Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

2021           12          22                                 2021/ШЦТ/04

 

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Ц.Шагдар, 

Шүүгдэгч  Б.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Батчимэгийн Б.Бд холбогдох эрүүгийн 2109011841562 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 4 дүү, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн дүүргийн 16 дугаар хороо, Гандан 60-2-1 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2- т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ялыг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эдэлж дууссан, ХБ.Б /РД:ЖБ/, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн сэлбийн 4-46 тоот хашааны гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж байхад маргааныг таслан зогсоохоор ирсэн Ж.Уламбаяртай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд няцарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний ирмэгийн эмтрэл, зүүн тохойд зулгаралт, баруун ядам чигчий хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109011841562 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Уламбаярын “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100 айлын Иргэний мэдээлэл бүртгэлийн хойно байрлах гудамж руу 3 эрэгтэй хүн хүргэж өгсөн. Тэнд очоод хар савхитай эрэгтэй хүн буусан, тэгээд тэр хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирэнгүүт хар савхитай эрэгтэй гарч ирсэн эмэгтэйтэй муудалцаад байсан. Тэр 2 маргалдаад зогсож байхад нэг хөгшин эгч гарч ирсэн тэр эгч хар савхин куртиктэй залуутай маргалдаад унасан удалгүй нэг эмэгтэй бас гарч ирсэн. Тэр залуу хамгийн сүүлд гарч ирсэн эмэгтэйг алгадаж, түлхэж унагаагаад зодоод байсан болохоор тэр залуутай хамт явж байсан хүмүүсийг гараад эр найзаа болиулаач гэхэд автомашинаас буугаад автомашины хойно тамхи татаад зогсоод байсан. Би тэр хоёр тус болохгүй юм байна гэдгийг мэдээд хар савхин куртиктэй залуу дээр очоод зодоод байсан эмэгтэй хүнээс салгаад битгий, одоо болио гээд мөрнөөс нь тэврээд эргүүлсэн чинь тэр залуу иргээд, миний уруул руу цохисон. Би цохиулаад газар унасан, тэр залуу хамт надтай газар унасан. Бид хоёр газар унаад ноцолдсон бид хоёрыг ноцолдож байхад хамт явж байсан залуу болон хашаанаас гарч ирсэн эмэгтэй бид хоёрыг салгасан. Савхин куртиктэй залуу эхлээд миний уруул руу нэг удаа баруун гараараа цохисон тэгээд тэр залуутай ноцолдсон. Би гомдолтой байна эмнэлэгт очиж шүдээ үзүүлээд эмчлүүлсэн зардалаа гаргуулан авмаар байна. Тэр залууд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, 

Гэрч Ц.Мягмарсүрэнгийн “...би найз Одончимэгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын иргэний бүртгэлийн тэнд гэрт нь ирээд хоносон. 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна орой 00 цагийн үед найз залуу Б.Б нь 2 найзын хамт такси бариад ирсэн. Найз залуу Б.Б манай найз Одончимэг бид 2 луу уурлаад байхаар нь таксины жолоочтой бууж ирээд бид хоёрыг өмөөрөөд таксины мөнгөө авмаар байна гэхэд Б.Б уурлаад таксины жолоочтой маргалдсан. Тэгтэл Одончимэгийн ээж нь уурлаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Б.Б болон таксины жолоочийг аваад явсан... Б.Б намайг 2 удаа гараараа түлхсэн тэрнээс өөр цохисон зүйл байхгүй... Таксины жолооч нь манай найз залуу Б.Бтэй ноцолдож байгаад газарт 2-3 удаа унагаасан. Сүүлд нь нэг унахдаа жолоочийг зуураад давхар унасан... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Ч.Нямдэлгэрийн “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед Сансарын Цэ-д найз Б.Бтэй уулзсан. Тэнд архи ууж байгаад хажуу талд сууж байсан залуу хамт сууя гээд хамт 3-лаа сууж байгаад ... Б.Бийн найз охин байгаа газар очоод Б.Б найз охинтойгоо уулзаад гэрлүүгээ явъя гээд гуйгаад байсан. Би машин дотор сууж байсан тэгтэл Б.Б найз охиноо түлхээд байсан тэгтэл таксины жолооч буугаад тэр хоёрын дундуур ороод боль гээд байж байсан. Би утсаа оролдоод буцаад харахад таксины жолооч Б.Бийн ардаас нь гараараа хоолойг нь боож байсан. Би болон надтай хамт сууж байсан шинээр танилцсан залуу бид хоёр буугаад Б.Б болон таксины жолооч хоёрыг болиулж салгасан. Тэгтэл очсон айлын эгч нь цагдаа дуудсан... Б.Б, шинээр танилцсан залуу би нэрийг нь мэдэхгүй байна, таксины жолооч, Б.Бийн найз охин, нэрийг нь мэдэхгүй 2 эмэгтэй байсан... Б.Б тэр жолоочтой маргалдаад ноцолдож байсан өөр тэр жолоочтой маргалдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Гэрч Б.Оюунчимэгийн өгсөн “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Манай охины найз гэх нэг эрэгтэй ирээд манай гэрт хажуу талд байх гэрт хонохоор болоод байж байсан орой 22-23 цагийн хооронд манай хашааны хаалгыг 1 хүн нүдээд би гараад хашааны хаалгаа онгойлгоход нэг эрэгтэй манай хашаа руу орох гэж дайраад байсан. Би яах гэж байгаа юм гэхэд танай охины гэрт манай найз охин байгаа гэж хэлсэн. Тэгтэл охин Одончимэгийн гэрээс Одончимэг нь найз эмэгтэйтэйгээ гарч ирээд хашааны гадаа гарч тэр залуутай уулзсан. Тэгтэл тэр залуу манай охины хажууд байсан эмэгтэйн толгой руу гараараа 2 удаа цохиод би яаж байгаа юм гэж асуухад манай охин Одончимэг намайг цаашаа ор гэж хэлсэн. Тэгтэл машинаас 1 залуу бууж ирээд эмэгтэй хүн цохихоо боль гэж хэлсэн тэр залуу би эхнэрээ цохиж байна чамд хамаагүй гэж хэлсэн... Манай охины найз эмэгтэйг найз залуу нь гэх эрэгтэй 2 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Машинаас бууж ирдэг өндөр залууг эмэгтэй хүн цохиод байсан залуу нь нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон тэгэхэд өндөр залуу шүд уначихлаа гээд орилоод байсан. Өндөр залууг цохисон эрэгтэйг найз охин дээрээ ирэхэд өндөр залуу араас нь боож газар унагаагаад тэр 2 газар хэвтээд нэгнийгээ цохиод байх шиг байсан. Машинаас нэг намхан залуу бууж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч С.Одончимэгийн өгсөн “...би хашааны гадаа гарахад Мягмарсүрэнгийн найз залуу Б.Б нь машинаас бууж ирээд миний хацар болон цээж рүү гараараа цохисон намайг найз охиныг нь явуулахгүй байна гээд цохиод байсан. Мягмарсүрэн нь хашааны гадаа гарч ирэхэд Б.Б нь Мягмарсүрэнгийн зүүн чих болон нүүр рүү нь гараараа цохисон бас цамцнаас нь барьж байгаад хашааруу түлхээд нуруугаар нь хашаа мөргүүлээд байсан. Б.Б нь такси барьж ирсэн байсан. Мягмарсүрэнг цохиж байхад таксины жолооч гэж нэг эрэгтэй бууж ирээд Мягмарсүрэн Б.Б хоёрыг салгаад Б.Бийг яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм ярилцаж болдоггүй юм уу гэж асуусан. Таксины жолоочийн машины ард 2 хүн сууж байсан таксины жолооч нь очоод энэ хүнээ болиулаач гэхэд тэр хоёр хүн тоохгүй машинаас буугаагүй Б.Б нь таксины жолоочийн уруул руу гараараа 2-3 удаа цохиход таксины жолооч нь чи яаж байгаа юм гээд Б.Бийг заамдаж авсан. Тэгтэл машинаас нэг залуу бууж ирээд тэр хоёрыг юу болоод байгаа талаар асуусан. Тэгтэл Б.Б Таксины жолоочтой зодолдоод нэг нэгнийгээ цохиод эхэлсэн... Б.Б таксины жолоочийн уруул руу гараараа 2-3 удаа цохиод зодолдсон би өөр хаана нь цохисныг хараагүй нэг мэдэхэд газар уначихсан зодолдоод байсан... Б.Б нь цэнхэр өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн савхитай байсан. Таксины жолооч нь Саарал өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн өмдтэй байсан, машинаас бууж ирсэн ягаан, шар өнгийн алаг уулын куртиктэй женсэн өмдтэй байсан... Ж.Уламбаярын биед учирсан гэмтэл Б.Бтэй зодолдсоны улмаас учирсан гэмтэл байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр 16-ны өдрийн №8803 дугаартай дүгнэлт:

1. Ж.Уламбаярын дээд уруулд няцарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний ирмэгийн эмтэрэл, зүүн тохойд зулгаралт, баруун ядам чигчий хурууны хумсанд цус хуралт тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн сэлбийн 4-46 тоот хашааны гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж байхад маргааныг таслан зогсоохоор ирсэн Ж.Уламбаяртай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд няцарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний ирмэгийн эмтрэл, зүүн тохойд зулгаралт, баруун ядам чигчий хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: шүүгдэгч Б.Бийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Уламбаярын “...хар савхин куртиктэй залуу дээр очоод зодоод байсан эмэгтэй хүнээс салгаад битгий, одоо болио гээд мөрнөөс нь тэврээд эргүүлсэн чинь тэр залуу иргээд, миний уруул руу цохисон. Би цохиулаад газар унасан, тэр залуу хамт надтай газар унасан. Бид хоёр газар унаад ноцолдсон бид хоёрыг ноцолдож байхад хамт явж байсан залуу болон хашаанаас гарч ирсэн эмэгтэй бид хоёрыг салгасан. Савхин куртиктэй залуу эхлээд миний уруул руу нэг удаа баруун гараараа цохисон тэгээд тэр залуутай ноцолдсон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мягмарсүрэнгийн “...Найз залуу Б.Б манай найз Одончимэг бид 2 луу уурлаад байхаар нь таксины жолоочтой бууж ирээд бид хоёрыг өмөөрөөд таксины мөнгөө авмаар байна гэхэд Б.Б уурлаад таксины жолоочтой маргалдсан. Тэгтэл Одончимэгийн ээж нь уурлаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Б.Б болон таксины жолоочийг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Нямдэлгэрийн “...Би утсаа оролдоод буцаад харахад таксины жолооч Б.Бийн ардаас нь гараараа хоолойг нь боож байсан. Би болон надтай хамт сууж байсан шинээр танилцсан залуу бид хоёр буугаад Б.Б болон таксины жолооч хоёрыг болиулж салгасан. Тэгтэл очсон айлын эгч нь цагдаа дуудсан... Б.Б, шинээр танилцсан залуу би нэрийг нь мэдэхгүй байна, таксины жолооч, Б.Бийн найз охин, нэрийг нь мэдэхгүй 2 эмэгтэй байсан... Б.Б тэр жолоочтой маргалдаад ноцолдож байсан өөр тэр жолоочтой маргалдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунчимэгийн “...Тэгтэл тэр залуу манай охины хажууд байсан эмэгтэйн толгой руу гараараа 2 удаа цохиод би яаж байгаа юм гэж асуухад манай охин Одончимэг намайг цаашаа ор гэж хэлсэн. Тэгтэл машинаас 1 залуу бууж ирээд эмэгтэй хүн цохихоо боль гэж хэлсэн тэр залуу би эхнэрээ цохиж байна чамд хамаагүй гэж хэлсэн... Манай охины найз эмэгтэйг найз залуу нь гэх эрэгтэй 2 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Машинаас нэг намхан залуу бууж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч С.Одончимэгийн “...Мягмарсүрэнг цохиж байхад таксины жолооч гэж нэг эрэгтэй бууж ирээд Мягмарсүрэн Б.Б хоёрыг салгаад Б.Бийг яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм ярилцаж болдоггүй юм уу гэж асуусан. Таксины жолоочийн машины ард 2 хүн сууж байсан таксины жолооч нь очоод энэ хүнээ болиулаач гэхэд тэр хоёр хүн тоохгүй машинаас буугаагүй Б.Б нь таксины жолоочийн уруул руу гараараа 2-3 удаа цохиход таксины жолооч нь чи яаж байгаа юм гээд Б.Бийг заамдаж авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр 16-ны өдрийн №8803 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна

Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлээр маргаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Уламбаяр нь баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй ба хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Б.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Уламбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН