Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/998

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Л.Баасанжав /ШТЭҮД-1183/,

шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /ШТЭҮД-2917/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11............... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01522 1224 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “..............” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ........ дугаар хороо, ......... дугаар гудамж, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Нийн П /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1.............. байрны .............. орцны ......... тоотод Ж.Отэй “танай эхнэр чинь янхан, гичий, дүлий биз дээ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүд рүү баруун гараараа цохисны улмаас биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх116/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх122-123/, төрсний гэрчилгээний хуулбар /хх136-137/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх130-133/ хохирол төлсөн тухай баримт /хх159-160/, болон шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх51-53/, хохирлын баримтууд, шүүгдэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Н.Пыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-9/,

3. Хохирогч Ж.Оийн “...Тэгээд бид гурав архиа уугаад сууж байгаад би Пыг “чи эхнэрийнхээ чихний аппаратын зайг аваачиж өгөхгүй яагаад өөртөө аваад яваад байгаа юм бэ” гэж хэлсэн. Пын эхнэр нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд чихэндээ аппарат зүүдэг. Тэгтэл П намайг “танай эхнэр чинь янхан биз дээ. Чамд хүний амьдрал ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад болиод чимээгүй сууцгаасан. Баагий ах тухайн үед ахын хоёр дүү яах гэж маргалддаг юм бэ? хажуу айлын хүн амьтан сонсчихвол цагдаа дуудна гэхээр нь бид хоёр чимээгүй болцгоосон. ...Тухайн үед Баагий ах 00 орчхоод ирье гэж хэлээд 00 ороод удалгүй гарч ирээд сандал дээрээ суух гэж байхад П гэнэт баруун гарын сарвууны хэсгээрээ миний нүүр хэсэг рүү савж цохисон. Тэр үед миний нүдийг оночихсон. Тэгтэл миний нүднээс цус гараад 00 ороо цусаа угаачхаад буцаад суусан чинь миний нүднээс нулимс болон цус гараад байсан. би тухайн үед гайгүй гэж бодоод халаасанд байсан алчуураар нүд хэсгээ оролдохгүйгээр зөвхөн нүднээс гараад хацар хэсэг рүү урсаад байсан нулимс болон цусаа арчаад суусан. Тэгээд би гайгүй байх гэж бодоод Баагий ахын гэрт бид гурав хоносон. Өглөө босоход миний нүднээс цус болон нулимс холилдоод гараад байсан. ...Тэгээд би 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Од хийморь” гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл эмч нь нүдний алим нь задарчихсан байна. Яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмнэлэгт хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа эмч нь хараа орох магадлал муу нүдний чинь алим нь задарчихсан байна. Ер нь бараг л хараа орохгүй гэж хэлсэн. ... би 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад нэгдүгээр эмнэлэг орж үзүүлээд 12-ны өдөр нүдний хагалгаанд орсон. Тэгтэл эмч нь хараа орох боломжгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд эмч нь дахиж хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тус эмнэлэгт би 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин хагалгаанд орсон. ...П миний зүүн талын нүд рүү баруун гарын сарвууны ар хэсгээрээ нэг удаа цохисон. ...Тухайн асуудал Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, .............. байрны ........... тоотод байрлах Баагий ахын гэрт болсон. ...Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх14-17/,

Дахин мэдүүлсэн “...Надад анх хагалгаанд орсон 500.000 төгрөг, дараа нь нэгдүгээр эмнэлэгт орсон 487.007 төгрөгийн болон эм авсан 142.000 төгрөгийн нийт 1.129.007 төгрөгийн баримт байгаа. Тухайн баримтын дагуу П надад бэлнээр 1.129.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

4. Гэрч Ч.Бийн “...тэр хоёрын хажууд буйдан суух гэж байтал Оийн найз гэх залуу гараараа Оийн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл О гараараа нүдээ дараад цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би харахад гар нь цус болчихсон байсан. Тэгээд О 00 өрөө рүү ороод удалгүй угаачихлаа гээд гараад ирсэн. Тэгээд гарч ирэхэд нь нүд нь хавдсан зүйлгүй байсан. тэгээд өөрөө нүд эвгүй болоод байна гэж ярьж байсан. Тэгээд орон дээр ирээд сууснаас хойш тэр хоёр маргалдаагүй ба манайд хоночхоод өглөө тэр хоёр хамт гараад явсан. Тэрнээс хойш О 3-4 хоногийн дараа эмнэлгээр явж байна. Миний нүд юм харахгүй байна гэж хэлж байсан. ...Тухайн асуудал Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, .............. байрны ........ тоотод байрлах манай гэрт болсон...” гэсэн мэдүүлэг /хх25-27/,

5. Гэрч Б.Батцэцэгийн “...манай нөхөр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд байж байгаад орой 18 цагийн үед над руу яриад би гадуур явж байна. Найзтайгаа жаахан уугаад явж байна гэж хэлсэн. ...Тэгээд Пүүжээ миний нүд рүү гараараа цохичихсон. Тэгтэл миний нүднээс цус гараад байна гэж хэлсэн. ...Тэгээд нүдийг харахад зүүн талын нүднээс нь цустай шүүс мэт зүйл гараад байсан. Тэгээд бүр лавшруулаад харахад нүдэн дотор нь цагаан зүйл ийш тийш гүйгээд байх шиг байсан. ...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би ажилтай байсан. О хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нэг нүд нь харахгүй байна. Одоо хагалгаа хийнэ гэж байна гэж хэлээд тухайн өдрөө хагалгаа хийлгэсэн. ... нэгдүгээр эмнэлэгт дахин хагалгаа хийсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа дахин хагалгаанд орсон. Тэгээд тухайн цохисон гэх хүн рүү ярихад надад шүүх эмнэлэгт танил хүн байгаа гэх мэтээр янз бүрийн зүйл ярьж манай нөхрийг сэтгэлзүйн хямралд оруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх33-34/,

6. Гэрч Б.Энхбаатарын “...Өглөө манайд О 9-10 цагийн үед манай гэрт ирсэн. Оийн зүүн нүдний доод зовхи хэсгээс цус гоожоод нүднийх нь цагаан нь улаан болчихсон цус шүүрчихсэн юм шиг байсан тэр хэсгээс нь цус дуслаад байсан. Тэгээд цусаа цэвэрлэж байгаад хоол унд идчихээд манай гэрээс 17 цагийн үед явсан. ...Тухайн үед би Пүүжээ рүү Оийн утсаар яриад “чи найзыгаа яаж байгаа юм бэ” гэж асуухад Пүүжээ үл тоосон шинжтэй “сүртэй ш дээ ганц цохисны төлөө” гэж хэлэхээр нь би уурлаад утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг /хх36-38/,

7. Гэрч Н.Амарсайханы /Улсын 1-р эмнэлэгт нүдний тасгийн эмч/ “...О нь 2021 оны 7 дугаар сарын 12-нд зүүн талын нүдэндээ гэмтэл авсан, өвдөлт ихтэй байсан. Надад хэлэхдээ хувийн эмнэлэгт хагалгаанд орсон талаар хэлсэн. Тухайн нүдний алимны хэсэг нь их хэмжээгээр язарсан оёдол тавиулсан байсан хэдий ч дахин хагалгаа хийж оёдол тавих шаардлагатай байсан. Ж.О нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс миний хяналтад эмчлэгдэж байгаа. Тухайн хүний гэмтэл нь хүнд байсан учраас нүдэнд оёдол тавихад агуулагдахуун нь гадагшлаад байсан учраас байсан 2021 оны 7 дугаар сарын 19-нд дахин хагалгаанд орсон. Тухайн өдрөөс хойш эмчийн байнгын хяналтад байгаа. ...Ж.Оийн нүдний алим нь хөхөрсөн, язарсан, агуулагдахуун нь ил гарсан. Тухайн нөхцөл байдалд тухайн үед эмнэлгийн тусламж авсан ч гэсэн хараа орох ямар ч боломжгүй. ...Тухайн гэмтэл нь цаашид нөгөө нүдэндээ нөлөөлөх өндөр магадлалтай бөгөөд байнгын эмчийн хяналтад байх ёстой. Хэрвээ нөгөө нүдэндээ нөлөөлж эхэлбэл яаралтай гэмтсэн нүдийг ширгээх хагалгаа хийж нүдийг нь авна. Өөрөөр хэлбэл эрхтэн дутуу болно гэсэн үг юм. Цаашид гарах хор хохирлыг тооцох боломжгүй. Эмчилгээнээс хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх46-49/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6731 дугаар “...Ж.Оийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.31.1.-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх51-53/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Ж.Оийн биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь гарын аль нэг хэсгээр цохих үед үүсэж болно. Учир нь нүдний алим ухархайн хөндийнүүдэд цохилтын улмаас шахагдаж дээрх гэмтлийг үүсгэж болно. Нүдний агуулагдахуун гадагшлалтын нэвт гэмтэлтэй тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч хараа бүрэн сэргээх боломжгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэж болох гэмтэл байна. Ж.Оийн нүдний гэмтэл нь анх гэмтсэн байдлаараа бүрэн сэргээгдэх боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх58-61/,

10. Шүүгдэгч Н.Пын яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид хоёр маргалдаж байгаад О ширээний цаанаас босож ирээд байхаар нь баруун гарын сарвууны арын хэсгээрээ нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх72-75/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.П.

Шүүгдэгч Н.П нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд Н.П, Ж.О нар нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, .............. байрны .... тоотод байрлах Ч.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ж.О, шүүгдэгч Н.П нар хоорондоо маргалдсан. Улмаар Н.П нь Ж.Оийн зүүн нүд рүү баруун гараа савж гарын сарвууны арын хэсгээрээ түүний нүдийг цохисон үйл баримт тогтоогдлоо. Энэ нь хохирогч Ж.Оийн “...П миний зүүн талын нүд рүү баруун гарын сарвууны ар хэсгээрээ нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бэ, Б.Батцэцэг, Б.Энхбаатар, хохирогчид эмчилгээ хийсэн эмч Н.Амарсайхан нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Пын хохирогчийг цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг нүүр рүү цохих тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Пын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6731 дугаартай дүгнэлтээр нотлогдон, тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11............... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ж.О нь баримтаар 1.353.392 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.П нь хохирогчид нийт 7.229.000 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Н.П нь хохирогч Ж.Оөд хохирол төлөхөө илэрхийлж түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

Эрүүгийн хэргийн шүүх нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний тохиролцоотой асуудлыг шийдвэрлэхгүй ба талууд гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд иргэний хэргийн шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэх эрх нээлттэй болно.

Мөн хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11............... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.  

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөгдсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа, найз нөхдийн харилцаатай нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, мөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ их боловч хохирогчид хохирол төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тогтсон хөдөлмөр эрхэлдэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурдсан нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11............... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын сонгож, шүүгдэгч Н.Пт 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37............... зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пт 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ жилийн  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ж.О нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР