Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 30

 

 

              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин сод овогт Чойжхорлоогийн Хүрэлбаатарт холбогдох 129/2016/0025/Э/ индекстэй, эрүүгийн 201603000039 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэхэд

 

 Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, халх, 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо Хилчин хотхоны 1 дүгээр гудамж 27 тоотод оршин суух хаягтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 32 дугаар байрны 03 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Архангай аймгийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, Гөрөөчин сод овогт Чойжхорлоогийн Хүрэлбаатар /РД:АБ85070916/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь урьд хөнгөн гэмт хэрэг үйлдэж уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвис” бааранд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр урьд өмнө таньдаг гэх Б.Батжаргалтай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын өгсөн:

Би 01 сарын 16-ны орой “Арвис” бааранд нэг найзыгаа хот руу гаргаж өгөх гээд явж байсан. Би бааранд тооцоо хийхдээ карманд байсан 5000 төгрөгөө доош нь унагаасан гэж бодоод хохирогч Б.Батжаргалтай маргалдан барилцаад бие биенийгээ түлхэлцэж байгаад цохисон чинь намайг дахин барьж авах үед гар нь миний ам руу ороод байхаар нь би хазсан чинь хурууг нь хазсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

201603000039 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.Батжаргалын өгсөн:

Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд өөрийн найз Мөнхзулын хамт орж 2 шил пиво авч уучихаад гарах гээд тооцоогоо хийх гээд баарны тек дээр очтол Ч.Хүрэлбаатар гэдэг залуу баарны барментай тооцоо хийгээд зогсож байсан. Тэгтэл Ч.Хүрэлбаатар бид хоёрын дунд 5000 төгрөг газар уначихаар нь би гартаа байсан мөнгөө унагаачихлаа гээд тонгойгоод автал Ч.Хүрэлбаатар миний мөнгө гээд над руу дайраад маргалдаад байхаар нь би Ч.Хүрэлбаатарыг цээж рүү нь нэг удаа түлхчихсэн чинь Ч.Хүрэлбаатар над руу дайраад бид хоёр хоорондоо барьцалдаад автал миний баруун гарын дунд хуруу Ч.Хүрэлбаатарын ам руу ортол Ч.Хүрэлбаатар хазчихсан юм. Тэгэхээр нь би Ч.Хүрэлбаатарт чи миний хурууг хазчихлаа гээд хэлтэл Ч.Хүрэлбаатар чи өөрөөсөө болоо биз дээ гээд миний толгой руу нэг удаа гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Ч.Хүрэлбаатар баарнаас гарах гээд тооцоо хийгээд текны урд талд зогсож байсан юм. Би тэр үед тооцоо хийх гээд Ч.Хүрэлбаатарын хажуу талд зогсож байтал газар 5000 төгрөг унахаар нь би автал Ч.Хүрэлбаатар миний мөнгө гээд надтай маргалдаж эхэлсэн юм. Ч.Хүрэлбаатар миний баруун гарын дунд хуруунаас хазаад толгой руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Өөр зодсон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёрын хажууд надтай хамт явсан Мөнхзул, мөн Ч.Хүрэлбаатартай цуг явсан нэг залуу, мөн баарны бармен эмэгтэй байсан. Газар унасан 5000 төгрөгийг би тооцоо хийх гэж байгаад газарт унагачихсан байсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур, өвдөж байгаа зүйл байхгүй. Ч.Хүрэлбаатар миний эмчилгээнд 500.000 төгрөг өгсөн юм. Надад гомдол санал байхгүй. Би Ч.Хүрэлбаатартай хуулийн дагуу сайн дураараа эвлэрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/

Хохирогч Б.Батжаргалын дахин өгсөн:

Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Харин би Ч.Хүрэлбаатараас эмчилгээний мөнгө гэж 800.000 төгрөг нэхэмжилсэн. Ч.Хүрэлбаатар миний нэхэмжилсэн мөнгөнөөс 300.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 500.000 төгрөг авах ёстой. Би уг мөнгийг нэхэмжилж байна. Тухайн үед Ч.Хүрэлбаатар миний толгой руу 1-2 удаа цохисон. Миний толгой өвдөж байсан. Мөн миний баруун гарын дунд хурууны 1-р үеийг тасартал нь хазсан. Би эмнэлэг дээр 6 оёо тавиулсан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 58 дугаар тал/

Гэрч Э.Мөнхзулын өгсөн:

2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Арвис бааранд Б.Батжаргал бид хоёр хоёулаа орсон юм. Тэгээд Арвис бааранд ороод 2, 2 шил пиво ууж жаахан бүжиглэж байгаад баар хаах болж байх үед Б.Батжаргал ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд буцаж орж ирэхгүй байхаар нь араас нь Б.Батжаргалын хувцсыг аваад гарах үед баарны гадаа Б.Батжаргал, Ч.Хүрэлбаатар гэх хүнтэй барьцалдаад авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Б.Батжаргал Арвис баарны текэн дээр очиж тооцоогоо хийх гэж байх үед Ч.Хүрэлбаатар гэх хүнтэй таараад Ч.Хүрэлбаатар, Б.Батжаргал хоёрын дунд газарт 5000 төгрөг уначихсан байх үед нь Ч.Хүрэлбаатар болон Б.Батжаргал 2 миний мөнгө, чиний мөнгө гэж хоорондоо маргалдаад барьцалдаж авах үедээ Б.Батжаргалын гар Ч.Хүрэлбаатарын ам руу орчихсон. Тэгсэн чинь Ч.Хүрэлбаатар Б.Батжаргалын гарыг хазчихсан. Тэгээд Б.Батжаргалын толгой руу Ч.Хүрэлбаатар гараараа цохисон гэж ярьж байсан. Намайг Арвис баарны гадаа гараад ирэх үед Б.Батжаргал гараа бариад суугаад байсан юм. Яасан талаар асуухад зүгээрээ толгой жаахан өвдөөд байна гээд суугаад байсан. Би цохиж зодож байх үед нь хамт байгаагүй. Б.Батжаргал надад хэлэхдээ Ч.Хүрэлбаатар гэх залуу миний баруун гарын хурууг хазчихсан, толгой руу гараараа 1-2 удаа цохисон гэж ярьж байсан. Тэгээд тэр үед намайг Арвис баарны гадаа гарч ирэх үед Б.Батжаргал гараа бариад толгой өвдөөд байна гээд суугаад байсан. Б.Батжаргал, Ч.Хүрэлбаатар хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр хоёр нэг их согтоогүй, халамцуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар тал/

Гэрч Б.Циенхоролын өгсөн:

Би Арвис нэртэй бааранд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр санагдаж байна намайг ажил дээрээ байх үед баар хаах болж хүмүүс 23 цагийн орчимд хүмүүс тооцоогоо хийх гээд текны урд ирцгээсэн тэр үед 2 залуу тооцоо хийх гэж байх үедээ хоорондоо маргалдаж байгаад хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би тэр хоёр залууг гарч хэрүүл маргаан, зодооноо хий гээд Арвис баарнаас гаргасан. Гадаа гараад юу болсон талаар мэдэхгүй. Бааранд тэр хоёр хоорондоо бие биенийгээ цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Манай бааранд тухайн үед олон үйлчлүүлэгчтэй байсан болохоор би Ч.Хүрэлбаатар болон Б.Батжаргал нарыг яг хэрхэн яаж маргасан зодоон цохион хийсэн эсэх талаар сайн анзаарч хараагүй. Ямар ч байсан тэр 2 тооцоогоо хийх гэж байгаа бололтой текэн дээр ирээд тэгээд л хоорондоо маргаж барьцалдаад аваад байхаар нь би тэр хоёрыг гарч зодоон цохион хий гээд баарнаас гаргасан. Нэг их сүйдтэй зүйл болоогүй байх. Ч.Хүрэлбаатар, Б.Батжаргал хоёр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатар болон Б.Батжаргал нар тооцоогоо хийх гээд текний урд ирсэн байх үедээ хоорондоо маргалдаж, барьцалдаж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын сэжигтнээр өгсөн:

Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа Арвис нэртэй бааранд өөрийн цуг ажилладаг Бат-Эрдэнэ гэдэг залуугийн хамт орж 1 шил архи авч уучихаад гарах гээд баарны текэн дээр тооцоо хийгээд зогсож байтал Б.Батжаргал гэдэг залуутай таараад газар унасан 5000 төгрөгнөөс болж маргалдаад зогсож байтал Б.Батжаргал миний цээж рүү түлхээд авахаар нь би зөрүүлээд Б.Батжаргалтай барьцалдаад автал Б.Батжаргал миний ам руу баруун гарынхаа дунд хурууг хийчихээр нь би хазаад толгой руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан юм. Тэгтэл баарны бармен эмэгтэй цагдаа дуудчихсан байсан юм. Ийм л асуудал болсон. Манай найз Бат-Эрдэнэ бид хоёр баарнаас гарах гээд текэн дээр нь барментай тооцоо хийгээд байж байтал Б.Батжаргал ирээд хажуу талд зогсож байгаад газраас доошоо тонгойгоод юм авахаар нь би хартал 5000 төгрөг газраас авч байсан юм. Тэгэхээр нь би Б.Батжаргалд миний мөнгө, би газарт унагачихлаа гээд хэлтэл Б.Батжаргал миний мөнгө гээд маргалдаж эхэлсэн. Би Б.Батжаргалын баруун гарын дунд хурууг хазаад толгой руу нь нэг удаа цохиод авсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед Б.Батжаргал бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.Батжаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын яллагдагчаар өгсөн:

Би 2016 оны 01-р сарын 16-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа Арвис нэртэй бааранд өөрийн цуг ажилладаг Бат-Эрдэнэ гэдэг залуугийн хамт орж 1 шил архи авч уучихаад гарах гээд баарны текэн дээр тооцоогоо хийх гээд зогсож байтал Б.Батжаргал гэдэг урд өмнө зүс таних залуутай таарсан юм. Тэгээд Б.Батжаргалтай би газар унасан 5000 төгрөгнөөс болж маргалдаад зогсож байтал Б.Батжаргал миний цээж рүү түлхээд авахаар нь би зөрүүлээд Б.Батжаргалтай барьцалдаад автал Б.Батжаргал миний ам руу баруун гарынхаа дунд хурууг хийчихээр нь би хазаад толгой руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан юм. Тэгтэл баарны бармен эмэгтэй цагдаа дуудчихсан байсан юм. Ийм л асуудал болсон юм. Би Б.Батжаргал гэдэг залууг өмнө зүс танина. Манай найз Бат-Эрдэнэ бид хоёр баарнаас гарах гээд тооцоо хийгээд текэн дээр нь барментэй нь тооцоо хийгээд байж байтал Б.Батжаргал ирээд хажуу талд зогсож байгаад газраас доошоо тонгойгоод юм авахаар нь би хартал 5000 төгрөг авч байсан юм. Тэгэхээр нь би Б.Батжаргалд миний мөнгө газар унасан уу гээд хэлтэл Б.Батжаргал миний мөнгө гээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэр мөнгө Б.Батжаргалын мөнгө байсан юм. Би мөнгөө сүүлд нь үзтэл карманд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар тал/

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт.

Дүгнэлтэд: 1. Б.Батжаргалын биед, тархи доргилт, баруун гарны дунд хурууны хумстай шивнүүр таслагдсан гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн хазах, хазагдах үйлчлэлээр үүснэ. 3. Баруун гарын дунд хурууны хумстай шивнүүрийн тасралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 15-89-1-р заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, тархи доргилт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна гэх дүгнэлт. /хх-ийн 14 дүгээр тал/

 

Х.Азжаргалын төрсний гэрчилгээний хуулбар

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 77 тоот тодорхойлолт

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 тоот тодорхойлолт

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн нийгмийн ажилтны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвис” бааранд Б.Батжаргалын бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг урьд хөнгөн гэмт хэрэг үйлдэж уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвис” бааранд Б.Батжаргалтай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Батжаргал, гэрч Э.Мөнхзул, Б.Циенхорол нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 38 тоот шинжээчийн 1. Б.Батжаргалын биед, тархи доргилт, баруун гарны дунд хурууны хумстай шивнүүр таслагдсан гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн хазах, хазагдах үйлчлэлээр үүснэ. 3. Баруун гарын дунд хурууны хумстай шивнүүрийн тасралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 15-89-1-р заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, тархи доргилт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна /хх-ийн 14 дүгээр тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Батжаргалын бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг урьд хөнгөн гэмт хэрэг үйлдэж уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь хохирогч Б.Батжаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан нь дээрхи хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Хэрэгт цугларсан хохиролын баримтуудыг шинэжлэн судлахад хохирогч Б.Батжаргалд төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг хохирогчид гарсан зардлыг төлсөн гэж үзэж энэ талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин сод овогт Чойжхорлоогийн Хүрэлбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14  хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ