Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0038

 

"Ш-У х" ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, А.У, Д.О, Ц.Э, хариуцагч татварын улсын байцаагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, "Ш-У х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт тус тус холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Ш-У х" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасагт хүргүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах тухай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 410 тоот хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажлын /35/13/ 226 тоот томилолтоор 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нар шалгалт хийж 352970 тоот актыг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсан. Манай компанийн зүгээс энэхүү 352970 тоот актын зарим зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэл тайлбарыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсний дагуу тус хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 139 тоот тушаал гарч татварын улсын байцаагчийн 352970 тоот актыг хүчингүй болгосон.

Гэвч өмнөх актын утгыг бага зэрэг өөрчилсөн байдлаар дахин 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 тоот актаар 88,554,617.1 мянган төгрөгийн зөрчилд 474,432.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 179,890.2 мянган төгрөгийн торгууль, 29,502.9 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү, нийт 684,389.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг, мөн 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 0 /тэг/ төгрөгөөр баталгаажуулсантай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, танилцуулсан.

Бид 35/0001902 тоот актаар ногдуулсан 381,462,8 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль, алданги /тус актын Тогтоох нь хэсгийн бүлэг Нэгийн 2 дугаар асуудал/-ийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан ба үлдсэн 302,926.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хүчингүй болгосон дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 39/14 тоот албан бичгээр гомдол гаргасан.

Манай компаниас гаргасан гомдлыг Нийслэлийн татварын Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, тус зөвлөлийн 50 тоот тогтоолоор шийдвэрлэснийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцсан болно. Нийслэлийн татварын Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын 35/0001902 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 0 /тэг/ төгрөгөөр баталгаажуулсныг 8,516,981.2 мянган төгрөгөөр баталгаажуулж, 684,389.4 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Бид 35/0001902 тоот татварын улсын байцаагчийн акт болон Нийслэлийн татварын Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолоор ногдуулсан 684,389.4 мянган төгрөгийн нөхөн төлөх төлбөрийн 381,462.8 мянган төгрөгийг хуулийн хугацаанд төлж барагдуулсан ба үлдсэн 302,926.6 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд давхар хянуулан шийдвэрлүүлэх гомдлоо 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан бичгээр гаргасан болно. Харамсалтай нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тогтоолоороо нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолыг хүчингүй болгож 35/0001902 тоот татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/1117 тоот албан тоотоор мэдэгдэж шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг сануулжээ.

Манай компани нийт 684,389.4 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 381,462.8 мянган төгрөгийн зөрчлийг хүлээн зөвшөөрч хуульд заасан хугацаанд багтаан төлсөн болохыг дээр дурдсан. Гэвч зөрчил гаргасан гэж тооцсон 302,926.6 мянган төгрөгийг болон манай компанийн 2012 оны 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн үлдэгдлийг өртөгт оруулан тооцохоор шийдвэрлэснийг доор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг: Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохгүй ба хөрөнгийн өртөгт тооцож бүртгэх талаар.

Манай компани нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн 21 давхар, 5 одтой Шангрила зочид буудал, 24 давхар оффис, 34 давхар үйлчилгээний зориулалттай байр болон амралт зугаалгын хүрээлэнгийн цогцолбор төслийг Intense power limited компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2 үе шаттайгаар хийж байгаа юм. Энэхүү төслийн эхний үе шат нь 2015 оны 06 сард ашиглалтанд орохоор, дараагийн үе шат нь 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөн ажиллаж байна. Уг төсөл нь ирээдүйд 500 ажлын байр бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжин Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тул төр засаг болон төрийн бусад байгууллага хуулийн хүрээнд дэмжиж ажилладаг.

Манай компани 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15-д зааснаар нийт 3 удаа нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын шалгалтанд орж буцаан авч байсан бөгөөд 4 дэх удаагийн буцаан авалт болох 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 01 хүртэлх нийт 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэн буцаан олгохгүй бөгөөд өртөгт оруулан тооцож байгааг бид дараах учир шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компанийн дээрх төслийн хүрээнд хийгдсэн бараа ажил үйлчилгээний худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүйгээр баталгаажуулахдаа дараах хэд хэд үндэслэлийг жагсаан бичсэн байна. Тухайлбал,

Татварын ерөнхий хуулийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1 ба 10.1 заалтуудыг болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16, Үндсэн хөрөнгийн бүртгэл стандартын 16-д заасан өртгийн бүрэлдэхүүн буюу худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн... гэсэн заалтыг зөрчиж нягтлан бодох бүртгэлийг хөтөлсөн зөрчлийг дурдсан байна.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 8, 14.1 дэх заалтыг цохон тэмдэглээд компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэх гэжээ. Шалгалтын явцад эдгээр үндэслэлүүд нь хууль тогтоогч болоод нягтлан бодох бүртгэлийн онол, стандартад нийцэхгүй байгаа талаар удаа дараа тайлбар өгсөн боловч үл авч хэрэгсэн дүгнэлтээ гаргажээ. Бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт ороогүй байхад хуулийг олон янзын өнцгөөс тайлбар өгч буцаан авалтыг үндэслэлгүй гэж үзэж байгаад гайхаж байна.

Бид татварын хуулийг Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-ээр хүлээсэн үүргийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дараах байдлаар ойлгож татварын ногдуулалтыг хийж нягтлан бодох бүртгэлдээ тусгасан болно.

1. Тайлант хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь ирээдүйн зочид буудлын үйл ажиллагаанаас орох орлого буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд зориулан хийгдсэн худалдан авалт бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1. Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн заалтуудын дагуу худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 7 ба 8 дугаар зүйлийн дагуу ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор хуулинд тусгагджээ. Манай компанийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт нь бүхэлдээ 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар хийгдсэн болно.

2. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох зочид буудлын үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 буюу 7.1.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ бөгөөд бид ирээдүйд олох зочид буудлын үйл ажиллагаатай холбоотойгоор орж ирэх орлогод холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 8 дугаар зүйлд заасны дагуу ногдуулж төлөх болно.

Татварын байцаагч нарын цохон тэмдэглэсэн ...компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэх дүгнэлтэд тухайлан тайлбар өгөхөд: Аливаа ашгийн төлөө байгууллага нь хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нэмүү өртөг бий болгох замаар ашиг хуримтлуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2 бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, 4.1.8-д үйлчилгээ гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсноор энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлын хүрээнд худалдан авсан бараа ажил үйлчилгээ нь мөнгөнөөс бусад төрлийн эд хөрөнгө, ажил үйлчилгээ мөн тул 14.1.1-д заасан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд... гэсэн тодорхойлолтод нийцэж байгаа болно.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-д Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулиар тусгайлан олгосон эрхийнхээ хүрээнд уг журмыг Сангийн сайд 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар баталсан. Энэхүү журмын 5.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийхийг зөвшөөрсөн тул Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16, Үндсэн хөрөнгийн стандартын дагуу энэхүү буцаан олгогдох худалдааны татвар нь уг хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүнд оруулан бүртгэх үндэслэлтэй байна.

Хоёр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн төлбөрийн дүнг илүү төлөлтөөс хааж бичсэн зөрчил.

Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар тайлагнасан оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлсэн төлбөрийн дүнг илүү төлөлтөөс хааж бичсэн зөрчил гаргасан гэж тооцож 55,795.6 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байгааг дараах учир шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй тул буцаан авах дүнгээс хасч тооцохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дараах байдлаар ойлгож хэрэглэсэн болно.

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14-т зааснаар Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7-т зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох ажил үйлчилгээ 7.1.4-т Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 7.4.9-т Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил, гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэсэн байна.

2. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна: 14.6.1-д дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох гэж, мөн Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах гэж заасны дагуу илүү төлөлтөөсөө хасч тооцсон нь хууль зөрчөөгүй юм. Иймд бид татварыг нөхөн төлөх, улмаар торгууль, алданги төлөх үндэслэлгүй байна.

Гурав: Оршин суугч бус этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчил.

LRF consulting. WSP hong kong. Architectural consultancy services. Quantity Surveying Services. SLIM HKReimbursement. TFP Farrells Design work. ALT Design work. Pro-Lit Lighting consultancy services. Vantaly Art Project, WTPartnership /Shanghai/ AECOM зэрэг оршин суугч бус хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээний төлбөрийг 2012 онд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй зөрчил гаргасан гэж тооцож 226,470.5 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, торгууль, алданги ногдуулж байгааг дараах учир шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Зөвлөх үйлчилгээ гадаад улсад гүйцэтгэсэн буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт ирж үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд Монгол улсад нэмүү өртөг үүсээгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээний тодорхойлолтонд хамаарахгүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй болно.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээг 3.1-д ...Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээг 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэж заасан ба 7.2-д Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна, 7.4.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж заасан байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтаар 7.1.4-т заасан гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээг тодорхойлсон учир 7.1.4-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гэсэн заалт энд хамаарна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаад, эргэж хасалт хийхийг хуулиар зөвшөөрдөг. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний орлогоос 10 хувиар татварыг уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч дараа сарын 10-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүнийг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно болон Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалын дагуу хасалт хийгдэхээр зохицуулагдсан байна.

Дөрөв: Оршин суугч бус этгээдийн орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутган тооцож төсөвт төлөөгүй.

Vantaly Art Project. WTPartnership /Shanghai/ AECOM зэрэг БНХАУ-н хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээний төлбөрийг 2012 онд шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчил гаргасан гэж тооцож 20,660.5 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байгааг дараах учир шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дараах байдлаар ойлгож хэрэглэсэн болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тухайн хуулийн 17.2.9-д зааснаар Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувиар татвар ногдуулан суутгаж авах үүрэгтэй. Гэхдээ Татварын ерөнхий хуулийн 2.2-т Монгол улсын Олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу БНХАУ-тай байгуулсан гэрээний заалтыг дагаж мөрдсөн.

Татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсад төлөөлөгчийн газаргүй бол зөвхөн БНХАУ-д татвар ногдуулахаар заасан ба 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.2-т зааснаар хэлэлцэн тохирогч улсын байнга оршин олж буй энэхүү хэлэлцээрийн өмнөх зүйлүүдэд хөндөгдөөгүй аливаа орлогод зөвхөн хэлэлцэн тохирогч улсад татвар ногдуулна. заалтуудын дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй болно.

Бид Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөн сахиж санхүүгийн тайлан, татвар тооцоогоо хууль ёсны дагуу гаргаж тайлагнадаг бөгөөд зарим эргэлзээтэй хуулийн зүйл, заалтыг өөрөөр ойлгохоос зайлсхийж тайлбарыг зохих ёсны байгууллагаас бичгээр авч мөрдөж ажиллахыг хичээдэг. Манай дээрх үндэслэлийг харгалзан хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын гаргасан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Хяналт шалгалт хийсэн тухай. "Ш-У х" ХХК-ийг 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 410 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах албан хүсэлт, хяналт шалгалтын ажлын /35/13/0226 тоот томилолтоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нар шалгаж нийт 88,554,617.1 мянган төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1.Татварын төлөгч...үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...18.1.3 анхан шатны ..нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам..нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах.. 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг, гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөнийг тэмдэглээд Монгол Улсын Татварыг ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 33 дугаар зүйлийн 2.2, 43.8, 34 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-ыг тус тус үндэслэн

а/. 88.554.617,1 мянган төгрөгийн зөрчилд 474,432.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 179,890.2 мянган төгрөгийн торгууль 29,502,9 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү нийт 684,389.4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр,

б/. "Ш-У х" ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 410 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах албан бичиг ирүүлсэн 4 дэх удаагийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварт худалдан авалтаар хасч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаар бий болсон 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэх, шийдвэрийг татварын улсын байцаагчийн 35/0001902 тоот актаар гаргасан.

2. Маргаан таслах процесс: 2.1. "Ш-У х" ХХК нь татварын улсын байцаагчийн 35/0001902 тоот актаар гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 39/14 тоот албан бичгээр гомдол гаргасан. Харамсалтай нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн хурал оролцогч талыг бүрэн байлцуулалгүй шийдвэр гаргасан. Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын 35/0001902 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 0/тэг/ төгрөгөөр баталгаажуулсныг 8,516,981.2 мянган төгрөгөөр баталгаажуулж, 684,389.4 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь - Маргаан таслах зөвлөлийн өөрийн ажиллах журам, оролцогч талуудын эрх үүргийг үл хүндэтгэсэн, - хурлыг оролцогч талын аль нэг этгээд хүндэтгэн үзэх шалтгаантай бол 1 удаа хойшлуулж болно гэсэн заалтыг зөрчсөн, - маргах мэтгэлцэх хууль эрх зүйн тайлбарыг хүндэтгэн сонсоогүй, - татварын улсын байцаагчийн эрхийг эдлүүлээгүй зэрэг болно.

2.2 "Ш-У х" ХХК нь Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолоор гарсан шийдвэрийг мөн эсэргүүцэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан. Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 50 тоот тогтоолыг хүчингүй болгож 35/0001902 тоот татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 7/1117 тоот албан тоотоор мэдэгдэж шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг сануулсан.

3. Зөрчил: 3.1 Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохгүй ба хөрөнгийн өртөгт оруулан тооцох бүртгэл.

Британийн Виржиний Арлуудын Intense Power Limited компанийн 100 хувь хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан Шангрила- Улаанбаатар хотел ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу хуучнаар Хүүхдийн парк дотор Шангрила зочид буудлын барилга, оффис, тансаг зэрэглэлийн орон сууц захиалан бариулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх барилга нь зочид буудлын зориулалтаар ирээдүйд ашиглагдах ба бизнесийн утгаар ч үндсэн хөрөнгө ашиглаж орлого олох бизнес юм. Иймд дээрх ирээдүйд ашиг орлого олох үндсэн субьект нь үндсэн хөрөнгө учир их хэмжээний хөрөнгө шаардагдах ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад бүртгэх тайлагнахыг журамласан байдаг.

Дараах хуулиар зохицуулагдаж байна: Татварын ерөнхий хуулийн 18.1.3 дугаар зүйлд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, мөн 10.1-д аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргана, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16.16 дугаар зүйлд: Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн.... Буцаан олгоогүй худалдааны татвар гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж ойлгоно. Иймд барилгын өөрийн өртөгт орж байгаа тооцохоор байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар заалт: Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ.7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 7.1.3-д худалдах, 7.1.2 хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа, 7.1.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 8 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, 8.1.1. бараа ажил үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт 14 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх, 14.1 ... хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Улсын Дээд шүүхийн бүрэн эрх 17.1.2 Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна... 17.1.3 Улсын Дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.3.1 Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах гэж заасныг үндэслэн "Ш-У х" ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 410 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах албан бичиг ирүүлсэн 4 дэх удаагийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 8,516,981,2 мянга төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэхээр байна.

3.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн төлбөрийн дүнг илүү төлөлтөөс хааж бичсэн зөрчил. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлсэн төлбөрийн дүн нь илүү төлөлтөөс хааж бичсэн нь "Ш-У х" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт, борлуулалтанд хамаарахгүй ба оршин суугч бус этгээдээс ямар нэг бараа, ажил үйлчилгээ худалдан авсан тохиолдолд дээрх хэлэлцэн тохирсон үнэ дээр нэмж суутган авч төсөвт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Дараах хуулиар зохицуулагдаж байна: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 7.4.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, 16 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх, тайлагнах, 16.1.2-т Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэж заасан заалт, Жич: 7.4.9 Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх: гэж хуулиар өөрчлөлт орсон. 11 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ, 11.1-т Энэ хуулийн...гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг,

3.3 Оршин суугч бус этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчил.

Монгол Улсад оршин суугч бус LRF concalting, WSP hong kong, Architectural consultancy services, Quantity Surveying Services, SLIM HKReimbursement, TFP Farrels Design work8 ALT Design work8 Pro-Lit Lighting consultancy services зэрэг татвар төлөгчийн Монгол Улсад олсон зөвлөх үйлчилгээ орлогод зөвлөх үйлчилгээ хийлгэх гэрээ хийн шилжүүлсэн орлогод ногдуулсан зөрчил. Татвар төлөгчийн тайлбарлаж байгаагаар дээрх компаниудаас зөвлөх үйлчилгээ авсан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдээгүй гэж үзэж байгаа боловч орлого олох эх үүсвэр Монгол Улсаас бүрдэж байгаа тул Олон улсын татвар ногдуулалт, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас /OECD/ гаргадаг зөвлөмжөөр зохицуулсан байдаг ба Олон улсад эх үүсвэр оронд олгосон орлогодоо суутган татвараар татвараа авч, нөгөө суутгуулсан улсдаа хөнгөлөлт эдлэхээр зохицуулсан байдаг. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 7 дугаар зүйлд 7.4.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил, гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж хуулиар өөрчлөлт оруулсан.

Дараах хуулиар зохицуулагдаж байна: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 7.1.4-т Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 7.4.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, 16 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тайлагнах, 16.1.2-т Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил,үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэж заасан заалт, Жич: 7.4.9 Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж хуулиар өөрчлөлт орсон. 11 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ, 11.1-т Энэ хуулийн ...гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг,

3.4 Оршин суугч бус этгээдийн орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчил.

Монгол Улсад оршин суугч бус LRF consulting, WSP hong kong, Architectural consultancy services, Quantity Surveying Services, SLIM HKReimbursement, TFP Farrels Design work, ALT Design work, Pro-Lit Lighting consultancy services зэрэг татвар төлөгчийн Монгол Улсад олсон зөвлөх үйлчилгээ орлогод зөвлөх үйлчилгээ хийлгэх гэрээ хийн шилжүүлсэн орлогод ногдуулсан зөрчил. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.9-т зааснаар Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувиар татвар ногдуулан суутган авч төлөх үүрэгтэй байдаг. Гэхдээ дээрх ажил гүйлгээ өөрөө Татварын ерөнхий хуулийн 2.2-т Монгол улсын Олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу 1989 оны 04 дүгээр сарын 08-нд гарын үсэг зурж баталгаажсан Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ээр зохицуулагдана. Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу давхар татварын гэрээ нь эх үүсвэр орон татвараа орлого олгогч этгээдээс суутган авч төлүүлж, орлого хүлээн авагч орон нь хөнгөлөлт эдлэхээр зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хэлэлцээрт зөвхөн хэлэлцэн тохирогч талуудын байнга оршин суугч этгээдэд хамаарах тул орлого хүлээн авагч этгээдийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байнга оршин суугч татвар төлөгч болохыг нотлох Оршин суугчийн сертификат-ыг хавсаргаж Үндэсний татварын ерөнхий газрын 2009 оны 20 дугаар тушаалаар баталсан ДТ-01 маягтын дагуу тайлагнах, ДТ-04 /D/ маягтаар эх үүсвэр орлогын дүн Amount of the income from each source/, давхар татварын гэрээнд заасны дагуу ногдуулах татварын хувь /%/ Rate of the tax under the Convetion бөглөж тайлагнаж төлөх үүрэг хүлээхийг хуулиар зохицуулсан байна.

Дараах хуулиар зохицуулагдаж байна: Хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 3-т Төлөөлөгчийн газар гэдэгт дараах зүйлийг хамааруулна: А. 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт, суурилуулалтын ажил болон тэдгээртэй холбогдсон удирдлага, хяналтын үйл ажиллагаа, Б. 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх тухайн барилга байгууламж эсхүл түүнтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцэн тохирогч нөгөө улсад ажиллаж буй ажиллагсдаараа дамжуулан хэлэлцэн тохирогч нэг улсын аж ахуйн газраас үйлчилгээ үзүүлэх, үүнтэй холбогдсон зөвлөгөө өгөх гэж заасныг үндэслэн хэлэлцээрийн 7 дугаар зүйл Аж ахуйн үйл ажиллагааны ашиг 1-д Хэлэлцэн тохирогч улсын аж ахуйн нэгж нь хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч улс татвар ногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дээр дурдсан үйл ажиллагаа эрхэлбэл уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн төлөөлөгчийн газарт хамаарах хэсэгт хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар ногдуулж болно гэж заасныг үндэслэн 5 дугаар зүйлийн 3а, 3б-д заасан нөхцөлийг хангасан тул аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахаар байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Ш-У х" ХХК-нд 35/0001902 тоот актаар ногдуулсан зөрчлүүд нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын хуулиуд, Нягтлах бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас /OECD/ гаргадаг зөвлөмж, Давхар татварын гэрээ зэргүүдэд тов тодорхой заасан ба хэрэгжүүлэхтэй холбоотой Үндэсний татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газраас аргачлал, маягт, журмуудыг шинэчлэн гаргаж байсан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохгүй хөрөнгийн өртөгт оруулан тооцох бүртгэлтэй холбоотой маргаан урьд өмнө шүүхээр орж шийдвэрлэгдэж байсан ба Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Улсын Дээд шүүхийн бүрэн эрх 17.1.2 Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна...17.1.3 Улсын Дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 17.3.1 Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах... замаар нэг мөр ойлгогдохоор жишиг тогтсон гэж үзэхээр байна. Мөн Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргаас дахин тодруулан хариу болгон авсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/3299 тоотод тодорхой арга зүйн зөвлөгөө өгч хяналт шалгалтын үр дүнг үнэн зөв хуульд нийцсэн шийдвэр гаргахад дээд шатны байгууллагатайгаа зөвлөлдөж ажиллаж хуулийн дагуу шийдвэр гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг баримтлан "Ш-У х" ХХК-ийн Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын гаргасан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/001902 тоот актын үндэслэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э болон Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Иймд бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 тоот шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалтыг үндэслэн уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Нэгдүгээрт. Үндсэн хөрөнгө бэлтгэхэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох талаар (Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 1): Бид буцаан олгогдохгүй нэмэгдсэн өртгийн албан татварыг өртөгт шингээх, эсхүл шингээхгүй тухайд маргаагүй бөгөөд харин татварын хууль тогтоомжид заасны дагуу буцаан олгогдох (хасч тооцогдох) эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д заасан "дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ: худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгогдохгүй худалдааны татварын дүн" гэдгийн "буцаан олгогдохгүй" гэснийг "буцаан олгохгүй" гэж буруу ойлгон, шийдвэр гаргахдаа үндэслэл болгож хэрэглэсэн байна.

Эхлээд уг худалдааны буюу нэмэгдсэн өртгийн албан татвар нь буцаан олгогдоно эсхүл буцаан олгогдохгүй гэдгийг зөвхөн тухайн улсын татварын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг бөгөөд буцаан олгогдохгүй (хасч тооцогдохгүй) нэмэгдсэн өртгийн албан татварыг үндсэн хөрөнгийн өртөгт оруулна, харин буцаан олгогдох (хасч тооцогдох) нэмэгдсэн өртгийн албан татварыг үндсэн хөрөнгийн өртөгт оруулахгүй гэдгийг дээрх Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зохицуулдаг. Тухайлбал, аж ахуйн нэгж нь суудлын автомашин (нэг төрлийн үндсэн хөрөнгө) худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн бол уг албан татвар нь буцаан олгогдохгүй гэдгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1-т тухайлан заасан тул дээрх стандартын дагуу уг төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авсан суудлын автомашины өртөгт оруулж тооцдог. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн", 14.1.2 "худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар буцаан олгогдох (хасч тооцогдох) тул дээрх Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д мөн заасны дагуу өртөгт шингэхгүй. Өөрөөр хэлбэл. буцаан олгогдох худалдааны татварын дүнг үндсэн хөрөнгийн өртөгт багтаахгүй" гэж уг стандартад тодорхойлсон байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 -д заасан "буцаан олгогдох" (төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох) нэмэгдсэн өртгийн албан татварыг өртөгт оруулах үндэслэл байхгүй.

Цаашлаад, 2006 оны 06 дугаар 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхтэй холбоотой зохицуулалтыг тодруулж тусгаж өгөх нь зүйтэй гэсний дагуу уг хуулийн 14.1.1-14.1.4 хэсгийг тодорхой болгосон байдаг. Ийнхүү тодорхой болгосон хуулийн заалтууд байсаар байтал анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа огт хэрэглэсэнгүй.

Түүнчлэн манай компани Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэсэн эсэхээ Аудитын тухай хуулийн 7.1.3, 7.1.5-д заасны дагуу аудитын байгууллагаар жил бүр баталгаажуулдаг. Аудитын байгууллага нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хараат бус аудитын үйл ажиллагааг явуулж санхүүгийн тайланг хянан баталгаажуулдаг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2012 оны санхүүгийн тайланд аудит хийсэн Эрнст энд Янг Монголиа Аудит ХХК нь "2012 оны 12 сарын 31-нээрх санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын дагуу үнэн шударгаар илэрхийлэгдсэн байна" гэж дүгнэсэн.

Хууль зүйн үндэслэлүүд: 1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд зааснаар татварыг зөвхөн Монгол Улсын Их Хурал хуулиар бий болгох ба татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл нь нэмэгдсэн өртгийн албан татварыг "буцаан олгох" асуудлыг зохицуулдаг.

3. Уг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журам"-ыг Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан.

4. Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалын 5.1.4-т "барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмж худалдан авах болон ашиглагдаж байгаа барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмжийг худалдан авах болон тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч, хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг тодорхойлно.''

Нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг 100% (зөвхөн) нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд ашигласан болно. Бид зочид буудлын үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 8, 11-р зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа бөгөөд энэ асуудлаар оролцогчдын дунд аливаа маргаан байхгүй.

Иймд нэхэмжлэгч нь барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээр (нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ байхгүй тул 0.00 төгрөгийн дүнг хасч) хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг тодорхойлсон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Энгийнээр хасагдах буюу буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг томьёолбол: 100-0=100 болж байгаа юм.

Манай компани нь өнгөрсөн хугацаанд 1-3 дахь удаагийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг бүрэн авсан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нь 4 дэх удаагийн (2012 онд хамаарах) буцаан олголтын асуудал юм. Энэ хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан "буцаан олголт"-ыг зохицуулсан зүйл, заалт огт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тул Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан татвар төлөгчийн эрхээ эдлэх хуулийн зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хааж бичсэн талаар (Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 2): Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 658 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн "Хууль зүйн үндэслэлийн талаар" гэсний 2-т буюу 20-р хуудасны 2 дахь догол мөрөнд "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9-д заасны дагуу татварыг суутган авч төлөх үүрэг нь нэхэмжлэгчид байхад энэ үүргээ биелүүлээгүй байна" гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь бид уг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын авлагаа бууруулсан болно. Товчоор хэлбэл улсад төлөх ёстой татварын хэмжээгээр улсаас авах авлагын хэмжээгээ бууруулсан хаалтын бичилтийг хийсэн юм. Энэ нь төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварыг заавал бэлэн мөнгөөр төсөвт төлдөггүй, харин нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй байгаа бол түүнийгээ төлөх ёстой татварын хэмжээгээрээ бууруулаад явдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хамгийн энгийн зарчим юм. Ийнхүү хааж бичихийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан (Маягт ТТ-03а)-гаар зөвшөөрч, зохицуулагдсан байсан.

Хууль зүйн үндэслэлүүд: Өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар илүү төлөлттэй байсан. Илүү төлөлтөөсөө дараагийн сард төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт "шилжүүлэн тооцох" (буюу хааж бичих) зохицуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-т зөвшөөрсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар "илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах" нь татвар төлөгчийн эрх юм. Уг гүйлгээний үр дүнд нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт-өө 37.1 сая төгрөгөөр бууруулсан (нэг ёсондоо улсаас авах ёстой авлагынхаа хэмжээг багасгасан) байна. Түүнчлэн илүү төлөлттэй буюу улсад татварын өртэй биш авлагатай албан татварын хувьд нөхөн татвар ногдуулах, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох нөхцөл үүсэхгүй.

Нэгэнт л илүү төлсөн байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой ногдуулалт гарвал түүнээсээ хасаад л явдаг энгийн жишээг товчоор тайлбарлавал: "А" компанийг энэ тайлант хугацаанд 100 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй байсан гэж үзье. Дараачийн тайлант хугацаанд худалдан авалт хийгээгүй бөгөөд 40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөх ёстой болсон бол улсын төсөвт бэлэн мөнгө тушаах уу? эсхүл илүү төлсөн байгаа 100-аасаа хасаад улсаас авах авлагаа бууруулах уу? гэдгийн хариулт нь маш тодорхой: -10(0+40=-60; улсад мөнгө төлөхгүй харин улсаас авах авлагаа бууруулах нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийж, зохих тайлангууддаа тусгахад хангалттай хуулиар зөвшөөрөгдсөн зохицуулалт, энгийн практик, байнгын хийгддэг тооцоолол юм.

Гуравдугаарт. Оршин суугч бус этгээдийн гадаад улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй талаар (Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 4 ба 5): Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006.06.29) хуулиар "гадаад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэн Монгол Улсад импортолсон" боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь уг ажил үйлчилгээнүүдийг ангилан ялгаж, тэдгээрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй юм. Гэтэл энэ байдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн "Хууль зүйн үндэслэлийн талаар" гэсний 3-т (шийдвэрийн 20 дугаар хуудас) нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах эсэх талаарх огт хамааралгүй асуудалтай хольж, энэ асуудлаар буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ямар ч зүйл, заалтыг үндэслэл болголгүй шийдвэр гарсан байна. Түүнчлэн давхар татварын гэрээ нь зөвхөн шууд (аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар зэрэг) орлогын болон хөрөнгийн татварыг хамардаг бөгөөд шууд бус (нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар зэрэг) татварт хамаардаггүй гэдгийг огт ялгаж салгаагүйд гомдолтой байна.

Хууль зүйн үндэслэлүүд: 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.4-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт ... үзүүлсэн үйлчилгээ": мөн хуулийн 7.4-т "үйлчилгээ үзүүлсэн"-д хамаарах хэсгийн 7.4.9-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх" гэж тус тус тодорхой заажээ.

2. Дээр зааснаар зөвхөн манай улсад (Монгол Улсын нутаг дэвсгэрт) ирж үзүүлсэн үйлчилгээнд л нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 ба 7 дугаар зүйлүүдэд заажээ. Харин шинээр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2015.07.09) 7 дугаар зүйлийн 7.1.2-оор энэ байдлыг залруулсан байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох ба татвар ногдуулах төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасан ёсоор нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдийн гадаад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй нь хуулийн үндэслэлтэй байна.

Дөрөвдүгээрт. Монгол Улсад "төлөөний газар"-гүй тохиолдолд татвар ногдуулахгүй талаар (Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 6): Бид манай улстай давхар татварын гэрээ байгуулсан улс (БНХАУ)-ын байнга оршин суугч хуулийн этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу "төлөөний газар"-гүй байсан тул аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн "Хууль зүйн үндэслэлийн талаар" гэсний 3-т "төлөөний газар"-тай эсэх талаар нэг ч үг хууль зүйн дурдаагүй атлаа "Дээрх хууль болон олон улсын хэлэлцээр, зөвлөмжөөс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг орлого олгож буй эх үүсвэр орон болох Монгол Улсад суутган төсөвт төлөх үүрэг хүлээж байна гэжээ. Давхар татварын гэрээний зохих заалтууд нь эх үүсвэр улсын татвар ногдуулах эрхийг хязгаарладаг боловч татвар ногдуулдаггүй (татварын бий болгодоггүй) гэдэг олон улсын татварын эрх зүйн үндсэн ухагдахууныг авч үзэлгүй, орлого олгож буй эх үүсвэр улсад л бүх татвар төлөгдөх ёстой мэтээр шийдвэр гаргасан байна.

Давхар татварын гэрээгүй (тухайлбал, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс- Хонг Конг нь БНХАУ-аас олгосон тусгай эрхийн дагуу давхар татварын гэрээг бусад улс орнуудтай өөрөө байгуулдаг бөгөөд одоогоор Монгол Улстай уг гэрээг байгуулаагүй) улсын байнга оршин суугч татвар төлөгч нь Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон бол Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 17 дугаар зүйлийн 17.2.9.(г ба д) болон 21 дүгээр зүйлийн 21.5-д тус тус заасны дагуу албан татвараа суутгуулан төлдөг. Нэг ёсондоо давхар татварын гэрээнд заасан "хязгаарлалт"-д хамрагдах нөхцөл үүсэхгүй. Тийм ч учраас бид Хонг Конг компаниудад шилжүүлсэн орлогод 20%-иар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч татварын улсын байцаагчийн 2013 оны 35/0001902 тоот актын үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт тогтоосон төлбөрийг төлж барагдуулсан болно.

Харин Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (цаашид "хэлэлцээр" гэх) буюу давхар татварын гэрээтэй БНХАУ-ын байнга оршин суугч компанийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод манай улс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах эсэхийг тогтоохдоо Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн болон уг хэлэлцээрийн зохих заалтуудыг баримталсан бөгөөд "төлөөний газар"-гүй этгээдийн уг орлогод албан татвар ногдуулах үндэслэлгүй юм.

Хууль зүйн үндэслэлүүд: 1. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө."

2. Дээр дурдсан хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 1-т "Хэлэлцэн тохирогч (Хятад) Улсын аж ахуйн нэгж нь хэлэлцэн тохирогч нөгөө (Монгол) Улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч (Хятад) Улс татвар оногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дээр дурдсан үйл ажиллагаа эрхэлбэл уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн төлөөлөгчийн газарт хамаарах хэсэгт хэлэлцэн тохирогч нөгөө (Монгол) Улс татвар оногдуулж болно."

3. Хэлэлцээрт заасан "төлөөлөгчийн газар" гэдгийг Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасан "төлөөний газар" гэж ойлгож байна. Энэ асуудлаар оролцогчдын дунд аливаа маргаан байхгүй.

4. Уг хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар Монгол Улс нь төлөөний газарт хамаарах ашигт "татвар оногдуулж болно" (may be taxed) гэсэн нь татвар ногдуул гэсэн заалт биш бөгөөд татвар ногдуулах эсэх нь гагцхүү тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын эрх юм. Огт татвар ногдуулахгүй байсан ч болно. [Хэлэлцээрийн 29 дүгээр зүйлд Гарч болох маргаантай асуудлыг шийдвэрлэхэд Англи эх хувийг баримтална гэж заасан тул Англи хэлний " may be taxed гэсэн нь татвар ногдуулж ч болно, ногдуулахгүй байсан ч болно гэдэг утгыг бүрэн агуулна.]

5. Монгол Улс нь ямар этгээдийг "төлөөний газар" гэж тодорхойлох, алийг "төлөөний газар" гэж үзэхгүй байх, төлөөний газрыг татварт хамруулах, татвараас чөлөөлөх эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. Ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан ёсоор татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох ба татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна.

6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар 1-т салбар (цех, тасаг), 2-т үйлдвэр, 3-т худалдаа. үйлчилгээний газар, 4-т газрын тос, байгалийн хийн цооног, түүнчлэн ашигт малтмал олборлож буй аливаа уурхайг "төлөөний газар"-т хамруулахаар заасан байна. Харин 1 сар байна уу, 36 сар байна уу, ямар ч хугацаагаар үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт, суурилуулалтын ажил буюу түүнтэй холбоотой хяналтын үйл ажиллагаа явуулж буй объектыг "төлөөний газар" гэж үзэхгүй байхаар 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн уг хуулиар зохицуулсан байна.

7. Учир нь дээрх 1991 онд байгуулсан хэлэлцээр болон 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зэрэг дагаж мөрдсөн байх ба уг 1992 оны 12 дугаар сарын 14-ний Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан байсан "барилгын талбай, монтажлах буюу угсрах объект, түүнчлэн эдгээр объектуудтай холбоотой хяналтын уйл ажиллагаа" гэснийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн батлахдаа хассан байна. Нэг ёсондоо уг үйл ажиллагааг "төлөөний газар" гэж үзэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Иймд Монгол Улсад мөрдөж байгаа одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, давхар татварын гэрээ ёсоор ямар ч хугацаагаар үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт, суурилуулалтын ажил буюу түүнтэй холбоотой хяналтын үйл ажиллагаа явуулж буй объектыг "төлөөний газар" гэж үзэхгүй тул хэлэлцээрт заасан ёсоор (Монгол) улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч (Хятад) улс татвар оногдуулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс татвар ногдуулах эрхээсээ өөрөө татгалзсан буюу уг үйл ажиллагааг татвар хамруулахгүй байх (чөлөөлөх) шийдвэрийг гаргасан байна.

Давхар татварын гэрээний заалтаар татвар ногдуулдаггүй тухай бодит энгийн жишээ: Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай (2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн) хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу ногдол ашгийн болон хүүгийн орлогод албан татвар ногдуулах хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон хойшлуулсан. Энэ 2007-2012 оны хугацаанд дээрх хэлэлцээрийн 10 дугаар зүйл (диведенд буюу ногдол ашиг), 11 дүгээр зүйл (хүү)-д Монгол Улс нь "татвар оногдуулж болох боловч ... нийт дүнгийн 5 болон 10 хувиас хэтэрч болохгүй" гэснийг ашиглаж, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө'' гэж заасныг үндэслэн БНХАУ-д байнга оршин суугч хувь хүнд олгосон хүү, ногдол ашгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулах уу? гэдэг асуултын хариулт нь маш тодорхой буюу ҮГҮЙ гэсэн хариулт юм. Учир нь Монгол Улс нь өөрийн улсын нутаг дэвсгэрт татвар ногдуулах, хураах эрхийг дотоодын татварын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлдэг. Харин давхар татварын гэрээ нь уг татвар ногдуулах эрхэд зөвхөн хязгаарлалт тавих үүргийг гүйцэтгэх ба татвар ногдуулах явдал нь гагцхүү тухайн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын хууль тогтоох байгууллагын эрх мэдэлд бүрэн байдаг онцлогтой.

Энэ бол 22.1 сая төгрөгийг төсөвт төлөх, төлөхгүй гэсэн жижиг асуудал биш юм. Энэ бол Монгол Улс нь туурга тусгаар, бүрэн эрхт улс байж, өөрийн нутаг дэвсгэртээ татвар ногдуулах буюу өөр улс гүрэн хөндлөнгөөс халдаж болшгүй онцгой эрхээ хэрэгжүүлж чаддаг уу? олон улсад нэгэнт тогтсон "давхар татварын гэрээгээр татвар ногдуулдаггүй, зөвхөн татвар ногдуулах эрхийг хязгаарладаг" нийтлэг хэм хэмжээг мөрдөх чадвартай улс уу? үүгээрээ дотоод, гадаадын татвар төлөгчийн эрхийг хамгаалдаг шүүх тогтолцоо бий юу? гэдгийг олон нийтэд болон гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад харуулах чухал ач холбогдолтой асуудал юм.

Иймд бид дараах хүсэлтийг гаргаж байна: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нар "Ш-У х" ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 дугаар актаар 88,554,617.1 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг тус тус үндэслэн 474,432.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 179,890.2 мянган төгрөгийн торгууль, 29,502.9 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү, нийт 684,389.4 мянган төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр, мөн "Ш-У х" ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төлсөн 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "Ш-У х" ХХК нь татварын улсын байцаагч нарын дээрх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 дугаар актын Тогтоох хэсгийн 1 дүгээр бүлгийн 2-д заасан 381,462.8 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, Тогтоох хэсгийн 1 дүгээр бүлгийн 1, 3 дахь хэсэг, 2 дугаар бүлэгт тус тус заасан үлдэх 302,926.6 мянган төгрөгийн төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 8,516,981.2 мянган төгрөгийг буцаан олгохгүй, нөхөн татвар тооцож тооцооллоос хаахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, "Ш-У х" ХХК-ийн 2012 оны 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн үлдэгдлийг баталгаажуулж өгөхийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын гаргасан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 дугаар актын үндэслэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

1.      Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 8,516,981.2 мянган төгрөгийг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэсэн тухайд:

Нэхэмжлэгчээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь ирээдүйн зочид буудлын үйл ажиллагаанаас орох орлого буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд зориулан хийгдсэн худалдан авалт учир 85,169,812.0 мянган төгрөгийн худалдан авалтанд төлсөн 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох ёстой гэж, хариуцагчаас хасч тооцохгүй хэмээн маргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаас үзвэл татвар төлөгч мөн хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор зохицуулалттай байна.

Харин нэхэмжлэгч "Ш-У х" ХХК-ийн хувьд зочид буудлын барилга нь баригдаж дууссанаар цаашид нэмүү өртөг бий болж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ хийгдэхгүй учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын зохицуулалт хамаарахгүй бөгөөд тус компанийн худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд барьж байгаа үндсэн хөрөнгөнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, уг барилгыг барихад гарсан бүх үйлчилгээний эцсийн хэрэглэгч болохынхоо хувьд тэдгээрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эцсийн татвар төлөгч нь "Ш-У х" ХХК өөрөө байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д зааснаар худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн нь үндсэн хөрөнгийн өртөгт багтаж, өртгөөр үнэлж бүртгэхээр байх тул "Ш-У х" ХХК-ийн зочид буудлын барилгад зориулан хийсэн худалдан авалтад төлсөн дээрх буцаан олгогдохгүй 8,516,981.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг барилгын өртөгт шингээж, энэ байгууллагын зардал болж санхүүгийн тайланд тусгах ба тус компани дээрх хөрөнгөө Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтын дагуу бүртгэх ёстой байна.

Иймд татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 8,516,981.2 мянган төгрөгийг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.      Монгол улсад оршин суугч бус этгээдийн Монгол улсад олсон зөвлөх үйлчилгээний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар суутган тооцоогүй гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгчээс 2012 онд БНХАУ-ын Vantaly art project, WTPartnership /Shanghai/, AECOM зэрэг компанитай зөвлөх үйлчилгээ хийлгэх гэрээ байгуулж гэрээний гүйцэтгэлээр баталгаажсан нэхэмжлэхээр 147,267.0 мянган төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд татварын улсын байцаагч нараас оршин суугч бус этгээдийн орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутган тооцож төсөвт төлөөгүй гэсэн үндэслэлээр 14,726.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,418.0 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги ногдуулжээ.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Монгол улсын олон улсын гэрээнд Монгол улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан байх ба 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр конвенц байгуулж, соёрхон баталжээ. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тухайн төрлийн татварын харилцааг нарийвчлан зохицуулсан олон улсын гэрээ байна.

Дээрх конвенцийн Аж ахуйн үйл ажиллагааны ашиг гэсэн 7 дугаар зүйлийн 7.1-д Хэлэлцэн тохирогч улсын аж ахуйн нэгж нь хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч улс татвар оногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дээр дурдсан үйл ажиллагаа эрхэлбэл уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн төлөөлөгчийн газарт хамаарах хэсэгт хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар оногдуулж болно, 5 дугаар зүйлийн 5.3-т Төлөөлөгчийн газар гэдэгт түүнчлэн дараах зүйлийг хамааруулна: а. 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт, суурилуулалтын ажил болон эдгээртэй холбогдсон удирдлага, хяналтын үйл ажиллагаа, б. 18 сараас илүү хугацаагаар үргэлжлэх тухайн барилга байгууламж, эсвэл түүнтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцэн тохирогч нөгөө улсад ажиллаж буй ажиллагсдаараа дамжуулан хэлэлцэн тохирогч нэг улсын аж ахуйн газраас үйлчилгээ үзүүлэх, үүнтэй холбогдсон зөвлөгөө өгөх гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл БНХАУ-ын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газраараа дамжуулан Монгол Улсад үзүүлсэн зөвлөх үйлчилгээний орлогод дээрх Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн дагуу Монгол улс татвар ногдуулахаар байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:, 3.1.3-т Монгол улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар, 5 дугаар зүйлийн 5.4-т Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:, 5.4.1-д төлөөний газраараа дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;,  5.4.2-т энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, 7.2-т Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно, 17 дугаар зүйлийн 17.2.9-т Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар: г. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого, 21 дүгээр зүйлийн 21.5-д Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу Монгол улсад байрладаггүй гадаадын аж ахуйн нэгжийн олсон Монгол улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдох байтал "Ш-У х" ХХК нь БНХАУ-ын Vantaly art project, WTPartnership /Shanghai/, AECOM зэрэг компаниудад зөвлөх үйлчилгээний 147,267.0 мянган төгрөгийн төлбөрийг шилжүүлэхдээ ногдох албан татварыг суутган авч төсөвт шилжүүлэлгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг зөрчжээ.

Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн Монгол улсад оршин суугч бус этгээдийн Монгол улсад олсон зөвлөх үйлчилгээний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар суутган тооцоогүй зөрчилд 14,726.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,418.0 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

3.      Оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлсэн төлбөрийг нэмэгдсэн өртгийн тайлангаар тайлагнасан илүү төлөлтөөс хааж татвар суутган төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Хариуцагчаас энэхүү зөрчилд 37,122.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 18,561.4 мянган төгрөгийн торгууль, 111.4 мянган төгрөгийн хүү ногдуулсныг нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс хасч тооцсон гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна, 16 дугаар зүйлийн 16.1-д албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар... төлөхөөр, 16 дугаар зүйлийн 16.1.2-т Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүрэгтэй гэснээс үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь Монгол улсын нутаг дэвсгэрт "Ш-У х" ХХК-ийн захиалгаар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Монгол улсад оршин суугч бус хуулийн этгээдүүд, нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээгээр тохиролцсон үнийн дүн дээр хуульд заасан хувь хэмжээгээр нэмэгдүүлэн авч төсөвт төлөх үүрэгтэй суутган төлөгч нь ажил үйлчилгээг худалдан авагч "Ш-У х" ХХК байна.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар татвар төлөгчийн олсон орлогод татвар суутгагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар /10 хувь/ татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл, татвар суутгагч нь татвар төлөгчийн төлсөн татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хамааруулан өөрийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй тул оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлсэн төлбөрийг нэмэгдсэн өртгийн тайлангаар тайлагнасан илүү төлөлтөөс хааж татвар суутган төлөөгүй зөрчилд төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

4.      Монгол улсад оршин суугч бус этгээдийн Монгол улсад олсон зөвлөх үйлчилгээ орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар суутган ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Хариуцагчаас "Ш-У х" ХХК-ийн 2012 онд Монгол улсад оршин суугч бус LRF consulting, WSP hong kong, Architectural consultancy services, Quantity surveying services, SLIM HKReimbursement, TFP farrells design work, ALT design work, Pro-Lit lighting consultancy services, Vantaly art project, WTPartnership /Shanghai/, AECOM зэрэг хуулийн этгээдээр зөвлөх үйлчилгээ хийлгэх гэрээ хийн, гүйцэтгэлээр баталгаажсан нэхэмжлэхээр шилжүүлсэн нийт 1,506,788.9 мянган төгрөгийн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 150,678.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 75,339.5 мянган төгрөгийн торгууль, 452.1 мянган төгрөгийн хүү ногдуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс Зөвлөх үйлчилгээ гадаад улсад гүйцэтгэсэн буюу Монгол улсын нутаг дэвсгэрт ирж үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд Монгол улсад нэмүү өртөг үүсээгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээний тодорхойлолтод хамаарахгүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4-т Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 7.4-т Дор дурдсан үйл ажиллагааг үйлчилгээ үзүүлсэнд хамааруулна: 7.4.9-д Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж тус тус зааснаас үзэхэд зөвлөх үйлчилгээний үр дүн нь Монгол улсад илэрсэн, Монгол улсын хуулийн этгээдийн үйл ажиллагаатай шууд холбогдох тул захиалгаар үйлчилгээ үзүүлсэн оршин суугч бус хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, төлбөр шилжүүлж буй этгээд нь суутган тооцох үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Ш-У х" ХХК нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч "Ш-У х" ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 18.1.14-д заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлгээгүй байх тул татварын улсын байцаагч нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 дугаар актын Тогтоох хэсгийн 1 дүгээр бүлгийн 1, 3 дахь хэсэг болон 2 дугаар бүлгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул хариуцлага болох 98,318.9 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү, нийт 100,398.2 мянган төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ш-У х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Э нарын гаргасан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001902 дугаар актын 98,318.9 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү, нийт 100,398.2 мянган төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, актаар ногдуулсан маргаан бүхий 302,926.6 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг 202,528.4 мянган төгрөг болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА