| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2017/00150/И |
| Дугаар | 00146 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Шархад хороолол, 1-11 тоотод оршин суух Далх овгийн Октябрийн Эрдэнэцэцэг /РД:МВ84122801/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Шархад хороолол, 1-11 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Сант сум, Ивэн багт түр оршин суух Чонос овгийн Хүрэлбаатарын Ууганбаяр/РД:МЛ83092115/-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг, хариуцагч Х.Ууганбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ...Миний бие 2006 онд Ууганбаяртай танилцаад 2007 онд 2 ихэр хүү төрж, 2015 онд бага хүү Тэмүүжин төрсөн. Энэ хугацаанд эвтэй амьдардаг байсан. Сүүлийн 2,3 жилийн хугацаанд Ууганбаярын зан араншин эвдэрч, архи уух болж, гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Архи уухаараа агсам тавьж, 4-5 хоног үргэлжлүүлэн ууж, хүүхдүүдээ айлгаж, гэр орондоо ирэхгүй, архи зардаг дэлгүүрүүдэд өр тавьдаг байсан. Надад тэр болгоныг зохицуулах гэж хэцүү байдаг байсан. Надад ч бас гар хүрч байсан. Ууганбаярыг архи уусан байвал хүүхдүүд айлд очъё гээд гараад явдаг болсон. Бид Ууганбаярыг гэр бүлээс гадуур харилцаатай болсноос хойш хэрүүл маргаантай байх болсон. Нэг хэсэг Ууганбаяр шатахуун түгээгүүрийн газарт ажиллаж байсан юм. Тэндээ ч бас байнгын архи уудаг байсан. Нөгөө Болор гэдэг хүүхэн нь бас өр тавьж бензин хийдэг байсан юм байна лээ. Үүнийг нь би тухайн үедээ мэдээгүй. Дараа нь мэдсэн. Тэгээд сүүлдээ ээж нь Сүхбаатар аймаг руу зам ангид ажилд оруулж өгнө гээд 2016 оны 04 сарын 10-ны өдөр хот руу ажил хийхээр явсан. Тэгж явснаасаа хойш буцаж ирээгүй. Өөрөө саллаа намайг хүлээх хэрэггүй гэдэг байсан. Энэ үгийг одоо болтол хэлж байгаа. Би энэ хугацаанд эвлэрэх тухай хэлж хүүхдүүдээ өнчрүүлээд яахав гээд зөндөө гуйж байсан. Утасны дугаараа солиод сураггүй болсон. Тэгэхэд ээж нь хүртэл худлаа яриад утасны дугаарыг нь өгдөггүй байсан. Хүүхдүүд одоо том болсон болохоор аавтайгаа яримаар байна, санаад байна гэж байнга нэхдэг болсон. Хүүхдүүдээ аавтай нь яриулахыг хичээж арай гэж нэг ярихад хүүхдүүдэд намайг үхсэн гэж хэлээрэй гэж хэлж байсан. Энэ хугацаанд бага хүү Тэмүүжин хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанд орох үед ирэх байх гэж бодсон. Ядаж утсаар ч яриагүй. Ийм хүнд итгэж найдаж амьдрах ямар ч боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулаад 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Т.Болор гэдэг хүүхэн болон Ууганбаярын эцэг эхийн зүгээс надад одоо хүртэл сэтгэл зүйн дарамт шахалт ирдэг. Энэ хүн явахдаа ажилгүй, орлогогүй намайг 2 зээлтэй үлдээсэн. Тухайн үед би хэдэн малаа зараад өрөө дарсан. Энэ хүнд хэлэхээр би төлж чадахгүй өөрөө төлөхгүй юу? гэж хэлдэг байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байнгын ээж аав нь дарамталдаг гэж байна энэ худлаа. Энэ хүн өөрөө манай аав, ээж рүү байнгын мэссэж бичиж дарамталдаг байсан. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн зээлтэй үлдээсэн гэж байна. Би одоо ч гэсэн өөрийнхөө зээлийг төлдөг. Минийхийг ч гэсэн хувааж идсэн л байж таараа. ...Хүүхдүүтэйгээ ярьдаггүй байсан гэж хэллээ. Би хүүхдүүдтэйгээ утсаар ярих гэж зөндөө үзсэн. Урдаас яриулахгүй гээд хэрэлдээд байдаг байсан. Би аргаа бараад ээж рүүгээ 2 утас аваад дугаартай нь аваачаад өг би хүүхдүүдтэйгээ яримаар байна гэж хэлсэн. Тэгээд утсаа өгсөн чинь дугаараа хийлгээгүй байсан. Эрдэнэцэцэгийн аав ээж нь байнгын амьдралд оролцдог байсан. Тиймэрхүү асуудлаас гэр бүлийн маргаан үүдэлтэй гэж би боддог. Намайг ядуу гуйлгачин, түүлгэчнээр байнга дуудна. Аав ээж нь Эрдэнэцэцэгт Дарханд байр авч өгсөн байсан. Тэнд нь хамт амьдарч байгаад байраа зараад Эрдэнэт рүү нүүгээд дараа нь Баруунбүрэн рүү нүүсэн. Тэгэхэд намайг танай аав ээж чинь миний охины байрыг зарж үрэн таран хийсэн гэж ярьсан. Эднийх баян манайх ядуу айл л байдаг юм. Цаашдаа амьдрах боломжгүй болсон тул хуулийн дагуу салгаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг нь Х.Ууганбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
О.Эрдэнэцэцэг, Х.Ууганбаяр нар нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж 0006414 тоот гэрчилгээ авсан хууль ёсны гэр бүл байна.
О.Эрдэнэцэцэг, Х.Ууганбаяр нарын дундаас 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү У.Батцоож, У.Ганцоож, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр У.Тэмүүжин нар төрсөн нь МЛ07242214 регистрийн дугаартай 0042915 тоот төрсний гэрчилгээ, МЛ07242237 регистрийн дугаартай 0042916 тоот төрсний гэрчилгээ, МВ15273111 регистрийн дугаартай 4307000059 тоот төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа талаархи Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 49 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Мягмарын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 04 дүгээр сарын 10-аас хойш тусдаа амьдарч эхэлсэн, хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачлагагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгсэд хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хариуцагч А.Ууганбаяр хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн, хүүхдүүд эх О.Эрдэнэцэцэгийн асрамжид байгаа ба орон байр, хүүхдийн өсөн бойжих ахуй нөхцөл бололцоог харгалзан хүү У.Батцоож, У.Ганцоож, У.Тэмүүжин нарыг эх О.Эрдэнэцэцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй“ гэж хуульчилсан байх тул хариуцагч Х.Ууганбаяр нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлэгийг насны байдлыг нь харгалзаж тогтоохоор заасан ба хүү У.Батцоож, У.Ганцоож нар нь 10 нас 3 сартай, хүү У.Тэмүүжин нь 2 настай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр /Сэлэнгэ аймаг төвийн бүс 166.200 төгрөг/ хүүхэд тус бүрт эцэг Х.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн, эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганбаяраас 70200 төгрөг гаргуулан О.Эрдэнэцэцэгт олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд хариуцагчаас /166.200x12=1.994.400:2=997.200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28483 төгрөг/ -ийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Далх овогт Октябрийн Эрдэнэцэцэг, Чонос овогт Хүрэлбаатарын Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ууганбаярын Батцоож /МЛ07242214/, 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ууганбаярын Ганцоож /МЛ07242237/, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ууганбаярын Тэмүүжин /МВ15273111/ нарыг эх О.Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү У.Батцоож, У.Ганцоож, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн У.Тэмүүжин нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ууганбаяраар тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн, эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Ёлкад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганбаяраас 70.200 төгрөг гаргуулан О.Эрдэнэцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Х.Ууганбаяраас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 28.483 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН