Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 0143

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо,0 тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, 0-0 тоотод оршин суух *******, ******* нарт холбогдох зээл, зээлийн хүү 30 664 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч болох ******* нь Байгалмаа, Тэрбиш нарт хамт ажилладаг өмгөөлөгч тул өндөр ёс зүйтэй гэж итгэн мөнгө зээлдүүлсэн. 2011 оны 06 сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2011 оны 11 сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2012 оны 04 сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 2013 оны 03 сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нийтдээ 18 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба дор бүрт нь тухайн үед нь буюу гэрээний хугацааг сунгаж явсан. Гэтэл 2014 оны 01 сараас гэрээний үүргээ зөрчиж хүүгээ төлөхгүй байсан тул гэрээний талаас төлбөрийн талаар амлалтын бичиг гаргуулж авсан. Гэсэн ч мөнгөө өгөхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргаж ******* нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Хохирогч нь Байгалмаатай утсаар ярихад эхлээд мөнгө байхгүй гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. Сүүлдээ Шим худалдааны төвд лангуу санал болгосон ч энэхүү лангуу нь Хаан банкны барьцаанд байдаг тул энэ нь эзэмшил шилжүүлэх боломжгүй залилангийн шинжтэй болсон. Мөн утсаар холбогдоход чиний мөнгийг өгч чадахгүй чаддаг юм бол аваарай гэсэн маягаар маш бүдүүлэг харьцаж байсан. Лхагвадорж нь байр авахаар мөнгөө цуглуулж байсан бөгөөд 2 хүүхэд нь тухайн үед миний бие болон миний дүү Ашина бид хоёр оюутан байсан. Эдгээр хүмүүсээс мөнгөө авч чадаагүйн улмаас орон сууцны зээлд хамрагдаж байраа авсан. Эхний 3 гэрээнд заасан мөнгийг Байгалмаагийн 5048066539 гэсэн дансуудад шилжүүлж байсан.  Иймд хохирогч Лхагвадоржид холбогдох гэрээний болон сүүлийн гэрээтэй холбогдох нотлох баримтын 7 дугаар гэрээнд тусгагдсан 18 000 000 төгрөг, тус гэрээний 1 дэх заалтанд тусгасан 2013 оны 12 сарын 30-ныг хүртэлх төлөгдөөгүй 12 664 000 төгрөг, нийт 30 664 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2013 оны 03 сарын 27-ны өдрийн 4 000 000 төгрөг, 2011 оны 11 сарын 21-ний өдрийн 5 000 000 төгрөг, 2012 оны 04 сарын 06-ны өдрийн 3 000 000 төгрөг, 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 4 000 000 төгрөг сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 03 сарын 01-ний өдрийн 2014 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн гэрээ байгаа. Бид 2011 оны 11 сарын 21-ний өдрийн 5 000 000 төгрөгийг авсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь Лхагвадоржийн өөрийнх нь Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Бид 2012 оны 04 сарын 06-ны өдрийн 3 000 000 төгрөг, 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 4 000 000 төгрөг шилжүүлэн авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч 2014 оны  06 сарын 25-ны дотор бүгдийг нь төлөөд дууссан байгаа. 2011 оны 06 сарын 30-ны өдрийн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч дансанд хийсэн гээд байгаа боловч манай дансанд 6 000 000 төгрөг орж ирээгүй. Энэ гэрээний 6-д зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байгаа. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. 2014 оны 06 сарын 01-ний өдрийн гэрээнд “******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг 7-47 тоотод оршин суудаг нь үнэн болно” гээд 2 талынхаа хаягийг бичиж байгаад зээл авагчид зээлдүүлсэн байдаг.  Иргэний хуулинд заасан мөнгө шилжүүлсэн гэсэн баримт хангалтгүй байгаа. Гэрээний хугацаа дууссан хойно бид мөнгөө төлж байсан. Би 2012 оны 04 сард хийсэн 3 000 000 төгрөгний гэрээнд эхний 03 сар хүүгээ төлж яваад гэрээний хугацаа дууссан байхад ч мөнгөө төлж л явсан. Үүнийг бид үндсэн мөнгөө төлж байсан гэж үзэж байгаа. Бид өөрсдийн тайлан тооцооноос аваад хүснэгтлээд хийсэн байгаа. Тэгээд бид энэ 11 000 000 төгрөгийн гэрээг 2014 оны 03 сарын 01-ний өдөр хийсэн боловч энэ мөнгө шилжиж орж ирээгүй тул дахин 2014 оны 05 сарын 24-ний өдөр амлалтын талаар гэрээ байгуулж авсан байгаа. Үүн дээр Мон ТББ-г төлөөлж Байгалмаа гарын үсэг зурсан байдаг. Тэрбиш гэсэн ямар нэгэн гарын үсэг байдаггүй. Энэ мөнгө манайд орж ирээгүй. Байгалмаа гэдэг хүн компани төлөөлөх эрх бүхий хүн биш. Бид 6 000 000, 18 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь Лхагвадоржийн цагдаад өгсөн мэдүүлгээс нь тодорхой харагддаг. ЦШХК-д 6 400 000 төгрөгтэй дүйцүүлж өрийг нь хааж өгсөн. Мөн хавтаст хэрэгт “та хүүнийхээ мөнгийг ямар хэлбэрээр авдаг байсан бэ? гэсэн асуултанд “би бэлнээр утсаар ярьж байгаад худалдагч нараас  нь оройн орлогоос нь авдаг байсан” гэсэн Лхагвадоржийн мэдүүлэг байдаг. Уг нь зээлийн гэрээний дагуу манай зүгээс зээлээр авсан мөнгийг эргэлтэнд оруулж байж гарсан ашгаас нь хүүгээ төлөх ёстой байсан. Гэтэл өдөр болгон бага багаар ирээд авчихдаг байсан. 50 000 төгрөгөөр 30 хоногоор бодоход 1 500 000 төгрөг болж байгаа. Гэрээ зөрчигдөж байгаа юм. Бид 5 000 000, 3 000 000, 4 000 000 төгрөгийг төлөлтийг хийгээд дууссан. Хх-н 191-р хуудасны баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл дээр “2015 оны 06 сарын 11-ний өдөр Байгалмаа Тэрбиш нарт зээлүүлсэн мөнгөний 34 560 000 төгрөгний хүү авсан Лхагвадоржийн өөрийнх нь гарын үсэгтэй тооцоолол гэж байгаа. Энд 11 000 000 төгрөгний асуудал яригдаж байгаа. 11 000 000 төгрөгийг 34 560 000 төгрөг болгож буюу 2 дахин нэмэгдүүлж өгсөн байгаа.  Гэтэл гэрээний хугацаа дуусаад хүү алданги тооцоод 50 хувиас хэтрэхгүй буюу 11 000 000 төгрөг нь 17 000 000 төгрөгөөр төлөгдөх ёстой байхад бид 34 560 000 төгрөг болгоод төлөөд өгсөн байгаа...” гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь зээл, зээлийн хүү 30 664 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид төлөх өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэж мэтгэлцэж байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараар

1.Иргэн ******* нь 2011 оны 06-р сарын 30-ны өдөр иргэн *******д 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр /хх-ийн 4 хуудас/,

2. 2011 оны 11-р сарын 21-ний өдөр иргэн *******д 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар /хх-ийн 5 хуудас/,

3. 2012 оны 03-р сарын 01-ны өдөр 2012 оны 07-р сарын 01-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай 11 сая төгрөг/х.х-ийн 6-р хуудас/,

4.2012 оны 04-р сарын 06-ны өдөр иргэн *******д 3 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр /хх-ийн 7 хуудас/,

5. 2013 оны 03-р сарын 27-ны өдөр иргэн *******, ******* нарт 18 000 000 төгрөгийн 11 000 000 төгрөгөнд 8 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгөнд 10 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай,

6. 2014 оны 03-р сарын 01ны өдрөөс 2014 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай сар бүр 1800,000 төгрөг төлөхөөр  / хх-ийн 8-10 хуудас/ гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэн ******* нь 2011 оны 06-р сарын 30-ны өдөр иргэн *******д 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр, 2011 оны 11-р сарын 21-ний өдөр иргэн *******д 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар  бодитоор зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх ба хариуцагч ******* нь анхны 6000.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж байгаа боловч энэ байдлаа нотлоогүй болно. 2011 оны 06-р сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй байх ба үүнээс 5 сарын дараа буюу  2011 оны 11-р сарын 21-ны өдөр байгуулсан 5000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01-р сарын 21-ний өдөр дууссан байна. Дээрх 2 гэрээ дахин сунгагдаагүй ба энэ хугацаанд хариуцагч нар зээлийн гэрээнд зааснаар хүүгээ төлж байсан талаар талууд маргахгүй байгаа болно.

Харин 2012 оны 03-р сарын 01-ний өдрөөс  2012 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай 11 сая төгрөг/х.х-ийн 6-р хуудас/ зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ нь өмнө 2 зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хооронд нь нэмж / 6сая+5сая =11 сая төгрөг/ дахин хүү тооцон гэрээ байгуулсан ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “ мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно” гэсэн заалтад нийцээгүй  гэрээ байгуулах үед 11 сая төгрөг бодитоор зээлдэгчид шилжээгүй байна.

******* нь  2012 оны 04-р сарын 06-ны өдөр иргэн *******д 3.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр /хх-ийн 7 хуудас/ зээлдүүлсэн ба мөнгө бодитоор зээлдэгчид шилжсэн байна.

******* 2013 оны 03-р сарын 27-ны өдөр иргэн *******, ******* нарт 18 000 000 төгрөгийн 11 000 000 төгрөгөнд 8 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгөнд 10 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай байх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба үүнд өмнө зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14 сая төгрөг ба нэмж  /6 сая +5 сая +3 сая=14 сая төгрөг/   бодитоор 4 сая төгрөг зээлсэн гэдэгтэй талууд маргахгүй байна. Энэ зээлийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байна.

Талууд 2014 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2014 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай 18 сая төгрөг зээлдүүлж сар бүр 1800,000 төгрөг төлөхөөр  / хх-ийн 8-10 хуудас/ зээлийн гэрээ байгуулсан байх ба энэ үед мөн мөнгө зээлдүүлэгчид бодитоор шилжээгүй өмнөх гэрээний гүйцэтгээгүй үүргийн нийлбэрээр хүү тооцжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Н. Тэрбиш нар  2011  оны 06-р сарын 30-ны өдрөөс хойш 2013 оны 12 сар хүртэлх хугацаанд зээлдэгчид нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.560.000 төгрөг төлсөн гэх ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа болно.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон  хүү төлөх үүрэгтэй гэж  мэтгэлцэж байгаа боловч хэтэрсэн хугацаанд тохирсон  хүүний хэмжээг / банкны хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн хэмжээ г.м/ шүүхэд нотлоогүй болно.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нь бүх зээлийн гэрээнд  зээл өгөгч нь гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлснээр энэхүү гэрээ байгуулагдсан гэж тооцно гэж заасан тул мөнгө шилжүүлээгүй гэрээг байгуулагдсанд тооцохгүй хэмээн мэтгэлцэж байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан бүх зээлийн гэрээнд зээл өгөгч зээлийн гэрээнд заагдсан мөнгийг зээл авагчид шилжүүлж өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж заасан заалт, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “ мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэсэн заалтыг үндэслэн 2013 оны 03-р сарын 27ны өдрийн  18 сая төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ, 2014 оны 03-р сарын 01-ны өдрийн 18 сая төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

******* 2013 оны 03-р сарын 27-ны өдөр иргэн *******, ******* нарт 18 000 000 төгрөгийн 11 000 000 төгрөгөнд 8 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгөнд 10 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай байх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба үүнд өмнө зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14 сая төгрөг ба нэмж  /6 сая +5 сая +3 сая=14 сая төгрөг/  бодитоор 4 сая төгрөг зээлсэн гэх ба энэ зээлийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж зааснаар  энэ өдрөөс хойш нэхэмжлэгч *******ид гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заажээ.

Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолоход 2016 оны 09-р сарын 27-ны өдөр дууссан бөгөөд мөн хуулийн 77 дугаар зүйлд зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн буюу анз алданги гаргуулах хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.270 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар *******ийн зээл, зээлийн хүү 30 664 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 270 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах үүрэгтэйг  мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА