Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/988

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гд холбогдох эрүүгийн 2108 00000 0934 дугаартай хэргийг 2021 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Дорнод  аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “............” ХХК-д угсралтын техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн ........... дүгээр хороо, ................ дугаар гудамж, .......... тоотод оршин суудаг, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

Б овогт Цын Г  /РД:............./.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 38 дугаар хороо, ............... .....  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Бтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөн уртасгагч залгуураар биеийг нь ороолгож биед нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, өвдөг шарх, зүүн нүдний алим, зүүн бугалга, дал, нуруу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөг зулгаралт” гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 898 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх1/,

2. Хохирогч С.Бын “...2021 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 6 цагийн үед сэртэл Ц.Г орон дээр бөөлжөөд, шээчихсэн байсан. Тэгэхээр нь би уурлатал Ц.Г гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгснээ миний утсыг хурааж аваад, уртасгагч залгуураар Г миний зүүн гар, нуруу, зүүн гуя, зүүн талын өгзөг рүү олон удаа ороолгосон. Тэгээд гартаа хутга барьчхаад намайг гэрээс гаргахгүй байсан. ...Миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Баруун гар, зүүн гар, зүүн гуя, өгзөг, нуруу хэсэг тэр чигтээ хөхөрсөн. Над руу Ц.Г аяга шидсэний улмаас зүүн гуя хэд хэдэн газраа зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх6-7/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 7462 дугаартай “...С.Б-н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, өвдөгт шарх, зүүн нүдний алим, зүүн бугалга, дал, нуруу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлийн үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх9-10/,

4. Гэрч К.Жиналганий “...С.Б нь манай төрсөн охин байгаа юм. Манай охин С.Б нь Ц.Г гэх залуутай үерхэж байгаад албан ёсоор гэр бүлээ батлуулж 2020 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч байна. С.Б 2021 оны 08 дугаар сарын 13-ны үдээс хойш над руу утсаар яриад Ц.Г намайг зодсон, би ажилдаа очиж чадахгүй байгаа гэж ярьсан. Тэгээд 13-ны орой 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд ирсэн, биеийн байдал зодуулсан, нүд нь хөхөрсөн, зүүн гар биеийн хэсэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх106/,

5. Гэрч Д.Мөнхжаргалын “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед манай хажуу айл болох .....  тоотоос эмэгтэй хүн туслаарай гэсэн дуу гарахаар нь тухайн тоот хаалгыг тогшиход жижиг бор залуу хаалга онгойлгохоор нь харсан чинь нэг эмэгтэйн нүүр хэсэгт улайж хавдсан байдалтай байсан. Тэгээд тухайн залуу эхнэр бид хоёр хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдсан, цагдаа битгий дуудаарай гэхээр нь би явсан...” гэсэн мэдүүлэг /хх108-109/.

6. Шүүгдэгч Ц.Гын яллагдагчаар өгсөн ”... эхнэр С.Б над руу 2021 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн үед утсаар яриад “намайг Бөмбөгөр худалдааны ойролцоогоос ирээд авчих” гэхээр очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо ............... .....  тоотод ирэх үедээ би замдаа 2,5 литрийн пиво авсан байсан. ...Би худалдаж авсан пиво ганцаараа уугаад шөнийн 03 цагийн үед унтаад өглөө босох гэсэн чинь эхнэр орон дээр бөөлжөөд шээчихсэн байна гээд намайг сэрээсэн. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад, би угаалгын өрөө орчоод гарч ирэх үед эхнэрийн орны дэрэн дээр гар утас нь байхаар нь утсыг нь үзэх үед Алтанбаяр гэх хүнтэй харилцсан байсан. Би чамайг санаж байна гэх утгатай мессеж байхаар нь эхнэрийг унтаж байхаар Алтанбаяр гэж хэн бэ? гэж асуух үед эхнэр орон дээрээс босоод юун Алтанбаяр гэхээр нь эхнэрийн баруун хацар хэсэгт гараараа алгадаж, ор руу түлхэж унагаасан. Тэгээд эхнэр надад би чамд тайлбарлая гэхээр мессежийг нь харуулаад цахилгааны залгуур авч эхнэрийн нуруу болон хөл хэсэгт ороолгосон. ...Би С.Быг эмнэлгээр авч явж төлбөр мөнгө гэж 250.000 төгрөгийг Хаан банкны ............ дугаартай данс руу нь шилжүүлсэн. Мөн 85.000 төгрөгийн эм тариа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх82-84/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.Г.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 38 дугаар хороо, ............... .....  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Бтой гэр бүлийн маргаантай харилцаанаас болж  маргалдан, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохих, мөн уртасгагч залгуураар биеийг нь ороолгож зодсон болох нь дээр дурдсан хохирогч С.Бын мэдүүлэг, гэрч К.Жиналган, Д.Мөнхжаргал нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Гын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, өвдөг шарх, зүүн нүдний алим, зүүн бугалга, дал, нуруу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөг зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7462 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Ц.Г, хохирогч С.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх29/-аар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлт дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч Ц.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гын гэм буруугаа ухамсарлаж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР