| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2021/0087/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Хохирогч Э.Д
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймгийн З сумын ... баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т.С-т /РД:.../ холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Заан зоог" нэртэй газрын баруун талын уулзварт ... улсын дугаартай “УАЗ-2206” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/... эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 8 дугаар бүлгийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “...” улсын дугаартай “Тоёота камери” маркийн тээврийн хэрэгсэл болон “...” улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед би Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн жолооч ажилтай байсан юм. ... машины свечэ болохгүй байсан учраас няравыг дагуулж сэлбэгийн дэлгүүр ороод буцаж явахдаа Заан зоогийн уулзвар дээр ... дугаартай камерийг мөргөсөн, цаана ... гэсэн приус машин давхар мөргөгдсөн. Тухайн үед согтуу явж байсан. Энэ үед хохирогч Д жолоочийн хажуу талд суугаад явж байсан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлдлийн улмаас Д-д хохирол учирсан тул хохирлыг төлнө гэдгийг ойлгож байгаа, Д-ийг хот руу эмнэлэгт явахад нь 400,000 төгрөг, хотод байхад нь 1,000,000 төгрөг, өнгөрдөг 12 сард 1,100,000 төгрөг төлсөн. Одоо үлдэж байгаа 1,973,400 төгрөгийг 2022 оны 03 сарын 01 гэхэд төлж барагдуулна. Миний бие одоогийн байдлаар ажилгүй байгаа бөгөөд Шингэн түлш шилжүүлэн ачих ангид ажилд орохоор хөөцөлдөж байгаа, эхнэр маань эмнэлэгт сувилагч хийдэг, банкны төлөлтөөс 200,000 төгрөг л үлддэг болохоор 3 сарын 1-нээс өмнө төлнө гэж хэлэх боломжгүй байгааг ойлгоно уу. Мөн иргэний нэхэмжлэгч Ц-д 6,700,000 төгрөг, эмнэлэгт 500,000 төгрөг, ... приус машины хохиролд 60,000 төгрөгийг төлсөн байгаа“ гэсэн мэдүүлэг
Хохирогч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ 2021 оны 07 сарын 30-нд ажилтай байхад С ах ирээд машины свечэ авах гэсэн юм гээд сэлбэгийн дэлгүүр хамт явсан. Буцаад явж байх замдаа улаан гэрлээр гарах гэж байгаад машин мөргөсөн. Энэ үед миний бүсэлхий, нуруунд өөрчлөлт орж гэмтэл авсан. Хот руу эмнэлгийн машинтай явж, эмнэлэгт үзүүлсэн, түүнээс хойш байнгын эмчилгээтэй, хэвтрийн дэглэм сахьсан байдалтай байж байгаад 11 сарын 29-ний өдөр ажилдаа орсон. Одоо олон цагаар суух боломжгүй, удаан алхаж болохгүй байдалтай, биед ямар нэг байдлаар зовиур илрээд л явж байна. С ах хот руу явахад 400,000 төгрөг, хотод эмнэлэгт байхад 1,000,000 төгрөг, 12 сард давж заалдах хурлын өмнө 1,100,000 төгрөг төлсөн. Өнөөдөр шүүхэд өгсөн баримтанд эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар явсан замын зардал, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин, бариа заслын төлбөр, эмчилгээний зардал нийт 2,973,400 төгрөгний баримт багтсан байгаа. Уг нь миний хувьд урьд нэхэмжилсэн 2,500,000 төгрөг дээр шүүхэд гаргаж өсгөн баримтын хүрээнд 2,973,400 төгрөгийг нэхэмжилнэ гэж бодож байсан. Нэгэнт 1,000,000 төгрөгийн баримт байхгүй байгаа тул С ахын нөхцөл байдлыг харгалзаад 1,973,400 төгрөгийг нэхэмжилж байна. Ер нь бол надаас өөр хүн байсан бол зөөлөн хандахгүй байсан байх гэдгийг хэлмээр байна” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.С-ын согтуурлыг шалгахад 1,86 хувь үзүүлэлт илэрсэн гэсэн тэмдэглэл /хх-ийн 5/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 03-ны өдрийн “1. Э.Д-ийн биед L4-s1 түвшинд жийргэвчний бага зэрэг цүлхийлт, мөгөөрсөн цагирагны урагдал, L2-L4 нугалмуудын түвшинд нурууны ард баруун талын параспиналь булчинд хаван, булчингийн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн 04/171 тоот дүгнэлт /хх-ийн 44-46/
Хохирогч Э.Д-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчтөн илгээх хуудас /хх-ийн 47-51, 57/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 07 дугаар сарын 30 ны өдрийн 14 цаг 20 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг Заан нэртэй зоогийн газрын ертөнцийн зүгээр хойд талд байх гэрлэн дохиотой засмал замын уулзвар дээр өөрийн эзэмшилийн ... улсын дугаартай хар өнгөтэй Тоёота камри загварын автомашиныг жолоодож зогсож байгаад явах дохио буюу ногоон гэрэл асах үед замын уулзварт баруунаас зүүн чиглэлд 5-10 орчим км цагийн хурдтай хөдөлгөөнийг эхлүүлсэн чинь ертөнцийн зүгээр урдаас хойд чиглэлд явж байсан саарал өнгөтэй фургон загварын автомашин мөргөж осол гарсан юм. ... улсын дугаартай хар өнгөтэй Тоёота камри загварын автомашин бол миний эзэмшлийнх бөгөөд эзэмшээд 1 жил гаруй болж байна. Ослын улмаас миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй, тухайн үедээ тус сумын эмнэлэгт үзүүлсэн юм. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх гэмтэл бэртэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Автомашинд учирсан эвдрэл гэмтлийг үнэлгээний газраар үнэлүүлж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус дүгнэлттэй танилцахад 6,400,000 төгрөгний үнэлгээ гарсан бөгөөд уг мөнгийг фургоны жолооч С нь дансаар шилжүүлж өгсөн тул одоо надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй автомашины бүхээгт надаас өөр хүн байгаагүй, миний бие аюулгүй байдлыг тооцоолж хамгаалах бүсийг хэрэглэсэн байсан. Надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие Улаанбаатар хотод ажилтай учраас Замын-Үүд суманд очиж чадахгүй гэдгийг энэ мэдүүлгээр хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/
Иргэний нэхэмжлэгч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд суманд байхгүй, ээлжийн амралтаа авсан байсан тул Увс аймагт явж байсан. Ажлын хүмүүстэй гар утсаар холбогдож ярихад Т.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албаны УАЗ-2206 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан талаар сонссон. Тухайн тээврийн хэрэгсэл нь Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн эд хөрөнгө. Тээврийн хэрэгслийн зүүн урд тал, урд талын хаалга, буфер зэрэгт эвдрэл гэмтэл учирсан байсан. Т.С нь барьж явж байсан тээврийн хэрэгслийг янзалж засаад хэвийн ажиллагаанд оруулсан. Манай байгууллагын зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй. Т.С нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/
Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зам тээврийн осол гарсан талаар сонссон. ... улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эд хөрөнгө. Тээврийн хэрэгслийн урд талын гупер зурагдсан гэмтэл учирсан байсан. Т.С нь тээврийн хэрэгслийг янзалж засаад хэвийн ажиллагаанд оруулсан. Манай байгууллагын зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй. Т.С нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83/
Гэрч О.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заан зоог” нэртэй зоогийн газрын гадна тал хамгаалалтын үүрэг гүйцэтгэх гээд албаны ... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Цагдаагийн хэлтсийн хашаанаас унаад Захиргааны урд талын замаар ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаад хуучин “Заан зоог” нэртэй зоогийн газрын баруун урд талд байрлах 4 замын уулзварын гэрэл дохионы ногоон өнгийн гэрэл ассан байхад уулзвараас урагшаа эргэх үйлдэл хийх гэж байхад урд талаас ирж явж байсан ... улсын дугаартай “УАЗ-2206” маркийн улаан өнгийн гэрлэн дохиогоор орж ирээд баруун талаас ирж байсан “Тоёота камри” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалга хэсэг рүү хүчтэй мөргөж, түрж яваад миний барьж явж байсан тээврийн хэрэгслийн урд талын гуперт тулаад зогссон. Зам тээврийн осол гарах үед өдөр байсан болохоор үзэгдэх орчин хэвийн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89/
2021 оны 10 сарын 01-ний өдрийн “1. Техникийн шинжээчид ирүүлсэн материалиас үзэхэд ... улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.
2. Техникийн шинжээчид ирүүлсэн материалиас үзэхэд ... улсын дугаартай “УАЗ-2206” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна. ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.
3. Техникийн шинжээчид ирүүлсэн материалиас үзэхэд ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.
4. Тус асуултад техникийн шинжээч хариулах боломжгүй.
5. Уг осолд холбогдсон жолооч Т.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 8.9 заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна” гэсэн 09/16 тоот дүгнэлт /хх-ийн 92-93/
Шүүгдэгч Т.С нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108-109/
Хохирогч Э.Д-ийн хохирлын тооцоо, хохирлын баримт /хх-ийн 111-118, 219-225/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.С нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Заан зоог" нэртэй газрын баруун талын уулзварт Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн эзэмшлийн ... улсын дугаартай “УАЗ-2206” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/... эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 8 дугаар бүлгийн 8.9 дэх хэсэгт заасан “ Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “...” улсын дугаартай “Тоёота камери” маркийн тээврийн хэрэгсэл болон “...” улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Д-ийн биед L4-s1 түвшинд жийргэвчний бага зэрэг цүлхийлт, мөгөөрсөн цагирагны урагдал, L2-L4 нугаламуудын түвшинд нурууны ард баруун талын параспиналь булчинд хаван, булчингийн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан үйл баримт болсон байна.
Хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр 04/197 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Шүүгдэгч Т.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д-ийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 47-51, 57, 111-118,/ хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 04/171 тоот шинжээчийн дүгнэлт /44-46/, шүүгдэгч Т.С-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсаныг тогтоосон 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 09/16 тоот дүгнэлт /хх-ийн 92-93/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Т.С энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Э.Д-д энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан байх ба тэрээр эмчилгээ, оношлогоо хийлгэх болон гэмтлийн улмаас 3 сарын хугацаанд эмчилгээтэй, ажилгүй байсан хугацааны цалин, Замын-Үүд сумаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум хүртэл явсан унааны зардал зэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,500,000 төгрөг, шүүхийн шатанд 2,973,400 төгрөг, нийт 5,473,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 2,500,000 төгрөгийг төлсөн, хэрэгт 1,973,400 төгрөгийн баримт байгаа зэргийг харгалзан хохирогч нь нийт нэхэмжилсэн мөнгөнөөс шүүгдэгчийн төлсөн мөнгийг хасч, үлдэх баримтаар тогтоогдож байгаа ажилгүй байсан 3 сарын цалин болон бусад зардалд 1,973,400 төгрөг гаргуулахаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Шүүгдэгч Т.С нь дээрх зардлыг 2022 оны 03 сарын 01-ний дотор хохирогч Э.Д-д төлөхөө илэрхийлж, хохирогч нь мөн шүүгдэгчийн хохирол төлнө гэсэн хугацааг зөвшөөрсөн болно. Иймд шүүгдэгч Т.С-аас ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин болон бусад эмчилгээний зардалд нийт 1,973,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Д-д олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 6,700,000 төгрөг, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 500,000 төгрөг, Цагдаагийн байгууллагад 60,000 төгрөгийн хохирол төлж хохиролгүй болгосон талаараа шүүх хуралдаанд мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэ мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “6,400,000 төгрөгний үнэлгээ гарсан бөгөөд уг мөнгийг фургоны жолооч С нь дансаар шилжүүлж өгсөн тул одоо надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллагын зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй. Т.С нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...байгууллагын зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй. Т.С нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т.С-ыг /РД:../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.С-аас ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин болон бусад эмчилгээний зардалд нийт 1,973,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Д-д олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Т.С-ыг 6 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц