Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0200

 

2016 оны 3 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0200

Улаанбаатар хот

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргалын нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Да, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “А” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 тоот захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хайртын уурхайн баруун хойд талд байрлах 50 га газрын эрхийг шилжүүлэн авсан. Манай байгууллага Газрын тухай хуулийн 34.10-д заасныг үндэслэн төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах зорилготойгоор 50 га газарт хамгаалалтын хашаа болон үйлдвэр, ажилчдын байр барьж 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжаар манай байгууллагын ашиглах эрхтэйгээр шилжүүлэн авсан газрын эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Уг захирамжид дурьдахдаа Газрын тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар дурьдаагүй атлаа “К”-т гэх компанид шилжүүлэн ашиглах эрхтэйгээр олгосон үйлдэл нь газар ашиглагчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.8-д зааснаар гадаадын иргэн, аж ахуй нэгжид газрын эрхийг тодорхой шалгуур, хугацаатайгаар ашиглуулахаар заасан байтал Айраг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах эрх шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн мэтээр тайлбарлан газрын эрхийг хүчингүй болгосон үйлдэлд туйлын гомдолтой байна. Иймд Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэрийг гаргаж өгнө үү.

“Н” ХХК-р үйлдвэр, ажилчдын барилгын ажлыг гүйцэтгүүлж одоо ашиглалтанд орсон. Үйлдвэрийн барилга, ажилчдын байрны 1580 мкв талбайтай 4 барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000309477 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.

2012 оны 06 дугаар сарын 04-нд “Б” ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, Айраг суманд байрлах баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжид зориулж 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл боловсруулуулж 2012 оны 5 сарын 31-нд байгуулсан Геодези, байр зүйн зургийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т” ХХК-иар Айраг суман дахь төмрийн баяжуулах үйлдвэрийн 10 кв-ын трассын ажлыг гүйцэтгүүлсэн.

2012 оны 09 сарын 24-нд “Н” ХХК-тай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг нь төлж, 2 ширхэг гүний худгийг үйлдвэрлэлийн зориулалттайгаар гаргуулсан. Уг 2 ширхэг гүний худгууд одоо ашиглалтанд орсон. Мөн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.

Уг маргаан бүхий газрыг өөрийн хөрөнгөөр хашаажуулсан буюу газрыг тойруулан хашаа барьж хамгаалалтын компаниудаар хамгаалуулж ирсэн.

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын зүгээс “А” ХХК-д газар ашиглуулахаар гаргасан А/52 тоот захирамжийг хүчингүй болгосон нь манай компанийг уг газрыг ашиглах явцдаа гаргасан хөрөнгө оруулалтаараа хохирох, цаашид оруулах байсан хөрөнгө оруулалт зогсох, бусад иргэн, байгууллагатай хийсэн гэрээнүүдийн хэрэгжилт тасрах гэх мэтээр асар их хэмжээний гэм хор учрахад хүргээд байна. Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг, Хайртын уурхайн баруун талд байрлах 50 га газрыг 2012 оноос хойш “А” ХХК ашиглаж байсан гэдгийг тогтоож өгнө үү.

“Ш” ХХК-ийн захирал, “К” ХХК-ийн захирал нар танилцаад 2010 оноос 2011 оны 6 сар хүртэл “К” ХХК-ийн эзэмшилд байдаг Даланжаргалан сумын Бор-Өндөрийн уурхайгаас хүдэр авч Хятад улс руу борлуулдаг байсан. Тухайн үед төмрийн хүдрийн компани маш ашигтай байсан тул “К” ХХК-ийн түүхий эдийг баяжуулаад борлуулах зорилгоор хамтарсан компани байгуулсан байдаг. “А” ХХК-ийн 60 хувийг 2 сарын хугацаанд 86000 долларын хүдрээр буцааж өгөх ёстой гэсэн болзолтойгоор “К” ХХК-ийн захиралд бэлэглэсэн.

“А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “К” ХХК-ийн ажилтан “М”-ыг томилсон. Дуудлага худалдаа зарлагдаж М нь хятадын талаас ямар ч хяналтгүйг далимдуулан өөрийн компанийн буюу “К” ХХК-ийн нэр дээр материал бүрдүүлээд дэнчинг “К” ХХК-ийн нэрээр төлж, дуудлага худалдаанд ялсныхаа дараа “Ш” ХХК-иас газрын төлбөрийг авч “А” ХХК-ийн нэрээр төлсөн байдаг. Манай компани нь 2015 оны 04 сар хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлж ирсэн. “К” ХХК манай компанид их хэмжээний буюу 1,3 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд уг асуудал арбитрын шүүхээр хэлэлцэгдэж дуусах шатандаа явж байгаа. Ажилчдын байрны 2 барилга, 2 худаг маань эзэмшлийн талбай дотроо багтсан байгаа. Харин үйлдвэрийн барилга, граж 2 нь эзэмшлийн талбайн гадна байгаа... гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хайртын уурхайн баруун хойно байршилтай төмрийн хүдрийн нойтон болон хуурай баяжуулах үйлдвэр барих зориулалт бүхий 50 га газрыг “К” ХХК хүсэлт гаргаж 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан улмаар дуудлага худалдаанд оролцож, ялагч болж 16300000 төгрөгийг “А” ХХК өмч хувьчлалын дансанд шилжүүлсний дагуу сумын Засаг даргын 2012 оны А/04 дүгээр захирамжаар “К” ХХК-д газар эзэмшүүлсэн байдаг. “К” ХХК-ийн 2013 оны 1/190, 1/205 дугаар албан бичгээр өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож, тус эрхийнхээ гэрчилгээг “А” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж, мөн дараа нь татгалзсан байдаг. Сумын Засаг даргын зүгээс “К” ХХК-иас энэ талаар тодруулга авахыг хүсэж хэд, хэдэн удаа холбоо барихыг хүссэн боловч холбогдоогүй. Энэ үеэр “А” ХХК нь “К” ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр болгох хүсэлт, анх дуудлага худалдааны үнийг төлсөн баримт, жил бүр /2012, 2013 он/ газрын төлбөр төлсөн баримт зэргийг ирүүлсэн.

Дээрх нотлох баримт, нөхцөл байдлыг үнэлэн сумын Засаг даргын 2014 оны А/52 дугаар захирамжаар “К” ХХК-ийн ашиглалтын газрыг “K” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэр гаргасан. Тухайн захирамжтай холбоотой аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2014 оны 1/1161, 2015 оны 1/506 дугаартай албан бичигт дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлгүй /Газрын тухай хуульд газар ашиглагч тухайн газраа өөр этгээдэд шилжүүлэх эрхгүй/ байгаа тул хүчингүй болгох талаар чиглэл өгсөн бөгөөд, сумын Засаг даргын 2015 оны А/45 дугаар захирамжаар “А” ХХК-д газар ашиглуулсан 2014 оны А/52 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон.

Асуудлыг судлахад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах биш эзэмшүүлэх тухай буюу хууль бус шийдвэр гарсан болохыг мэдсэн. Нөгөө талаар 2012 онд байгуулсан байсан гэрээнд газар ашиглах эрх шилжиж болно гэсэн заалт оруулсан байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг судлан үзсэний үндсэн дээр анхнаасаа буруу гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, газар ашиглуулах болгож өөрчлөн “А” ХХК-д олгосон юм.

Энэ хоёр компани хоорондоо холбоотой гэдэг нь арбитрийн шүүхээс гарсан шийдвэрийг баталгаажуулах тухай баримт, 2013 оны 5196 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх баримтуудаас харагдана. Миний сонссоноор тухайн газрыг авахдаа комплекс барина гэсэн. Орон нутгийн удирдлагууд орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж, эдийн засгийг сайжруулаасай гэсэн үүднээс газар олгосон байгаа. Гэтэл одоо энэ хоёр компани хоорондоо маргалдаад шүүхэд маргаан үүсгээд явж байгаа нь орон нутгийн хувьд хүнд нөхцөл байдал үүсээд байна. Хоёр компани хоёулаа ажиллавал сум орон нутагт маань хэрэгтэй юм... гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятадын “Ш” болон “К” ХХК-ийн захирал “С”-ийн компани болох МГМК нь хамтран 2011 оны 4 сарын 01-нд “А” ХХК-ийг 40, 60%-ийн эзэмшлээр байгуулсан байдаг. Дуудлага худалдаа явуулснаас хойш 3 сарын дараа “А” ХХК байгуулагдсан юм. Үүнээс үзвэл дуудлага худалдаанд “К” ХХК 100 хувь бие дааж оролцсон нь үнэн юм. Дээрх 2 компанийн хооронд байгуулсан гэрээгээр 2 зүйлийг тохиролцсон. Нэгт 50 га газар дээр 100%-ийн хөрөнгө оруулалтыг “Ш” ХХК хийх ёстой, хоёрт “К” ХХК нь өөрийн уурхайгаас баяжмалыг “Ш” ХХК-нд хямд өртгөөр өгөх явдал байсан юм. Үүний хүрээнд “К” ХХК нь өөрийн баяжуулах уурхайгаас баяжмалыг өгч байсан. Газраа “А” ХХК-нд шилжүүлэх хүсэлт тавьсан. Яагаад гэвэл “А” ХХК-иас үйлдвэрийг ашиглалтанд өгөх гээд байна. Хэрэв газар өөрийнх нь нэр дээр байхгүй бол улсын комисс хүлээж авахгүй гээд байна гэсэн. Мөн тухайн газар “А” ХХК-ийн нэр дээр байвал зээл авах боломжтой болох байсан. Манайх хүсэлт тавьсаныхаа дараа шилжүүлэх эрх байхгүй гэдгийг болон тэднийх үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн үндэслэлээр газраа буцааж авах хүсэлт тавьсан. Бас Хятадын талаас хийх ёстой хөрөнгө оруулалтаа хийж чадаагүй тул газар шилжүүлэх хүсэлтээсээ татгалзсан.

Манай зүгээс “А” ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтыг үгүйсгээгүй бөгөөд хөрөнгө оруулалтаа аваад яв гэж хандаагүй. Харин ч 50 га газрын дундах талбайд манайх үйл ажиллагаагаа явуулъя гэсэн. Мөн манай компани үйлдвэрлэл явуулах нь аль аль талдаа ашигтай юм. Манай компани нь Монголд байхгүй 2 том зуух барина. “А” ХХК маргаан бүхий газрын 2 га газар дээр бүтээн байгуулалт хийсэн. Манай компани үлдсэн газар дээр нь үйлдвэр бариад нэхэмжлэгч компани цаашлаад өөр маш олон үйлдвэрээс түүхий эд авч үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл манай компанийн барих шинэ үйлдвэрийн гол түүхий эдийг “А” ХХК ч гаргадаг юм. Иймд Айраг сумын Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн гаргасан, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “А” ХХК нь Айраг сумын 3 дугаар багийн нутагт орших, Хайртын уурхайн баруун талд байршилтай 50 га газрыг 2012 оноос хойш ашиглаж байсныг тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хууль буруу хэрэглэсэн. Учир нь уг газрыг маргалдаж буй талуудын аль нь бодитоор ашиглаж байсан, одоо ашиглаж байгаа нь хэргийн материалаас ойлгомжтой харагдана. Гуравдагч этгээд “К” ХХК-ийн хувьд маргаан бүхий газрыг эзэмшиж ч байгаагүй, мөн ашиглаж ч байгаагүй. Тухайн газрыг “К” ХХК нэг ч удаа мэдэлдээ авч байгаагүй. Харин нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнийг төлөхөөс эхлээд газрын төлбөрийг нь тасралтгүй төлж, улмаар өндөр хүчдэлийн шугам татаж, эзэмшил газрыг хашаалж, үл хөдлөх эд хөрөнгө барьж, шаардлагатай бусад ажлуудыг хийсэн. Манай компани газрыг 2012 оноос хойш эзэмшиж байсан. “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “А” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг мэтээр худлаа ярьж байсныг хэлэх хэрэгтэй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч “А” ХХК нь ийнхүү 50 гагазрын дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийн зохих хэсгийг төлж ирсэн ч энэхүү нөхцөл байдалнь тухайн компанид маргаан бүхий 50 га газрыг ашиглуулах шийдвэр гаргах болон гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, бусдад шилжүүлэх хуульд заасан үндэслэл болохгүй бөгөөд харин энэ нь тусхуулийн этгээдүүдэд хамааралтай хамтран ажиллах гэрээтэй нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд холбоотой асуудал болохыг дурьдах нь зүйтэй" гэжээ. Холбогдох төлбөрийг төлөхдөө “А” ХХК-ийн нэрийнөмнөөс төлж байсан. Энэ нь гуравдагч этгээд дуудлага худалдааны төлбөр, газрын төлбөрийг төлөлгүйхолбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийн хангалттай илэрхийлэл юм. Гуравдагч этгээд нь ялангуяа уг газартай холбоотой орон нутгийн төсөвт нэг төгрөг төлөөгүй байдаг бөгөөд сүүлд газрын төлбөр төлсөн мэт ярьдаг боловч бас л өөр компани төлбөрийг төлсөн нь хэргийн материалаас харагдана. Мөн гуравдагч этгээд нь хамтран ажиллах гэрээтэй гээд байгаа боловч түүнийгээ нотлоогүй. Энэхүү газар ашиглахтай холбоотой ямар ч хамтран ажиллах гэрээ байхгүй. Нэхэмжлэгчийн хувь эзэмшигч нарын зүгээс ялангуяа “К” компанитай гэрээ, хэлцэл хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Түүнчлэн маргаан бүхий 50 га газрын тодорхой хэсэг дээрнэхэмжлэгчийн өмчлөлийн 2 байр /ажилчин оршин суух зориулалттай сэндвичин барилга/ болон цахилгаандамжуулах шугам байрлаж байгаа хэдий ч тус хуулийн этгээд нь тухайн 50 га газрыг эрх бүхий этгээдийншийдвэрээр албан ёсоор ашиглахаасаа өмнө буюу бусдын ашиглалтанд байх хугацаанд барьж байгуулсанболох нь хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн баримтын зурагтөслийн болон угсралтын үйл ажиллагаатай холбоотой баримтуудаар тогтоогдож байна" гэснийгзөвшөөрөхгүй. Гуравдагч этгээд тусдаа уурхайд үйл ажиллагаа явуулж байсан. Мэдээж өөр компанийн газар байсан бол ийм их хэмжээний хөрөнгө зарцуулахгүй.

Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг, Хайртын уурхайн баруун талд байрлах 50 га газрыг 2012 оноос хойш ашиглаж байсан болохыг тогтоолгох шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ... өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагад дурьдагдаж буй асуудал нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах явцад дүгнэлт өгч шийдвэрлэгдэхээр асуудал байх тул уг асуудлаар тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл байхгүй байна. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус" үндэслэлээр уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ... " гэснийг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нь "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах явцад дүгнэлт өгч шийдвэрлэгдэхээр асуудал" гэж дүгнэсэн мөртлөө захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаан дээр хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг мэдэж байсан гэдэг. Мэдэж байсан учраас тухайн компанийн зүгээс төлж байсан төлбөрүүдийг хүлээн авч, барилга байшин барьж байхад зөвшөөрч байсан. Хэрвээ зөвшөөрөөгүй бол хуульд заасны дагуу сумын газрын даамал шалгах, шаардлага өгөх эрхтэй байсан. Тиймээс эрх зүйн харилцаа байсан.

Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай “К” ХХК-д Айраг сумын 3-р багт Хайртын уурхайн баруун хойно төмрийн хүдрийн нойтон болон хуурай баяжуулах үйлдвэр барих зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Айраг сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/167 тоот захирамжаар[1] олгосон газар эзэмших эрхийг ашиглах эрх болгон өөрчилсөн, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “К” ХХК-ийн албан хүсэлт[2], газар ашиглах гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК-д шилжүүлж 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн тус газар дээр барьсан үйлдвэрийн болон ажилчдын байрны зориулалттай 1580 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ[3]авчээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн ... шилжүүлэх хүсэлтээсээ татгалзсан байхад шилжүүлсэн ... гэх гомдлын дагуу хариуцагч Айраг сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн 2015 оны А/45 дугаар захирамжаар дээрх А/52 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцож, гуравдагч этгээд “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заажээ. Хуулийн уг заалтад захиргааны албан тушаалтан газрын хууль тогтоомж зөрчсөн хууль бус шийдвэрээ хүчингүй болгоход газар ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцлийг /гипотез/ заасан байхад хариуцагч нь газар ашиглаж байсан гуравдагч этгээд “К” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоогоогүй байна.

Хэрэгт авагдсан “К” ХХК-ийн “А” ХХК-д газраа шилжүүлэх, бэлэглэх[4] талаарх хүсэлтүүд, уг хүсэлтээсээ татгалзсан албан бичиг, газрын дуудлага худалдааны болон газрын төлбөр төлсөн баримтууд, уг газар дээр үйлдвэрийн болон ажилчдын байрыг “А” ХХК барьсан зэргээс үзэхэд тус компани нь 2011 онд газар эзэмших, ашиглах эрх авснаас хойш 2014 онд “А” ХХК-д шилжүүлэх хүртэл төмрийн хүдрийн нойтон болон хуурай баяжуулах үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан, өөрөөр хэлбэл газрын тухай хууль тогтоомжийн дагуу хууль ёсоор хэрэгжүүлж байсан газар ашиглах эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа “А” ХХК-ийн эрх бүхий этгээдээс газар ашиглах эрх олгосон үед газар ашиглуулсан зориулалтын дагуу барьсан үйлдвэрийн болон ажилчдын байрны өмчлөх эрх зөрчигдөх эсэх, мөн тухайн газрыг гуравдагч этгээдэд дахин төмрийн хүдрийн нойтон болон хуурай баяжуулах үйлдвэрийн зориулалтаар ашиглуулах боломжтой эсэхийг шалгаж тодруулаагүй байна.

Хэрэгт авагдсан барилга байгууламжийн байршил харуулсан кадастрын зурагт[5] “А” ХХК-ийн үйлдвэрийн барилга нь ороогүй байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглуулсан зориулалт, “К” ХХК-ийн газар шилжүүлэх, түүнээс татгалзах тухай хүсэлтүүд, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг зохих зөвшөөрөлгүй газарт үйлдвэрийн барилга барьсан гэж үзэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж шууд үзэх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно. гэж заасан бөгөөд хариуцагчийн олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх үйлдвэрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн нэхэмжлэгч нь тухайн барилгуудыг энэ 50 га газар дээр байрлаагүй гэдгийг шүүх дээр мэдсэн, тухайн үед газрыг зааж өгснийх нь дагуу хашаа бариад хашаан дотроо барилгуудыг барьсан ... гэх тайлбар зэргээс үзвэл газар ашиглах эрхийг анх олгоход газар ашиглагчид газрын хил хязгаарыг тэмдэгжүүлэн зохих журмын дагуу шав тэмдгийг хүлээлгэн өгөх үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн эсэх, мөн Засаг дарга нь газрын нэгдмэл санд хяналт тавих үүргийнхээ дагуу кадастрын зургаас гадна үйлдвэрийн зориулалттай барилга барьж байхад арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 61.1-д нийцсэн, нэхэмжлэгч “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн учир дутагдалтай болжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэгчийн барьсан үйлдвэрийн асуудлын талаар хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах боломжтой. Компани хоорондоо тохиролцоод үйл ажиллагаа явуулах нь сум орон нутагт хэрэгтэй ... гэх тайлбар болон маргаан бүхий актыг гаргахдаа тодруулж шалгаагүй дээр дурдсан нөхцөл байдлуудыг хариуцагч тодруулж дахин шинэ акт гаргах боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу уг шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхойлсон заалтыг нэмж оруулах шаардлагатай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 44 дүгээр зүйлийн 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй. гэж өөрчилж,

шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныгбаримтлан Газрын тухай хуульд нийцүүлэн “К” ХХК-ний гомдлыг шийдвэрлэхдээ газрыг зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, түүний ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар ашиглах эрхтэй байхдаа бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэрхэн шийдвэрлэх, зарим үл хөдлөх эд хөрөнгө нь уг газрын гадна баригдсан шалтгааныг тогтоож, цаашид уг газрыг гуравдагч этгээд “К” ХХК нь зориулалтын дагуу ашиглах бодит боломжтой эсэх зэрэг нөхцөл байдлыг нягтлан шалгаж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж дахин шинэ акт гаргах замаар шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад даалгасугай гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ