| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2018/0123/Э |
| Дугаар | 898 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Баянзүрх дүүргийн Прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 898
Г.Г, Д.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Амарбаясгалан,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Г, Д.Б нарт холбогдох 201625010175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Хиад боржигон овгийн Г-н Г, 1982 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ай энд Эр Монголиа” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт /Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ............./,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 603 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
2. Дугар овгийн Д-н Б, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хард бокс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,
Г.Г нь “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг Д.Бтай бүлэглэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 66.388.336 төгрөгийг нийт 147.388.336 төгрөгийг завшсан,
Д.Б нь Г.Гантулгыг “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, байгууллагын мөнгөнөөс нийт 81.000.000 төгрөгийг өдөөн хатгаж гаргуулан бүлэглэж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Дугар овогт Д-н Бт прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж,
2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайг тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Г.Гантулгыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Гантулгын цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, Д.Б нь 70 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж,
Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлэх, Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гас 119.828.336 төгрөгийг гаргуулж Ай Энд Эр Монголиа ХХК-д олгох, Д.Баас 81.000.000 төгрөгийн гаргуулж Г.Гд, 1.340.000 төгрөгийг гаргуулж “Ай Энд Эр Монголиа” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргаснаас хойших нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу миний үйлчлүүлэгч Г.Г учруулсан хохирлоо хохирогчид бүрэн төлсөн учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хүсэлт бүхий байдлаар гомдлынхоо үндэслэлийг өөрчилж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэхээс өмнө “Ай Энд Эр Монголиа” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18/175 тоот албан бичгээр Г.Г нь шүүхийн тогтоолд заасан 119.828.336 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсныг тодорхойлж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Г.Гантулгын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан байдаг. Гэвч Г.Гантулгын хувийн байдал болон цаашид ажил, хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой байдлыг харгалзаж, хуульд заасан хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулаад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн эдлүүэлэхээр тогтоож өгнө үү. Иймд хувийн байдлыг нь харгалзан, хохирол нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Баас ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй. Д.Бын талаас ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Г.Г нь “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийг хариуцсан борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бтай бүлэглэн, мөн ганцаараа 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 66.388.336 төгрөгийгбуюу нийт 147.388.336 төгрөгийг завшсан,
шүүгдэгч Д.Б нь “Ай энд Эр Монголиа” ХХК-ийн Нарантуул Олон Улсын Худалдааны төв хариуцсан борлуулалтын менежерээр ажилладаг шүүгдэгч Г.Гантулгыг “Тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна. 7 хоногийн дотор буцааж өгнө” гэх мэтээр өдөөн хатгаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, байгууллагын мөнгөнөөс нийт 81.000.000 төгрөгийг гаргуулан бүлэглэж завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч Г.Гантулгын: “...Д.Б анх надаас 81.000.000 төгрөг авахдаа “тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна, би ажил авах гэж байна, удлаа гэхэд 7 хоногийн дараа өгнө” гэж хэлсэн. ...Д.Б намайг их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэдгийг мэддэг байсан тул намайг борлуулалтын орлогоосоо хэдэн төгрөг өгөөч гэсэн. Д.Б бид хоёр Нарантуул захаар манай харилцагч нараас мөнгө асууж компанийн орлогоос урьдчилан авах гэсэн боловч харилцагчдад мөнгө байгаагүй тул 7 хоногийн дараа өргөтгөлийн 287-р лангуунаас 27.840.000 төгрөгийг, өргөтгөлийн 350-р лангуунаас 12.160.000 төгрөгийг өртгөлгөлийн 194-р лангууны Эрка гэх хүнээс 41 сая төгрөгийг авсан. Эдгээр мөнгө шууд компанийн дансанд орох ёстой байсныг Д.Б мэдэж байсан. Анх Д.Б ажлаа эхлэх гэж надаас мөнгө асуухдаа чи компанийнхаа орлогоос урамшуулал зарлаад мөнгө аваад өгөөч, миний ажлын мөнгө ороод ирэхээр алданги болон үндсэн мөнгийг би төлчихнө гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх2, х151-152/,
шүүгдэгч Д.Бын: “...харилцагч нараасаа нэг сарын хугацаатай зээлээд өгөөч гэхэд Г.Г асууя гээд маргааш нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг өгсөн. 42.000.000 төгрөгийг Г.Г надад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн. Ингээд би нийтдээ Г.Гас 81.000.000 төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг /хх2, х180/,
хохирогч М.Эрдэнэсүрэнгийн: “...харилцагч нартай тооцоо хийлэхэд Г.Гантулгын хариуцсан 21 тооны харилцагч нараас нийт 148.006.540 төгрөг бэлнээр дутсан. ...Г.Г нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байх лангуунаас мөнгө авахдаа бэлнээр болон өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авсан байдаг.” гэх мэдүүлэг /хх1, х10-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...“Ай Энд Эр Монголиа” ХХК-ийн зах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Гд хамаарах 20 харилцагчтай тооцоо нийлэхэд 147.388.336 төгрөгийн тооцооны өглөг үүсгэгдэж байгаа нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна. “Сүлд аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна. Г.Г нь “Ай Энд Эр Монголиа” ХХК-д ажиллах хугацаанд нийт 147388,3 мянган төгрөгийн дутагдал гаргасан байна.” гэх 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х49-51/,
“Ай Энд Эр Монголиа” ХХК-ийн зах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Гд хамаарах 20 харилцагчтай 2015 оны 11 дүгээр сарын 6-наас тасалбар болгон тооцоо нийлэхэд 147.388.336 төгрөгийн тооцооны өр үүссэн байна. Харилцагч нарт олгох ёстой барааны тооцоог хийж 2015 оны 11 дүгээр сарын 6 буюу тооцоо нийлснээс хойшхи хугацаанд компани авлагатай харилцагч нарт барааг шилжүүлэн олгож авлагын тооцоог Г.Гас авахаар тооцоо үүсгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдож байна. Г.Г нь “Ай Энд Эр Монголиа” ХХК-д ажиллах хугацаандаа нийт 147388,3 мянган төгрөгийн дутагдал гаргасан байна.” гэх 87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх3, х155-157/,
“Сүлд-Аудит” ХХК-ийн гаргасан “...Зах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Гд үүсч байгаа 148.006.540 төгрөгийн дутагдалтай холбоотойгоор Г.Гантулгын хариуцсан 20 харилцагчийн тооцоог шалган үзэхэд 147.388.336 төгрөгийн дутагдал гарч байгаа нь холбогдох анхан шатны баримтаар нотлогдлоо. Харилцагчидтай өглөг авлагын тооцоогоо сар болгон хийж баталгаажуулж байгаагүйгээс зах хариуцан ажиллаж байсан менежер Г.Г 147.388.336 төгрөгийг хувьдаа авч шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн байна.” гэх аудитын дүгнэлт /хх1, х40-41/,
“Ай Энд Эр Монголиа” ХХК-ийн зах хариуцсан менежер Г.Гд холбогдох тооцоог шалган баталгаажуулсан аудитын тайлан /хх1, х40-45/,
Тооцоо нийлсэн актууд /хх2, х1-128/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г, Д.Б нарыг хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.Бын үйлдлийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар түүнээс 81.000.000 төгрөгийг гаргуулж Г.Гд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн шүүгдэгч Г.Гантулгын үйлдлийн оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчилсэн нь зөв боловч шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтуудын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн...” гэсний дараа “...1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт...” гэж тус тус нэмж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Ц.ОЧ