Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 75

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Манай компани нь 2012 онд Улаанбаатар хот, Б дүүргийн Б аманд байрлах 1.35 га хэмжээтэй газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах тухай хүсэлтийг Б Уулын дархан цаазат газрын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд зохих журмаар гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 08 дүгээр сарын 09-ны өдрийн А-291 дугаар тушаалаар уг газрыг ашиглуулахаар 5 жилийн хугацаагаар манай компанид 2012/62 дугаар Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Газар ашиглах гэрчилгээ олгосон билээ.

Уг шийдвэрийн дагуу Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б дүүргийн Засаг даргатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар батлуулж гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээ байгуулахаас өмнө тухайн газартаа “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэж “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж эхэлсэн.

Манай зүгээс төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гадна дотны олон хөрөнгө оруулагчидтай уулзаж хөрөнгө оруулалтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэн газрын зохих тэмдэгтийн хураамжууд, газрын төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулсан төлбөрүүдийг бүрэн төлж, 2018 оны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байгаа билээ.

Манай компани нь “Газар ашиглалт, хамгаалалтын байдлын тайлан”-г Б Уулын дархан цаазат газрын захиргаанд хүргүүлсэнд 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 123 дугаар албан тоотоор Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд газар дээрээ өндөржилтийн зураг хийгдсэн, газрын төлбөр тооцоогуй. Байгалийн унаган төрхийг хадгалах, Б Уулын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон байна” гэж газар ашиглагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байгааг баталсан бөгөөд газар ашиглах гэрчилгээ болон гурвалсан гэрээг сунгасан билээ.

Дээрх нөхцөл байдлуудаар Улаанбаатар хот, Б дүүргийн Б аманд байрлах 1.35 га хэмжээтэй газрыг ашиглагч манай компаниас “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийг хүртэл гэрээ болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, түүнтэй холбогдон хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2018 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн 800 дугаар албан тоотод "... БОАЖС ын 2018 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн А/1 дугаар тушаалаар ... Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй нэр бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан болно” гэсэн нөхцөл байдлуудаар танай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон байна.

Иймд БОАЖС ын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсгийг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Э” ХХК нь газрын 5346000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх; Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны 1 өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасныг тус тус зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

Тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан дархан цаазат газрын дэглэм /газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх,/ зөрчсөн.

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн. Усны иухай хуулийн 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно”, 22.4.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 1.1.-т “энэхүү журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үвр усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоосон.

Журмын 2.6-д энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтоох бөгөөд 2.6.2-д заасан “нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байх” заалтыг зөрчин “Э” ХХК нь 142 м-т үйл ажиллагаа явуулсан. 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.гээд 2.9.1-д ”мод бут огтлох;", 2.9.2-д "хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;”, 2.9.5-д ”хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;” 2.9.7-д "стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах.” гэсэн заалтуудыг зөрчин төсөл хэрэгжүүлэх 1.35 га газарт 85 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөсөн байгаа нь мод бутыг огтлох, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах, ариун цэврийн байгууламж барих боломжгүй бөгөөд хэрэв байгуулбал хөрсний бохирдол үүсэх эрсдэлтэй, автомашины зогсоол барихаар төлөвлөсөн нь бензин, шатахуун гарч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, үер усны гамшгийн эрсдэлтэй байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрхийн дагуу газар ашиглах эрхийг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Я.П шүүхэд хандаж “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “газар ашиглах гэрээ, гэрчилгээний дагуу газрын төлбөрөө төлж үүргээ бүрэн биелүүлж байхад...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

“Э” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж...Зайсан хүрээ аялал жуулчлалын цогцолбор барьж гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд уг цогцолбор үйлчилгээний төвийн байр барих газрын зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг төслийн тооцоо, үндэслэлийн хамт хүргүүлсэн, Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр тушаалаар “Э” ХХК-д Х дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Б аманд 1,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ. /нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт нь ашиглах эрх олгосон шийдвэрээс хойш огноологдсон/  

Уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Н*******гаас 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн нутаг дэвсгэрт орших Б Уулын дархан цаазат газрын Б ам тусгай хамгаалалттай газрын 1,35 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Б дүүргийн засаг дарга болон Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан, 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А-291 тоот тушаалаар 0,15 га газрын нэрийг шилжүүлж гэрчилгээг шинээр олгосныг гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байна.

Нэхэмжлэгч компаниас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17/02 дугаар албан бичгээр Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах, мөн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулах, мөн оны 03 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын даргад хандаж гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт тус тус гаргасан,  Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад хандаж “...гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй” гэж тодорхойлж байжээ.

БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгохоор заасан, уг тушаалын хавсралтын 3-д “Э” ХХК гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль...болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүрэг хүлээнэ “гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн...35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 35 дугаар зүйлийн 35.3-д “газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон мөн зүйлийн 1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” 22.3-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс... тогтооно”, мөн хуулийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, мөн хуулийн 22.5-д “нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг...тогтооно”, 22.6-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газар нь Б Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бүхлээрээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор батлагдсан ”Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс...”-д багтсан, Туул голын усны хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, тэжээгдлийн мужид байрлаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн кадастрын зураглалаар тогтоогдсон, энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг, тухайлбал 1 дэх хэсэгт “...байгалийн төлөв байдлыг өөрчлөх” болон “мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хоригложээ.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 1.1-д “энэ журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйг бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход оршино” гэж, мөн журмын 1.3-т “энэ журмыг барилга байгууламжийн байршил тогтоох, зураг төсөл зохиох, ус хангамжийн эх үүсвэрийг сонгоход үндэслэл болгоно” гэж, мөн журмын 2.6.2-т заасан энгийн хамгаалалтын бүсэд “500 метр хүртэлх зай”-д 3.9 дэх хэсэгт заасан “газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох” үйлдлийг мөн хориглосон.  

Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанид “Зайсан хүрээ аялал жуулчлалын цогцолбор барьж гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлэх төсөл” хэрэгжүүлэх зориулалтаар газар ашиглах эрх олгосон захиргааны шийдвэр нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, ингэснээр нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт заасан “газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа”-нд хамаарч байх тул энэ үндэслэлээр түүний  газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь эдгээр хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч компанийн ашиглахыг хүсэлт болгосон  газар нь Туул голын хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, тэжээгдлийн мужид бүхэлдээ орсон, дархан цаазат Б Уулын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Б дүүргийн засаг дарга болон Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулахдаа тухайн газар нь Б Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд багтаж байгаа талаар тусгаж гэрээгээ байгуулсан нь тогтоогдсон болно.

Түүнчлэн шүүхээс хийсэн үзлэгийн явцад Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичигт нэхэмжлэгчийг “...380 вольтын цахилгаан татсан, цахилгаан, холбоо сулжээ, техникийн нөхцөл хийгдсэн, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслөө Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар болон Яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан, 2016 оны байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр төлөвлөгөөгөө батлуулсан” гэж дурдсан боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэгийн явцад эдгээр нь тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Мөн Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-д “Стандарт мөрдөж ажиллах тухай” албан бичгээр Б аманд хэрэгжүүлэх төслийн ерөнхий төлөвлөгөөг үндэсний стандартад нийцүүлэн батлуулахыг шаардаж байснаас үзвэл нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2008 онд “Э*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Э” ХХК-ийн дархан цаазат Б Уулын Б аманд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний баримт бичиг” нь хариуцагч захиргааны байгууллагаас баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.1-д заасны дагуу тодорхой шалгуураар хянагдаагүй төсөл байх тул нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгохдоо журмын дагуу олгогдоогүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын холбогдох хэсэг нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаар “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН