миний тохойн дээр цохисон. Би утсаа хайж байгаад өөрт нь өгсөн. Дахиж босож ирээд чамайг алчихмаар санагдаад байна гээд хүрч ирээд дахиж нүүр лүү цохиж унагаагаад унасны дараа алхаараа толгойны ар хэсэгт 2-3 удаа цохисон би тэр үед нь нэлээн манарсан. Тэр үед ээж дундуур орж ирэхэд ээжийн гэдэс хэсэг рүү нь алхаараа цохитол ээж эвхрээд уначихсан. Би босох гээд толгой эргээд босоод иртэл дахиад миний нүүр лүү гараараа цохиж унагаагаад газар хэвтэж байхад хэд хэдэн удаа нүүр лүү гараараа цохисон. ...Ээж дахиад хүрээд иртэл ээжийн ташаа руу нь алхаар цохиод намайг яасан их босож ирдэг юм хөлийг чинь хугална гээд миний баруун хөлийн шилбэ рүү алхаараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ц.Мөнхзул, Ц.Янжин нарын мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдсон гэж дүгнэлээ.

            Мөн шүүгдэгч Л.Бы үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Аын биед “...зүүн дунд хуруунд шарх, баруун чихний дэлбэн, зүүн чамархай, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт”... бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7120 дугаар дүгнэлтээр тогтоогдсон

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Атай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу түүний эцэг болох нь “Иргэний улсын бүртгэлийн лавлагаа” /хх70/-р нотлогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Насанд хүрээгүй хохирогч Б.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Бд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б нь гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, “Ургамал баян уул” ХХК-д мужаанаар ажилдаг тул түүнд торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.Быг тогтсон хөдөлмөр эрхэлдэггүй талаар түүний эхнэр Ц.Мөнхзул мэдүүлсэн ба шүүгдэгчийг “Ургамал баян уул” ХХК-д ажилладаг гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хангалттай баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Учир нь тухайн хөдөлмөр эрхэлдэг гэсэн тодорхойлолт нь огноо байхгүй, хэзээнээс тухайн байгууллагад ажиллаж байгаа талаар дурдаагүй, мөн ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй, нийгмийн даатгал төлөгддөггүй, шүүгдэгч өөрөө яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн байх тул түүнийг тухайн байгууллагад ажилладаг гэж үзээгүй болно. 

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 38,5 см урттай, хар өнгийн төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Мөн прокуророос шүүгдэгч Л.Бы дээр дурдсан хүний биед халдах, эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулахаар холбогдох баримтын хамт шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн бодитой, хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лэгцэгбалжирын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 38.5 см урттай, хар өнгийн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР