Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
Хэргийн индекс | 106/2016/0090/э |
Дугаар | 81 |
Огноо | 2016-08-03 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 81
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,
Улсын яллагч: Н.Дамбадаржаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чонос овогт Гомбодаваагийн Ганбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020753 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 42 дугаар гудамж, 140 тоотод оршин суух, 2013 оны 10 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 468 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Чонос овогт Гомбодаваагийн Ганбат. регистрийн дугаар: ХА-77061417
Шүүгдэгч Г.Ганбат нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны дэргэдэх туслах замын уулзвар дээр хохирогч Б.Батпүрэвийг 88-94 УНХ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашинтай явж байхад нь жолооч талын урд хаалга руу хөлөөрөө өшиглөн бага хэмжээний хонхойлт үүсгэж, 90.600 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,
мөн шүүгдэгч Г.Ганбат нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны дэргэдэх туслах замын уулзвар дээр машиныг нь өшиглөлөө гэж шаардлага тавьсан Б.Батпүрэвийг хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин аврлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр хүүхдээ асран хамгаалах боломж олгож өгнө үү гэв.
Хохирогч Б.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн:…2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед ажлаасаа тараад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны хажуу талд байдаг Стелла баар буюу Хөх монгол рестораны баруун талаар ертөнцийн зүгээр хойшоо эргэх үед туслах замын голд согтуу 2 залуу, нэг эмэгтэй гурвуулаа согтуу алхаж байсан.Тэгээд би тэр гурвыг зогсож байгаад өнгөрөөгөөд хойгуур нь гартал кепик малгайтай, махлагдуу биетэй залуу нь миний приус 20 маркийн 88-94 УНХ улсын дугаартай автомашины жолооч талын буюу баруун урд талын хаалганы доод хэсэг рүү өшиглөсөн.Тэгэхээр нь би шууд зогсонгуутаа буугаад яаж байгаа юм бэ гэсэн чинь махлагдуу биетэй машин өшиглөдөг залуу нь намайг шууд яадаг юм мангар бацаан минь гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би гарыг нь салгах гээд гарнаас нь бариад автал хажууд зогсож байсан нүдний шилтэй намайг цохидог залуугаас арай өндөр залуу нь намайг араас зүүн гартай цуг тэврээд авсан. Сүүлд бодоход намайг машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гээд Ганбаттай маргалдаад заамдалцаж авах үед хамт явж байсан Барс гэх залуу нь бид хоёрыг боль гээд салгасаны дараа цохисон юм. Барс нь бид хоёрыг салгах үед гарнаас бариад салгасаны дараа гарнаас тавих үед Ганбат нь цохисон юм байна гэсэн мэдүүлэг/ хх-7,хх-10-13/,
Гэрч Б.Ялалтцэцэгийн мөрдөн байцаалтан өгсөн: …Манай найз Ганбат уурлаад хажуугаар нь гарахдаа машин луу өшиглөчих шиг болсон. Миний талаас орж ирсэн тул хойгуур гарах үед Ганбат хойшоо өшиглөчихсөн....Ганбат нөгөө хүнийг шууд очоод цохисон гэсэн мэдүүлэг/хх-14-15/,
Гэрч А.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:…Танай нөхөр байрныхаа хажууд согтуу хүмүүст зодуулаад байна гэж хэлээд дэлгүүр лүүгээ гараад гүйхээр нь би сандраад гадуур хувцасаа өмсөөд араас нь гараад гүйтэл манай нөхөр Б.Батпүрэв урдаас уулзвар тойроод Өвөрмонгол рестораны хажуу талаас хамаг хувцас нь шороо болсон, хамраас нь цус гарсан, чихээ дарсан ирж байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь хоёр залууд зодуулчихлаа гэсэн гэсэн мэдүүлэг /хх-8,хх-16/,
Гэрч Б.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: …Тухайн үед харанхуй байсан болохоор бага хонхойлттой байх шиг байсан. Хамар өвдөөд байна гэж байсан. Ганбат гэж хүн цохисон гэж байсан. Ганбат нь хамар луу цохьсон гэж ярьсан. Дуудлагаар очих үед баарны хамгаалагч гэх залуу байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-17/,
Шинжээчийн 3149 дугаар дүгнэлтэд: Б.Батпүрэвийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-27/,
Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт нь нэг удаагийн үйлчлэлээр, зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-28/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-55/, хохирогч Б.Батпүрэвийн приус 20 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ /хх-56-58/, хохирол нэхэмжлэлийн талаарх баримт, мөнгө хүлээн авсан баримт /хх-59-68/, хяналтын камерыг шалгасан баримт /хх-66-68/, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, ял шийтгэлийн лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол зэрэг болно.
Шүүгдэгч Г.Ганбат нь 2016 оны 03 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны дэргэдэх туслах замын уулзвар дээр хохирогч Б.Батпүрэвийг 88-94 УНХ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашиныг өшиглөж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,
мөн Г.Ганбат нь тухайн цаг хугацаанд машиныг нь өшиглөлөө гэж шаардлага тавьсан хохирогч Б.Батпүрэвийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин аврлаж танхайрсан болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн 3149 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь хохирогчид нийт 2.150.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гэм хорын хохирол арилсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.