Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00808

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр                 Дугаар 142/ШШ2017/00808                            Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа  даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Гликоль” ХХК,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 31 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол 6 дугаар байр 34 тоотод оршин суух, Цагаангэрүүд овгийн Энхжаргалын Эрдэнэбат / ФМ85022875 / нарт холбогдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 187 212 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 17 122 272 төгрөг, нийт 18 309 485 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч  С.Гүрсэд, Э.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “

1.“Гликоль” ХХК нь татварын хэлтэст 2009 онд 4379624 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4 “албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хувиарын дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харъяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ”-д заасны дагуу 2014 оноос хойшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 1,187,212.8 төгрөгийн албан татварын өртэй байгаа бөгөөд үүсгэн байгуулагдсанаас албан татвар төлөөгүй байна /Маягт ТТ-02/.

2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-ОЗа/ 17,122,272.7 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1 “албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана” гэж заасан байдаг. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь 2014 онд үүссэн бөгөөд өнөөдрийг хүртлэх хугацаанд татвар төлөлт хийгдээгүй байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагу.у мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэхдэх хуудас гардуулах, албан шаардлага хүргүүлэх, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй утсаар холбогдох, биөчлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Гликоль” ХХК-ийн захирал С.Гүрсэдэээс 18,309,485.5 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Гликоль” ХХК-ийн захирал С.Гүрсэд шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөргөх шингэн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр бүртгэгдэн 4379624 тоот регистрийн дугаартай үйл ажиллагаа явуулж ирсэн. Компани нь нэхэмжлэлд дурьдсан 2014 оноос хойшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 1 187 212,8 төгрөгний өртэй байгаа нь үнэн болно. Үүнийг компани хариуцан төлөх ёстой учир хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 17 122 272,7 төгрөгийг компани хариуцан төлөх үндэслэл байхгүй юм. Учир нь манай компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй юм. Тодруулбал компанийн захирал миний зээ охин хүнд өвчнөөр өвдөж 2014 оноос зээ охиндоо эмчилгээ хийлгэж Улаанбаатар хотод удаан хугацаагаар эмнэлэгт сахиж байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Э.Эрдэнэбат гаргадаг байсан бөгөөд үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын Х тайланг намайг компаний үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул гаргаж байя хэмээн Э.Эрдэнэбат компаний тамга тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ өөр бусад хологдох бичиг баримтуудыг авч үлдсэн одоо компанийн бүх бичиг баримт тамга тэмдэг, бланкууд Эрдэнэбатад байгаа юм. Ийнхүү компани 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй байтал Э.Эрдэнэбат дураараа аашилж намайг мэдээгүй байхад бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж компанийг 17 122 272 төгрөгний татварын өрөнд оруулсан. Иймд компани хариуцах ёсгүй бөгөөд Эрдэнэбатын дээрх үйлдэл нь гэмт хэрэг байх тул Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрүүлэх болно” гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд “..Миний бие “Глюколь” ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй. Тус компаниас хувьцаа эзэмшдэг, нийгмийн даатгал төлүүлдэг, тайлан тооцоо гаргадаг асуудал байхгүй.Би физикч мэргэжилтэй.Өөр компанийн захирал хийдэг. Татварын хэлтэсийн нэхэмжилж байгаа өр төлбөр нь Глюколь” ХХК-тай холбоотой. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахад надад татгалзах зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Гликоль” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1 187 212.8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 17 122 272.7 төгрөг нийт 18 309 485 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч “Гликоль” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 187 212 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хариуцагч Э.Эрдэнэбат нь “Гликоль” ХХК-ийн тамга, тэмдэгийг авч ашигласан болох нь тогтоогдож байгаа тул “Гликоль” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 17 122 272 төгрөгийг хамтран хариуцах үндэстэй” гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Эрдэнэбатыг хамтран хариуцагчаар татсан.

Хариуцагч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд “....Миний бие “Глюколь” ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй. Тус компаниас хувьцаа эзэмшдэг, нийгмийн даатгал төлүүлдэг, тайлан тооцоо гаргадаг асуудал байхгүй.Би физикч мэргэжилтэй.Өөр компанийн захирал хийдэг. Татварын хэлтэсийн нэхэмжилж байгаа өр төлбөр нь “Глюколь” ХХК-тай холбоотой. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахад надад татгалзах зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Татвар төлөгч “Гликоль” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй.

Хариуцагч “Гликоль” ХХК нь хуульд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 187 212 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 17 122 272 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татварын тооцооллын жагсаалт, Татварын албаны шаардлага, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч “Гликоль” ХХК-ийн захирал С.Гүрсэд шүүхэд “...манай компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй юм. Тухайн үед компанийн үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Э.Эрдэнэбат гаргадаг байсан бөгөөд үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын Х тайланг гаргаж Татварын хэлтэст өгнө гэж  Э.Эрдэнэбат компаний тамга тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ өөр бусад хологдох бичиг баримтуудыг авч үлдсэн.Ийнхүү компани 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй байтал Э.Эрдэнэбат дураараа аашилж намайг мэдээгүй байхад бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж компанийг 17 122 272 төгрөгний татварын өрөнд оруулсан. Иймд компани хариуцах ёсгүй” гэсэн тайлбар гаргасан боловч дээрхи татварын өрийг төлөх үүрэг бүхий этгээд нь “Гликоль” ХХК бөгөөд Татварын хэлтэс хариуцагч Э.Эрдэнэбат нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгч Татварын хэлтэс хариуцагч Э.Эрдэнэбатаас татварын өр шаардах эрхгүй байна.

Тиймээс хариуцагч “Гликоль” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 187 212 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 17 122 272 төгрөг, нийт 18 309 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Гликоль” ХХК-иас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 18 309 485 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 249 497 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “Гликоль” ХХК захирал Э.Гүрсэдээс 18 309 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, хариуцагч Э.Эрдэнэбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Гликоль” ХХК-иас 249 497 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА