| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0047/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/64 |
| Огноо | 2022-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
2022 01 04 2021/ШЦТ/64
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мт холбогдох 2106 00000 2139 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
М Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1995 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85А байрны 1-29 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялаас биелүүлээгүй үлдсэн 296 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2937 дугаартай захирамжаар 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, М овогт Гын М /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.М нь учрах саадыг арилгах зорилгоор хөрөөг зэвсгийн чанартайгаар ашиглан, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 6 дугаар давхраас иргэн С.Энхтүвшиний эзэмшлийн хар, цагаан өнгийн “Мэрида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 788.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Эрхэс төвийн теннис тоглоомын өрөөний цонхны тавцан дээр тавьсан иргэн М.Хажидмаагийн эзэмшлийн Самсунг А-72 загварын гар утсыг буюу бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.119.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2, 58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтүвшиний өгсөн: “... өөрийн “Мэрида” брэндийн унадаг дугуйг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагт шалгахад байхгүй байсан. Хяналтын камер шалгахад, 25 орчим насны цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмд, цагаан өнгийн амны хаалттай эрэгтэй хүн миний унадаг дугуйг ... 14 цаг 10 минутад унаад гарч байгаа нь бичигдсэн байсан... 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан хар болон цагаан өнгийн дугуй байгаа... төмөр трубанаас цоожилсон байсныг цоожийг нь таслаад хогийн саванд хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарын өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд ... 105.000 төгрөг өгөөд унадаг дугуйг нь аваад үлдсэн. ...мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын гэрчээр өгсөн: “... төмрийн хөрөөний ирээр 85а байрны 6 давхарт байсан унадаг дугуйны цоожийг нь тасалж аваад унадаг дугуйг унаж байрнаас гарсан. Гарахдаа унадаг дугуйны цоожийг 6 давхарт байх хогийн савны хажууд тавьсан... барилгын материал зардаг хүнд 105.000 төгрөгөөр зарсан... архи уух гээд мөнгө олдохгүй байсан болохоор унадаг дугуйг хулгай хийж зарж мөнгө олсон” мэдүүлэг /хх.19, 44/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.29/,
“Дамно” ХХК-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-21-953 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.33-34, 74-75/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.46-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хажидмаагийн өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сод-Эрхэс” төвд найз Алдархүүтэй хамт теннис тоглож байгаад Самсунг А-72 загварын гар утсаа алдсан. Тухайн үед би цонхор дээр утсаа тавиад теннис тоглож байсан... утас алга болохоос өмнө миний утасны ойролцоо нэг хөгшин ах сууж байсан санагдаж байна. гар утсаа эргүүлэн авсан тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.67, 113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод эрхэс” төвийн 2 давхарт байх биллиард, теннис тоглохоор орсон юм. Тэгсэн чинь үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн теннис тоглож байсан юм. Тэгээд би тэр хоёр хүнтэй ярьж хамт тоглохоор болж эмэгтэй хүнтэй нь нэг удаа теннис тоглосон. Улмаар нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн теннис тоглож би хажууд нь хараад сандал дээр сууж байсан чинь миний сууж байсан сандал дээр надтай хамт теннис тоглодог эмэгтэй гар утсаа тавьчихсан байхаар нь би аваад шууд гарсан юм. Би гар утсыг нь аваад Теди гар утас худалдааны төвийн гадна талд очоод гадаа зогсож байсан үл таних нэг эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Би 150.000 төгрөгөөр бэлнээр авсан. Тухайн гар утсыг зарсан мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусгасан юм...” мэдүүлэг /хх.10/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.55-56/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.77-97, 115/,
Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.128-130/
Хохирогч М.Хажидмааг хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх.133-134/,
Хохирогч С.Энхтүвшинийг хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх.137-138/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатартай шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл /хх...../,
Иргэний нэхэмжлэл нөхөн төлсөн болон шүүгдэгчийн ар гэрийн талаарх баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Г.М нь учрах саадыг арилгах зорилгоор хөрөөг зэвсгийн чанартайгаар ашиглан, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 6 дугаар давхраас иргэн С.Энхтүвшиний эзэмшлийн хар, цагаан өнгийн “Мэрида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 788.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2, 58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтүвшиний өгсөн: “... “Мэрида” брэндийн унадаг дугуйг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагт шалгахад байхгүй байсан. Хяналтын камер шалгахад, 25 орчим насны цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмд, цагаан өнгийн амны хаалттай эрэгтэй хүн миний унадаг дугуйг ... 14 цаг 10 минутад унаад гарч байгаа нь бичигдсэн байсан... төмөр трубанаас цоожилсон байсныг цоожийг нь таслаад хогийн саванд хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарын өгсөн: “... 105.000 төгрөг өгөөд унадаг дугуйг нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.29/,
“Дамно” ХХК-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-21-953 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.33-34, 74-75/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.46-50/ зэрэг,
2. Г.М нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Эрхэс төвийн теннис тоглоомын өрөөний цонхны тавцан дээр тавьсан иргэн М.Хажидмаагийн эзэмшлийн Самсунг А-72 загварын гар утсыг буюу бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.119.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хажидмаагийн өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сод-Эрхэс” төвд найз Алдархүүтэй хамт теннис тоглож байгаад Самсунг А72 загварын гар утсаа алдсан. Тухайн үед би цонхор дээр утсаа тавиад теннис тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх.67, 113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар өгсөн: “... сандал дээр надтай хамт теннис тоглодог эмэгтэй гар утсаа тавьчихсан байхаар нь би аваад шууд гарсан юм...” /хх.10/ гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Г.Мын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэрэгт Г.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт /хх.146/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэхээр тогтоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн бол хэргийг аль хүнд зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэх тухай заалтыг журамлаагүй байх боловч Г.Мыг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд /хх.118-119/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байх бөгөөд энэ талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ дурдсан болно.
Г.М нь хохирогч С.Энхтүвшин, М.Хажидмаа нар нь эд зүйлээ биет байдлаар буцаан авсан гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарын 105.000 төгрөгийг нөхөн төлсөн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Иймд Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Г.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийтгэж, уг ялыг түүний ар гэрийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Г.Мт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хулгайн гэмт хэрэгт урьд нь шүүхээс 2 удаа ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Мыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хорьсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хөрөөний ир 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар холбогдох байгууллагад шилжүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гын Мыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мт 3 жилийн хугацаагаар хорих ял шитгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг урьд нь цагдан хорьсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.М нь иргэний нэхэмжлэгч Ц.Төмөрбаатарт 105.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч С.Энхтүвшин, М.Хажидмаа нар эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хөрөөний ир 1 ширхгийг устгахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР