Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2014/0688/з |
Дугаар | 221/МА2016/0296 |
Огноо | 2016-05-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2016/0296
Т.Ганзоригийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2003 оноос эхлэн амьдарч ирсэн бөгөөд удаа дараа уг газрыг эзэмших хүсэлтээ өгч байсан боловч тухайн үед уг газар нь хэвгий гуу жалга байсны улмаас үер усны аманд газар эзэмшүүлэх эрх олгохгүй гэх шалтгаанаар миний өргөдлийг хүлээн авдаггүй байсан.
Ч.Чадраа гэх этгээд миний нэрийг барин манай хороон дээр очиж миний өмнөөс хаяг авч хорооны Засаг даргад өргөдлөө өгсөн байх бөгөөд түүнийг хорооны Засаг дарга цааш Сонгинохайрхан дүүрэгт цохон явуулж 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 15 дугаар захирамжаар Ч.Чадраад эзэмшүүлсэн байх бөгөөд түүнийг 2010 оны 321 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Чадраад өмчлөх эрх олгосныг Ч.Чадраа нь С.Мижидэд, С.Мижид нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Т.Азжаргалд худалджээ. Энэ талаар дүүргийн газрын албанд хандаж гомдол гаргасан боловч дүүргийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Чадраад өмчлөх эрх олгосон байх тул манай албаны шийдвэрлэх асуудал биш байна, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн.
Анх Ч.Чадраад газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын Ч.Чадраад газар өмчлөх эрх олгосон 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгох, Ч.Чадраад газар өмчлөх эрх олгосон 000065582 тоот, С.Мижидэд газар өмчлөх эрх олгосон 000074530 тоот, Т.Азжаргалд газар өмчлөх эрх олгосон 000126079 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, миний өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сэргээн босгож 15 жилийн турш амьдарч байгаа газраа хууль ёсны дагуу эзэмшиж, өмчлөх эрхтэй болох боломж нөхцөлөөр хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар иргэн Ч.Чадраад эзэмшүүлснийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна. Иргэн Ч.Чадраа нь өөрийн өмчилсөн газраа бусдад шилжүүлснээр одоо манай мэдээллийн санд иргэн Т.Азжаргалын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Т.Ганзоригт маргаан бүхий уг газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс дараах байдлаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 2006 оны шинэчилсэн найруулгаар газар эзэмшихээр хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг зааж өгчээ. Хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргахад тусгах зүйлсийг заасан ба 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэрэг нь бүрдсэн байх байтал иргэн Ч.Чадраагийн хүсэлтэд дарааллын байршил алдагдаж захирамж гарсан байдаг.
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар хэсэгт заагдсан эрхийн гэрчилгээг олгох дарааллыг зөрчсөн байна.
Учир нь газар эзэмших хүсэлт гаргаж байх огноотой өдөр газрын кадастрын мэдээллийн санд Газрын тухай хуульд заагдсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахаас өмнө буюу захирамжлаагүй байхад маргаан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэсэн байгаа нь хууль, журмын тодорхой заалтуудыг илтэд зөрчсөн байна. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2000 оноос маргаан бүхий газрын хажуугийн тоотод амьдарч 2009 оноос маргаан бүхий газарт амьдарч байгаа нь газрыг эзэмших давуу эрхтэй иргэн юм. Иймд Т.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Чадраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ч.Чадраа би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх 14 дүгээр хороо Алтайн 23-7г тоот газрыг 2010 онд хорооны Засаг дарга болон газрын албаны холбогдох албан тушаалтантай хамт очиж биечлэн үзүүлж, кадастрын зургийг шүүлгэж эзэнгүй хоосон газар болохыг тогтоосон. Засаг даргаар цохолт хийлгэж хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлтээ өгсний дагуу 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 15 тоот захирамжаар 356 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ олгосон. Улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, нийслэлийн газрын албанд өгч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар уг газрыг надад өмчлүүлэх шийдвэр гарч өөрийн өмчлөлд авсан.
Миний бие амьдралын шаардлагаар 2011 оны 07 дугаар сард С.Мижидэд өмчлөлөө шилжүүлсэн. Тухайн газрыг 2010 онд анх авахад болон 2011 онд С.Мижидэд шилжүүлэхэд хоосон газар байсан...” гэжээ.
Гуравдагч этгээд С.Мижид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2011 оны 10 дугаар сард тухайн худалдаж авсан газар дээр айл буусан байхаар нь эхнэр Н.Саруулын хамт очиж газар өмчлөх гэрчилгээ кадастрын зураг зэрэг холбогдох бичиг баримтаа үзүүлэн газар чөлөөлж өгөхийг хүсэхэд эрс эсэргүүцсэн. Тухайн үед очиход уг газар дээр нэг буланд нь жорлон ухсан, 2-3 машин шороо асгасан байдалтай байсан. Ингээд мөнгөний хэрэгцээ гарсан тул 2013 оны 08 дугаар сард Т.Азжаргалд худалдсан болно.” гэжээ.
Гуравдагч этгээд Т.Азжаргалын өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай нотариатын гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дүгээр заалтыг үндэслэн иргэн Т.Азжаргалд өмчлөх эрх шилжин бүртгэгдэж 000126079 тоот гэрчилгээ олгогдсон байна. Уг гэрээний хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолыг хавсарган хаягийн өөрчлөлтийн материалыг өгч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамжны 28 тоот гэсэн бүртгэлийг бүртгүүлсэн байна.
Т.Ганзориг нь Газрын алба болон холбогдох байгууллагад албан ёсоор энэ газрыг өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Т.Ганзориг нь бусдын өмчлөлийн газар чөлөөлж өгөхгүй маш их хүндрэл учруулж байгаагаас Т.Азжаргал нь хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ганзоригоос гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Чадраад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж түүний үндсэн дээр олгогдсон Ч.Чадраагийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээг хүчингүй болгох, иргэн Ч.Чадраагаас С.Мижидэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний үндсэн дээр олгогдсон С.Мижидийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээг хүчингүй болгох, С.Мижидээс Т.Азжаргалд газар өмчлөх эрхийг худалдсаны үндсэн дээр олгогдсон Т.Азжаргалын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох, маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших боломжоор хангаж өгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс газрыг хэн тэгшилсэн талаар гэрч асуух, намайг өргөдлөө өгч байсан эсэхэд баримт бичгийн үзлэг хийх, гуравдагч этгээдүүд маргаан бүхий газар дээр амьдарч байсан эсэх талаар хорооноос тодорхойлолт авах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин тайлбар авах, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас түүхчилсэн агаарын зураг, Нийслэлийн онцгой байдлын газраас гуу жалга, үерийн ам байсан эсэх лавлагаа авах зэргээр маргаан бүхий газар нь үнэхээр 2003 оны үед үерийн ам, гуу жалга дагасан хэвгий газар байсан эсэх, түүнийг хэн засаж, тэгшилсэн, шороо авчирч асгасан, өргөдөл гомдлоо гаргаж байсан эсэх, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар хээрийн судалгаа хийсэн эсэх, өөрөөр хэлбэл хүн амьдарч байгаа эсэхийг шалгах үүрэгтэй гэж заасан байхад үүнтэй холбоотой баримт цуглуулах, 2003 онд уг газар дээр өөр хүн амьдарч байсан эсэхийг шалгах шаардлагатай байсан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч Т.Ганзориг нь 2003 оноос эхэлж дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, үерийн аманд газар эзэмшүүлэхгүй гэсэн хариу өгдөг байсан гэх боловч ийнхүү хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байхын дээр захиргааны байгууллага, албан тушаалтны татгалзсан үйлдлийг хууль бус болох талаар маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй байна" гэжээ.
Нэхэмжлэгч би газартаа 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд газраа эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг дарга болон дүүргийн газрын албанд гаргахад хүсэлтийг огт авдаггүй байсан. Учир нь уг газар нь үерийн ам, гуу жалга дагасан хэвгий газар байсан тул хэнд ч олгодоггүй байсан. Гэвч би энэхүү газраа машинаар шороо авчирч асган дүүргэж, хүн амьдрах, цаашлаад эзэмшиж, өмчлөх боломжтой болгосон.
Гэвч шүүхээс ийнхүү дүгнэлт хийхдээ намайг уг газартаа 2003 оноос хойш одоог хүртэл тасралтгүй амьдарч байсан эсэх, уг газрыг эзэмшиж, өмчилж, худалдан авсан гуравдагч этгээдүүд уг газар дээрээ бүртгэлтэй, амьдарч байсан эсэх, газрыг худалдаж авахдаа яагаад газраа ирж үзэж, хүн амьдарч байгаа эсэхийг шалгаагүй, мөн маргаж байгаа газар нь үнэхээр үерийн жалга бүхий газар байсан эсэхийг холбогдох газраас тодруулаагүй мөн намайг үнэхээр газар эзэмших өргөдлөө гаргаж байгаагүй, эсхүл өгсөн боловч аваагүй, авах боломжгүй гэж буцааж байсан эсэх нь баримтаар нотлогдоогүй байхад ийнхүү дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй буруу дүгнэлт хийжээ.
Мөн шүүхийн шийдвэрт "... нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй асуудалд захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших эрх үүсээгүй байх тул гуравдагч этгээдүүдэд газар өмчлөх эрх олгосон захиргааны актын талаар нэхэмжлэгч маргах эрхгүй" гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гуравдагч этгээд Ч.Чадраад анх газар эзэмшүүлэхдээ хууль, журам зөрчиж олгосон, нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар эзэмших давуу эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл хууль бус шийдвэр гаргасан болохоо хүлээн зөвшөөрч түүнийгээ бичгээр илэрхийлсэн байхад холбогдох итгэмжлэлийг олгоогүй гэх үндэслэлээр ийнхүү дүгнэсэн нь хуульд нийцээгүй, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тайлбартай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, зөвшөөрсөн утгатай тайлбар өгч байхад зөвшөөрлийг нь батлах боломжгүй бол үндэслэлийг нь шалгаагүй байх тул шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлжээ.
2003 оноос хойш гэр бүлийн хамтаар амьдарч байгаа нь тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн улмаас энэ газраасаа хөөгдөх дээрээ тулчихаад байхад гагцхүү хүсэлтээ гаргаагүй, гэрчилгээгүй гэх үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэх нь хууль бус гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 2003 оноос хойш энэ газар дээр оршин сууж байгаа тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хамтран хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй. Тэдэнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг заавал гэрчилгээний үндсэн дээр гэж ойлгож хэрэглэсэн нь буруу юм. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар ойлгох нь зүйтэй бөгөөд миний бие хэдийгээр эзэмшиж, өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч бусдын газрыг булааж эсхүл давхардуулж аваагүй, энэ хугацаанд бүх хүний нүдэн дээр илээр, шударгаар эзэмшиж байсан тул нэхэмжлэгч миний хувьд маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан болно. Итгэмжлэл олгох эсэхийг хамтран хариуцагчаас тодруулж, нөхөж авах боломжтой байсан.
Шийдвэрт "... бусдын өмчлөлийн газарт бууж, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэжээ. 2003 онд анх ирж буухад хэн ч байхгүй хоосон газар байсан бөгөөд хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын тайлбараас энэ газарт хамгийн анх 2010 онд гуравдагч этгээд Ч.Чадраад эзэмших гэрчилгээ гарч, 2011 онд өмчилсөн болох нь тогтоогдож байна гэчихээд бусдын өмчлөлийн газар дээр буусан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр дотроо зөрчилтэй, зөрүүтэй дүгнэлт болсон байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Нэмэгдүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321, дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Чадраад холбогдох хэсэг болон гуравдагч этгээдэд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүхээс хамтран хариуцагчаар зөвхөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг татсан. Улсын бүртгэлтэй холбоотой хэсэгт Улсын бүртгэлийг хамтран хариуцагчаар татах ёстой байхад татаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болох Улсын бүртгэлтэй холбоотой хэсгийг хүлээж авахаас татгалзсан баримт хэрэгт байхгүй. 2016 оны 149 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан баримтуудыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ч.Чадраагийн 00065582 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, С.Мижидийн 000074530 дугаар газар өмчлөх гэрчилгээ, Т.Азжаргалын 000126079 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамтран хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар, нотлох баримтыг гаргуулах, шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материал танилцуулах зэргээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл хуульд заасан газар эзэмшүүлэх журам зөрчиж олгосноо зөвшөөрч, Ч.Чадраад газар эзэмшүүлэхээс өмнө газрын мэдээллийн санд бүртгэсэн нь буруу гэсэн тайлбар ирүүлсэн байхад энэ талаарх хариуцагчийн зөвшөөрөл хуульд харшилсан эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Нэхэмжлэгч Т.Ганзориг нь “... 2003 оноос уг газарт одоог хүртэл амьдарч байгаа, газар эзэмшихээр удаа дараа гаргасан хүсэлтийг гуу, жалгатай, үерийн ам гэх шалтгаанаар хүлээж аваагүй, өөрийн хүч хөрөнгөөр газрыг тэгшилсэн, миний нэрийг барин Ч.Чадраа өргөдлөө гаргасныг хорооны дарга цохож явуулсан ...” гэж дурдсанаас үзвэл өөрийн хүч хөрөнгөөр сайжруулан амьдарч байсан газраа эзэмших хүсэлтээ гуравдагч этгээд Ч.Чадраагаас өмнө гаргасныг хүлээж аваагүй атлаа Ч.Чадраад эзэмшүүлж, өмчлүүлснийг хууль бус гэж үзэж, газар эзэмших хүсэлтээ шударгаар шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Гэтэл шүүх энэ талаарх хэрэгт авагдсан гэрч Ц.Оюунгэрэл, Д.Болдсайхан нарын мэдүүлэг, хорооны тодорхойлолт, сансрын зураг, хариуцагчийн тайлбар зэргийг үнэлээгүй, тэдгээрийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй тул хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргийг шүүх гүйцэтгэнэ”, 70 дугаар зүйлийн 70.3-д “... шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ”, 40.2-д нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг бусдын өмчлөлийн газарт бууж Газрын тухай хуулийн 27.1, 27.4-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлийн хүрээнээс хальсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд анхан шатны шүүх нь хамтран хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэрэгт авагдсан баримтуудыг дээрх хуульд заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан[1] боловч 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1507 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийхээр товлон зарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг баримтлаагүй, мөн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5117 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл буюу 56 хоногоор хойшлуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “... шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтооно.” гэснийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1, 88.3.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ