Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/748

 

    2021        11          04                                 2021/ШЦТ/748 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг, 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,  

Шүүгдэгч Н.Ц (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Цд холбогдох эрүүгийн 2009013141107 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ня-бо мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, .............аймаг Хонгор сум .......булаг задгайд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Төгөлдөрийнхөн овогт Нямсүрэнгийн Н.Ц, регистрийн дугаар:............../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь утсаар ярьж ээжийнх нь тэтгэврийг өндөр тогтоолгож өгнө хэмээн хуурч “Хаан" банкны 5046253634 дугаарын дансаар 4.500.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 4500.000 төгрөгөө өнөөдөр төлж барагдуулсан. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв. 

Эрүүгийн 2009013141107 дугаартай хэргээс:

Хохирогч А.Энхбаярын “Манай ээж 2019 онд тэтгэвэрт гарах гэж байсан юм. Тэгээд аав Цагаачийн ажлын газрын эмэгтэй 4.500.000 төгрөг өгчих тэгвэл ээжийн чинь тэтгэврийг арай өндрөөр тогтоолгож өгнө гэж аав, ээж хоёрт ярьсан юм байна лээ. Тэгээд надаас мөнгө асуухаар нь би дугаарын өгчих гэсэн. Тэгээд Н.Ц гэх эмэгтэйтэй утсаар яриад ямар учиртай юм бэ яасан бэ гэсэн чинь Дарханд таньдаг хүн байгаа тэтгэврийн өндөр тогтоолгож өгнө 4.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гээд итгээд 5046253634 дугаарын данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш алга болоод утсаа аваад ярихаар худлаа яриад олохгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн  44 дүгээр хуудас/

 

“Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 27-30 дугаар хуудас /

Голомт банкны мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 17 дугаар хуудас

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь утсаар ярьж ээжийнх нь тэтгэврийг өндөр тогтоолгож өгнө хэмээн хуурч “Хаан" банкны 5046253634 дугаарын дансаар 4.500.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Цгийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч А.Энхбаярын “...Манай ээж 2019 онд тэтгэвэрт гарах гэж байсан юм. Тэгээд аав Цагаачийн ажлын газрын эмэгтэй 4.500.000 төгрөг өгчих тэгвэл ээжийн чинь тэтгэврийг арай өндрөөр тогтоолгож өгнө гэж аав, ээж хоёрт ярьсан юм байна лээ. Тэгээд надаас мөнгө асуухаар нь би дугаарын өгчих гэсэн. Тэгээд Н.Ц гэх эмэгтэйтэй утсаар яриад ямар учиртай юм бэ яасан бэ гэсэн чинь Дарханд таньдаг хүн байгаа тэтгэврийн өндөр тогтоолгож өгнө 4.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Хаан” банкны дансны хуулга,  Голомт банкны мөнгө шилжүүлсэн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн байна. Шүүгдэгч Н.Ц нь эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгоор, анхнаасаа биелэгдэх боломжгүй зүйлийг амлах буюу “ээжийнх нь тэтгэврийг өндөр тогтоолгож өгнө” гэж эзэмшигчийн төөрөгдөлд оруулан,  хуурч 4500.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Н.Цг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Н.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч А.Энхбаярт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлэн хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ц холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан үзэж прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Н.Цд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  А.Энхбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Төгөлдөрийнхөн овогт Нямсүрэнгийн Н.Цг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  Залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН