| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2015/01380/И |
| Дугаар | 00794 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00794
2017 оны 07 сарын 20 өдөр Дугаар 142/ШШ2017/00794 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Шим технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М энд Б констракшн” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М энд Б констракшн” ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх тухай 2014 оны 25/14 тоот гэрээний дагуу манай компанийн логистикийн барилгын дээврийн ажил хийхээр урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 00 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр авсан.
Гэрээт ажил болон төлбөрийн талаар захиалагч, гүйцэтгэгч талууд олон удаа ярилцсан, шаардсан 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч компани гэрээт ажлаа одоо болтол хийгээгүй. Иймд манай компани гэрээнээс татгалзан дуусгавар болгож 2015 оны 11 дүгээр сарын 02-нд Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 2014 оны 06/14, 2014 оны 48/14 дугаартай гэрээнүүдэд холбогдох маргааныг арбитрийн шүүхийн харьяаллын хэрэг тул татгалзаж байна. Иймд “М энд Б констракшн” ХХК-иас ажлын урьдчилгаа хөлсөнд авсан 6 468 125 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “М энд Б констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 193 тоот захирамжийн дагуу манай компани тогтсон хугацаанд барилгын засварын ажлыг эхлүүлэхээр хандсан боловч “Шим технолоджи” ХХК зүгээс удаа дараа хүлээж бай зөвшөөрөл олгогдоогүй байна гэх зэргээр шалтаг тоочин хойшлуулж байгаад дараа нь зориуд өөр компани оруулж барилгын ажлыг хийлгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК нь хариуцагч “М энд Б констракшн” ХХК-нд холбогдуулан 2014 оны 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “М энд Б констракшн” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компани 2014 оны 25/14 тоот барилга засварын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж уг гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...дээврийн болон дотор заслын ажлыг хийх гэсэн боловч нэхэмжлэгч талаас барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байж байгаад өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн.Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй.Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Харин урьдчилгаанд авсан төлбөртөө өөр барилгын ажил байвал гүйцэтгэх, эсвэл барилгын материал өгөх саналтай байна” гэж тайлбарлаж байгаа.
Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК анх 2015 оны 11 дүгээр сарын 09-нд “М энд Б констракшн” ХХК-нд холбогдуулан Худалдах, худалдан авах тухай 2014 оны 16/14 тоот гэрээгээр хөдөлгүүр нагнеталийн үнэ 600 ам доллар, Барилгын ажил гүйцэтгэх тухай 2014 оны 25/14 тоот гэрээний дагуу компанийн логистикийн барилгын дээврийн ажил хийхээр урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг, Худалдах, худалдан авах тухай 2014 оны 48/14 тоот гэрээгээр агааржуулалтын вентилятор 3 ширхэг нийлүүлсэн түүний үнэ, нийт 28 548 721 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн тул шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
193 дугаар захирамжид “....2014 оны 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд нар дараах байдлаар буюу “...Шим технолоджи” ХХК-ийн логистикийн барилгын дээврийн ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлыг хийж гүйцэтгэсний дараа гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөрийг өгөх, засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон тул 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар харилцан тохирч, эвлэрсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчдын тайлбараар тогтоогдож байна” гэж дурьдсан.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 16/14, 48/14 тоот бараа худалдах худалдан авах гэрээнүүдийн хувьд зохигчид гэрээндээ “маргааныг хариуцагчийн оршин байгаа газрын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж хэлэлцэн тохирсон байх тул 16/14, 48/14 тоот гэрээнүүдтэй холбоотой маргаанаа арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан 16/14, 48/14 тоот гэрээнүүдтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК “...зохигчдын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй байхад эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасныг баримтлан 193 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ....гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээ байгуулаагүй байгаа нь дээрхи захирамжийг илт үндэслэл муутай гарсан гэж үзэх үндэслэл болж байна” гэж дүгнэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 2014 оны 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд өгсөн 6 468 125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж бусад шаардлагаасаа татгалзсан.
Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барилга засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж гэрээгээр “М энд Б констракшн” ХХК нь “Шим технолоджи” ХХК-ийн логистикийн хэлтэсийн дээвэр, дотор заслын ажлыг гүйцэтгэж гэрээ зурагдсан өдрөөс хойш 1 сарын дотор ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид барилга засварын ажил гүйцэтгэх талбай, ажлын байр гаргаж өгөх, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээж нэхэмжлэгч урьдчилгаа хөлс 6 468 125 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавраар тогтоогдож байна.
Гэрээгээр тохирсон хугацаанд хариуцагч “М энд Б констракшн” ХХК үүргээ биелүүлээгүй, логистикийн хэлтэсийн дээвэр, дотор заслын ажлыг хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчид логистикийн барилгын дээврийн ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх хугацааг өгсөн.Гэвч энэ хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж, урьдчилгаа хөлснд өгсөн 6 458 125 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...дээврийн болон дотор заслын ажлыг хийх гэсэн боловч нэхэмжлэгч талаас барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байж байгаад өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн.Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй.Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Харин урьдчилгаанд авсан төлбөртөө өөр барилгын ажил байвал гүйцэтгэх, эсвэл барилгын материал өгөх саналтай байна” гэсэн тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 346 дугаар зүйлийн 346.1-дТалууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Хариуцагч “М энд Б констракшн” ХХК нь гэрээнд заасан хугацаанд, мөн нэмэлт хугацаа тогтоосон хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн гаргаагүй тул нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт төлсөн ажлын хөлс 6 468 125 төгрөгийг шаардах, 2014 оны 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнээс татгалзах эрх үүснэ гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан “...дээврийн болон дотор заслын ажлыг хийх гэсэн боловч нэхэмжлэгч талаас барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байж байгаад өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй” гэсэн тайлбар, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд хариуцагч “М энд Б констракшн” ХХК-иас 2014 оны 25/14 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу ажлын хөлсөнд авсан 6 468 125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 09-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 28 548 721 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 301 281 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч 16/14, 48/14 тоот гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул дээрхи дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 6 468 125 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 118 280 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан 16/14, 48/14 тоот гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч “М энд Б констракшн” ХХК-иас 6 468 125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК 16/14, 48/14 тоот гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 281 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118 280 нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА