Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00771

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00771                                      Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 29 настай эмэгтэй, Алтан-Уул овгийн Батмөнхийн Минжбадгарын /регистрийн дугаар ФА88041005/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 35 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-13-139 тоотод оршин суух Боржигон овгийн Цэрэндоржийн Эрдэнэдалайд /регистрийн дугаар ФМ82091631/ холбогдох 8 762 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Минжбадгар, хариуцагч Ц.Эрдэнэдалай, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Минжбадгар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Эрдэнэдалай нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6 740 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдий хүрлээ. Гэрийн хаягаар нь очиход байхгүй, утсаар залгахаар хотод байна гэж хэлдэг, ихэвчлэн утсаа авахгүй байгаа. Нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 6 740 000 төгрөг, 6 сарын хүү 2 022 000 төгрөг, нийт 8 762 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэдалай шүүх хуралданд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Минжбадгараас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6 740 000 төгрөг 5 сарын хугацаатай  сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Уг хугацаанд 2 удаа хүү төлж, талийгаач Ш.Мөнхбат нь нэг удаа 400 000 төгрөгийн хэвлэлийн ажлыг хэвлүүлсэн. Нэг бүр нь 1 500 000 төгрөгний үнэ бүхий шинэ унадаг дугуй 2 ширхэгийг Ш.Мөнхбат нь ажлын хүмүүстэй тус бүрийг 1 000 000 төгрөгний үнэтэй борлуулж 2 000 000 төгрөгийг суутгаж авсан. Би нэхэмжилж байгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа боловч төрсөн дүү маш хүнд өвчтэй гачигдалтай байгаа тул уучлал хүсч байна. Сар бүр ижил төлөлтөөр төлж дуусгах хүсэлтэй ба барьцаа хөрөнгө болох Ниссан тийна маркын автомашиныг борлуулж төлбөрөөс барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Минжбадгар нь хариуцагч Ц.Эрдэнэдалайд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 762 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8 762 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 155 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 155 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Минжбадгарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Эрдэнэдалайд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8 762 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 155 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Минжбадгарт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх ТухайХуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА