Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр Б.Мд холбогдох 201625020303, 201726010926 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Б-н М, 1992 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .................../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

Б.М нь С.Гантулгатай бүлэглэн 61-03 УНХ улсын дугаартай “Соната 5” загварын автомашин механизм ашиглан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эл класс” интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерын бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Э.Бид нийт 4.205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.М нь “2017 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны баруун хойд талд байрлуулж тавьсан хохирогч Б.Бийн эзэмшлийн 17-44 УНС улсын дугаартай “Субару импереза” загварын суудлын автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Б.Бийн мэдүүлэг, гэрч Д.Батчулууны мэдүүлэг, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож, Б.Мг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжаар хорих 417 дугаар ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнд холбогдох эрүүгийн 201726010926 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүгчийн 1639 дугаартай захирамжаар “Б.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2017 оны 5 сард буюу дээрх хэрэгт шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг бөгөөд нэг төрлийн дээрх хэргүүдийг нэгтгэн     нэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний эцэст шүүх шийдвэрлэх боломжтой байна” гэж прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба яллагдагч Б.М нь хулгайн гэмт хэрэг дахин үйлдсэн нь шүүхийн шийдвэр гарахын өмнө мэдэгдээгүй байсан шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүй” гэж заасан байна.

Иймд яллагдагч Б.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.М нь С.Гантулгатай бүлэглэн 61-03 УНХ улсын дугаартай “Соната 5” загварын автомашин механизм ашиглан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эл класс” интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерын бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Э.Бид нийт 4.205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны баруун хойд талд байрлуулж тавьсан хохирогч Б.Бийн эзэмшлийн 17-44 УНС улсын дугаартай “Субару импереза” загварын суудлын автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдсон нь дээрх шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас өөр ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Б.Мд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Б.Мд холбогдох эрүүгийн 201625020303, 201726010926 тоот хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                Ц.ОЧ