Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/995

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бод холбогдох эрүүгийн 2108 00000 0951 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. дүүргийн ............ дугаар хороо, ............. дүгээр гудамжны ............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

З овогт Эийн Б /РД:............./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, ........  ........  дүгээр гудамжны ........  тоот гэртээ 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Уранчимэгийг “хүүхдэдээ анхаарал тавьсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зовхины дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доод салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын ........ -ний өдрийн 914 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Э.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.“...2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, ........  ........  дүгээр гудамжны ........  тоотод байрлах гэртээ 19 цаг өнгөрч байхад ирсэн юм. ...Б над руу уурлаж чи хүүхдээ сайн харж анхаарал тавьж чаддаггүй, хүүхэд чинь янз бүрийн хүүхдүүдтэй нийлж дэмий тэнэж байна гэж хэлэхээр нь чи ажилгүй байгаа биз дээ, хүүхдүүдээ өөрөө сайн хараач гэж хэлсэн чинь Б миний хажуу талын орон дээр сууж байгаад яах гээд  хүүхдүүдээ өмөөрөөд байна аа гэж хэлээд миний зүүн шанаа руу нэг удаа мөргөхөөр нь зөрүүлээд нэг удаа хацар руу нь алгадсан чинь дахиад мөргөсөн газраа нэг удаа мөргөхөөр нь би уйлаад гэрээс гарч гүйгээд цагдаа дуудлаа гэхэд манай нөхөр зугтаагаад явчихсан юм. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх7/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8355 дугаар “...Н.Ууганчимэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зовхины дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доод салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх16-17/,

7. Шүүгдэгч Э.Бын яллагдагчаар өгсөн “...манай эхнэр Ууганчимэг Ууганчимэг 22 цаг өнгөрч байхад орж ирэхээр нь хүүхдүүдээ харахгүй яах гээд байгаа юм бэ наадуул чинь хаагуур дэмий тэнэж яваад байгаа юм гэж хэлтэл өөдөөс чи ажилгүй гэртээ байгаагаараа өөрөө хүүхдүүдээ хараач гэж хэлэхээр нь миний уур хүрч бид хоёрын дунд маргаан үүсэж орон дээр Ууганчимэг сууж байхаар нь зүүн шанаа орчимд нь нэг удаа мөргөтөл намайг алгадаад авахаар нь уур хүрээд дахин нэг удаа мөргөөд автал манай эхнэр цагдаа дуудлаа гэж хэлээд явахаар нь гэрээс гараад зугтаагаад явсан. ...Би өөрөө үйлдсэн хэргээ үнэн зөв ярьж хэлж байгаа болохоор хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх53-54/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Э.Б.

Шүүгдэгч Э.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно. 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, ........  ........  дүгээр гудамжны ........  гэртээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж эхнэр Э.Ууганчимэгийн нүүр хэсэг рүү нь толгойгоороо 2 удаа мөргөж зодсон болох нь дээр дурдсан хохирогч Н.Ууганчимэгийн мэдүүлэг, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Бын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Ууганчимэгийн биед “зүүн нүдний дээд, доод зовхи, зовхины дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доод салстын цус харвалт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8355 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Ууганчимэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх7/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь урьд нь хохирогчийн зодож цохиж байгаагүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энэбишийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР