Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

    2021        12         28                                    2022/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Т, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Год, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2576 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1983 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган а гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /,

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлөөнд оролцох явцдаа хохирогч Б.Гтой маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа уохих, мөргөх зэргээр хүч хэрэглэн халдаж биед нь духны зүүн хэсэгт хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт, шарх, хамрын дээд хэсэг, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Гэрэл-Од нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлөөнд оролцох явцдаа хохирогч Б.Ттэй маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдаж биед нь зүүн хоншоорын урд ханын хугарал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Их засгийн зүүн талаас баруун тийшээ нэгдүгээр эгнээгээр явж байсан. Тэгэхэд дугуйтай хүн явж байсан. Дугуйтай хүнийг тойроод нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шахаад гарах явцад хойноос байнгын сигнал дарсан. Тэгээд цонхоо онгойлгоод урд дугуйтай хүн явж байна шүү дээ гэж хэлтэл цаанаас нь Б.Т болон хүүхдээ тэвэрч байгаа эхнэр нь орилсон. Тэгээд  хоёрдугаар эгнээ рүү орох гэтэл намайг шахсан. Гэтэл Б.Т Их Засгийн наад талын уулзвар дээр гуравдугаар эгнээнээс намайг хааж зогсож байгаад машинаасаа буусан. Тэгээд миний хаалгыг онгойлгоод шууд намайг заамдаж аваад зодож эхэлсэн. Намайг мөргөхөд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор гараа урагш болгоход Б.Т цохигдсон. Би ямар нэгэн хохирол учруулъя, гэмтээе гэсэн санаагүй байсан. Б.Т машинаасаа бууж ирж намайг зодоогүй бол ийм үйл явдал болохгүй байсан. Энэ үйл явдлаас нэг сарын өмнө манай ганц эрэгтэй дүү болох ах маань ийм балмад хүмүүст зодуулаад амь насаа алдсан. Өмнөх долоо хоногт нь манай өвөө ковидоор нас барсан. Би тэнд яах гэж явсан бэ гэхээр манай ээж Эрдэнэтэд ковидоор үхэх сэхэх нь мэдэгдэхгүй сэхээнд байж байх үед Эрдэнэтэд бензин байгаагүй. Тэгээд хүнээс бензиний банк авах гэж л явсан. Тэр хүнээс бензинээ ч авч чадаагүй. Б.Т намайг зодчихоод машиндаа суугаад зугтаад явсан. Тэгээд би цусаа гоожуулаад араас нь Дарь-Эхийн уулзвар дээр очоод чи намайг ийм болгосон хариуцлагаа хүлээ, намайг дагуулаад гэмтэл яв гэхэд өөдөөс хохь чинь гэсэн. Ийм балмад танхай байж болохгүй. Би өөрийгөө хамгаалахын тулд л гараа урагш болгосон” гэв.

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын зүүн талаас өөрийн эзэмшлийн 88-89 УНК улсын дугаартай,Тоёота Алфард маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь миний явж байсан нэгдүгээр эгнээгээр үл таних хүн дугуй унаад явж байсан. Тухайн дугуй унаад явж байсан хүнийг тойрч гарах гээд замын хоёрдугаар эгнээ рүү орсон, тэгсэн чинь ард явсан машинтай хүн машиныхаа дуут дохиог ажиллуулаад байсан, тэр үеэс эхлээд л нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь тухайн Тоёота Харьер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн шахаад, цонхоо онгойлгочхоод замаар голлож явлаа гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг машинаараа шахаж явсаар байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах Ерөнхий газрын 3 замын гэрлэн дохион дээр ирээд зогссон чинь нөгөө Тоёота Харьер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн гуравдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү шахаж дарж орж ирээд миний машины урд хөндлөн байрлалтай зогсоод жолоо барьж явсан үл таних 25-28 орчим настай, эрэгтэй хүн бууж ирээд жолооч талын буюу миний машин барьж явсан талын хаалгыг онгойлгоод шууд хувцасны энгэр хэсгээс бариад /заамдаад/ гараа атгаж байгаад нүүр рүү маань нэг удаа цохиод, намайг машинаас чирч буулгаад дахиад толгойгоороо миний духны зүүн тал буюу зүүн нүдний хөмсөгний дээд хэсэг рүү мөргөхөөр нь би баруун гараараа нүүр хэсэг рүү /яг нүүрний аль хэсэг рүү цохисноо санахгүй байгаа/ нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь намайг машины хаалга руу түлхээд би толгойгоо дээш өргөх үед миний духны зүүн хэсгээс маш их хэмжээний цус гарч, гоожиж эхэлсэн юм. Тэгсэн чинь нөгөө залууг машинаас нь үл таних эмэгтэй бууж ирээд чирээд машинд нь суулгаад аваад явсан юм. Тэгэхээр нь би ардаас нь дагаад явж байгаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкийн автобусны буудлын ойролцоо очоод би машиныг нь өөрийн машинаараа хааж зогсож байгаад машинаасаа бууж очоод нөгөө залууг намайг дагаад Гэмтлийн эмнэлэг яв, миний нүүрийг ийм болгочихлоо гэж хэлсэн чинь нөгөө залуу хохино” гэж хэлээд хөдлөөд явахаар нь би цонх руу нь 3 удаа цохиод л хоцорсон юм. Улмаар би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж дух хэсэгтээ 6 оёо тавиулаад цагдаагийн байгууллагад хандсан юм... миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт маш том язралт, цаад яс нь харагдаж байсан, зүүн талын шанаа хэсэг хавдсан байдалтай байсан юм... тэр залуу өөрөө машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод шууд зодож эхэлсэн. Тэгэхээр нь л би нэг удаа гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь цохисон юм. Тэрнээс өөр цохиж, зодсон зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед... 03-66 УБЛ улсын дугаартай Тоёота Харьер маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй ертөнцийн зүгээр баруун тийшээ Их засаг их сургуулийн зүүн талд байрлах хурд хэмжигчийн ойролцоо 2 дугаар эгнээ буюу голд нь явж байсан чинь урд талд 88-89 УНК улсын дугаартай Алфард маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл 1, 2 дугаар эгнээний голын цагаан зураасан дээр яг голлоод яваад байхаар нь би хажуу талаар нь ороод дуут дохио дуугаргасан чинь миний машин руу машинаа шахаад байсан, тэгээд би дахиж хажууд нь очоод цонхоо онгойлгоод “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр машины жолооч ах намайг хэл амаар доромжилж эхэлсэн, улмаар бид хоёр машинаасаа маргалдсаар явж байгаад Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талаас уулзвар хэсэг дээр ирээд машинаасаа бууж ярилцахаар очоод жолооч талын хаалгыг нь онгойлгосон чинь урдаас хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь машин дотор сууж байхад нь 1 удаа нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон, тэгсэн чинь нөгөө ах машинаасаа бууж ирээд намайг нэг удаа нүүр хэсэг рүү маань гараа атгаж байгаад цохисон, тэгэхээр нь би мөн дахиж 1 удаа нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон, харин урдаас дахиад нүүр хэсэг рүү маань 1 удаа цохиод бид хоёр 2 тийшээ салсан... замдаа явж байсан чинь толгой эргээд, бөөлжөөд байхаар нь гэр рүүгээ явахаар шийдэж гэртээ очоод нүүрэндээ жин тавиад, өвчин намдаах эм ууж байж байгаад нөгөө маргалдаж, зодолдсон хүнтэйгээ эвээр ярьж учраа олчихъё гэж бодоод... утсаар ярьсан чинь Баянзүрхийн цагдаа дээр ир гэж хэлээд шууд гар утсаа тасалсан... хэл амаар доромжлоод байхаар нь би эхлээд нэг удаа цохисон, дараа нь нэг удаа би цохиод салсан, тэгэхээр би нийт 2 удаа л гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү цохисон, харин нөгөө эрэгтэй хүн мөн адил миний нүүр хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10355 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. 2. Б.Гын биед духны зүүн хэсэгт хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт, шарх, хамрын дээд хэсэг, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №10368 дугаартай:

1.2. Б.Тгийн биед зүүн хоншоорын урд ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн хоншоорын урд ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52, 58/, Яллагдагч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 74-75/, Яллагдагч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлөөнд оролцох явцдаа хохирогч Б.Гтой маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа уохих, мөргөх зэргээр хүч хэрэглэн халдаж биед нь духны зүүн хэсэгт хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт, шарх, хамрын дээд хэсэг, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

Хохирогч Б.Гын: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын зүүн талаас өөрийн эзэмшлийн 88-89 УНК улсын дугаартай Тоёота Алфард маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь ...үл таних 25-28 орчим настай, эрэгтэй хүн бууж ирээд жолооч талын буюу миний машин барьж явсан талын хаалгыг онгойлгоод шууд хувцасны энгэр хэсгээс бариад /заамдаад/ гараа атгаж байгаад нүүр рүү маань нэг удаа цохиод, намайг машинаас чирч буулгаад дахиад толгойгоороо миний духны зүүн тал буюу зүүн нүдний хөмсөгний дээд хэсэг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Гэрэл-Од нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлөөнд оролцох явцдаа хохирогч Б.Ттэй маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдаж биед нь зүүн хоншоорын урд ханын хугарал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Тгийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед... 03-66 УБЛ улсын дугаартай Тоёота Харьер маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй ертөнцийн зүгээр баруун тийшээ Их засаг их сургуулийн зүүн талд байрлах хурд хэмжигчийн ойролцоо 2 дугаар эгнээ буюу голд нь явж байсан чинь урд талд 88-89 УНК улсын дугаартай Алфард маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл 1, 2 дугаар эгнээний голын цагаан зураасан дээр яг голлоод яваад байхаар нь би хажуу талаар нь ороод дуут дохио дуугаргасан чинь миний машин руу машинаа шахаад байсан, тэгээд би дахиж хажууд нь очоод цонхоо онгойлгоод “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр машины жолооч ах намайг хэл амаар доромжилж эхэлсэн, улмаар бид хоёр машинаасаа маргалдсаар явж байгаад Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талаас уулзвар хэсэг дээр ирээд машинаасаа бууж ярилцахаар очоод жолооч талын хаалгыг нь онгойлгосон чинь урдаас хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь машин дотор сууж байхад нь 1 удаа нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон, тэгсэн чинь нөгөө ах машинаасаа бууж ирээд намайг нэг удаа нүүр хэсэг рүү маань гараа атгаж байгаад цохисон, ...би нийт 2 удаа л гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү цохисон, харин нөгөө эрэгтэй хүн мөн адил миний нүүр хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч  нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

Мөн шүүгдэгч Б.Год  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тус тус тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т, Б.Г нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Т, Б.Г нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал,

шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

- Б.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Тд 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр,

-  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Год 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Тд 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр,

-  Б.Год 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР