Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01836

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01836

             Улаанбаатар хот

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 62 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Шинэбаяр /РД-ХЙ85010113/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Үйлдвэрийн бүс, Од групп ХХК-ийн байранд оршин байгаа “Глобал бридж” ХХК-д холбогдох

Газрын гэрчилгээг, барьцаанаас чөлөөлөн гаргуулах, мөн дутуу олгосон цалин хөлс болон суутгалд авсан нийт 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Глобал бридж” ХХК-д жолоочоор орж, жолоочоосоо борлуулагч болон 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан.

Анх ажилд ороход эд хариуцагчаар ажиллах учир барьцаа хөрөнгө тавих шаардлагатай гэсэн учир ээж, дүү нарын өмчлөлийн газрын гэрчилгээг барьцаалсан. Мөн сар бүр цалингаас 50,000 төгрөгийн суутгал хийдэг байсан бөгөөд ажлаас гарсан тохиолдолд хүү бодож өгнө гэж гэрээ байгуулсан.

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа гарах хэрэггүй, шалгах хэрэг байна, гэртээ байж бай гэсэн учир ажил хийгээгүй. Тэгээд очиход тойрох хуудас өгсөн. Намайг компанийн зүгээс ямар нэгэн шалтгаан, тайлбар хэлэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ тухай тушаал шийдвэр гаргаж танилцуулаагүй.

Ингэж шалтгаангүйгээр ажлаас халагдсанаас болж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Тус компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй.

Иймд барьцаанд тавьсан газрын гэрчилгээ, сар бүр цалингаас суутгасан суутгал 3,600,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын цалин хөлс 800,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг “Глобал бридж” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Глобал бридж” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Шинэбаяр нь 2011 оноос манай компанид борлуулагчаар ажилласан. Г.Шинэбаярт 3 удаа сахилгын шийтгэл авч байсан бөгөөд 2 удаа борлуулагч нь мөнгөө сар дамнуулсан гэх үндэслэлээр авсан байдаг.

Борлуулагч Г.Шинэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 016/136 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл, 40 дугаар зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн цуцалсан бөгөөд түүнд түүнд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тухай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутад мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон нь гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдсан.

Барьцаанд авсан газрын гэрчилгээг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна.

Хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхийн журмаар шийдвэрлэхээс заасан бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам шийдвэрлэнэ заасан байна.

Хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэх маргааныг хуульчилсан бөгөөд энэ заалтад нэхэмжлэгчийн үүсгэсэн маргаан нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаанд хамрагдахгүй байгаа тул шүүхэд хандсан нь маргаан шийдвэрлэх процессийн хувьд алдаатай байна.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний талууд 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч талын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Уг хөдөлмөрийн маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бөгөөд анхлан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн хуулийн заагдсан.

Мөн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй байх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн манай байгууллагад холбогдуулан гаргасан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож доорх эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг хасч 3,500,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч “Глобал бридж” ХХК нь барьцаанд байгаа Г.Шинэбаярын ээж Д.Бадамхандын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас 2 хоногийн дотор чөлөөлж өгөх, мөн барьцааны 3,500,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор Г.Шинэбаярт хүлээлгэн өгнө.

Хариуцагч нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан гүйцэтгэхэд гомдолгүй бөгөөд гарах зардлыг хариуцагч нь өөрийн хөрөнгөөр хариуцна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Шинэбаяр нь хариуцагч “Глобал бридж” ХХК-д холбогдуулан газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэн, дутуу олгосон цалин хөлс болон суутгалд авсан нийт 4,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг, мөн газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Шинэбаярт гаргаж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.    

Шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 42,750 төгрөг, хариуцагч “Глобал бридж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 42,750 төгрөгийг тус тус гаргуулан Г.Шинэбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч “Глобал бридж” ХХК нь Т.Мөнхбатад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-15 дугаар хуудас/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Г.Шинэбаярын нэхэмжлэлтэй, “Глобал бридж” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Глобал бридж” ХХК нь үлдэх 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг, мөн газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Шинэбаярт гаргаж өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 42,750 төгрөг, хариуцагч “Глобал бридж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 42,750 төгрөгийг тус тус гаргуулан Г.Шинэбаярт буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

                                      

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД