Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/987

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ят холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1325 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........... дүүргийн .......... дүгээр хороо ........... дугаар гудамж .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ө  овогт Дийн Я /РД:................./,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Я нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, .....................  дугаар гудамжны ..........  тоотод иргэн А.Аын нүүрэн тус газар гараараа цохиж, нуруун тус газар хөлөөрөө дэвсэн, өшиглөж цохиж зодон эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхи, баруун зүүн дал, нуруу, зүүн мөр, бугалга, баруун бугалга, баруун суга, баруун ташаа, баруун өгзөг цус хуралт, ууц хоёр өгзөг зулгаралт, баруун өвдөг зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 874 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Д.Яыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. А.Аын цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх2/,

2. Хохирогч А.Аын “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал манай найз Батхуяг архи барьж ирээд бид хоёр архийг хувааж уунгаа юм ярьж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөн Батхуягийн хамт үргэлжлүүлээд гэрийн гадна машинд нь 0.5 литрийн Хараа архи авч уусан. Батхуяг болохоор машин барина гээд уугаагүй. Нэг мэдсэн чинь би тасарчихсан байсан бөгөөд нэг сэртэл Батхуягийн найз Улаанаа гэх эрэгтэйн гэрт очсон байсан бөгөөд Батхуяг түр гараад явсан хойгуур 21 цагийн үед Улаанаа намайг өшиглөж дэвсээд зодсон. Сүүлдээ би Батхуягийн найз байна гэж хэлж байж болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх8/,

3. Гэрч Т.Батхуягийн “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өмнө нь цуг барилга дээр ажиллахдаа танилцаж байсан найз Атай ярьж байгаад орой уулзаад 1 дүгээр хорооллын арын гэр хороолол дахь гэрт нь хамтдаа нэг шил архи хувааж уугаад юм ярьж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өглөө сэрсэн чинь нутгийн дүү Улаанаа над руу залгаад “та Улаанбаатар хотод ирсэн юм уу? хэрэв тийм бол манайхаар ирээд хоол унд идчихээд ажилдаа яваач” гэхээр нь явах гэтэл А “найз нь тэгвэл хамт явъя” гэж хэлээд надтай хамт Улаанаагийнд очсон. Орохын өмнөхөн А дотор муу байна гээд байхаар нь нэг шил 0.5 литрийн Хараа архи авч өгсөн. Би гадуур ажилтай болохоор архинаас нь уугаагүй. Тэгээд Улаанаагийнх руу ортол хоол хийчихсэн, шар айраг, архи зэрэг авчихсан байж байсан. Тэгэхээр нь би хоол идчихээд гадуур ажлаа амжуулж явж байгаад буцаж гэрт нь ороод Аыг аваад гэрт нь хүргэж өгөх гэтэл шал согтчихсон “найз нь чамтай хамт Чойрын ажил руу чинь явъя” гээд гуйгаад байхаар нь аваад явчихсан. Гэтэл А маргааш өглөө нь сэрээд эрүүл болоод “найзынх нь хамаг бие өвдчихсөн байна. Нуруу хараад өгөөч. Намайг Улаанаа зодчихсон, жорлонгийн нүх рүү булна гэж хэлээд чирч явсан” гэхээр нь нурууг нь сөхөөд хартал хөх няц болж, урагдсан байдалтай байсан. Тэгээд тонгойгоод, олигтой хөдөлж чадахгүй байхаар нь таньдаг айлаасаа эм авч тариа авч түрхэж өгч байсан. Улаанаагийн гэрийн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, .....................  дугаар гудамж, ..........  тоот гэж байсан. А Улаанаагийн гэрт зодуулсан гэсэн. Би Улаанааг зодсон гэж сонсоод тухайн үед залгаж асуутал “Наадах чинь өөрөө хэрүүл өдөөд байсан шүү дээ. Би зодох нь зодсон нээх айхтар бол зодоогүй шүү дээ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7450 дугаар “....А.Аын биед зүүн нүдний доод зовхи, баруун зүүн дал, нуруу, зүүн мөр, бугалга, баруун суга, баруун ташаа, баруун өгзөг цус хуралт, ууц, хоёр өгзөг зулгаралт, баруун өвдөг зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх21-22/,

5. Шүүгдэгч Д.Яын яллагдагчаар өгсөн “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, .....................  дугаар гудамж ..........  тоот гэртээ байж байтал Батхуяг ах найз Аын хамтаар ирсэн. Тэгээд бид гурав хамт архи ууж байгаад нэг мэдсэн би тасарчихсан байсан бөгөөд нэг сэрсэн чинь Батхуяг ах байхгүй, А баахан шар айраг асгачихсан байсан. ...Би нэлээн согтоод тасарчихсан байсан. маргааш өглөө нь 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр сэрээд байж байтал Батхуяг ах над руу залгаад “Чи Аыг яагаад зодчихсон юм бэ? гэхээр нь би “Өө би санахгүй байгаа. Гэхдээ дүү нь зодсон байхаа. Уучлаарай...” гэж хэлээд тасалсан...” гэсэн мэдүүлэг /хх34/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Я:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Я, А.А нар нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, .....................  дугаар гудамж ..........  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар Д.Я нь А.Аыг өшиглөж зодон эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь хохирогчийн “...Нэг мэдсэн чинь би тасарчихсан байсан бөгөөд нэг сэртэл Батхуягийн найз Улаанаа гэх эрэгтэйн гэрт очсон байсан бөгөөд Батхуяг түр гараад явсан хойгуур 21 цагийн үед Улаанаа намайг өшиглөж дэвсээд зодсон. Сүүлдээ би Батхуягийн найз байна гэж хэлж байж болиулсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Батхуягийн мэдүүлэг,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдсон гэж дүгнэлээ.

  Мөн шүүгдэгч Д.Яын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Яын биед “...зүүн нүдний доод зовхи, баруун зүүн дал, нуруу, зүүн мөр, бугалга, баруун суга, баруун ташаа, баруун өгзөг цус хуралт, ууц, хоёр өгзөг зулгаралт, баруун өвдөг зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7450 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Д.Я нь хохирогчид 600.000 төгрөгийн хохирол төлсөн /хх60/, хохирогч А.А нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.Я нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчид хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Д.Ят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ят 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР