Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00381

 

Ч.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2171 дүгээр магадлалтай

Ч.Уийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох

Санал болгох хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Уийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаар тогтоолоор Ч.Уээс зээлийн гэрээний үүрэгт 69 335 180 төгрөг гаргуулж Г.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Нраас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот орон сууцыг дуудлага худалдаанд 2 удаа оруулсан боловч худалдагдаагүй байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт үгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Нрын санал болгох хуралдаанаар дээрх орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөхийг өмчлөгч нараас шаардсан. Дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2018 оны 4 дүгээр сарын 23-нд гомдол гаргасан боловч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4/137 тоотоор гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас дахин 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/196 тоотоор мөн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгч болох О.Энхмөрөн, О.Энхтуул нарт мэдэгдэхгүйгээр Ч.У, Д.Отгонбаяр нарыг оролцуулан санал болгох хурлыг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж энэрэнгүй байх зарчимтай нийцэхгүй байна. Иймээс Нрын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1374 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны дугаар 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаар тогтоолоор Ч.Уээс 69 589 905 төгрөгийг гаргуулж Г.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Уийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001127 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Төлбөр төлөгч Ч.У, өмчлөгч Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал өгөх тухай 3/32333, 3/32331 тоот мэдэгдлийг гардуулж өгсөн. Төлбөр төлөгч Ч.У нь үнийн санал өгч мэдэхгүй тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, үнийн санал өгөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 70 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 3/37479, 3/37589 тоот албан бичгээр талуудад мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 70 800 000 төгрөгийн 70 хувиар тооцон 49 560 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй учраас хуульд заасны дагуу 70 800 000 төгрөгийн 50 хувиар тооцон 35 400 000 төгрөгөөр үнэ буурч хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч худалдан борлогдоогүй болно. Төлбөр төлөгч Ч.У нь үнэлгээнд гомдож Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 580 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1051 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1070 дугаар тогтоолоор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Г.Наранцэцэгт 70 199 905 төгрөгийн төлбөрт санал болгосон. Төлбөр төлөгч Ч.Ут нэг сарын төлбөр төлөх хугацаа өгсөн боловч одоог хүртэл төлбөрөөс нэг ч төгрөгийг барагдуулаагүй бөгөөд хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт санал болгох хурлыг мэдэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нарт холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Ч.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2171 дүгээр магадлалаар:Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2171 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт өгөөгүй, өмчлөгч нарын өмчлөх эрхтэй холбоотой эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.

Нар нь төлбөр төлөгчийн эрхийг хэт зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Д.Отгонбаяр, О.Энхтуул, О.Энхмөрөн нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 19-р байр, 335 тоот, 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2016 онд “Лэндс” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээ хийснээс хойш 2 жил гаран болж байхад дахин үнэлгээ хийлгүйгээр шууд төлбөр авагчид санал болгох хуралдааныг хийж байгаа нь өмчлөгч нарын өмчийг тэдний зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Мөн үнэлгээний компаниуд нь хүний өмч хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаар үнэлдэггүй, харин өртгийн хандлагаар буюу элэгдэл хорогдол хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний компанид явуулсан үнэлгээ хийлгэх тухай тогтоолд өртгийн хандлагаар гэж заагаагүй, харин зах зээлийн ханшийн үнэлгээ хийлгүүлэх тухай гэж заасан зэргээс харахад Д.Отгонбаяр, О.Энхтуул, О.Энхмөрөн нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн, улмаар уг үнэлгээгээр санал болгох хуралдааныг хийж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2171 дүгээр магадлалыг хянан үзэж, ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ч.У нь Нарт холбогдуулан Санал болгох хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1374 дүгээр шийдвэрээр Ч.Уээс 56 218 011 төгрөгийг гаргуулж Г.Наранцэцэгт олгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлалаар Ч.Уээс 69 355 180 төгрөг гаргуулж Г.Наранцэцэгт олгож шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00867 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

  Шүүхийн дээрх шийдвэрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч Ч.Ут төлбөр барагдуулах хугацаа өгч, улмаар зээлийн төлбөрт барьцаалагдсан барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хурааж, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК орон сууцыг 70 800 000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барьцааны хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчид төлбөр төлөх нэг сарын хугацаа олгож, энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 70 800 000 төгрөгт тооцож төлбөр авагчид шилжүүлж, зөрүү 600 095 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж, төлбөр төлөгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Төлбөр төлөгч Ч.У нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00580 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1050 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1080 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөөгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд үнэлгээний талаарх гомдлыг шүүх шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж, энэ хооронд зохих хугацаа өнгөрсөнд хариуцагчийг буруутгах боломжгүй тул “...үнэлгээ хийлгэснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байхад дахин үнэлгээ хийлгүйгээр орон сууцыг шууд төлбөр авагчид санал болгох хуралдааныг хийснийг зөвшөөрөхгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул санал болгох хуралдаанаар төлбөр авагчид шилжүүлж буй орон сууцыг дахин үнэлэхгүй.

Иймд “...зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, улмаар уг үнэлгээгээр санал болгох хуралдааныг хийж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй..." гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч.Уийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД