Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0123/З |
Дугаар | 221/МА2016/0467 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2016/0467
2016 оны 7 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2016/0467 | Улаанбаатар хот |
“Б”-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б”-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/1535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ялтны хувийн хэрэгт бэлэн мөнгө байх ёсгүй байсан, төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн маргадаг боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хийсэн тайлбарт "..ялтан Н хорих ангид данстай болоогүй, дамжин өнгөрөх ангид байсан, хорих ангид хуваарилагдаагүй, нэрийн данс байхгүй байсан учраас хувийн мөнгө нь хувийн хэрэгт нь байж байсан." гэснийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Мөн Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 11-д "Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно" гэсний дагуу тухайн байгууллагын албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга “Б”-ын зөрчил гаргасныг мэдсэн үеэс зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ." гэжээ.
Тэгтэл хорих 421 дүгээр ангиас ялтан “Н”-аас гаргасан гомдлыг тус ангийн захиргаанаас 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/422 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн А нь хүлээн аваад Хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа ялтан “Н”-тай биечлэн уулзалт хийж шалгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч А тухайн шалгалтыг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/34 дугаар бүхий тушаалаар баталсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Албаны шалгалт явуулах журам"-ын дагуу хийсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/34 дугаар бүхий тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны шалгалт явуулах журам"-ын 1.1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёсзүйн зөрчлийн талаар иргэд, байгууллага, албан тушаалтнаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу албаны шалгалт явуулж, бодит байдлыг тогтоох, үнэлгээ дүгнэлт өгөхөд энэхүү журмыг удирдлага болгоно.", 1.2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтэс, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн даргын шийдвэрээр эрх бүхий албан хаагч дангаар буюу бүрэлдэхүүнтэйгээр хамтран албаны шалгалтыг явуулна." гэсэн байна.
Түүнчлэн Хорих 421 дүгээр ангиас ялтан “Н”-аас гаргасан гомдлыг тус ангийн захиргаанаас 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/422 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн А нь хүлээн авснаар буюу 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр Хорих 401 дүгээр ангийн дэглэм харуул хамгаалалтын байцаагч “Б”-ыг зөрчил гаргасан эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар мэдсэн гэж үзэж байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 205 дугаартай "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм"-ийн 4.1 дэх хэсэгт "сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилын шийтгэл оногдуулна" гэж заасан байна. Хорих 401 дүгээр ангийн дэглэм харуул хамгаалалтын байцаагч Б нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалт хариуцсан албан тушаалтан мэдснээс хойш 4 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал “Б”-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6/1535 дугаартай тушаалаар “Б”-ыг төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэх хэсэгт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм"-ийн 2.3.3.8 дахь заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй төдийгүй ийм заалт байхгүй байгаа эрх зүйн хүчин чадлаа алдсан гэж үзэж байна.
Ялтны хувийн хэргийг хөтлөхдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/126 дугаар бүхий тушаалаар баталсан "Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар"-т заасныг удирдлага болгон зөвхөн тоо бүртгэл хариуцсан албан тушаалтан хөтөлдөг.
Энэхүү зааврын үндсэн зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиудыг удирдлага болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэхбайгууллагын харъяа баривчлах, цагдан хорих байранд шүүгчийн шийдвэрийн дагуу сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, баривчлах шийдвэрийг биелүүлэх, шүүхийн шийтгэх тогтоолоор баривчлах болон хорих ял шийтгэгдсэн ялтныг хүлээн авах, хувийн хэрэг хөтлөх, ялтныг хорих ангид хувиарлах, тэдний байршилт,хөдөлгөөн, ялын тооцоог бодох, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, захидал харилцааг дамжуулах, бусадтай уулзах, харилцах, чөлөө олгох, ял хойшлуулах ажиллагааг хянах, холбогдох мэдээ судалгааг нэгтгэх, цахим сан бүрдүүлэх, тодорхойлолт, лавлагаа гаргах, ялтныг суллах, хувийн хэргийг архивт шилжүүлэх, холбогдох бусадхарилцааг зохицуулахад зааврын зорилго оршино гэжээ.
Мөн ялтны хувийн хэрэг нь тодорхой хэмжээний нууцлал, хамгаалалтанд тусгай өрөө, сейфэнд хадгалдаг төдийгүй хэн нэгэн ажилтан, албан тушаалтан дур мэдэн үзэж, танилцах эрхгүй тухай "Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар"-ын 3.3.4, 3.3.5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Түүнчлэн ялтан хорих анги хоорондшилжин явах үед хувийн хэргийг лацдаж, хуяглан хүргэх албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэн өгнө /3.3.5 / гэж маш нарийвчлан заасан байна. Тэгтэл яагаад ялтан “Н”-ын хувийн хэрэгт бэлэн мөнгө хадгалагдаж байсан. "Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар"-т зааснаар ялтны хувийн хэрэгт бэлэн мөнгөхадгалах, хийх тухай ямар нэг заалт байхгүй байгаа нь бэлэн мөнгийг хийх, хадгалах ёсгүй нь харагдаж байна.
Хорих 401 дүгээр ангийн дэглэм харуул хамгаалалтын байцаагч Б нь эрхэлж буй ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод зааснаар ямар нэг ялтны хувийн хэрэг материалтай танилцах, үзэх, авч явах ямар нэг эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй төдийгүй ялтан хорих анги хооронд шилжин явах үед хувийнхэргийг лацдаж хүргэдэг байна. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, тодорхой удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийх явцдаа "ялтны хувийн хэрэгт хадгалагдаж байсан бэлэн мөнгө алга болсон"-ыг олж тогтоон тухайн ажилтан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5.5.1 дэх заалт буюу албан тушаалаа хувийн сонирхлоор ашигласан ёс зүйн зөрчил гаргасныг арилгуулах арга хэмжээ авах тухай илтгэх хуудас, албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлэн ажиллах биш харин "бэлэн мөнгө яагаад хувийн хэрэгт хадгалагдаж байсан, яагаад ялтны нэрийндансанд бэлэн мөнгийг байршуулаагүй" байдлыг шалгавал уг шалгалтын мөн чанар тодорхой болох байсан байна.
Өөрөөр хэлбэл прокуророос ялтны хувийн хэрэгт яагаад бэлэн мөнгө хадгалагдаж байсан, яагаад бэлэн мөнгийг ялтны нэрийн дансанд байршуулаагүй тухай шалгах ёстой байсан ба харин уг хувийн хэрэгт үндэслэлгүйгээр хадгалагдаж байсан, мөнгө яагаад алга болсон, хэний тушаал, заавраар хадгалж байсанзэрэгт албаны шалгалт хийх эрх зүйн хэм хэмжээ нь дотоод аудит, аюулгүй байдлыг хангах талаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хадгалагдаж байсан гэж үзэж байна.
Хорих 401 дүгээр ангийн дэглэм харуул хамгаалалтын байцаагч Б нь эрхэлж буй ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод зааснаар ямар нэг ялтны хувийн хэрэг материалтай танилцах, үзэх, авч явах ямар нэг эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй төдийгүй ялтан хорих анги хооронд шилжин явах үед хувийн хэргийг лацдаж, хуяглан хүргэдэг ба хуяглан хүргэлт хийх эрх бүхий субьект биш байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/130 дугаар бүхий тушаалаар баталсан "Ялтныг хуяглан хүргэх заавар"-ын 1.2 дахь хэсэгт "Дамжин өнгөрүүлэх ангиас ялтныг ял эдлэх анги, гянданд хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Тогтоол гүйцэтгэх газрын тусгай бүлгийн ажилтнууд гүйцэтгэнэ." гэж заажээ. Мөн 2.6 дахь хэсэгт "Хуяглан хүргэлтийн офицер нь батлагдсан нэрсээр дамжин өнгөрүүлэх байрнаас ялтныг хүлээн авч, хувийн хэргийн бүрдлийг шалган түүний бие болон эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж, холбогдох хууль, дотоод журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад эд зүйлийг хураан авч тухайн хорих ангийн тоо бүртгэлийн ажилтанд тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө." гэж заажээ.
Иймд хуульд нийцээгүй, ойлгомжгүй, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, мөн уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, иргэн “Б”-ын нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Б”-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/1535 дугаар тушаалаар хорих 401 дүгээр ангийн дэглэм, харуул хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч “Б”-ыг албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглан ялтны хувийн хэрэгт байсан 80,000 (наян мянга) төгрөгийг бэлнээр өөртөө авсан гэх сахилгын зөрчил гаргасан гэж үзэж төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудаар Б нь 80000 төгрөг бүхий хувийн хэргийг хүлээн авсан боловч хорих 423 дугаар ангийн тоо бүртгэлийн ажилтанд 80000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй болох нь нотлогдож байгаа талаар зөв дүгнэжээ.
Харин уг 80000 төгрөгийг Б нь өөртөө авч ашигласан, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/2531 дүгээр албан бичигт Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.5.1 дэх хэсэгт заасан Албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглах тухай заалтыг зөрчиж ялтан “Н”-ын хувийн хэрэгт байсан 80,000 төгрөгийг өөртөө дур мэдэн авч ноцтой зөрчил гаргасан байна гэж дурдсан боловч Баянзүрх дүүргийн хяналтын прокурорын “Б”-ыг асуусан тэмдэглэлд А мөнгийг дансанд хийгээрэй гэж хэлсэн юм биш үү гэхэд Б: Хэлсэн гэж, ... Мөнгийг дансанд хий, ойлговуу, чадахуу гэхэд Ойлголоо. Чадна гэж хариулсан мэдүүлгээс үзвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ялтан “Н”-ын хувийн хэргээс 80000 төгрөг алга болсныг тухайлан шалгаагүй, харин хорих ангийн хэмжээнд хорих ял эдлүүлэх ажиллагаанд ялтны гомдол гаргах эрхийн хэрэгжилтийг шалгах явцдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн “А”-ын урьд нь “Н”-ын уг гомдлыг шалгасан материалд үндэслэсэн гэж үзэхээр байна. Харин уг шалгалтыг явуулсан А нь мэдүүлэгтээ ... Б нь хариуцлага алдсан байсан. ... буруутай албан тушаалтнаас гаргуулж дансанд шилжүүлнэ гэдэг хариуг тайлбар авч уулзахдаа хэлсэн гэснээс үзвэл “Б”-ыг уг мөнгийг өөртөө бэлнээр авч ашигласныг тогтоосон гэж үзэхээргүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Б нь уг 80000 төгрөгийг өөртөө авч ашигласан нь тогтоогдохгүй байх бөгөөд харин ялтныг хуяглан хүргэх үүрэг гүйцэтгэх явцдаа хувийн хэрэгт нь байсан 80000 төгрөгийг хүлээж авсан атлаа хувийн хэргийг хүлээлгэж өгөхдөө мөнгө байгаа талаар тусгайлан хэлж, гарын үсэг зуруулж хүлээлгэж өгөөгүй нь ажлын хариуцлага алдсан буюу албан үүрэгтээ хайнга хандаж, албан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Уг зөрчил гарахад Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/230 дугаар тушаалаар батлагдсан Хорих ангийн дотоод журам-ын 12.3, 17.6-д зааснаар хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч ялтны мөнгийг түүний нэрийн дансанд хадгалж, ялтан юунд, хэдий хэмжээгээр зарцуулах тухай баримт гаргаж бүртгэл хөтлөхөөр заасныг зөрчиж, ялтны хувийн хэрэгт бэлэн мөнгө хадгалж байсан, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад дотоод журмаа мөрддөггүйтэй холбоотой гарсан, мөн Б нь албан үүргээ хангалттай биелүүлээгүй зөрчлийг анх удаа гаргасан, нэгэнт тухайн мөнгийг хүлээж авсан этгээдийн хувьд төлж ялтныг хохиролгүй болгохоо илэрхийлсэн, өөртөө бэлнээр авсан нь тогтоогдоогүй зэрэг зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээ, зөрчил гарах болсон шалтгаан зэргийг харгалзаж үзэлгүй, Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халсан хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ... албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасныг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1535 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Маргаан бүхий актад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм-ийн 2.3.3.8 дахь заалтыг баримталсан байх боловч тус сахилгын дүрэмд дээрх дугаарлалт бүхий заалт байхгүй байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан “Б”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1535 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Б”-ыг урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн дэглэм, харуул, хамгаалалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Б”-оос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ