Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

2021          12         30                                  2021/ШЦТ/37        

 

                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Э.Булганчимэг, 

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг, 

Шүүгдэгч: Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Чагцалдуламын Ч.Бд холбогдох эрүүгийн 2109015141565 дугаартай хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 30 гудамжны 359-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Чагцалдуламын Ч.Б /РД:ХИ78020106/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 30 дугаар гудамжны 359-7 тоотод хохирогч Б.Баярмаагийн эзэмшлийн монетон гинжийг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй”...гэв.

 

Эрүүгийн 2109015141565 тоот хэргээс: 

Яллагдагч Ч.Бгийн “... 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баярмаа манай гэрт ирсэн, ирчхээд надаас нэг шил архи аваад өг гээд нэхээд байсан, тэгэхээр нь би нэг шил архи авч өгөөд хувааж уусан, ууж дуусаад Баярмаа нэг залуутай хамт ирсэн тэр залуутайгаа дахиад дэлгүүр хоёр том пиво авчирсан тэрийг нь хувааж уусан тэгээд би согтоод унтаад өгсөн Баярмаа манайд бас унтсан байсан өглөө сэрсэн чинь Баярмаа миний хажууд унтаж байсан тэгээд босоод миний хүзүүнд байсан гинж байхгүй байна гэсэн тэгээд цагдаа дууд гээд Баярмаа цагдаа дуудаад ирсэн цагдаатай Баярмаа юм ярьж байгаад цуг яваад өгсөн, тэгээд би 2021.10.27-ний өдөр гэрээ буулгаж байхад үүдний гишгүүр доороос гараад ирсэн тэгэхээр нь аваад манай гэрийн гялгар уут урагдсан байсан болохоор мөнгөний хэрэг гараад ломбартанд аваачаад тавьчихсан юм... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/

Хохирогч Б.Баярмаагийн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн танил болох Байгалаагийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаад байдаг нэрийг нь сайн мэдэхгүй гэрт нь 15:00 цаг өнгөрч байхад пиво ууж байгаад унтсан тэгээд шөнө сэрэхэд миний хүзүүнд байсан монетон гинж байхгүй байсан тэгээд цагдаад хандсан юм. Би болон Ч.Б, Ч.Бгийн эмэгтэй дүү Болороо тэгээд Ээгий гэх эрэгтэй хамт нэг шил архи, 2 пиво хувааж уусан... Би хулгайд алдсан монетон гинжээ 2021 оны 10 дугаар сарын эхээр баруун 4 замын алт монет зардаг дэлгүүрээс 384.000 төгрөгөөр авч байсан.Шар өнгийн 2.4 граммтай түлхүүрийн дүрс бүхий кулонтой нарын гинж байсан. Миний хүзүүнээс хүн тайлж аваагүй тухайн үед би согтуу байсан болохоор нойрондоо гинжээ тасалсан. Тэгээд унагаачихсан байх. Тэрнээс хүн тайлж аваагүй авсан бол би мэдэх байсан.... би эд зүйл болон гинжээ бүрэн хүлээн авлаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 

Иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн “... Ч.Б /РД: ХИ78020106/ гэдэг хүн нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.4 грам жинтэй 45 см байхаас жижиг 2 см тасарсан урт 43 сантиметрийн урттай, түлхүүр хэлбэрийн кулонтой, түгжээ хэсэг нь бүтэн мотетон гинж 170.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Уг хүний барьцаанд тавьсан эд зүйлийн хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусах бөгөөд манай барьцаалан зээлдүүлэх газарт нийт 180.300 төгрөгийн төлбөр төлөх ёстой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №СБ2-2-981 "... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 336.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 дүгээр хуудас/Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дүгээр хуудас/

 Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/ 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 30 дугаар гудамжны 359-7 тоотод хохирогч Б.Баярмаагийн эзэмшлийн монетон гинжийг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 336.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Ч.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Баярмаагийн “...Миний хүзүүнээс хүн тайлж аваагүй тухайн үед би согтуу байсан болохоор нойрондоо гинжээ тасалсан. Тэгээд унагаачихсан байх. Тэрнээс хүн тайлж аваагүй авсан бол би мэдэх байсан.... би эд зүйл болон гинжээ бүрэн хүлээн авлаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн “... Ч.Б /РД: ХИ78020106/ гэдэг хүн нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.4 грам жинтэй 45 см байхаас жижиг 2 см тасарсан урт 43 сантиметрийн урттай, түлхүүр хэлбэрийн кулонтой, түгжээ хэсэг нь бүтэн мотетон гинж 170.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Уг хүний барьцаанд тавьсан эд зүйлийн хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусах бөгөөд манай барьцаалан зээлдүүлэх газарт нийт 180.300 төгрөгийн төлбөр төлөх ёстой юм...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ч.Бгийн бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 336.000 төгрөгийн  хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Бг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч Б.Баярмаагийн 336000  төгрөгийн үнэлгээ бүхий  монетон гинжийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Ч.Б нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар авч улмаар “Танзамит 1” барьцаат зээлийн газар барьцаанд тавьж, 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг авсан болох нь барьцаат зээлийн гэрээ, иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэн /Танзамит ХХК-ын захирал/-ээс нэхэмжилсэн  зээлийн төлбөр, хүүгийн хамт 180300 /нэг зуун наян мянга гурван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүх Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, прокуророос гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэхээр тогтов.

Шүүгдэгч Ч.Б нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 30 гудамжны 359-7 тоотод оршин суудаг болох нь оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул  зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг 03 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах  нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржгон овгийн Чагцалдуламын Ч.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 03 (гурав) сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бгаас 180.300 /нэг зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнд олгосугай. 

            7.  Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9.   Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН