Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1822

 

 

М.Уртнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02119 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Уртнасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Наранцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Уртнасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Наранцэцэгтэй 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг дансаар төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Х.Наранцэцэг нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам зээлийн үлдэгдэлд 0,5 хувийн алданги тооцож 546 хоногийн алданги 2 730 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, нийт 3 730 000 төгрөгийг хариуцагч Х.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Уртнасан нь Налайх дүүрэгт амьдардаг боловч хотын төв дүүрэг ажилладаг байсан тул Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороололд өрөө хөлсөлж амьдрах хүсэлттэй бөгөөд Х.Наранцэцэг надад 2 000 000 төгрөгийн хэрэгцээтэй байсан тул Х.Наранцэцэг нь М.Уртнасангаас 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, зээлсэн 2 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг бэлнээр эргүүлэн төлөх, үлдэгдэл 1 000 000 төгрөгт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцны 1 өрөөг сарын 200 000 төгрөгөөр 5 сарын хугацаатай хөлсөлж суухаар талууд харилцан тохиролцсон. Тухайн үеийн 3, 4 дүгээр хорооллын орон сууцны хажуу өрөөний нэг сарын түрээсийн төлбөр 250 000 төгрөг байсан. Х.Наранцэцэг нь гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Уртнасангийн харилцах Хаан банкны 5039273194 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгт нэхэмжлэгч М.Уртнасан нь хоёр талын амаар байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу Х.Наранцэцэгийн охин Б.Баттуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцны 1 өрөөг нэг сарын 200 000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаатай хөлслөн амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, Х.Наранцэцэг нь М.Уртнасантай байгуулсан зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч М.Уртнасанд төлөх ямар нэгэн төлбөр байхгүй, алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Наранцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Уртнасанд олгож, нэхэмжлэлээс 2 230 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уртнасанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь амаар байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээ байгуулсан гэдэгтээ маргадаггүй бөгөөд нэг сарын 200 000 төгрөгөөр нийт 5 сарын хугацаатай Х.Наранцэцэгийн охин Б.Баттуяагийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдааны үйл явцад болон шүүх хуралд гаргасан тайлбараараа нотлоод байхад хэргийн үйл баримт болон бичгэн баримтаар тогтоогдоогүй гэж шүүгч дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Баттуяагийн эзэмшлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцанд 4 дүгээр сараас 7 дүгээр cap хүртэл ирэн очин амьдарч байсан гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг ба энэ нь хариуцагч Х.Наранцэцэгтэй амаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болохоо үйлдлээрээ баталж байгаа болохыг анхаарна уу.

Х.Наранцэцэгийн зүгээс нэхэмжлэгч М.Уртнасанг гэрээ хэлцэлтэй холбоотой ажил хийдгийн хувьд гэрээгээ боловсруулаад ирэхийг хүссэн бөгөөд нотариатын санал болгосны дагуу зээлийн гэрээг боловсруулж 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан бөгөөд Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад дурдагдсан зээлдүүлсэн мөнгөнийхөө хүүнд өөрөө хөлслөн суусан гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Уртнасан нь хариуцагч Х.Наранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 730 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч М.Уртнасан нь хариуцагч Х.Наранцэцэгт 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.                                                                                      /хх-4 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь зээлийн төлбөрөөс 1 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, харин зээлийн үлдэгдэл төлбөр, алдангийн талаар талууд маргасан байна.

 

Хариуцагч нь 2 000 000 төгрөгийн зээлээс үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5-д “зээлдүүлэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 500 000 төгрөг болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч Х.Наранцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Уртнасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 230 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

            Хэргийн 19-20 дугаар талд Шуурхай зар сонины тодорхойлолт болон Шуурхай зар сонин баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтууд нь нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн 2 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн хөлсөнд тооцохоор тохиролцсон болохыг нотлохгүй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Б.Баттуяагийн мэдүүлгийг эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй, уг мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул шүүхийн шидвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь “зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцны 1 өрөөг сарын 200 000 төгрөгөөр 5 сарын хугацаатай хөлсөлж суухаар талууд тохиролцсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж “иргэд хоорондоо 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг дунджаар бодож 2 000 000 төгрөгийн хүү 200 000 төгрөгөөр тооцож 6 сар буюу зээлийн гэрээний хугацаанд хүү авахгүй суухаар тохиролцсон” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Х.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ