| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0002/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/06 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Сайнхүү
Шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Б-д холбогдох 2116000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ... өдөр төрсөн. ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогтой С-н Б.
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... сумын ... тоотод оршин суух иргэн Т.Г-ны гэрт “намайг муулж шоолсон” хэмээн шалтаглаж Б.Э-н нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд шүүгдэгч С.Б нь Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух иргэн Т.Г-ы гэрт иргэн Б.Э-н нүүрэн тус газарт нь цохиж түүний биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх зүүн шанаа ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М-ний спортын мастер цолны мялаалга болоод сургуулийн хамт олон очсон. Тэгээд орой 9 цаг өнгөрөөгөөд сургуулийн хүмүүс тараад явсан. Тэр айлд Э, А, Ц бид хэд үлдсэн байсан. Тэгээд тэнд би буруу ойлгоод Б.Эыг цохиж авсан. Тэгээд би гэртээ харьсан. Б.Э-н биед хүндэвтэр гэмтэл буюу зүүн шанаа ясны зөрүүтэй хугарал гэмтэл үүссэн нь миний цохилтын улмаас үүссэн гэмтэл мөн. Хохиролд 400.000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг шүүхээр тогтоовол төлнө... Би хүн цохисон гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм хэрэгт орооцолдохгүй. Хохирлыг барагдуулах болно гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Аптай аймгийн Цогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Б.Мөнх-Эрдэнэ нь “Гар бөмбөгийн спортын мастер”-ын болзол хангаад тухайн цол ирсэн юм. Тэгээд Б.М нь сургуулийн хамт олонд урилга өгөөд манай хамт олон болох захирал С.Б, Г.Г, Б.Б нарын хүмүүстэй хамт явсан юм. Тухайн үед манай хамт олон нь цувж очсон юм. Б.М-д байж байх үед 21-22 цагийн үед байх Б нь согтуу гаднаас орж ирээд А, Э хоёр гараад ир. Ална гэж хэлээд Аийн хажуугаар гараад миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би арагшаа савж унахдаа гэрийн модон мөлхөө тавилгыг толгойны ар дагз хэсгээрээ мөргөөд унасан юм. Би тухайн үедээ тэгээд ухаан алдаад уначихсан байсан. Ухаан ороход байрын багш А, галч Батаа хоёр намайг гэртээ хүргэж ирсэн байсан. Би тэгээд гэртээ унтаад өгсөн. Өглөө босоход миний зүүн шанаа хавдаад, юм ярьж чадахгүй, эрүү хавдсан байсан. Мөн юм идэж чадахгүй байсан. Тэгээд өвчин нь арилах байх гэж бодоод би 3 хоног өвчин намдаах эм ууж, хар цайгаар шавшиж боосон боловч өвчин нь арилахгүй болохоор аймгийн төвд 2021.11.04-ний өдөр ирсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасагт болон эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлэхэд шинжилгээ өгөөд, томографын зураг авахуулаад мэс засалд оруулна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Миний зүүн шанааны нум хугарсан гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгааг би мэдэхгүй байна. Шөнө унтахаар өвдөөд байгаа. Бүхэл хоол идэж чадахгүй, зажилж чадахгүй, дандаа шингэн хоол идэж байгаа. Хоёр талаар харж унтаж чадахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ33-рт/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...гаднаас Б гэрт орж ирээд шууд алхаад Э дээр очтол Э хойморт сууж байгаад босоод ирэхэд Б гараараа Эын зүүн шанаа хэсэг рүү 1 удаа л цохисон юм. Тэгээд Бийг А бид 2 барьж аваад гадаа гаргасан....” гэсэн мэдүүлэг /ХХ38-рт/,
Гэрч М.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би ороод цай уух гээд сууж байтал Б гарч яваад тэр араар намайг А ах тоглоод ямаа туйлаад янгиагаа эвдэх биш, тэмээ туйлаад тэнгээ эвдэх биш гээд яриад сууж байтал гаднаас Б буцаж орж ирээд намайг та нар доромжиллоо гээд А, Э гараад ир гэж хэлчихээд шууд очоод Эыг Б гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь цохичихсон. Тэгээд Э арагшаагаа уначихсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ40-рт/,
Шинжээч Д.Д-н 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 387 дугаартай “Б.Эын биед зүүн шанаа ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн шанаа ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ71-72/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Бийг уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь хохиролд 400,000 төгрөг төлсөн болох нь ХХ-146 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Б.Э нь гэм хорын хохиролд 720.135 төгрөг нэхэмжилсэн /хх20-рт/ боловч зарим баримт нь хохиролтой холбоотой баримт биш байх тул нотлох баримтаар тогтоогдсон 539.465 төгрөгөөс 400,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байгаа тул 139,465 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 180.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “...Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үлдэгдэл 139,465 төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохиролд 400,000 төгрөг төлсөн байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах эрх хэмжээ шүүхэд байгаа. Тухайн гэмт хэргийн торгуулийн ялын доод хэмжээ нь 450 нэгжээс эхэлдэг байгаа. Тэгэхээр хуульд заасан боломжоор эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү?” гэсэн бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үгдэслэлгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Эод 400.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Бид танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Бээс 139.465 төгрөгийг гаргаж хохирогч Б.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Эод 400.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА