| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0003/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 01
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Д.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Д аймгийн З сумын ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Э овогт Д.Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Н.Т-ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, түлээний мод шидсэний улмаас түүний зүүн шанаанд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа тухайн зүйлийг ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Н.Т-ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, түлээний мод шидэж Н.Т-ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. /хх-ийн 35-36/
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахин хэрэг төвөгт орохгүй байх талаар бодож байна гэв.
Хохирогч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 11-ний өглөө би гэрээсээ гараад шилжүүлэн ачих анги дээр ажлаа хийж байгаад орой 18 цагт ажил тараад хамт ажилладаг жолооч нарын дунд байдаг групп чат дээр найзуудын баярын өдөр юм байна уулзацгаах уу гэсэн байсан. Тэгээд хамт ажилладаг О-ын гэр болох ... тоотод цуглаж намайг очиход хамт ажилладаг Г, О, Л, М нарын хамт О-ын гэрт юм яриад сууцгаасан. Би хамгийн сүүлд нь очсон. Нөгөө дөрөв түрүүлээд очсон Ауруг архи уучихсан байсан. Би гаднаас 0,75 л Ауруг архи авч орсон. Намайг орсноос хойш хоёр шил архи нэмж уусан. Тэгээд Г ах урьд өмнө маргалдаж муудалцаж байсан талаараа сөхөөд яриад байхаар нь би өнгөрсөн элэрсэн баларсан юм яах вэ гэсэн чинь надтай гар барьж байсан. Тэгснээ дахин дахин яриад байсан энэ асуудлаас болж сүүлдээ маргалдаж байснаа бид хоёр гадаа гараад зодолдож муудалцсан байсан. Миний баруун нүд хөхөрсөн, толгойн зүүн талын хэсгээр зүсэгдсэн шарх учирсан байсан. Тухайн гэмтлүүд хэрхэн яаж учруулсан болохыг би сайн санахгүй байгаа. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэсэн байсан учраас санахгүй байна. Би Г-той маргалдаж муудалцсанаар бусад хүмүүстэй маргалдаж муудалцаагүй учраас тухайн гэмтлийг Г л надад учруулсан байх. Надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний бие ажилгүй, гэртээ түлээ түлшээ бэлдээд байж байсан чинь орой 16 цагийн үед дундын групп чат дээр манай ажлынхан “Найзуудын баяр”-ын мэнд гээд баяр хүргээд мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Тэгээд уулзацгаахаар болоод намайг “төвд хүрээд ир” гэхээр нь би “машингүй байнаа” гэсэн чинь “за за тэгвэл танайд хүрээд очлоо” гэцгээж байсан тухайн үед манай эхнэр ажилтай эзгүй би гэртээ ганцаараа байсан манайд Г, Л, М нар гурван шил архи, ундаа ус авчихсан цехээрээ шагнуулсан байсан мөнгөөрөө авсан гэсэн ирээд манай гэрт архиа задлаад ууцгааж байсан чинь орой 18 цаг өнгөрч байхад Т ажлаас буугаад нэг шил архи барьчихсан хүрээд ирсэн, Т манайд урьд өмнө нь ирж байгаагүй би түүнээс “манайхыг яаж олж ирэв” гэж асууж байсан чинь групп чатаар хоорондоо харьцаж байгаад олоод ирсэн юм шиг байна лээ, тэгээд ч хэн хэнгүй согтоцгоосон нэг мэдсэн чинь гадаа харанхуй болчихсон байсан Т, Г нар гадаа гарчихсан Т нь Г-ын дээр нь дараад суучихсан байдалтай байхаар нь би гараад муудаж болохгүй гээд салгасан, би гадаа бие засчихаад буцаад ороод ирсэн чинь Т, Г нар дахин муудалцсан бололтой гэр орон эмх замбараагүй энд тэндгүй түлээний мод тараачихсан байсан, тэгээд цагдаа ирсэн. Би тухайн үед нилээд согтуу байсан зарим нэг зүйлийг санахгүй орж гараад байсан, яг хэрхэн яаж цохиж зодсон болохыг мэдэхгүй байна, бие засчихаад эргээд ороод ирэхэд Т-ын толгой зүүн чамархай шанаа хэсгээс нь цус гарчихсан манай гэрийг эмх замбараагүй байдалтай түлээний хайрцагтай модыг энд тэндгүй тараачихсан байсан, тэгээд цус нөж болчихсон байхаар нь би эргээд сэргэж эхэлсэн. Н.Т нь манайд ирэхдээ ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр орж ирсэн, түүний толгойн зүүн талын хэсгээс цус гарчихсан харагдаж байсан, нүд нь хөхөрсөн нь тухайн үедээ мэдэгдэхгүй байсан, тэдний дундуур өөр бусад хүмүүс ороогүй гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ээлжийн амралттай байсан тухайн өдөр фесбүүк групп чат дээр “Найзуудын өдөр гэнээ, ойрд уулзаагүй нэг уулзацгаах уу?” гэцгээж байгаад хамт ажилладаг О-ын гэрт цугларч Г, О, Л, Т бид тэднийд хоол унд идэж, архийг бол хэтрүүлэн хэрэглэсэн байсан, бүгд л согтоцгоосон, нэг мэдсэн чинь гэрийн гадаа түжигнэх чимээ гарахлаар нь гадаа гарсан чинь гадаа харанхуй болчихсон Т, Г нар дээр доороо орчихсон муудалцаж байсан тэд ямар асуудлаас болж маргалдсан эсэхийг нь мэдэхгүй, тэгээд тэднийг салгаад эргээд гэрт оруулж ирсэн чинь дахин маргалдаж эхэлсэн, Т гэрийн баруун урд хэсэгт Г гэрийн зүүн урд хэсэгт зогсож байхдаа тэдний дунд байсан зуухны дэргэд байсан түлээний савтай модыг бие биерүүгээ шидсэн гэтэл Т-ын толгойн зүүн талын хэсгээс цус гарч эхэлсэн удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч В.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ээлжийн бус амралттай өдөр байсан орой ажил тархын үед чатаар харьцаж байгаад ажлаас ирж байна гэцгээгээд намайг гэрийн гаднаас намайг ирж аваад бид дэлгүүрээс 3 шил Ауруг архи, ундаа ус аваад хамт ажилладаг дүү О-ын гэрт очоод бид тэнд хоол унд идээд архи ууцгаасан, сүүлд Т нэмэгдээд ирж байсан, миний хувьд тэд нартай архи уугаад сууж байснаа санаж байна нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн байсан би ямар асуудал болсон эсэхийг бол мэдэхгүй надад харсан мэдсэн зүйл байхгүй байна гэжээ. /хх-ийн 21-22/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Шинжээчийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 04/264 дугаартай дүгнэлт: 1. Н.Т-ын биед зүүн шанаанд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талд зулгаралт, зүүн бугалганы урд дээд талд өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдийн зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зүүн бугалганы урд дээд талд өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, Хэвлийн баруун хажуу талд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Н.Т-ын биед учирсан гэмтлүүдийн зүүн шанаанд зүсэгдсэн шарх баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хэвлийн баруун хажуу талд зулгаралт, зүүн бугалганы урд дээд талд өнгөц зүсэгдсэн шарх Гэмтлүүд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ. /хх-ийн 26-27/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 31-32/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл /хх-ийн 44-47/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-52/
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 53/
Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/40 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 55-57/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Н.Т-ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, түлээний мод шидсэний улмаас түүний зүүн шанаанд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талд зулгаралт, зүүн бугалганы урд дээд талд өнгөц зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Н.Т /хх-ийн 14/, гэрч Б.О /хх-ийн 17-18/, Б.М /хх-ийн 19-20/, В.Л /хх-ийн 21-22/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 04/264 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Н.Т нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг түлээний модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 34х4х53 см хэмжээтэй 1 ширхэг түлээний модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б