Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,

          Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******ид холбогдох эрүүгийн 2127000990095 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархрин суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг *********** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх шийтгэж, нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн *******ын ******* /РД: ***************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч  ******* нь  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Дунд согоот гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өвөлжөө дээр өвсөө буулгах гээд очсон чинь хүмүүс өвөлжөөний урд өвс хадаад байхаар нь морины аргамжааны өвс хадаад байна доошоо өвс хад гэж хэлсэн. Дахиад өвөлжөөн дээрх өвсөө нуруулдах гээд очсон чинь ******* гэдэг хүн нэлээн халамцуу байсан. Тэгээд очоод та яагаад морины аргамжааны өвч хадаад байгаа юм гэхэд би хичээнэ жил өвс хадаж байна битгий хуц, солиор гээд хадуураа тавиад намайг цохиод авсан. Миний дагж руу цохихоор толгойгоо дээшээ болгохдоо нүүр рүү нь мөргөсөн юм шиг байгаа юм. ******* нь хамрынхаа цусыг гоожуулсан миний араас яваад байсан. Би салахгүй болохоор нь хамт явсан хүмүүс рүү нь очсон салгах байх гээд тэгсэн ах эгч хоёр *******ийг болиулсан” гэв

 

            Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цагийн орчим Хархорин сумын Нарийн хүр баг ******* гэх газар *******ийн өвөлжөөний урд талд ******* ах эхнэрийн хамт өвс хадаж байсан юм. Тэгтэл ******* над дээр ирээд та манай өвөлжөөний орчмоос өвс хадлаа гэж уурласан. Тэгэхээр нь би өмнө нь эндээс би байнга хаддаг байсан гэж хэлэхэд надад уурлаж бид хоёр маргаж хоорондоо барилцаж авсан ба ******* нь миний мөрөн дээрээс гараараа татаж байгаад толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл миний духнаас цус гарсан юм. Тэгээд цус тогтохгүй байхаар нь би тэндээсээ Хархорин сумын эмнэлэгт орж цусаа тогтоолгож духан дээрээ 3 оёдол тавиулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-30-р хуудас/,

 

Гэрч Б.*******доржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *******ийн гэрт би 1 шил архи хувааж уучхаад ******* нь эндээс өвс хадаж аваад яв гэхээр нь би өвсөө хадаж байсан юм. Тухайн өвс хадаж байсан газар хэний газар байсныг мэдэхгүй. Тэгтэл намайг өвс хадаж байх зуур ******* дээр цаанаас нэг танихгүй залуу ирсэн. Тэгээд тэр хоёр өвс хадах газар дээр маргалдаад байсан. Би өвсөө эмхлүүлээд ирэх үед ******* нь тухайн залууд зодуулчихлаа гээд духнаас нь цус гарчихсан байсан. ...Яг зодоон болох үйл явцыг эхнэр бид хоёр хараагүй. ******* дээр очиход тухайн залууд зодуулчихлаа гээд духнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр бид хоёр өвсөө эмхлүүлээд ирэх үед Дэмбэрэлдаш нь тухайн залууд зодуулчихлаа гээд духнаас нь цус гарчихсан байсан. Яаж хоорондоо зодолдоод духнаас цус гарсан эсэхийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...1.*******ийн биед тархи доргилт, духанд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 393 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

 

          Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-р хуудас/

         

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг Дунд согоот гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн мэдүүлэг /хх 26-30-р хуудас/, гэрч Б.*******дорж, гэрч Наранцэцэг нарын өгсөн мэдүүлэг (хх 32, 34-р хуудас), шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №393 дугаартай дүгнэлт /хх 16-17-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 7-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

          Иймд шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

         

          Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 447,000 төгрөгийг төлж, түүний өмгөөлөгч Б.Ариунжаргал нь урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

 

          шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэдэн-иш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид 447,000 төгрөг төлсөн, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН