Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Д аймаг З сумын ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар 08-ны өдрийн 17 цаг 30 минутад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн У.Төгөлдөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд манай найз Э, таньдаг дүү нэрийг нь мэдэхгүй байна. Манайд ирээд бид гурав манай гэрээс гарч яваад 2 дугаар баг Ханшонхорын гудамжинд амьдардаг найз Э ахынд нь ирсэн. Тэгээд Э ахынд бид дөрөв 0,75 литрийн 2 шил архи уусан. 16 цаг 30 минутын орчимд найз Э, таньдаг дүү бид гурав гарч яваад Э замдаа гэртээ харьж амарлаа гээд яваад өгсөн. Би таньдаг дүүгийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд 17 цаг 30 минутын орчимд таньдаг дүүгийн хамт дахин архи авч уух санаатай гэрээс гараад манай гэрийн хойд талд 2 гудамжны ард байдаг “Ногоон” дэлгүүрийн гадаа ирээд таньдаг дуу дэлгүүр лүү ороод би дэлгүүрийн гадаа хүлээж байхдаа нэг мэдсэн чинь хойшоо алхаад явж байхад нэг айлын нохой хуцахаар нь би цохиод байсан. “Би бас зарим зүйлээ сайн санахгүй байна” Би тэрнээс хойш яг юу болсон талаар мэдэхгүй байна. Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирээд ухаан орсон. Маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гарсан чинь миний зүүн талын дух хэсэг хавдсан, хүний шүдний ором гарсан байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр У.Т гэх хүүхдийг дух хэсгээр мөргөхөд хавдсан юм шиг байна лээ. У.Т гэх хүүхдийг мөргөсөн талаар ээж, болон хүмүүсээс сонсож мэдсэн...Хохирогч болон ээжээс нь уучлалт гуйсан. Эмчилгээний зардал гэж 50,000 төгрөг өгсөн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Насанд хүрээгүй хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад манай нохой хуцаад байхаар нь байшингийн цонхоор хартал манай нохойг нэг танихгүй залуу цохиод дээр нь гарсан байхаар нь би гэрээс гарч ирээд та яагаад манай нохойг цохиод байгаад юм бэ гэж хэлэхэд нөгөө танихгүй залуу намайг нохойны хоолны саваар цохих гээд байхаар нь би байшингаа тойроод зугтахад араас хөөгөөд байсан. Тэгээд нөгөө ах намайг хөөхөө болиод буцаад алхаад явахаар нь гэрт ороод куртикээ өмсөөд буцаад гараад ирсэн чинь миний үеийн таньдаг найзууд манай гэрийн гадаа ирээд юу болсон юм бэ гэж асуухаар нь энэ ах намайг зодох гээд хөөсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах буцаж ирээд намайг болон манай найзуудыг зодох гэж дайраад бид нар зугтаагаад манай урд талын гудамж буюу Соёмбын 5 дугаар гудамжинд байдаг ногоон өнгийн дэлгүүрийн урд талын гудамжинд байдаг айл руу манай найз Ж гүйгээд ороход нөгөө ах манай найзын араас чулуу бариад орох шиг болохоор нь би араас нь гэр лүү ороход манай найзыг чулуугаар цохих гээд байхаар нь би чулууг нь авсан чинь нөгөө ах миний ам буюу уруул хэсэг рүү дух хэсгээрээ нэг удаа мөргөж, би доошоо тонгойх үед тэнд байсан манай найзууд тэр ахыг салгах үед нэг гараараа миний гэдэс хэсэг рүү цохиод авсан. Энэ үед манай ээж ирээд намайг гэрээс гаргаад нөгөө ахыг гэрээс гаргаад чи яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ гэж хэлэхэд хуц май, пизда минь гэж хэлсэн... Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12/,

Хууль ёсны төлөөлөгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд гэрт 4 хүүхэд үлдээд нэг хүүхдээ аваад бас нэг хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гэрээс гарсан. Цэцэрлэгээс хүүхдээ аваад гэрийн гадаа 18 цагийн орчимд ирэхэд 3 дахь хүүхэд А гэрийн гадаа нохойгоо тэврээд нохойны толгойн хэсгээс цус гарсан байсан. Манай охин А ахыг нэг согтуу хүн хөөгөөд урагшаа явсан та араас нь явахгүй бол ахыг зодчих байх гэж хэлсэн. Тэгээд би 2-3 гудамжны урд талд явахад нэг хүнтэй таарсан чинь ногоон дэлгүүрийн урд талын гудамжинд байдаг нэг айл руу хүмүүс гүйлдээд орсон гэж хэлэхээр нь би тухайн айлын гадаа зогсоод машинаасаа буугаад нөгөө айлын үүдний амбаарын хаалгыг нээхэд нэг танихгүй залуу, мөн манай хүүхэд нөгөө залуугийн араас нь татсан, тухайн айлын эмэгтэй хүн гэрээс гар гээд, манай хүүхдийн найз Ж гэрийн хойд талд байсан. Тэгээд би тэр залуу чи яаж байгаа юм бэ хүүхэд цохиод гэж хэлээд тэр айлаас гарсан. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод хуц, май, пизда минь гээд байсан. Тэгээд нөгөө залуу урагшаа явахаар нь бид нар дагаад замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 17 цаг 30 минутын орчимд таньдаг Ж гэх хүүхэд О эгчээ намайг нэг танихгүй согтуу хүн зодох гээд байна гэсэн байдалтай гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би зөрөөд гэрээс гартал Э гэх залуу надтай зөрөөд манай гэр лүү орсон. Мөн араас нь манай гэр лүү гурван хүүхэд гүйгээд орсон. Би тэр хүүхдүүдэд та нар наад залуугаа гэрээс аваад гар, та нар юу болоод байна гэж хэлэхэд, манай гэрт түжгэнээд зодолдоод байх шиг байсан. Гэрээс хоёр хүүхэд нь гарч гүйгээд Ж-тэй нэг хүүхэд үлдсэн. Удалгүй нэг хүүхдийнх нь ээж ирээд манай гэрээс Э гэх залууг гэрээс гаргасан. Ж-тэй хамт байсан хүүхдийн уруул нь хавдсан, Э-ын зүүн дух хэсэг хавдсан байдалтай байсан. Тэгээд тэд нар манай гэрийн гаднаас хэрэлдээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. У.Т-ийн биед дээд доод уруул зүүн талд зөөлөн эдийн няцрал, язралт, зүүн гарын чигчий хурууны үеэр зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. У.Т-ийн дээд, доод уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, язралт гэмтэл нь “...гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-61, 63-64, 67-75/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн У.Т-ийг толгойгоороо мөргөж биед нь дээд, доод уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, язралт гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Прокуророос шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч У.Т болон түүний  хууль ёсны төлөөлөгч Г.У, гэрч О.О нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/010 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Э.Э-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.         

Насанд хүрээгүй хохирогч У.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн учир шүүгдэгч Э.Э-ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Э /РД:.../-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Э-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөр орон нутаг руу явахыг хориглож, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н