Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 286

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: С-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “С-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот актыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Ж.Н, Н.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С-дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Н.А, Ж.Н нар манай компаний 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчлэн шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2500******* тоот актаар 355 430 600 төгрөгийн зөрчилд 35 543 060 000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг эс зөвшөөрч бид Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан юм.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцээд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 051 дугаар тогтоол гаргасныг бид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

С-дүүргийн татварын улсын байцаагч Д.Н, С.У нар I нь манай компанийн 2010-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 04 дүгээр сард шалгалт хийж “Э" ХХК нь нийт 35 581 800  төгрөгийн зөрчил илэрсэн нь “татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Татварын улсын байцаагчийн 250029 тоот дүгнэлт бичиж хэрэг бүртгэлт болон хуулийн байгууллагад шилжүүлснийг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.С хянаж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1736 тоот Прокурорын тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг 1736 тоот прокурорын тогтоолд “...С-дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2******* регистртэй “КМ” ХХК-ийн захирал Н.Б нь “Ж” ХХК, “Х” ХХК, “Г” ХХК-иас нийт 355 430 600 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 35 543 000 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад татварын тодорхой хэсгийг сайн дураараа төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэжээ.

Манай компани мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр татварын тодорхой хэсгийг сайн дураараа нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, анхнаасаа энэхүү нөхөн татварыг хүлээн зөвшөөрөөгүй байхад прокурорын тогтоол татварын тодорхой хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн мэтээр гарсан байна.

Үүний дараа Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 1736 тоот тогтоолыг үндэслэж С-дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж 355 430 600 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот акт тавьсан байна.

2012 онд “Ж” ХХК, “Х” ХХК , “Г” ХХК-иуд бидэнд бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг манай компани хэрэглэсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн тайланд шивж оруулан татварын албанд илгээснийг татварын алба хүлээн авсан байдаг.Тухайн үед манай компани хий бичилттэй падаан байсан талаар огт мэдээгүй. Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх, үүрэгт бусад компаниудын хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа болохыг мөрдөн шалгах, хуурамч падаан ашиглаж байгаа болохыг нягтлан шалгах эрх, үүрэг өгөгдөөгүй бөгөөд бидний зүгээс хуурамч падаан байсныг мэдэх ямар ч боломж байхгүй байсан.

Хожим нь “Ж” ХХК, “Х” ХХК , Т” ХХК- иудад татварын хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн татварын дүгнэлт, акт үйлдэгдэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоолоор “Ж” ХХК, “Х” ХХК , “Г" ХХК нь хий бичилттэй хуурамч падаан үйлдсэн гэдгийг нь тогтоосон байдаг. Хуурамч падаан үйлдсэн гэх дээрх компаниуд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, татвараа нөхөн төлөхөө, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Мөн Аж ахуйн нэгжийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хуурамч хий бичилт хийж бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, энэ хэргийг байнга үйлдсэн гэх Ш.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Хохирлыг гэм буруутай этгээдүүд хариуцах үүрэгтэй ба манай компани хуурамч падаан үйлдээгүй, хий бичилт хийгээгүй Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасан “...тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.1.6-д заасан “...баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах” гэсэн зөрчил огт гаргаагүй болно. Зөрчил гаргаагүй байгууллагад хариуцлага хүлээлгэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж бид үзэж байна. Үнэхээр улсад хохирол учирсан гэж үзэж байгаа бол тэрхүү хохирлыг учруулсан гэм буруутай этгээдүүд хохирлыг барагдуулах нь хуульд нийцэх учиртай юм.

Иймд С-дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Усны эрэл хайгуулын судалгаа, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, нэг гишүүнтэй, 2******* тоот татвар төлөгчийн дугаартай улсын бүртгэлийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9011338043 тоот  нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийи 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11******* тоот гэрчилгээтэй “Э” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот, Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажльн чиглэл, Татварын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл өгөх тухай, Нийслэлийн Баянгол дуүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоол, С-дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын (25/13) 5707 тоот томилолтын дагуу С-дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Н.А, Ж.Н нар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны хугацаанд хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 7.4.1-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварьн нөхөн төлүүлж, 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн хуулийн 74.1.4-д “тоо хэмжээ үнийг нь, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахьн тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.1.6 -д “ баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах”, 74.3-д ”...энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг үндэслэн 2012 онд 355 430 600 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 35 543 060 төгрөгийн нөхөн татвар, 10 662 918 төгрөгийн торгууль, 17 771 530  төгрөгийн алданги ногдуулах,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “...хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.7-д “...энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг үндэслэн 2012 онд 355 430 600 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд ногдуулсан, 10 662 918 төгрөгийн торгууль, 17 771 530 төгрөгийн алдангийг чөлөөлөх, шалгалтаар илэрсэн нийт 355 430 600 төгрөгийн зөрчилд ногдуулсан 35 543 060 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр акт үйлдсэн. Уг шийдвэрийг тус компани хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Н.Б тус шүүхэд хандаж “С-дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагын үндэслэлээ “...хий бичилттэй падаан гэдгийг мэдээгүй, бидэнд шалгаж тогтоох эрх үүрэг өгөгдөөгүй.., хохирлыг гэм буруутай этгээд өөрөө барагдуулах ёстой...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

С-дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.А, Ж.Н нар  “Э” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот актаар “... Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул “Э” ХХК-ийн “Ж” ХХК-иас 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 01029******* дугаартай падаанаар 82,939,700.00 төгрөгийн, “Х” ХХК -иас 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 00748******* дугаартай падаанаар 78,355,000.00 төгрөгийн, 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00748******* дугаартай падаанаар 88,863,600.00 төгрөгийн, 5 дугаар сарын 10-ны өдөр 007486013 дугаартай падаанаар 69,690,500.00 төгрөгийн, “Г” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01288******* дугаартай падаанаар 35,581,800.00 төгрөгийн нийт 355,430,600.00 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан...” зөрчил гаргасан гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг тус тус үндэслэн 35,543,060.00 төгрөгийн нөхөн татвар, 10,662,918.00 төгрөгийн торгууль, 17,771,530.00 төгрөгийн алданги ногдуулах,  уг торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”,  10 дугаар зүйлийн 10.7-д “энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг үндэслэн чөлөөлж, нөхөн төлбөрийн 35,543,060.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 051 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актаар 35,543,060.00 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд С-дүүргийн Татварын улсын байцаагч Д.Н, С.У нар хэсэгчилсэн шалгалт хийж улмаар “татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэн, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 250029 тоот дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 дугаар Прокурорын тогтоолоор...”2******* регистртэй “К” ХХК-ийн захирал Н.Бнь“Ж” ХХК-иас 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 01029******* дугаартай падаанаар 82,939,700.00 төгрөгийн, “Х” ХХК -иас 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 00748******* дугаартай падаанаар 78,355,000.00 төгрөгийн, 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00748******* дугаартай падаанаар 88,863,600.00 төгрөгийн, 5 дугаар сарын 10-ны өдөр 007486013 дугаартай падаанаар 69,690,500.00 төгрөгийн, “Г” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01288******* дугаартай падаанаар 35,581,800.00 төгрөгийн нийт 355,430,600.00 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 35,543,000.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад татварын тодорхой хэмжээг сайн дураар төлсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай”...тул дээрх аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлүүдийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой хэмжээний хохирлоо сайн дураараа төлсөн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, мөн хуулийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.1.6 “баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах” гэж тус тус заажээ.

Түүнчлэн уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Үндэсний татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28.1.1-д “татварын хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах”, 28.1.3-д “татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах” 28.1.15-д “цахим хяналт шалгалт явуулах” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нар “Э” ХХК-ийн ирүүлсэн татварын тайланг цахимаар шалгаж, нийт 355,430,600.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж 35,543,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 дугаар Прокурорын тогтоолоор нэхэмжлэгч компанийн захирал Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “энэ хуулийн..-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар уг тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч компанид нөхөн татвар ногдуулахаар тогтоосон Татварын улсын байцаагчийн акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...санаатайгаар зөрчил гаргасан зүйл байхгүй, хуурамч падаан үйлдээгүй, прокурорын тогтоолд гомдол гаргана” гэж тайлбарлаж байх боловч нэгэнт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн захирал Н.Б нь “...татварын өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан, уг асуудлыг шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгчээс татварын албанд гаргаж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын үнийн дүнгээс хасаж тайлагнасан нь тогтоогдсон тул уг тайлбарыг хүлээн авах хууль зүйн  боломжгүй.

Иймд С-дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2500******* тоот актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.15,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН